Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг талуудын оролцоотойгоор дахин боловсруулахыг шаардлаа

By: Admin
2024-12-21
0
1057

Монгол улсад УИХ-аар хэлэлцүүлэхээр шинээр хуулийн төсөл санаачилж боловсруулах мөн мөрдөгдөж буй хуулийг шинэчлэн өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах үүднээс төсөл боловсруулахдаа үндсэн зорилго, үүрэг хариуцлагаа умартан, ард түмний, улсын эрх ашигт харшлахаар солиу гажуу зүйл хийх нь бараг түгээмэл үзэгдэл болж байна. Зөвхөн сүүлийн хагас  жилийн тухайд л гэхэд “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл”, Газрын тухай багц хуулийн төсөл”, “Ашигт малтмалын тухай хуулийн төсөл”-үүдийн боловсруулалт ийм байдалтай хийгдэж “баасан дээрээ хальтрах” гэгчийн үлгэр болов.  “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл” болон Газрын тухай багц хуулийн төсөл”-ийн хувьд нийтийн хэлэлцүүлгээр нэгэнт тараа таниулсан тул буцааж татахаас өөр аргагүй болсон. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухайд иргэний нийгмийнхний шаргуу шаардсаны үр дүнд тухайн чиглэлээр мэргэшсэн байгууллага эвслүүдийн хүрээнд төслийг ил гаргаж хэлэлцүүлэг хийгдэх болсон. Ингээд хуулийн төсөлтэй танилцаж үзэхэд мөн л ард түмний эрх ашиг, иргэд, олон нийт, нэн ялангуяа орон нутгийн иргэд, олон түмэн, засаг захиргааны оролцоо, хяналтыг “санаатайгаар” хөсөр орхисон, хүрээлэн байгаа орчин, байгаль орчныг хамгаалах чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлагыг орхигдуулсан, эдгээр асуудлуудын тухайд одоо мөрдөгдөж буй хуулиудад байгаа хариуцлагын заалтуудыг зориудаар хассан гэх зэрэг тоогүй зүйлүүд олноор илэрсэн юм.

2022 оны 10 дугаар сард УУХҮЯ-наас зохион байгуулсан Уул уурхайн 7 хоног арга хэмжээний хүрээнд тухайн салбарт хяналт тавьж ажилладаг үндэсний иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын ТАН (Төлсөн, авснаа нийтэл) эвслийн Монгол дахь салбараас “Иргэний нийгмийн хэлэлцүүлэг”-ийг санаачлан зохион байгуулж, Ашигт малтмалын тухай хуулийн төслийг яагаад ил гаргахгүй нууцлаад байгааг шахаж асуусанд УУХҮЯ-ны АМГТ-ны газрын дарга “хуулийн төслийг сайдын тушаалаар нууцалсан” хэмээн үнэнийг өчсөн тухай Ховдын толь сонины 10 дугаар сарын 12/336 дугаарт болон манай сайтад нийтлэгдсэн нийтлэлд дурьдагдсан. Тэгвэл уг хуулийн төсөл түүнээс хойш бараг хагас жилийн нүүр үзээд сая нэг тодорхой хүрээнд ил гарч ирсэн боловч боловсруулалт нь ийм хариуцлагагүй байгаа нь тун тоогүй.

3 дугаар сарын 16-нд ТАН /төлсөн авснаа нийтэл/ эвслээс уг хуулийн төслийн тухай хэлэлцүүлэг зохион байгуулахад дээр дурьдсанчилан ард түмний эрх ашгийг илт үгүйсгэсэн, хариуцлагагүй, түүхий ноохой зүйлүүд нэн олон байсан тул хуулийн төслийг бүхэлд нь эргэн харж, иргэд, олон нийт, иргэний нийгмийн болон орон нутгийн оролцоо хяналт, хүрээлэн байгаа орчин, байгаль орчныг хамгаалах үүрэг хариуцлагын тухай Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн зохицуулалтуудыг заавал тусгахыг шаардах нь зүйтэй хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид 100 хувь санал нэгдсэн байна. Ийнхүү ТАН эсвлээс хуулийн төсөл боловсруулж буй ажлын хэсэгт шаардлага хүргүүлэв. Уг шаардлагад дурьдахдаа:

AMTX helelts

“Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үйл явцыг ТАН эсвэл анхааралтай ажиглаж, олон нийтийн оролцоог хангах, хэлэлцүүлэг өрнүүлэх талаар удаа дараа байр сууриа илэрхийлж ирлээ. Уг хуулийн  төсөлтэй танилцахад Үндсэн хуулийн үзэл баримтлал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого,  Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтыг хэрэгжүүлэх, эрх зүйн үндсийг тогтоох шаардлагад огт нийцээгүй, эрдэс баялгийн салбарын хамгийн  тулгамдсан асуудал болох орон нутгийн харилцааг шийдвэрлэж чадахааргүй байгааг эрс шүүмжилж, хуулийн төслийг УИХ-д өргөн барихаасаа өмнө бүхэлд нь эргэн харж, ТАЛУУДЫН ОРОЛЦООТОЙГООР ДАХИН ШИНЭЭР БОЛОВСРУУЛАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА . 

Энэ салбарт бугшсан авлига, ашиг сонирхлын зөрчил, орон нутагт газар авсан хяналтгүй, хариуцлагагүй үйл ажиллагаа нь байгаль орчин, хүний эрхийн зөрчил, маргааны шалтгаан болж, эцсийн дүндээ тусгай зөвшөөрөл эзэмшигч, орон нутаг, иргэдийн аль алины эрх ашиг зөрчигдөхөд хүргэсээр байна. Уг асуудал сүүлийн 30 гаруй жилийн турш тасралтгүй үргэлжилж байгаа ч төрөөс зохицуулах шийдвэртэй алхам хийлгүй алгуурласаар ирсэн нь асуудал улам даамжрахад хүргэж, зарим тохиолдолд бүр хүч хэрэглэсэн зөрчил мөргөлдөөн гарах боллоо. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар эдгээр бугшсан асуудлыг шийдвэрлэнэ хэмээн иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшил, орон нутгийн удирдлага аль аль нь хүлээж байгаа билээ.

Гэтэл одоо танилцуулагдаж байгаа хуулийн төсөл нь шийдвэр гаргах үйл явцад орон нутаг, иргэдийн оролцоог үгүйсгэж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтаас ч дордуулсан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тухайлбал, тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг бүдгэрүүлэн тусгай журам гарган зохицуулна хэмээн үлдээж, ядаж хайгуулын тусгай зөвшөөрөлд орон нутгаас санал авах зохицуулалтыг хасаж, орон нутаг газар нутгаа тусгай хэрэгцээнд авах болон байгаль орчны менежментийн тайлан төлөвлөгөөг батлах эрхийг цуцалжээ. Тэрчлэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхээр олгоно гэсэн нь бусад хууль тогтоомжоор тогтоосон хязгаарлалт, шаардлагуудыг шууд зөрчих, үндэсний эрх зүйн  тогтолцоонд байхгүй “гажууд”, огт хүлээн авах боломжгүй зохицуулалт байна .

Хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй байгаа боловч тусгай зөвшөөрлийг орон нутгийн иргэдийн оролцоо, хяналтгүйгээр олгох нь шийдэлгүй хуримтлагдсан байгаль орчны бохирдол, хохирол, экосистемийн даац, хүнсний аюулгүй байдал, хүний эрх, эдийн засгийн үр өгөөж, нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйн хамгаалалт зэрэг олон асуудлыг улам хүндрүүлж, шийдэх боломжгүй болгоно. Мөн олон улсын хөгжлийн чиг хандлагыг дагаж Тогтвортой хөгжлийн зорилгууд, Парисын гэрээ, Цөлжилтийн эсрэг конвенц зэрэгт Монголын төрөөс өгсөн амлалт үүргээ биелүүлж чадахгүй болно.

Газрын хэвлийн баялгийг нийтийн тусын тулд, олон нийтийн хяналт оролцоон доор, хүний эрхийг зөрчихгүйгээр зохистой ашиглах Үндсэн хуулийг үзэл санааг гажуудуулсан энэхүү төсөл нь хэвээрээ батлагдвал орон нутаг дахь зөрчил, маргаан, эсэргүүцлийг улам даамжруулж, эмх замбараагүй байдал гарахад ч хүргэх үр дагаврыг бий болгохоор байгаад санаа зовниж байна” хэмээжээ.

Г.Төрмөнх

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 10 =

Create Account



Log In Your Account