“Баруунаас” зүтгүүлж буй “хэлний шинэчлэл” гэгчийн балагт үр дагавар

By: Admin
2024-12-30
0
1780

Ковид гэх хязгаарлалтыг цуцалсны дараа улсын хил нээгдэнгүүт хамтын ажиллагааны шугамаар харилцан зорчих аялал сэргэсэн. 2022 оны 6 дугаар сарын сүүлчээр Монгол Улсын Баян-Өлгий аймгийн Тамгын газрын хурлын танхимд “ОХУ, Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын хил дамнасан хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын дугуй ширээний уулзалт болсон юм. Энэхүү арга хэмжээнд зөвхөн төрийн байгууллагуудын төлөөлөл төдийгүй Орос, Монгол, Киргиз, Казахстан, Тажикистан зэрэг орны сэтгүүлчид, шинжлэх ухааны хүрээнийхэн ч оролцсон бөгөөд эдийн засаг, зам тээвэр, худалдаа, гаалийн асуудлаас гадна боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн. Монголын боловсролын байгууллагуудад орос хэлийг гүнзгийрүүлэн судлах, ирээдүйд Оросын их, дээд сургуульд элсэгчдийн сургалтын түвшинд эртнээс анхаарч бэлтгэх тухай асуудал энэ үеэр хөндөгдөж байлаа.

Орос хэл бичгийн үндэс суурь болсон кирилл үсэг бичиг нь  Төв Ази, Ази-Номхон далайн бүс нутгийн хэд хэдэн муж, улс орнуудад өргөн хэрэглэгддэг. Крилл үсэг нь чухамдаа олон муж улсын бичгийн үндэс суурь болохын зэрэгцээ, дуудлагын, үеийн, авианы, артикуляторын хүрээг хамгийн зөв илэрхийлдэг гэдэгтэй уулзалтад оролцогчид санал нэгдэж байсан. Энд дурьдагдсан үндэстнүүд болон улс орнуудын бага, дунд, их дээд сургуулиудад кирилл бичгийг олон арван жил судалж хэрэглэж хэвшсэн.

Гэтэл сүүлийн үед барууны болон барууны үзэл сурталчид хүмүүнлэгийн салбарт, тэр дундаа хэл шинжлэлийн салбарт “төвөөс зугтах хүчний” гэгдэх “нисдэг дугуй”-г эргүүлж байна. Юуны төлөө тэр вэ? Орос, Монгол, Казахстаны шинжлэх ухааны нийгэмлэгийн төлөөлөгчид, сэтгүүлчид энэ сэдвээр маргаж, үгүйсгэх аргагүй аргументуудыг иш татан: Барууны орнууд, тэр дундаа АНУ-ын тавьсан хэлний шинэчлэл нь эв нэгдлийг эвдэхэд чиглэгдсэн хуучинсаг арга замаас өөр зүйл биш гэсэн дүгнэлтэд хүрчээ. Найрсаг хөршүүдийн хоорондын харилцаа, үндэстэн хоорондын, цаашилбал шашин хоорондын харилцааг тогтворгүй болгож ээдрээ зөрчил үүсгэх, бүүр эцэст нь соёлын давхаргыг устгах аюулыг тэрхүү санаархал дотроо агуулж буй гэдэг нь үүнд хариулт болно.

Кирилл үсгийн хэрэглээг үгүйсгэх үзлийг баримтлагч ихэмсэг зан авир, үг үйлдлийн тухай баримтуудыг хуралдаанд оролцогчид дурдаад зогсохгүй үндсэрхэг үзэлтэй, барууны үзэлтэй улстөрчид, гадаадын ашгийн бус байгууллагуудын гаргаж буй “хэл шинжлэлийн санаачилга”-ыг эрс шүүмжилсэн юм. Тэдгээрийн дотор: "Энх тайвны корпус", сангууд: Сорос, Аденауэр, Ф.Эберт, түүнчлэн "Freedom House", "USAJD", "Дэлхийн ногоон тэтгэлэгийн сан" болон бусад хэд хэдэн сангууд байв. Кирилл үсгийг латинд шилжүүлэх санааг  чухам тэднээр дамжуулан өнөөдөр эрх мэдэл бүхий байгууллагууд, шинжлэх ухааны хүрээлэл, сэтгүүлзүйн орчин, блог ертөнц рүү нэвтрүүлж аажмаар уусган уруу татахыг хичээж буй. Шинжлэх ухааныхан,  сэхээтнүүдийн үзэж байгаагаар бол өрнөдийн хэд хэдэн төрийн бус байгууллагууд Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж, боловсролын байгууллагуудад орос хэл, уран зохиолын хичээлийн судлах цагийг багасгах, хэлний сургалтын арга зүйг ядууруулж явцууруулах технологи нэвтрүүлж ирсэн нь ихээхэн хор хөнөөлтэй зүйл. Тэрчлэн Казахстан, Монгол, Киргиз, Узбекистан, Тажикистаны сургуулиудад орос хэлний сургалтын хөтөлбөрийг аажмаар өөрчилж, шахан гаргахад чиглэгдсэн арга ажиллагааг хэсэгчлэн явуулж ирсэн. Тухайлбал англи хэлийг дэлхий нийтийн үндсэн хэрэгцээ гэж сурталчилах замаар англи хэлний багш нарын цалинг бусад хичээл заадаг багш нараас 35 хувийн илүүтэйгээр тогтоох  зэргээр энэ нь илэрч байсан. "Англи хэл" нь олон улсад "Орос" хэлнээс илүү эрэлт хэрэгцээтэй байгаатай энэ нь бас холбоотой юм.

Олон улсын дугуй ширээний уулзалтад оролцогчдын үзэж байгаагаар өнөөдөр Казахстанд онцгой түгшүүртэй нөхцөл байдал үүсч байна. Юу гэвэл Засгийн газар, УИХ-ын төвшинд нь 2025 он гэхэд хэлний шинэчлэлийг дуусгана гэсэн бодлого хэрэгжүүлж буй. Өөрөөр хэлбэл барууны хэлний “маркетер”-ууд Оросын өмнөд хөршийн нутаг дэвсгэр дээр нухацтай ажиллаж, энэ хугацаанд казах хэлийг “ромжуулж” дуусгах зорилт тавьжээ. Тэднийг энэ зорилтоо тулгасан даруйд эрх баригчид "бодлогын хөзөр" гэж хүлээж авав. Казахстан улсын хүн амын 40 хувийг эзлэж буй орос хэлээр ярьдаг иргэдийнхээ санал бодлыг үл тоомсорлсон, энэхүү “хэлний шинэчлэл” гэгчийнхээ талаар орон даяар бүх нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг явуулаагүй зэрэг балмад гэмээр аргаар үүнийгээ хэрэгжүүлэх болсон нь тоогүй. Зорилго нь гэвэл Орос, Казахстаны ард түмний соёлын харилцааг таслах явдал юм. Харин Монголд бол өөр 100 гаруй мянган казах үндэстэн амьдардаг Баян-Өлгий аймгийн хувьд кирилл бичиг нь тэдний амьдрах, суралцах, ажиллах бүхий л харилцааны салшгүй хэсэг болсон байдаг бөгөөд тэд Казакстан дахь үйл явцтай санал нийлэхгүйгээ илэрхийлж байгаа. Монголын төр засгийн зүгээс Орос, Монголын хүмүүнлэгийн болон боловсролын салбарт өрнөж буй үйл явцыг сайшаан дэмжиж байгаа.  Тодруулбал, 2016 оноос эхлэн Өлгий хотод Липецкийн Улсын Их Сургуулийн төгсөгч, авьяаслаг багш Жулдыз Хавдалмуратаар удирдуулсан орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтын төв ажиллаж байна. 2022 онд түүний бүх шавь нар ОХУ-ын их дээд сургуульд элсэн орж, орос хэлний шалгалтыг зөвхөн "сайн үнэлгээтэй" өгч, дунджаар 660 оноо авсан нь Монголын хамгийн сайн үзүүлэлтүүдийн нэг юм.

Олон улсын дугуй ширээний уулзалтын үеэр “Сибирийн хүч-2” хийн хоолойн Монгол дахь хэсгийн эрчим хүчний төслийг дуусгах, Улз, Орхон гол дээр усан цахилгаан станц барих, газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай асуудлуудын талаар мөн ярилцсан. Энэ төслүүд Монголын зүүн хэсэг буюу говийн аймгуудад хэрэгжихээр төлөвлөгдөж буй.   Оросын байгалийн хий нь өнөөдөр Азийн олон орны, тухайлбал Хятадын эдийн засгийг хөгжүүлэхэд ихээхэн эрэлт хэрэгцээтэй болсон. Хийн хоолой нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх бөгөөд ингэснээрээ Монголын аж үйлдвэрийн хэд хэдэн салбарыг хөгжүүлэхэд шинэ түлхэц өгөх юм. Барууны орнуудын хориг тавиад буй Оросын байгалийн хийг хэрэглэхгүйгээр улс орнууд өнөөгийн нөхцөлд эдийн засгийн асуудлуудаа үргэлжлүүлэх боломжгүй. Монголын тал нутагт мод бараг байхгүй, нүүрс олборлох нь өндөр өртөгтэй, жижиглэнгийн үнэ өндөр. Харин Улз, Орхон гол дээр усан цахилгаан станц барих юм бол өөрийн гэсэн дотоодын хямд цахилгаан эрчим хүчтэй болох гарц бий. Оросын мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр үүнийг харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой.

Монгол улсад олон улсын авто тээвэр өндөр өртөгтэй учраас автобензин, дизель түлш ОХУ-аас илүү үнэтэй, төмөр замаар тээвэрлэхэд нэг тоннын өртөг нь хэт өндөр байгаа. Тиймээас Дорноговь аймагт орчин үеийн газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг Оросын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх юм бол энэ бэрхшээлээс гэтлэнэ. Түүхий тосыг тээвэрлэхэд харьцангуй хямд бөгөөд тээвэрлэж авч ирсэн тосоо өөрийн газар нутаг дээр боловсруулж хэрэглэвэл Монголын хэрэглэгчдэд ихээхэн хэмнэлт өгөх болно. Үүнээс гадна уг үйлдвэрт шинээр ажлын байр олноор гарч ирнэ.  

Эдгээрийг хэрэгжүүлэхэд Оросын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах учир мэдээжээр Орос хэлтэй монгол мэргэжилтнүүд шаардагдах болно. Тэгэхээр тэднийг Оросын их дээд сургуулиудад уг мэргэжлээр нь сургаж бэлтгэх хэрэгтэй. Их, дээд сургуульд тэнцэж элсэн орохын тулд орос хэлийг сайтар судлах шаардлагатай болно гэх мэтийг уулзалтын үеэр нухацтай ярилцацгаасан болно.

Түүний зэрэгцээ Баян-Өлгий аймгийн Засаг даргын Хэвлэл мэдээллийн албаны дарга, орос, англи, казах, монгол хэлээр орчуулагч Х.Анар гэх бүсгүй уг уулзалтын төгсгөлд орос хэлийг Монголд хэрхэн судлах бодлого аргачиллын талаар ерөнхий санааг илэрхийлсэн юм.

Тэр хэлэхдээ: “Сургуулиудыг дутуу үнэлж болохгүй. Багаасаа орос хэлний мэдлэг эзэмшсэн оюутнуудын хувьд дэлхийн шинжлэх ухаан, соёл, урлагийн арвин их өвийг судлах, тэрхүү ертөнцөд аялахад илүү дөхөмтэй. Монголын сурагчдын хувьд их Орос гүрэнтэй хил залгаа байдаг нь аз юм.  Оросын их дээд сургуульд эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр суралцах боломжийг цаг алдалгүй ашиглаж чадсанаараа залуучууд маань цаашдаа ажилгүйдлийн дарамтанд өртөхөөс сэргийлж, залуусын хүрээн дэх нийгмийн хурцадмал асуудлыг бууруулах боломжтой. Монгол ч бас өнөөдөр орос залуучуудад нээлттэй. ОХУ-ын залуус Монголд жуулчны хувиар ирж, өв уламжлалаар баялаг Монгол соёлтой танилцах, тэр байтухай Монгол улсын их дээд сургуульд боловсрол эзэмших боломжтой. Энэ нь эртний найрсаг уламжлалыг хөгжүүлж, бидний үеийнхнийг ойртуулах болно” гээд цааш үргэлжлүүлэн нэгэн шинэ мэдээллийг дуулгасан нь  хил орчмын хамтын ажиллагааны хүмүүнлэгийн тулгамдсан асуудлын талаар олон улсын хэмжээний томоохон яриа хэлэлцээний үргэлжлэл болсон ажлуудын хүрээнд Баян-Өлгий, Ховд аймгийн ЕБС-ийн 8-12-р ангийн сурагчдын хэлний бэлтгэл сургалтыг өрнүүлсэн,  2022 оны 7-8 дугаар сард 42 оюутан, гурван орос хэлний багшийн бүрэлдэхүүнтэй баг Горно-Алтайн Улсын Их Сургуульд орос хэлний ярианы хэлний анхан шатны дадлага хийсэн тухай, Монголын сургуулиудын орос хэлний багш нарыг дэмжих шийдвэр гарч  Орос хэлийг судлах арга зүй, тэрчлэн ОРос хэл дээрх сонгодог уран зохиолыг суллах хөтөлбөрийг их сургуулийн сургалтын хөтөлбөрт нутагшуулах болсон тухай байсан юм.

Антон СЕМЁНОВ

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 5 =

Create Account



Log In Your Account