“Шинэ ховд баруун бүсийн хөгжлийн корпораци” ОНӨААТҮГазар байгуулагдан ажиллаж байна

By: Admin
2024-04-20
0
1612

“Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/ нь аймгийн засаг дарга тамгын газар, ИТХ, хөгжлийн бодлого төлөвлөлтийн газруудтай хамтран Ховд аймгийн дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, аймгийн ОНӨҮГ-уудын үр ашиг, хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг Ховд аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой байгуулагджээ.

Уг ОНӨААТҮГазар нь дээрх ажлуудаас гадна “Шинэ Ховд” хөгжлийн хөтөлбөрийн төсөл хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж, төсөлд оролцогч ААН-үүдэд шалгуур тогтоон сонгон шалгаруулж, төсөлд оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулж, сумдуудын онцлогт таарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аж ахуй эрхлэлтийг дэмжих төслүүдийг тодорхойлох, зөвлөх үйлчилгээ үзүүлж, томоохон төсөл хөтөлбөрүүдэд ханган нийлүүлэлт хийх боломжийг нээх зэрэг олон үйл ажиллагааг төлөвлөгөөндөө тусгажээ.

“Шинэ Ховд” хөгжлийн хөтөлбөр нь аймгийн болон бүс нутгийн хэмжээнд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх замаар аймгийн эдийн засгийг тэлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, ард иргэдийн амжиргааны түвшинг нэмэгдүүлж эдийн засгийн хувьд бие даасан жишиг аймаг болгох зорилготой.

Тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдээс дурдвал: Эрдэнбүрэнгийн 90 мвт усан цахилгаан станц, “Ховд эко цемент”-ийн үйлдвэр, Ховд нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, газрын тос боловсруулах үйлдвэр, Үйлдвэрлэл технологийн паркид байгуулагдах үйлдвэрүүд, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх төслүүд, сумдад байгуулагдах үйлдвэрүүд, сумдад хийгдэх ХАА-н төслүүд, Ховд Агро паркид байгуулагдах үйлдвэрүүд зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж ажиллах юм байна. Эдгээр төслүүдийн санааг 2012 оноос ярьж 2016, 2017 оноос зарим нь боловсрогдон танилцуулагдаж эхэлсэн ажээ.

Г.Мичидмаа


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 3 =

Create Account



Log In Your Account