Олон улсын Уулын өдөрт

By: Admin
2024-12-23
0
2071

НҮБ-ын Ерөнхий Ассемблей жил бүрийн 12-р сарын 11-ний өдрийг Олон улсын уулын өдөр болгохоор зарлаж, 2003 оноос тогтмол тэмдэглэж байна. Энэ нь уулс хүний амьдралд хийгээд байгальд хэр чухал болохыг олон нийтэд ойлгуулах, уулын болон уулархаг нутгийн ард иргэдийн амьдрал байдал, улмаар байгаль орчинд эерэг өөрчлөлт авчрах, оночтой шийдэл олоход голчилон нь чиглэгдэх ёстой ажээ.

Уулархаг нутгийг хамгаалахгүйгээр бид тогтвортой эдийн засгийн хөгжлийг хангах боломжгүй. Учир гэвэл эдгээр нь зөвхөн уулархаг нутагт амьдардаг 1.1 тэрбум хүний ​​амьжиргааны эх үүсвэрээр зогсохгүй дэлхийн олон тэрбум хүмүүст ч нөлөөтэй. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө юуны түрүүнд уулархаг нутагт хамгийн ихээр тусдаг. Үүний улмаас уулын оршин суугчид өлсгөлөн, ядууралд ихээр өртдөг, жишээлэхэд хөгжиж буй орнуудын уулархаг нутагт оршин суугч, гурван хүн тутмын нэг нь хоол тэжээлийн эрсдэлд ордог хэмээн  судлаачид үздэг байна. Температурын огцом өсөлтөөс болж мөсөн гол хайлж байгаа нь уулс хоорондын, голын хөндийд амьдардаг хүмүүст гамшиг авч ирж буй нэг үзэгдэл. Сүүлийн жилүүдэд уулын бүсийн  оршин суугчид шилжилт, хөдөлгөөнд эрчимтэй хамрагдах болжээ.  Хот руу ихээр нүүдэллэх нь уулархаг нутгийн ард түмний соёл, зан заншил, агробиологийн олон янз байдлыг үгүй хийх нэг сөрөг хүчин зүйл болдог байна. Тиймээс эрх бүхий байгууллагууд энэ чиглэлээр онцгой анхаарах хэрэгтэй юм.

Уулс, байгаль орчин болоод хүний амьдралд ямар учир холбогдолтой болохыг дараах цөөн баримтаар илтэн харуулж болно. Үүнд:    

Ууланд дэлхий дээрх бүх цэвэр усны нөөцийн 60-80 хувь нь төвлөрдөг.

Дэлхийн аялал жуулчлалын 15-20 хувийг уулархаг бүс нутаг эзэлдэг бөгөөд соёлын маш олон үнэт зүйлсийг хадгалж байдаг.

Ууланд өвөрмөц байдлаа хадгалдаг уугуул иргэдийн төлөөлөл маш олон.

Ууланд, хуурай газрын биологийн олон янз байдлын 25 хувь, дэлхийн ой модны 28 хувь нь төвлөрдөг.

Ууланд болон уулархаг нутагт хамгийн чухал 20 хүнсний ногооны 6 нь байдаг.

Хөдөөгийн залуусын хувьд байгалийн хүнд нөхцөлийг үл харгалзан, ууланд аж ахуй эрхэлж амьдарсаар байгаа.

Уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн гамшигт үзэгдлийн хувь хэмжээг нэмэгдүүлсээр байгаа зэрэг асуудлууд болно.

Дэлхий нийтээрээ уулархаг нутгийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны төлөв байдалтай холбоотой асуудлаар хэд, хэдэн чухал арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа нь.

Олон улсын уулын өдрийг угтан зохион байгуулах компанит ажил нь уулын орныг хамгаалах чиглэлээр засгийн газруудын хийж буй ажлыг эрчимжүүлэхэд чиглэгддэг бөгөөд 2018 онд энэ өдрийг Уулын асуудал /Mountains Matter/ сэдвийн хүрээнд тэмдэглэсэн бол 2019 онд “Уулын асуудалд залуусын оролцоо” /Mountains Matter for Youth/ сэдэвтэйгээр тэмдэглэж байгаа ажээ.

 Ховд их сургуулийн Байгаль, шинжлэл технологийн сургуулиас Олон улсын уулын өдрийг Ховд аймагт анх удаа хөтөлбөр гарган тэмдэглэж байгаа бөгөөд Уулчдын клуб гэх мэт зарим холбогдолтой байгууллагуудыг ч татан оролцуулж байгаа юм.

Ховд их сургуулийн багш Д.Шүрэнцэцэг нарын мэдээлэлд тулгуурлан бэлтгэв.  

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 7 =

Create Account



Log In Your Account