Ховд аймгийн зарим сумдын нутагт явагдаж буй уул уурхайн үйл ажиллагаануудын тухай товчхон

By: Admin
2024-12-24
0
656

Эрдэс баялаг-Нөхцөл шалтгаан

 

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга гэх олон улсын нэгдэл нь эгнээндээ 60 гаруй орны Засгийн газрын байгууллага болон холбогдох талуудыг нэгтгэн эрдэс баялаг, уул уурхайн салбар дахь ил тод, нээлттэй байдал, хариуцлагыг сайжруулах бэхжүүлэх чиглэлээр бодлого боловсруулж хэрэгжүүлдэг бөгөөд Монгол улс энэхүү санаачилгад 2006 онд нэгдэж, өдгөө Үндэсний зөвлөл, Засгийн газрын дэргэдэх ажлын алба, 21 аймгийн дэд зөвлөл гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг тухай манай сонин урьд нь мэдээлж байсан.

ОҮИТБС-гын Ховд аймаг дахь дэд зөвлөлийн ажлын баг төлөвлөгөөний дагуу     Үенч, Алтай, Мөст, Цэцэг, Дарви, Мянгад сумын нутагт тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, тэдгээрийн нутгийн захиргаа болон нутгийн иргэдтэй харилцаж буй төлөв байдал, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын зарчмыг хэрхэн ойлгож хэрэгжүүлж буй талаар хяналт тавьж, зөвлөн туслах ажлыг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 20-ны өдрүүдэд гүйцэтгэв.

Ховд аймгийн нутагт олгогдсон, одоогийн байдлаар хүчин төгөлдөр хайгуулын 68, ашиглалтын 35 тусгай зөвшөөрөл байгаа боловч цөөн хэд нь уг зөвшөөрөл бүхий талбайдаа үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал Үенч, Алтай сумын нутаг Хөвчид алтны тусгай зөвшөөрөлтэй компани, Алтай сумын нутаг Оцог хадны гянт болдын ордод ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Талст молор” ХХК, Дарви, Цэцэг сумын нутагт хайгуул ашиглалтын 10-аад тусгай зөвшөөрөл эзэмшдэг “МоЭнКо” компани, Дарви сумын нутагт хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “ТЭФС майнинг” компани, Мянгад сумын нутагт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК, мөн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Алтай түнжин” компаниудыг дурьдаж болно.

Эдгээрийн үйл ажиллагааны төлөв байдлын талаар зарим нэг онцлох зүйлийг энд цухас мэдээлвэл: Оцог хаданд гянт болд олборлодог “Талст молор” ХХК-ний эзэмшигчид нь тухайн компанийг эзэмших эрхийнхээ талаар маргалдаж, уг асуудал хууль шүүхэд шилжин анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч эцэслэн шийдэгдээгүй, үүний улмаас төрийн эрх бүхий байгууллагууд уурхайн үйл ажиллагааг зогсоож, техник төхөөрөмжүүдийг лацадсан, уурхай дээр хамгаалалтын болон ирэх жилийн үйл ажиллагааны бэлтгэл хангах үүрэгтэй ажиллаж буй гэх 30 гаруй хүн байршиж байна.  

2023 оны 11 дүгээр сарын эхээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилогдон ажилласан ажлын хэсгийн тогтоосноор тус уурхай дээрх Талст молор компаний үйл ажиллагаанд:

      1. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасан Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхай дээр байлгах бичиг баримтын бүрдэлт дутуу, Үүнд:

35.3.2.ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө;

35.3.3.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

35.3.4. байгаль орчны менежментийн төлөвлөгөө;

35.3.5.хөрөнгө түрээслэх болон бүтээгдэхүүн борлуулах гэрээ;

35.3.6.уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт;

35.3.7.газар, ус ашиглах тухай гэрээ.

  1. Уулын ажлын инженер техникийн ажилтан байхгүй
  2. Орон нутагтай хамтран ажиллах гэрээг шинэчлээгүй
  3. Хяналт шалгалтаар харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх байгаа “Тавандорж” ХХК, мөнхүү “Спэйшл тактикал секьюрити” ХХК-ний ажилтнууд болох 16 алба хаагчаас 6 алба хаагч нь урьд өмнө ял шийтгэгдсэн хүмүүс байсан.
  4. “Тавандорж” ХХК-ны гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа нь 6 дугаар сарын 23-нд Спэйшл тактикал секьюрити ХХК-ны тусгай зөвшөөрлийн хугацаа 10 дугаар сарын 04-ний өдөр тус тус дуусгавар болсон.
  5. Обьект дээр ажиллаж буй гадаадын (БНХАУ-ын) 14 иргэн С3 /геологи, уул уурхайн салбарт ажиллах/ болон К1 /ажил хэргийн/ визээр орж ирсэн ч оршин суух зөвшөөрлөө албан ёсоор гаргуулаагүй (авах гэж байгаа гэсэн) зөрчлүүд илэрсний учир Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан бичиг баримтын бүрдэлийг бүрэн гүйцээсний дараа үйл ажиллагааг эхлүүлэх талаар үүрэг чиглэл өгч, тус уурхайн 1 амны дэргэд байгаа баяжуулах үйлдвэрийн дизель моторыг улсын байцаагчийн лацаар лацдаж хүлээлгэж өгсөн байсан бөгөөд тэрхүү лацадсан техник хэрэгслийн байдлыг дахин хянан нягтлаж, баримтжуулах ажлууд явуулав. Компаний удирдлагатай холбогдож, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын зарчим шаардлагуудын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөв. мөнхүү Байгаль хамгааллын талаар тавигдах шаардлагуудын тухайд зөвлөгөө өгсөн юм.

Тэрчлэн Алтай сумын Засаг дарга болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тухайн сумын нутагт уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээлэл солилцож, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын зарчмын дагуу тэдгээрт ямар шаардлагууд тавигдах ёстой байдаг талаар таниулага хийж зөвлөгөө өгөв. Мөн “Талст Молор” компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулахад анхаарвал зохих асуудлуудын талаар тодорхой зөвлөмжүүд өгч, тухайн үйл явц явагдах үед дэд зөвлөлөөс зөвлөн туслаж ажиллахаар тохиролцсон юм.

            Дарви, Цэцэг сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “МоЭнКо”, “ТЭФС майнинг”, “МЕРА” зэрэг компаниудын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, зөрчилтэй ямар асуудлууд байгаа талаар, түүнчлэн хамтран ажиллах гэрээний хэрэгжилттэй холбоотой зарим мэдээллүүдийг тодруулан сурвалжилав. Мянган угалзатын БЦГХЗ-н дээр ажиллаж, тухайн байгууллагын харъяалах нутаг дэвсгэр дэх хүрээлэн байгаа орчны нөхцөл байдлыг тодруулан, “Цагаан эрэг” дэх гянт болдын илэрц бүхий газарт хууль бус үйл ажиллагаа явуулж, байгаль экологт хохирол учруулсан гэмт үйлдлийн улмаас үүсгэгдсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үйл явцын талаар мэдээлэл солилцов. Зарим шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх (холбогдох газруудад санал, шаардлага хүргүүлэх) талаар зөвшилцсөн юм.

         “МоЭнКо” компани дээр орон нутагтай хамтран ажиллах гэрээний хүрээн дэх шаардлагатай мэдээллүүдийг ил тод, нээлттэй байлгах, мэдээллийг түгээх, гэрээний хэрэгжилтийг дүгнэх асуудлуудыг тавигдаж буй зарчим, шаардлага, баримт бичигт батлагдсан заалтуудын дагуу хэрэгжүүлэх талаар харилцан мэдээлэл, санал солилцов. “ТЭФС майнинг” компани дээр хамтран ажиллах гэрээг ямар шаардлагад нийцүүлж байгуулах ёстой байдаг талаар таниулга, зөвлөмж өгч тодорхой асуудлыг санал болгов. Тэдгээрээс холбогдох мэдээллүүдийг гаргуулан авав.

“МЕРА” компаний тэсэлгээний бодис үйлдвэрлэх байгууламжтай (шинээр байгуулагдаж буй) танилцаж, мөн ил тод байдлын санаачлагын дагууд тавигдах шаардлагууд, хүрээлэн байгаа орчин, байгаль хамгаалах үүрэг хариуцлагыг хэрхэн сахин биелүүлэх тухайд зөвлөмж сануулга өгсөн юм. Энэ компаний барьж байгуулж буй тэсэлгээний бодис үйлдвэрлэх үйлдвэр нь уул уурхайн тэсэлгээний компаниудын зардлыг хэмнэж, үйл ажиллагааг хөнгөвчлөхөд аятай боломжийг нээх учиртай хийгээд, баруун бүс нутгийн хувьд түүхэн шинэлэг бүтээн байгуулалт болж байгаа юм байна. Гэвч орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, газар, ус ашиглах гэрээнүүд нь нэг мөр болоогүй гэх мэт дутагдалтай зүйлүүд ажиглагдав. 

“ТЭФС майнинг” ХХК-ний хувьд Дарви сумын нутаг “Зүүн хөшөөт”-д томоохон хэмжээний талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, нүүрс олборлон 115.0 мянган тонн нүүрс экспортонд гаргасан ч хөрс хуулалт хийхээр гэрээ байгуулсан компани нь ажлаа шаардлагын дагуу хийхгүй, хариуцлага алдсанаас гэрээ цуцлагдаж, үйл ажиллагаа зогссон, 2 жил шахам зогсонги байдалтай байгаа аж. Ховд аймагтай хамтран ажиллах гэрээ үзэглэсэн гэх ч энэ гэрээ нь шаардлагын түвшинд бус, нэр төдий гэрээ болсон гэдгийг гэрээ байгуулсан аль аль талууд хүлээж байсан бөгөөд гэрээгээ одоо болтол ил болгоогүй байгаа нь хачирхалтай. Дашрамд дурьдахад Дэд зөвлөл болон дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилладаг иргэний нийгмийн байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн дагуу орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулвал зохих уул уурхайн компаниудтай хэлэлцээр үүсгэх ёстойг сануулж Ховд аймгийн Засаг даргад албан бичгээр хэдэнтээ санал, сануулга хүргүүлсэн боловч нэгэнд нь ч хариу ирүүлээгүй байгаа нь тоогүй хэрэг.   

            Мянгад сумын нутаг Халзан бүрэгтэйд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны үйл ажиллагааны тухайд бид тусгайд нь авч үзэж, манай сонин болон цахим сайтад олон удаагийн тодорхой мэдээлэл, нийтлэлүүд нийтлэгдсэн тул энд дахин үгүүлэхийг азнав. Дашрамд дурьдахад “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ний Халзан бүрэгтэй дэх хууль бус асуудлуудын тухайд Захиргааны хэргийг шүүхэд хэрэг үүсгэгдсэн, Засгийн газар, холбогдох яамдууд дээр гомдол, өргөдлүүд очсон, хянан шийдвэрлэх ажлууд явагдаж байгаа хийгээд хууль бус асуудлуудынх нь улмаас Засгийн газрын тогтоолоор ажлыг нь зогсоосон болохыг уншигчид мэдэж байгаа байх.     

            Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Ховд аймаг дахь дэд зөвлөлийн ажлын багийн хяналтын ажлын явцад илэрсэн зарим нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналуудыг цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, шаардлагатай зарим зүйлийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх мөн нийтийн сонсголын (2023 оны 6 дугаар сарын 21-нд зохион байгуулагдсан Ховд аймаг дахь эрдэс баялгийн салбарын хариуцлага, ил тод байдал, нийтийн эрхийн зөрчлийн тухай нийтийн сонсгол) зөвлөмж  даалгаварын хэрэгжилтийг хангуулах тухай асуудалд нэмж оруулан Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон холбогдох газруудад танилцуулахаар боловсруулалт хийгдсэн юм.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 3 =

Create Account



Log In Your Account