Ашигт малтмалын олборлолт хийгээд түүнийг дагалдах аюул эрсдэл

By: Admin
2024-11-15
0
539

Эрин үеийн хурцадмал асуудал

Манай дэлхийн байгалийн нөөцийг ашиглах асуудалд санаа зовж, ухаалаг алсыг харсан бодлого зохицуулалтанд уриалж байдаг хэд хэдэн санаачилга, эвсэл бий бөгөөд эдний нэг болох “PWYP буюу ТАН (төлсөн авснаа нийтэл) олон улсын эвсэл”-ийнхэн дэлхий дахины эрчим хүчний болон ашигт малтмалын шилжилтийн эрин үеийн хурцадмал асуудлуудыг онцлон хөндөх болов.  Энэхүү “Шилжилтийн үеийн эрчим хүч, ашигт малтмалын бодлого”-ын тухайд олон  талаас нь харсан, экологийн аюулгүй байдалд суурилсан, ухаалаг бодлого, төлөвлөлт хэрэгтэй байгааг улс орнуудад сануулан, тодорхой алхамууд хийхийг PWYP олон улсын эвсэл чухалчилж байгаа ажээ.   

PWYP 3

“Эрчим хүчний болон ашигт малтмалын шилжилтийн эрин үеийн босго” гэгдэх өнөө үед Ашигт малтмалын асуудлаас үүдэлтэй дараах хурцадмал нөхцөл байдлууд ноёрхоод байгааг уг эвсэл онцлож байгаа юм. Үүнд:

  1. Уул уурхайн ашиглалт эрчимжих тусам улс орнуудад, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн салбарын сөрөг хүчин зүйлүүд тухайлбал авлигын эрсдэл нэмэгдэж байгаа;
  2. Уул уурхайн бизнесийн лобби, хуйвалдааны хүрээн дэх тархи угаалга эрчимжиж, байгалийн нөөцийн ашиглалалтыг эрчимжүүлэх бодлого төлөвлөгөөгөө “ногоон бодлого, ногоон эдийн засаг” буюу байгалийн нөөцийг цөлмөсөн эрсдлийг нөхөн сэргээлт, ногоон технологоор нөхөх боломжтой гэсэн “хуурмаг ухуулга сурталчилгаа” хүчээ авах болсон.  
  3. Ашигт малтмалын олборлолт эрчимжих тусам нөлөөнд өртөгсөд, тэгш бус байдал, хараат байдал гэх мэт геополитикийн мөлжлөг гүнзгийрэх шинжтэй болж байгаа;
  4. Эдгээр асуудлууд нь улс орнуудын эдийн засгийн удирдлага, төсвийн асуудалд мөн таагүй нөлөөгөө тусгаж байгаа нь бодит зүйлүүд ажээ.

Тиймээс PWYP эвслийн Азийн бүсийн салбараас санаачлан Эрчим хүчний болон ашигт малтмалын шилжилтийн эрин үеийн Бүс нутгийн нөлөөллийн төлөвлөгөөний төслийг боловсруулах, урьдчилан хэлэлцүүлэх ажлуудыг эхлүүлээд байна. Энэхүү нөлөөллийн төлөвлөгөөнд;

  1. Уул уурхайн сөрөг хүчин зүйлүүдэд өртөмтгий хийгээд гадуурхагдсан нийгмийн бүлгүүдийг хамгаалах, ашиг хүртэх эрх тэгш зарчмыг эрхэмлэх, Засаглалыг сайжруулах;
  2. Нэрвэгдсэн ард иргэдийн нийгмийн хамгаалалын сүлжээг бий болгох
  3. Дэлхийн дулаарал болон утааг ихэсгэхэд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ил тод нээлттэй байдлыг шинэ шатанд гаргах (ялангуяа санхүүгийн ил тод байдал) гэсэн асуудлуудыг голчлон авч үзэж байна.

“Монгол Улсын хувьд гэвэл  зэс, нүүрс, жонш, алт, төмөр, газрын тос, гянт болд, уран, цайр, газрын ховор металлын арвин нөөцтэй. Монгол улсын хувьд шилжилтийн гол ашигт малтмал нь тус улсын зэсийн нөөцөд хадгалагддаг бөгөөд тус улсад дэлхийн хамгийн томд тооцогдох зэсийн хоёр уурхай байрладаг. Дэлхий дахинд цахилгаан хөдөлгүүрт автомашины эрэлт хэрэгцээ, эрчим хүч сэргээгдэх эрчим хүч рүү шилжихтэй зэрэгцэн Монголын зэсийн экспорт нэмэгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувь, аж үйлдвэрийн 72 хувийг бүрдүүлдэг гэсэн статистик мэдээлэл түгээгдэх болсон. Олборлолт, “түүхий экспорт”-нд голлон анхаардаг учир ашигт малтмалын өртгийн сүлжээнд нэмүү өртөг шингээж чаддаггүй. Тодруулбал, Монголын ашигт малтмалын 88 хувь нь боловсруулалтгүйгээр экспортлогдож байгаа бол экспортын дийлэнх хувийг БНХАУ руу гаргадаг.

АНУ, Япон, Өмнөд Солонгос, Европын Холбооны орнуудтай хоёр болон олон талт өндөр түвшний яриа хэлэлцээ үргэлжилж, Монголын шилжилтийн үеийн ашигт малтмалын нөөцөд гадаадын сонирхол нэмэгдсээр байгаа. 2022 оны есдүгээр сард АНУ-аас санаачилсан Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэлд нэгдэх уулзалтанд Монгол Улс оролцож, улмаар тус улсын чухал ашигт малтмал дахь ГШХО-ыг дэмжих зорилгоор 2023 оны 6-р сард АНУ-тай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. 2023 оны хоёрдугаар сард Өмнөд Солонгос мөн Монгол Улстай ховор металлын нийлүүлэлтийн сүлжээнд хувь нэмрээ оруулах санамж бичигт гарын үсэг зурсан. 2023 оны 10 дугаар сар, 5 дугаар сард Германы канцлер Олаф Шольц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Монголын чухал ашигт малтмалын бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлнэ гэсэн ижил төстэй амлалтуудыг өгч байсан. 2023 оны аравдугаар сард Монгол Улс Францын Засгийн газартай 1.7 тэрбум ам.долларын уран олборлох гэрээ байгуулсан.

Гэсэн хэдий ч дээрхтэй холбоотой томоохон эрсдлүүд буй нь нийгмийн нөлөөллийг зохистой байлгах, экосистемийг хамгаалах асуудал орхигдсон, хүний болон байгаль орчны эрхийг баталгаажуулах арга хэмжээнүүд байхгүй хэвээр байгаа бөгөөд, уул уурхайн салбарт заавал дагаж мөрдөх хамгаалалтын арга хэмжээ авахгүй бол байгаль орчны сүйрэл бий болж, нүүлгэн шилжүүлэлт, усны хомсдол, бохирдлоос үүдэлтэй иргэд, олон нийтийн байнгын эсэргүүцэлтэй тулгарах болно. Түүгээр ч зогсохгүй малын бэлчээр нутагт уул уурхайн тусгай зөвшөөрөл гаргуулах зохисгүй санаархлыг “хөрөнгө оруулагчид” сонирхож байгаа нь ус, хүнсний хомсдол үүсгэх, ган гачиг нүүрлэх, үүний лумаас мал сүрэг олноор хорогдох аюулд түлхэх эрсдлийг авч ирэх аюултай. Монгол Улсад уул уурхай, цаг уурын нөлөөллөөс шалтгаалсан гадны нөлөөнд ард иргэд, малчид, эмэгтэйчүүд хамгийн их өртөх эрсдэлтэй хийгээд мэдлэгийн хүртээмж хязгаарлагдмал, оролцоо дутмаг байгаагаас шийдвэр гаргах үйл явцад хоцрогдол ихээхэн хэмжээгээр нүүрлэсэн” хэмээн Монголын бодит нөхцөл байдлыг тоймолж үзсэн байна.

Тэрээр Монголын нөхцөл дэх “шилжилтийн нөлөөллийн төлөвлөгөө”-ний гол зорилт нь “Ард түмэн (малчдыг онцлож үзэх), шударга ёс төвтэй эрчим хүчний шилжилтийг хэрэгжүүлэх,  ногоон эрчим хүчний хангамжийн сүлжээний дээд, дунд болон доод урсгалын үйл ажиллагаанд заавал хариуцлага хүлээлгэх, ялангуяа дотооддоо зохицуулалтын тогтвортой механизмыг хэрэгжүүлэх баталгааг хангах явдал” гэж үзжээ. Тэрчлэн уул уурхайн хариуцлага, ил тод байдлыг хангах асуудал тэргүүн зэрэгт тавигдах ёстой гэсэн байна.

Энэ ажлын хүрээнд Монгол дахь эвслийн гишүүдийн дунд стратеги төлөвлөлтийн семинар зохион байгуулах, 2024 оны Монгол Улсын “Шилжилтийн эрдэс баялгийн хариуцлага”-ын замын зураглалыг бий болгох, Орон нутгийн болон үндэсний хэмжээнд шилжилтийн үеийн ашигт малтмалын олборлолтын тулгамдаж буй асуудлын суурь судалгаа, үнэлгээг хийх, Эрчим хүчний шилжилтийн үеийн Монгол Улсын ашигт малтмалын үнэ цэнийн сүлжээний хамрах хүрээг тогтоох, одоо байгаа бодлогод дүн шинжилгээ хийх, Байгаль орчин, нийгмийн хамгааллын талаархи газрын засаглалын бодлогод хөндлөнгийн шинжилгээ үнэлгээ хийх, бодлогын хэлэлцүүлэг, олон талт зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулах хэрэгтэйг онцлосон байна.

Г.Төрмөнх

(PWYP буюу ТАН (төлсөн авснаа нийтэл) Олон улсын эвслийн Азийн бүсийн уулзалтын сурвалжлагад тулгуурлан бэлтгэв)

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 5 =

Create Account



Log In Your Account