Энэ сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймагт шинэ төрлийн коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Баян-Өлгий аймгийн иргэн Г нь халдвар гарсан улсад зорчиж яваад 2 сарын 5-нд Монголын хилээр орж ирсэн. Улмаар Улаанбаатар хотод түр хугацаагаар саатаж, тэндээсээ өөрийн оршин суудаг Баян-Өлгий аймаг руу буцах замдаа Ховд аймагт мөн саатаж, Цамбагарав зочид буудалд хоёр ч хоносон болох нь тодорхой болсон.
Өнөөдрийн байдлаар Аймгийн онцгой комисоос холбогдох арга хэмжээ авч, тухайн иргэнтэй ойр байсан иргэдийг олж тогтоон, шинжилгээний хариу гарах хүртэл 12 цэгт түр хугацаанд хөл хорио тогтоожээ. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр эдгээр цэгүүдэд 59 том хүн 17 хүүхэд байгаа.
Энэ сарын 12-ны өдөр Баян-Өлгий-УБ-ын чиглэлд нислэггүй байсны улмаас тухайн иргэний шинжилгээг машинаар тээвэрлэж, 13-ны өглөө УБ хотын цагаар 05 цагт ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн мэдээтэй. Шинжилгээний хариу гараагүй байгаа юм.