“Монгол хөөмийн урлаг” олон улсын YI наадмыг сурвалжилвал

By: Admin
2025-08-08
0
217
  1. Эрдэм шинжилгээний хурал- Илтгэлүүдийн тойм

         Хөөмийн YI наадмын хүрээнд явагдсан “Монгол хөөмийн урлаг” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол улс, ОХУ-ын Тувагийн Бүгд найрамдах улс, Алтайн бүгд найрамдах улс, БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжааны эрдэмтэд судлаачид оролцсон бөгөөд 10 илтгэл хэлэлцэгдэв.  

          Үндсэн илтгэлийг Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн Соёл урлаг судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Эрдэнэцогтын Дүүриймаа “Монгол хөөмий судлал дахь соёлын онол, арга зүйн зарим асуудалд” сэдвээр толилуулж, хэлэлцүүлсэн бол тус хүрээлэнгийн судлаач Мөнхжаргалын Амаржаргал “Монгол хөөмийн урын сангийн хөгжилд Чандманьчуудын оруулсан хувь нэмэр” сэдвээр, ОХУ-ын АБНУ-ын Суразаковын нэрэмжит Алтай судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Т.М.Садалова “Орядово-Магический контехт исполнения Алтайского эпоса” (Алтайн туулийг хайлах зан үйл, дом шившлэг)  сэдвээр, Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн сургуулийн багш доктор Ч.Мөнхбаяр “Монгол Улсад хөөмийн мэргэжилтнийг их, дээд сургуульд бэлтгэж буй нь (МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн жишээн дээр) сэдвээр, БНХАУ-ын Өвөр Монголын судлаач М.Баатарсүрэн, Монгол Улсын судлаач Э.Сонинтогос, М.Дэлгэржав нар “Монгол хөөмийн онцлог, түүний сэтгэл зүйн нөлөө” сэдвээр, Соёл урлагийн их сургуулийн судлаач Ж.Болор-Эрдэнэ “Монгол хөөмийн урлагаас вентрилогийн урлагт” сэдвээр, БНХАУ дахь Өвөр Монголын судлаач Б.Буянзаяа “Монгол хөөмийн урлагийн үүсэл, түүхэн хөгжлийн зарим асуудлууд сэдвээр, ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улсын судлаач, Анохины нэрэмжит үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Т.Н. Паштакова “Алтайский эпос “Янгар” сказителя-кайчи” - (Туульч Кайчигийн хайлсан Алтайн баатарлаг тууль “Янгар”) сэдвээр, мөн ОХУ-ын АБНУ-ын судлаач Л.А.Кузьмина “Изучение Алтайской устной литературы сформировавшейся в Монгольску эпоху” – (Монголын эрин үед бүрэлдсэн Алтайн аман зохиолын судалгаа) сэдвээр, судлаач Т.Эрдэнэтуяа “Тува хөөмийн зарим онцлог” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв. 

МУУГЗ, хүндэт профессор, судлаач, удирдаач А.Цэдэн-Иш хуралдааны нээлтэн дээр хэлэхдээ “Энэхүү хөөмийн ҮI их наадам маань “УАДБЧ буюу Үндэсний урлагийн их театрын 75 жилийн ой, тэрчлэн Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойг угтан явагдаж байгаагаараа бэлэгдэлтэй болж байна. Миний бие УАДБЧ буюу Үндэсний урлагийн их театрт олон жил ажиллахдаа гайхамшигтай хөөмийчидтэй хамт ажиллаж байсан. Хамгийн анх 1952 онд Чимэддорж гэдэг хөөмийч, Дэлхийн залуучууд, оюутны урлагийн их наадамд “Алтайн магтаал”-ыг найрал дуучидтай хоршин хөөмийлж байсан бахархам түүхтэй. Д.Сундуй, Т.Ганболд, Жамбаа, Ц. Цогтгэрэл, Ц.Хаш-Эрдэнэ, М.Саруултөгс, Золзаяа нар болон Монгол улсынхаа дөрвөн зүг найман зовхисоос манай теарт очиж ажилласан хөөмийчид, мөн хөөмийн урлагийн хөгжилд их хувь нэмэр оруулсан олон хүнийг дурьдахад таатай байна. 2001 онд бид “Монгол  хөөмийн холбоо” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан бөгөөд сурталчилгаа, судалгаа, сургалт гэсэн гурван үндсэн чиглэлээр ажиллаж ирсэн. Өдгөө танхимын сургалтыг бий болгон, сургалтууд явагдаж байгаа нь онцлох зүйлүүдийн нэг юм. Хөөмийчид маань олон улсад хөөмийн урлагийг зааж сургах буянтай ажлыг өрнүүлэх болсон. “Монгол  хөөмийн холбоо” ТББ одоо шинэ хэв маяг, эрч хүчээр ажиллах цаг нь тулгараад байгаа юм. Эрдэм шинжилгээний хурлуудынхаа түүхэн баримтуудыг цэгцлэж, хойч үед өв болгон үлдээх нь бас чухал гэдгийг хэлэхийг хүсэж байна” гэв. 

XMii 1

Доктор Э.Дүүриймаа илтгэхдээ “Хөөмий бол соёлын аман өвийн нэг чухал төрөл зүйл. Орчин үед аман өвийн төрлүүд түүний дотор хөөмийг судлах шинэлэг нарийн аргууд дэлгэрч байна. Өрнийн соёлын онолч Малиновскийн соёлын үүрэг ажиллагааны онолоор бол соёл хийгээд зан үйл маань хүн төрөлтний үүсэн буй болсон учир зангилааг тайлахад чухал үүрэгтэй гэж үздэг. Мөнхүү дорно дахины гүн ухаан, урлахуйн ухааны онолын үүднээс авч үзвэл бие, хэл, сэтгэлийн үйлдлүүдийн учир зангилааг тод илэрхийлэх зүйлүүд нь урлаг, зан үйлийн төрөл зүйлүүд, түүний дотор хөөмий юм. Өөрөөр хэлбэл хөөмий бол урлаж бүтээх аман соёлын өв юм. Өрнө дахины соёлын тухай онолоор домын шинжийн чиг үүргийг тухайлбал салхийг дэгжээх, хур бороо дуудах, мал ахуйтайгаа харьцах, номхруулах зэргийг тууль хөөмийн шинж чанар өөртэй гүнзгий агуулсан байдаг. Орчин үед хөөмийн ая авиалбарын үелзэлийг компьютер парадигийн аргаар нарийн шинжих боломжтой болсон нь онцлобол зохих зүйлийн нэг. Энэ чиглэлээр би тухайлсан судалгаанууд хийснээ дараагийн илтгэлд толилуулах болно” гэв.   СУИС-ийн СУС-ын хүрээлэнгийн судлаач М.Амаржаргал “Хөөмийн өв тээгчдийн бүртгэлийг авч үзэхэд 207 өв тээгч бүртгэгдсэний 157 нь Ховд аймгийн Чандмань сумынх бөгөөд түүний 47 нь эмэгтэй хөөмийч байгаа, 1893 онд төрсөн Тогоочийн Дэрэм, 1896 онд төрсөн Тогоочийн Чулуун нар хүмүүст хөөмий зааж байсан мэдээ байдаг (хөөмий судлаач Мягмаржавын номоос эш татсан), тэрчлэн Чандмань нутгийн уугуул хөөмийчдийн урын сангийн тухай гэх мэтээр түүхэн мэдээ баримтын судалгаа хийснээ танилцуулав. 

XMii 2

Судлаач Ж.Болор-Эрдэнэ хөөмийн урлагийг өрнө дахины урлагийн онцгойлон үздэг төрөл зүйл болох “вентрилог” оросоор “чревовешание” өөрөөр хэлбэл уруулын оролцоогүйгээр дотоод дуу хоолойгоор үгүүлэх буюу “хэвлийгээр ярих” урлагийн түвшинд авч үзэх, тэрчлэн  “вентрилог” буюу “чревовешание”-г Монгол хөөмийн урлагт тулгуурлан хөгжүүлэх боломжтой” гэсэн саналыг дэвшүүлэв. Доктор Э.Дүүриймаа хоёр дахь илтгэлдээ “Монгол Алтайн угшилтай шингэн буюу исгэрээ хөөмий нь хөөмийн жинхэнэ үндсэн шинж чанарыг илүү ихээр агуулж байна гэж үзэж буйгаа товойлгон илэрхийлсэн бөгөөд энэ зүйлийг авиа задлалын аргаар шинжилсэнээ толилуулав. Тэрбээр уг өвийг удамших шинж чанарт нь тулгуурлан хамгаалан өвлүүлэх асуудалд анхаарах нь зүйтэй гэсэн саналаа онцлон илэрхийлсэн юм. БНХАУ-ын судлаач Б.Буянзаяа хөөмийн үүсэл гаралтай холбоотой өвөр Монгол дахь домгуудыг судалсан судалгаагаа сонирхуулахын зэрэгцээ, Хятад болон гадаадын судлаачдын энэ тухай судалгааны онцлох зүйлүүдийг танилцуулав. Тухайлахад: “Эрт цагт нэгэн өнчин хөвүүн эзгүй хавцалд хайртай бүсгүйгээ хүлээн байхдаа газраас өвс авч үлээхэд исгэрсэн уянгалаг авиа гарсан. Улмаар салхинд хад шуугих, голын ус бургилах чимээг чагнан дуурайж дуугарсаар хөөмийг бий болгосон” гэх домог байдаг ажээ. Бас нэг домогт “нэгэн шилийн эр Ээвийн голын хөвөөнд хоноглон байхдаа тэр голын чимээг дуурайн дуугарсаар хөөмийлөх болсон” тухай үгүүлдэг аж. Зүүн хань улсын зохиолч Фан цинь гэх хүн Цао Вей улсын зохиолч Вэн Цао Пи хаанд бичсэн захидалдаа “Ху улсын 14 настай залуу хөвүүн Че Зи хоолойн цуурыг чадварлаг эзэмшсэн Хоолой нь шувууны жиргээ адил уянгалаг, дуу нь “хужиа” хөгжим адил, нууцлагдмал эрч хүч нь дотроо эргэж, гунигт дуу нь гадагш цуурайтмуу” гэсэн байдаг ажээ. Хүннүгийн үед цуур хөгжим, харин Сяньби улсын үед хөөмий дэлгэрсэн байсан гэж үзэх боломжтой хэмээн Б.Буянзаяа судлаач үзэж байгаа юм.

ОХУ-ын АБНУ-ын Суразаковын нэрэмжит Алтай судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, хэл шинжлэлийн ухааны доктор Тамара Михиаловна Садалова баруун Монголоор хийсэн экспидицийн хүрээнд зарим туульчидтай уулзаж, ярилцаж байсан тухай, тэдний ярианаас ажигласан зүйлийнхээ талаар өөрийн ойлголтыг, тэрчлэн ОХУ-ын Алтайн хязгаар нутаг дахь Алтайчуудын тууль, үлгэрийн уламжлал, Алтайн туульчдын төлөөллийн зарим онцлогийг баруун Монголын зарим туульчдын аяс байдалтай харьцуулсан ажиглалт, өөрт төрсөн бодол санааныхаа тухай хүүрнэв. Баруун Монголын туулчидын онцлог гэвээс хайлж буй туулийнхаа амин сүнстэй уяа, холбоотой байдаг, цаад амьдлаг эздээс нь зөвшөөрөл авч байж тууль хайлах ёстой гэсэн зан заншлыг баримтладаг зэрэг нь сонирхолтой хийгээд Алтайн туульчдынхтай ч төстэй зүйл байдаг хэмээн үгүүлэв. 

XMii 3

  1. Хөөмийг тойрсон зарим асуудлууд

МУИС-ийн баруун бүсийн сургуулийн багш, доктор Ч.Мөнхбаяр тухайн сургуулиас явуулж ирсэн соёл, урлаг тууль, хөөмийн чиглэлийн эрдэм шинжилгээний судалгаа, зохион байгуулсан хурал номуудын тоймыг танилцуулж, уг сургуулийн 2016 оноос хичээллүүлж эхэлсэн хөөмий, тууль судлалын чиглэлийн сургалтын хөтөлбөрийн үндсэн зорилт, онцлох асуудлын талаар толилуулав.

 БНХАУ-ын Өвөр Монголын Хөлөн буйр аймгаас ирсэн судлаач М.Баатарсүрэн “Монгол хөөмийн онцлог, түүний сэтгэл зүйн нөлөө” илтгэлдээ: “Хөөмийн авиа, дуулал нь хүний сэтгэлийг засах, тайвшруулах, сэтгэл засал болох амьдлаг онцлогтой” хэмээн чухалчилав. Тэрээр “хөөмийчдийн хөөмийлж буй нь дуучдынхаас ялгарах онцлогтой. Хөөмий нь байгалийн олон янз дуу авианы өнгө авиалбарыг илэрхийлж байдаг. Хөөмийг сонсоход хүний сэтгэл тайвшрах, мэдрэхүй мэдрэмж нь төвлөрч гүнзгийрэх зэрэг сэтгэл зүйн нөлөөтэй. Тэр ч атухай сэтгэл зүйн элдэв тулгамдлуудыг засаж, илааршуулах нөлөөтэй болохыг өөрийн судалгаа туршилтын баримтуудад тулгуурлан танилцуулав. Тэрчлэн улс үндэстэн болгонд хөөмийн бусдаас ялгарах онцлог байгаа нь Монгол хөөмийн исгэрэх буюу шингэн авианы хөг аяс, Тува хөөмийн хувьд хархирах, исгэрэх, шуранхайлах, өвөр Монголчуудын хувьд цоор хөөмий, хоолойн цоор гэх мэт ялгаа заагтай өнгө аясууд буйг тодотгон тайлбарласан юм. 

XMii 5

ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улсын Анохины нэрэмжит Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Татуна Николоева Паштакова: “Алтайн баатарлаг тууль Янгар”-ыг Ялатов гэдэг хүн хайлсан. Үүнийг Алтай хэлээс орос хэлэнд би орчуулсан 36 мянган шад шүлэгтэй энэ туулийг Ялатовоос хойш хэн нэгэн хайлсангүй. Ер нь Алтайд мянган шадаас 36 мянга хүртэл шад шүлгээс бүдсэн 300 гаруй баатарлаг тууль бий. Миний бие Өвөр Монголын их сургуульд суралцаж байхдаа Монголын “Жангар” хэмээх баатарлаг туулийн тухай мэддэг болсон. Хожим энэ туулийг өөрийн мэдэж буй зүйлийн хүрээнд Алтайн “Янгар” баатарлагийн туультай харьцуулж ажиглахад ямар нэг шижмээр холбоотой, төстэй зүйлүүд байна гэж ажиглагддаг. Урьд нь Алтайд Ойрудын “Жангарчид”-ыг урьж хайлуулж байсан мэдээ байдаг бөгөөд “Янгар” тууль нь үүнтэй мөн холбоотой байж магадгүй” хэмээн ярив.

XMii 6

Хөөмийч М.Саруултөгс “Энэ эрдэм шинжилгээний хуралдаан нь хөөмийн тухай хуралдаан гэсэн нэртэй атлаа үлгэр, тууль, магтаалын аялгуу тэрчлэн хөөмийгөөс өөр төрлийн өв соёлын талаар хольж яриад байгаа нь надад таалагдахгүй байна. Сүүлийн үеийн хөөмийчид жинхэнэ сайн хөөмийчийн бичлэг дээр ам бариж хөөмийлдөг зүйл их ажиглагдаж байна. “Хөөмийтэй төстэй дагавар төрөл зүйлүүдийг хөөмий гэж ойлгуулах гээд сурталчлаад байгаад дүгнэлт хийх хэрэгтэй” Тува нарын хархираа хөөмий, тууль магтаалын завсарт аялгуулдаг авиаг хөөмий гэж үзэх үү, үгүй гэдэг асуудал байна” гэсэн бөгөөд хөөмий зөвхөн Чандманаас гаралтай зүйл гэсэн утгатай үгийг (манай Чандманы хөөмийг судлаж, түгээн дэлгэрүүлж байгаа та бүгдэд баярлалаа) төгсгөлд нь онцлов. Мөн Чандмань сумын сургуулийн дуу хөгжмийн багш, нэрт хөөмийч Маргадын охин Баярсайхан өөрийн сумандаа хүүхэд өсвөр үеийнхний дунд явуулж буй хөөмийн сургалтын тухай ярьсан бөгөөд энэ чиглэлийн санаачилга зүтгэлийг боловсролын салбар бодлогоор дэмжихгүй, сургалтын цагийг зохих түвшинд зөвшөөрөхгүй байгааг шүүмжлэв. 

XMii 7

Илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр хөөмийч Ц.Цогтгэрэл “Хөөмий” эсвэл “Хөөмэй” гэдгийн алинаар нь бичиж, ярих вэ гэдгийг цэгцлэх хэрэгтэй. Төрийн хэлний зөвлөлөөс сүүлд “Хөөмий” гэж бичнэ гэж журамласан ч, зарим судлаачид “Хөөмэй” гэж ярьж, бичээд байна. Түүнээс гадна зарим илтгэгчид тухайлбал өвөр Монголын илтгэгч тэндхийн язгуур урлагийн төрөл болох “хоолойн цоор”-ыг хөөмийтэй адилтгаж үзэж байгаатай би санал нийлэхгүй байна. Бас “тууль, хөөмий хоёр хоорондоо холбоогүй” гэж зарим хүний ярьж байгаатай санал нийлэхгүй байна, Тууль хайлахад туульчдийн хоолойноос хөөмийн суурь ая, аялга заавал гардаг гэдгийг зөвшөөрөх хэрэгтэй. Дашрамд сануулахад энэ наадам дээр аймгийн албаны хүмүүс харагдахгүй байгаа нь тоогүй байна” гэв.  

АНУ-д амьдардаг “Морин хуур” төрийн бус байгууллагын тэргүүн Эрдэнэбат ярихдаа “Гадаадад амьдарч байгаа Монгол хүний хувьд хэлэхэд хөөмийн тухай нэгдсэн санал нийлсэн тодорхойлолт олон улсад бий болоогүй байна гэж би ажигладаг. Гадаадад байгаа олон хүмүүс гадаадуудад хөөмийг зааж сургаж байгаа өнөөгийн нөхцөлд хөөмийн жинхэнэ шинж чанарыг ончоор тодорхойлж, нэг цэгцэнд оруулах шаардлага байна гэж харагддаг. Ингэснээр хөөмийг язгуураар нь авч үлдэх гадаадад олон улсад үнэнээр нь таниулахад чухал юм” хэмээсэн. Үүнтэй холбогдуулан хөөмийч М.Саруултөгс хэлэхдээ. Анх хоёр жил тутам хөөмийн наадмыг хийнэ гэж тогтсон ч 2018 оноос хойш хийгээгүй. Энэ нь “дуураймал хөөмийчид цэцэглэхэд нөлөөлж байна” гэж бодож байна. Энэчлэн манай нэрт хөөмийч Т.Сундуй гуай “миний хөөмийлөхийн өмнө бие халаадаг дасгалыг сүүлийн үед хүмүүс хөөмий гэж сурталчлаад байгааг би ойлгохгүй байна” гэж хэлж байсан тэр үзэгдэл одоо бүүр хавтгайрах шинжтэй боллоо” гэх утгатай зүйл ярив.  

XMii 8XMii 9

МУУГЗ А.Цэдэн-Иш “Бид хөөмийн төрөл зүйлийг баттай сайн тодорхойлж чадаагүй явж байгаа. Гэтэл Тувачууд нэлээн сайн үндэслэлтэй төрөлжүүлээд, цэгцлээд явж байгаа харагддаг. Д.Сундуй хөөмийч мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил ажиллахдаа хөөмийг сонгодог урлагийн түвшинд хүргэж чадсаныг хэлэх хэрэгтэй. Т.Ганболд шиг ховор өгөгдөлтэй хөөмийч хоолойн бүх өнгөөр хөөмийлж чаддаг. Тэр бол хэн бүхний чадах зүйл биш. Тэрийг зохиомлоор дууриаж болохгүй. Манайх техник технологийн хувьд бас хангалттай хөгжөөгүй байна. Зарим өндөр хөгжилтэй оронд бидний нотлох боломжгүй гэж үзэж байсан уртын дууг спиктерээр бичээд, шууд нотлоод явчдаг байх жишээтэй. Бас нэг зүйл хэлэхэд хөөмийчдийн амбиц гэж хэцүү зүйл байна. Нутаг ус, хэсэг бүлгээр талцах аяс байдал ажиглагддаг. Үүнээс зайлсхийхийн зэрэгцээ “Морин хуур” ТББ-ийн тэргүүн Эрдэнэбатын хэлсэнчлэн хөөмийн үндсэн шинж чанарыг тодорхойлж цэгцлэж, сургалт сурталчилгааны эргэлтэнд оруулах нь чухал” гэсэн санааг илэрхийлэв.  Доктор Э.Дүүриймаа “Баруун Монголчуудын язгуур соёл урлаг өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй байдаг нь байгалийн өгөгдөл гэж судлаачийн хувьд үзэж байна. Судалгааны цар хүрээг аль болох өргөн тавьж өгснөөр энд яригдаж буй илэрхий бус зүйлүүдийг танин мэдэж, тодорхойлох боломжтой гэж үзэж байна. Тиймээс соёл урлагийн мэргэжлийн судалгаанд ач холбогдол өгөх нь чухал юм шүү” хэмээсэн.

Судлаачид, хөөмийчид, хөөмий сонирхогчдын дунд өрнөж буй энэ ярианаас үүдэн нэгэн зүйл санаанд орсон нь олон жилийн өмнөөс аймгийн удирдлага, УИХ-ын гишүүд гэх нөхөд хөөмий гэхчлэн баруун Монголын язгуур урлагийн төрөл зүйлүүдийг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах мэтээр онц гавъяа байгуулж буй хэмээн сурталчилж, өвөрмөц сонин “эвент”-үүд буюу “онцгойлсон үзүүлбэр”-үүдийг зохиодог болсон билээ. Жишээлэхэд зөвхөн Ховд нутаг, Чандмань сумаас мянган хөөмийч, арван мянган хөөмийч цуглуулан  (хүүхдүүд голдуу) зэрэг хөөмийлүүлэх,  хэдэн мянган бийчдийг зэрэг бийлүүлэх (хүүхдүүд голдуу) гэх мэт үзүүлбэрүүд зохиож, санаачлагч, ивээн тэтгэгч, продюсерээр нь мөнөөх улс төрчид маань өөрсдийгөө зарлуулж, сурталчилуулдаг “моод” ихэд дэлгэрснийг уншигчид санаж байгаа. Чухам энэ байдал нь аливаа зах замбараагүй, цэгцгүй санаа сэдэл, хуурмаг хээнцэрлэлийг ихэд өдөөж, зөв гольдролоор тэгшрэн тогтноход нь сөрөг үр дагавар үүсгэж байгааг үгүйсгэх аргагүй !       

Хуралдааны төгсгөлд Ховд аймгийн Соёл спорт аялал жуулчлал, залуучуудын газрын дарга М.Пүрэвхүү хэлэхдээ “Хөөмийг цаашдаа сонгодог урлаг болгож дэлхийд гаргахын төлөө нэгдэж ажиллахыг уриалж байна. Манай Ховдын театрын уран бүтээлчид маань бас сэтгэл зүрхээ өгч ажилладаг, сургалтууд явуулдаг гэдгийг хэлмээр байна. Хөөмийч Цэрэндаваа гуайг, мөн цуурч Наранбатыг бид шилдэг өвлөн уламжлагч болгосондоо бахархалтай байна. Эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулсан их сургууль болон нийт оролцогсдод талархлаа” хэмээснээр хуралдаан өндөрлөв.

Г.ТӨРМӨНХ

 

 

 

 

 

 

 

 

 

  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 6 =

Create Account



Log In Your Account