- Ховд аймгийг хөгжүүлэх болон төр захиргааны үйлчилгээг сайжруулах талаар баримтлаж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар аймгийн Засаг дарга Б.Дүгэржавтай ярилцлаа -
Аймгийн ИТХ, ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран хөдөөгийн 16 суманд “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ ажлын зорилго, ач холбогдол нь юу байв?
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Бид аймаг орон нутагтаа төрийн ажлыг сайжруулах, шинэ шатанд гаргах томоохон зорилт дэвшүүлж, 2018 онд “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр” боловсруулж, ИТХ-аараа батлуулан хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд иргэд хөдөлмөрчидтэйгээ уулзаж, санал, гомдол, эрэлт хүсэлтийг нь хүлээн авч, төрийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэн, тулгамдсан асуудлыг нь шийдэх зорилгоор аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газар, Тогтвортой амьжиргаа-3 төсөл, Политехник коллеж, Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, хэвлэл мэдээллийн ажилчид гээд нийт 44 хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг хөдөөгийн 16 сумандаа ажиллаад ирлээ.
Аймгийн төвөөс зайдуу, алслагдсан сумын иргэдийн хувьд машин унаанд зардлаа төлөөд аймгийн төвд үйлчилгээ авахаар зорьж ирдэг. Харин төрийн үйлчилгээний байгууллагууд харьцангуй ачаалалтай ажилладаг учраас тэдгээр иргэд нэг өдрийн дотор ажлаа амжуулалгүй буцах үе байдаг. Үүнийг төрийн үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээл, хүнд суртал байна гэж ойлгох нь бий. Тиймээс төрийн үйлчилгээний томоохон байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд газар дээр нь очиж иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, санаа бодлыг нь сонсон, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэсэнд малчид, хөдөлмөрчид маань талархаж байсан. Цаашид “Нээлттэй хаалганы өдөр”-ийг малчид хөдөлмөрчдийн зав чөлөөтэй цаг үе болох намар хадлангийн дараа, хавар мал төллөлтийн өмнө хийж хэвшүүлэх шаардлагатайг хэлж байсан.
Сум орон нутгийн иргэдэд газар дээр нь очиж үйлчилгээ үзүүлсэн гэлээ. Нийтдээ хичнээн иргэнд үйлчилгээ үзүүлэн ажилласан бэ?
Ажлын хэсгийнхэн давхардсан тоогоор 7800 гаруй иргэнд 38 төрлийн төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэн ажилласан. Тиймээс энэ удаагийн “Нээлттэй хаалганы өдөр” тун амжилттай болсон гэж бид дүгнэж байна. Тухайлбал, ХХҮГ-ын мэргэжилтнүүд Хөдөлмөр эрхлэлт, халамжийн бүх төрлийн үйлчилгээний талаар, Нийгмийн даатгалын хэлтэсээс өндөр настны тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалын ач холбогдол, үйлчилгээ болон сайн дурын даатгал, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр, ГХБХБГ-аас газар эзэмших, ашиглах, өмчлөх, эрх шилжүүлэх өргөдлүүдийг хуулийн хүрээнд шийдвэрлэж, гэрчилгээ бичиж гардуулах зэрэг байгууллага тус бүр үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгсөн. Мөн бид сумдын бүх шатны төрийн албан хаагчидтай уулзалт, сургалтыг зохион байгууллаа.
Иргэдийн зүгээс ихэвчлэн ямар төрлийн санал хүсэлтүүдийг уламжилж байв? Цаашид хэрхэн шийдвэрлэж ажиллах вэ?
Сумдад нарийн мэргэжлийн эмч ажиллуулж хорт хавдрын эрт илрүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх, шүдний эмч ажиллуулах, цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, архи худалдан борлуулах цэгийг цөөрүүлэх, засмал замын арчлалт, хамгаалалтанд сум орон нутгаас тавих хяналтыг сайжруулах, Ноос ноолуурын холбоотой хамтран ноосны урамшуулалыг хуулийн хүрээнд үнэн зөв падаан бичиж олгох, зарим сумдад халуун усны барилгын асуудлыг шийдвэрлэх зэрэг хүсэлтүүдийг хэлж байсан.
Бид Алтай суманд нярайн шарлагын аппарат олгох, Алтай, Үенч, Мөст, Булган суманд сургуулийн нэг ангийн ширээ сандлыг шинэчлэх, Дөргөн суманд 6 сард шинэ эмийн сан нээн ажиллуулах, Чандмань суманд үндэсний соёлын уламжлалт өв болох хөөмэй, бий бийлгээг хүүхэд залууст өвлүүлэн хөгжүүлэхэд шаардлагатай хөгжмийн зэмсэг худалдан авахад 2,2 сая төгрөг олгох, Мөнххайрхан, Дөргөн, Мянгад сумын Мал эмнэлэгийн тасгийн байрны асуудлыг зохицуулах зэрэг зүйлүүдийг газар дээр нь шийдвэрлэсэн.
Түүнчлэн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх вакцины үнийг сумдын Засаг дарга, Төрийн сантай нь ярьж шийдвэрлэлээ, Буянт сумын Нарийн гол багт галзуу өвчин илэрсэн тул вакцин олгосон, боом өвчний голомттой Цагаан эрэг багт мал бүхий иргэдийг зун, намрын улиралд нутаглуулахгүй байх Засаг даргын захирамж гаргуулж, “Монгол мал хөтөлбөр”-ийн хүрээнд сумдад олгосон техник, тоног төхөөрөмж, эд зүйлсийг Мал эмнэлэгийн тасгуудад нь хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна сумдад Үнэлгээний комисс байгуулсан шийдвэрийг гаргуулан авч төрийн өмчийн хороонд хүргүүлсэн. 5000 малчин өрхөд өрхийн Эрүүл мэндийн дэвтэр хүлээлгэн өгсөн зэрэг ажлуудыг ч амжуулсан.
Төрийн албан хаагчдад ямар чиглэлийн сургалт зохион байгуулсан бэ?
Шинээр батлагдсан Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар сургалт зохион байгуулж, ёс зүйн дүрмийг нь гардуулан өгөөд, хэрэгжилтийг нь хангаж ажиллах үүрэг чиглэл өгсөн. Мөн төрийн үйлчилгээнд олон жил үр бүтээлтэй ажилласан зарим тэргүүний ажилтнуудаа аймгийнхаа хүндэт шагналаар шагнаж урамшуулсан байгаа.
Энэ оны 1 сарын 1-нээс Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Мөн Ховд аймаг Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Шинэ хууль, шинээр хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дагуу төрийн албан хаагчийг ёс зүй, харилцаа хандлагын хувьд ямар байхыг шаардаж байгаа вэ?
2018 оныг Монгол улсын Засгийн газар “Хариуцлагын жил”, 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Төр засгаас хууль эрх зүйн орчноо сайжруулах бодлогыг сүүлийн жилүүдэд сайн явуулж байгаа. Өмнө нь шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр гээд хууль эрх зүйн орчныг шинэчилсэн. Хамгийн сүүлд Төрийн албаны хууль шинэчлэгдлээ.
Манай аймгийн хувьд төрийн бүх шатны байгууллагын сахилга хариуцлага, дэг журмыг чангатгаж, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, чанартай, тэгш хүртээмжтэй хүргэдэг мэргэшсэн, ёс зүй, харилцаа хандлага сайтай төрийн албан хаагчидтай “Авилга хүнд сурталгүй” аймаг болох зорилгоор “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Ховд аймгийн хэмжээнд нийт 167 төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагад 5344 төрийн албан хаагч ажиллаж, аймгийн 88,4 мянган хүнд төрийн үйлчилгээг үзүүлж байна. 2018 оны “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаар хийсэн хэрэглэгчийн үнэлгээний судалгаа”-аар иргэд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг 73 хувийн үнэлгээ өгсөн. Бид төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч бүр ёс зүйн дүрэм, хэм хэмжээг баримтлан ажиллаж, шинэчилсэн хуулийнхаа хүрээнд соёлтой, хүртээмжтэй, хурдтай төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэж, мерит буюу чадахуйн зарчимд тулгуурлан шатлан дэвших ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа.
Цаашид “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг дахин зохион байгуулахад анхаарах асуудал нь юу байсан бэ? Мөн төрийн үйлчилгээгээ сайжруулах ямар, ямар ажлуудыг төлөвлөсөн байгаа вэ?
Ийм төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж, үйлчилгээний төрлийг нэмэн, чанар хүртээмжийг нь улам сайжруулж жилдээ хоёроос гурван удаа хөдөөгийн сумдаараа ажиллахыг зорьж, төлөвлөж байна. Мөн бид ажлын байрны, онлайн буюу зайны, бас танхимын сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Удахгүй болох Засгийн газрын сургалтад 150 гаруй төрийн албан хаагчийг хамруулж, 5 сарын 10-наас эхлэн томоохон албан байгууллагуудынхаа бүх шатны албан хаагчидтай уулзаснаар нийт албан хаагчдынхаа 90 гаруй хувьд нь хүрч ажиллах юм. Манай аймгийн томоохон төрийн байгууллагууд “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр”-ийн хүрээнд ажлаа шинэ шатанд гаргах зорилт тавин, үр дүн биелэлтийг нь тооцон ажиллаж байна. Энэ улиралдаа багтаан бид бүх байгууллагуудынхаа ажилд нь дүн шинжилгээ хийн, заавар зөвлөгөө өгч ажиллана. “Хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөр”-ийг 2018-2020 онд хэрэгжүүлснээр төрийн албан хаагчдынхаа харилцаа хандлагыг сайжруулж, авилга хүнд сурталгүй, түргэн шуурхай, соёлтой төрийн үйлчилгээтэй аймаг болно гэдэгт бид итгэлтэй байна.
2019 он бол Ховд аймагт хөгжил дагуулсан бүтээн байгуулалтын жил байх болно гэж байгаа шүү дээ. Тэгвэл энэ жил ямар ямар томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгдэх вэ?
Ховд аймагтаа төдийгүй Баруун бүс нутагт нэн шаардлагатай байгаа, эдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах чухал ач холбогдол бүхий хоёр том мега төслийг 2019 онд эхлүүлэхээр Засгийн газар, яамд, холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байна. Үүний нэг нь болох Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд баригдах УЦС-ын ажлыг Монгол Улсын Ерөнхий сайд анхааралдаа авч ажиллан, энэ жил эхлүүлэх чиглэлийг өгсөн. Үүний дагуу Эрчим хүчний яам, холбогдох гадны хөрөнгө оруулагчидтай хамтран судалгаа шинжилгээний ажлыг хийж байна. 96 МВ-ын хүчин чадалтай тус УЦС баригдсанаар баруун бүс нутаг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээр хангагдаж, төвийн бүстэйгээ ижил үнэтэй цахилгааныг иргэд, ААН-үүд хэрэглэх юм. Ингэснээр үйлдвэр, үйлчилгээ өргөжин хөгжих, ажлын байр нэмэгдэх боломж бүрдэнэ. Дараагийн нэг томоохон бүтээн байгуулалт болох Ховд аймгийн Буянт сумын нутаг Шохойтын бэл гэдэг газар цементний үйлдвэрийн барилга угсралтын ажил удахгүй эхлүүлэх гэж байна. Барилгын гол түүхий эд болох цементний үйлдвэр ашиглалтад орсноор мөн л төвийн бүстэй ижил үнэтэй цемент хэрэглэх, улмаар барилга орон сууцны үнэ тогтворжих, зам талбай, сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол, явган зам талбай сайжрах зэрэг олон талын ач холбогдолтой.
Манай аймагт хэрэгжиж буй гурав дахь томоохон төсөл нь ХАА-н гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн төсөл юм. Одоогоор тус байгууламжийн барилга угсралтын ажил явагдаж байна. Хоногтоо 1500 м.куб ус цэвэрлэн боловсруулах байгууламж ашиглалтад орсноор малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүд хөгжих, үүнийг дагаад ажлын байр олноор бий болох юм. Бас нэгэн томоохон бүтээн байгуулалт нь аймгийн төвийн Жаргалант суманд баригдаж буй 1000 тоннын багтаамжтай механикжсан зоорь юм. Тус зоорийг барьснаар ард иргэд орон нутагтаа үйлдвэрлэж буй эко хүнсийг стандартын дагуу хадгалж, жилийн турш чанар, эрүүл ахуйн баталгаат эко хүнс хэрэглэх боломж бүрдэж байгаагаараа онцлогтой юм.
Энэхүү дөрвөн том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаас гадна энэ жил сум бүрт сургууль, цэцэрлэг, соёлын төв, нутгийн удирдлагын ордон, спорт заал, Эрүүл мэндийн төв зэрэг томоохон ажлууд өрнөнө. Эдгээр ажлуудын даалгаврыг холбогдох яамд, ААН-үүдтэйгээ хамтран боловсруулж, худалдан авах ажиллагаагаа зарласан. 5 сарын 15 гэхэд бүх ажлууд төлөвлөгөөний дагуу эхэлнэ. Үүний зэрэгцээ бид соёл урлаг, спортын салбар, аймгийнхаа хүүхэд залуусын авьяас чадварыг хөгжүүлэхэд анхаарч олон талт ажил арга хэмжээг зохион байгуулан, бодлогоор дэмжиж ажиллаж байна. Баруун Монголын бахархал болсон олон үндэстэн ястны соёлын нандин өв бий бийлгээ, уул нь өндөр ус нь тунгалаг Алтай нутгийн хөөмэйн урлагийг 2020 он гэхэд Геннисийн номонд бүртгээлэхээр зорьж ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн өвөл өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаагүй, халаалт дулааны асуудлаас шалтгаалан иргэд, нийтийн орон сууцанд оршин суугчид өвлийг хэцүүрэн үдсэн. Ирэх өвөл энэ нөхцөл байдлаас давтагдахаас сэргийлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар бодитой ажил хийж байгаа вэ?
2018-2019 оны өвөл 90 гаруй хоног хүйтний эрч чангарсан, хүндхэн өвөл болсон. Ноднин жил аймгийн хэмжээнд зуншлага оройтсоноос малын тарга хүч муу байсан. Мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж буй малчид төдийгүй өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаагүй, орон сууцны халаалт, дулаантай холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлээгүйн улмаас аймгийн төвд амьдарч буй иргэд ч мөн хүндхэн өвлийг үдсэн. Тиймээс энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг 6 сараас эхлүүлэхээр төлөвлөж, аймгийн Засаг даргын хувьд холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгсөн. 2019 оноос эхлэн Улсын нөөцийн өвс бэлтгэхээ больж, аймаг орон нутагтаа хадлан тэжээлээ өөрсдөө бэлтгэхээр болсон. Энэ жил өмнөх хоёр жилийнхээс гурав дахин их өвс тэжээл бэлтгэх шаардлагатай байгаа учраас хадлангийн бааз суурь болсон 3 сумандаа хадлангийн механикжуулсан салаа, бригад компани байгуулах, хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангаж, дулааны шугам сүлжээний засвар үйлчилгээ, тохиргоо хийх зэрэг бэлтгэл ажлуудыг урин дулааны улиралд урьдчилан хангуулж, хүлээж авахаар тооцон ажиллаж байна. Ингэж байж бид өвлийг өнөтэй давна.
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
За баярлалаа. Орон нутгийнхаа иргэдийг цаг үргэлж үнэн бодит мэдээллээр ханган ажиллаж буй танай сонины хамт олонд ч бас талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн амжилт хүсье.