Жаргалант сум иргэдийн оролцоотой хяналтыг хэрэгжүүлнэ

By: Admin
2024-12-22
0
2070

Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн санхүүжилтээр “Иргэдийн оролцоотой хяналтыг хэрэгжүүлэх нь” сургалт, хэлэлцүүлэг, нийтийн сонcголыг 2018 оны 11 сарын 05-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалт, хэлэлцүүлэг, нийтийн сонсголд тус сумын Бичигт, Цамбагарав, Жаргалан, Рашаант, Алагтолгой багийн төлөөлөл 150 иргэн, сумын ИТХ-ын 31 төлөөлөгч, багийн ИНХ-ын 12 дарга, 58 тэргүүлэгч, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид нийт 300 гаруй хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна.

Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хамтын шийдвэр гаргах, иргэдийн дуу хоолойг орон нутгийн бодлого, төсөв, төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлд тусгах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хуулиар хүлээсэн байдаг. Иргэдийн оролцоотой хяналтын арга замыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулиар баталгаажуулж өгсөн ч иргэдийн эдгээр хуулиудын талаарх мэдлэг хангалтгүй байна. Хуулийн хэрэгжилт хангалтгүйн шалтгаан нь эдгээр хуулиудыг иргэд болон төлөөллийн байгууллагуудад танилцуулах, сурталчлах ажил хангалттай хийгддэггүй, нөгөө талаас иргэд, төлөөлөгчдийн идэвх оролцоо сул, мэдлэг мэдээлэл бага байдаг учраас Жаргалант сумын ИТХ-аас сургалт, хэлэлцүүлэг, нийтийн сонсголыг үе шаттайгаар явуулж байна.  

Ийм дээрх хуулиудад заасан 13 төрлийн нийтийн сонсголоос ИТХ-ын чиг үүрэгт хамаарах зургаан төслийн сонсгол хуульчлагдсан байдаг байна. Эдгээр сонсголоос Жаргалант сумын ИТХ-ын ажлын алба сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийг хянахад Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн “Нээлттэй хэлэлцүүлэг”, Нийтийн сонсголын тухай хуулийн “Ерөнхий хяналтын сонсгол”-ыг хийхээр төлөвлөн иргэдээ мэдлэг мэдээлэлтэй болгож байгаа юм байна.

Жаргалант сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга П.Оюунтунгалаг "Сургалт, хэлэлцүүлэг, нийтийн сонсголд иргэд, төлөөлөгчид энэхүү сургалтад хамрагдсанаар 2018 оны Жаргалант сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт тавих арга зүйн мэдлэг, чадвартай болж, иргэдийн оролцоо, хяналтыг хэрэгжүүлэх, төрийн байгууллагын нээлттэй, ил тод байдал бий болно. Иргэд, багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид “Хог хаягдлын менежменийг сайжруулах" сэдвээр оролцогч талуудад өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэн хэлэлцүүлгээс гарсан үр дүнгээр журам боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байна. Мөн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлийн биелэлтийн талаар иргэдээс ирсэн саналыг үндэслэн нэг асуудлыг сонгон авна. Ингэхдээ Жаргалант сумын Засаг дарга, түүний Тамгын газар үйл ажиллагааны биелэлтээ иргэддээ тайлагнаж, түүнд ИТХ-ын дэргэдэх хороо, сонгогдсон иргэд, ИНХ-ын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид оролцоно" хэмээн онцолж байлаа. 

Г. Энхжаргал


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 8 =

Create Account



Log In Your Account