Манхан сумын ойн баярыг тохиолдуулсан түүхэн дурсгалт үйл хэргүүд

By: Admin
2024-12-22
0
981

“Монгол хурандаа” нийгэмлэг, хурандаа Ж.Нямдаваа, М.Алтан-Очир, Л.Хархүү нар болон хамт олон сэтгэл нэгт хүмүүсийн санаачилга, зүтгэлээр 2023 оны 8 дугаар сарын 11-ээс  13-ны өдрүүдэд тэмдэглэж буй Ховд аймгийн Манхан сумын ойн баярыг тохиолдуулан, эх оронч үзэл санааг дэлгэрүүлэх, түүхэн чухал үйл хэрэг, үйл явдал хийгээд, тухайн нутгаас төрсөн түүхэн зүтгэлтэн баатруудыг  таниулан сурталчилах, алдаршуулахад чиглэгдсэн хэд хэдэн чухал ажлуудыг зохион байгуулжээ. Эдгээр нь:   

obshii

       - Нэгдүгээрт: Ховд аймгийн Манхан, Зэрэг сумдын нутаг Зэргийн хүрээний туурь, Усны эх, Зах булаг, мөн Гурван Цэнхэр, Дунд Цэнхэр, Урд Цэнхэрийн хавцал дахь 1922 онд цагаантны үлдэгдлийг хөөн зайлуулах, бут цохих тулалдаан болсон газруудыг тэмдэгжүүлж, дурсгалын хөшөө босгон, улмаар түүхэн дурсгалт газрын бүртгэлд оруулах, олон түмэнд таниулах;

       - Хоёрдугаарт: Тухайн нутгаас төрсөн Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтнүүд, Ардын хувьсгалын партизан, Халх голын болон чөлөөлөх дайнд оролцож явсан дайчид, Баруун хилийн тулгаралтанд үүрэг гүйцэтгэсэн дайчид, цэргийн зүтгэлтнүүд, энх цагийн цэргийн зүтгэлтнүүдийн тухай намтарчилсан танилцуулгын ном /эмхэтгэл/ бүтээж хэвлүүлэх;

       - Гуравдугаарт: Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Борондонгийн Лувсан агсны хөшөө дурсгалыг Манхан сумын төвд бүтээн босгож ойн баярын үеэр нээлтийг хийх;

      - Дөрөвдүгээрт: Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, тагнуулч Эрхбилэгтийн Гэрэлчулууны байгуулсан үйлс, дурсгалыг хүндэтгэн Манхан сумын дунд сургуульд түүний нэрэмжит танхимыг байгуулж, ойн баярын үеэр нээлтийг хийх ажлууд юм.

              Одоо эдгээрийн тухай уншигчдад товч мэдээллийг сийрүүлэн хүргэе.

Нэг: “Зэрэгийн хүрээг чөлөөлөх”

тулалдаан хийгээд түүний дурсгалд

Түүхэнд “Зэргийн хүрээг чөлөөлөх тулалдаан” хэмээн нэршиж үлдсэн (хурандаа Ж.Нямдаваагийн ярьснаар) энэхүү түүхэн үйл явдал болсон газрын голч хэсэг болох Усны эхэнд тухайн үйл явдлыг дурсан гэрчлэх хөшөө тэмдэгтийг 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр санаачлагчид болон нутгийн иргэд босгож суурилуулжээ. Байгалийн чулуугаар суурь болгож, уг суурин дээр  сууж буй хүний дайны хөшөө чулууг суурилуулсан байх бөгөөд хөшөө чулууны нүүрэн хэсэгт “1921 оны 08 сард Зэргийн хүрээг цагаантнаас чөлөөлөх тулалдаануудад Ардын журамт цэрэг Дагва (одоогийн Говь-Алтай аймгийн Дарви, Жаргалант сум), Очир (одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сум) нар амь үрэгдсэн” хэмээн сийлжээ.  Манхан сумын нутагт байх Дунд Цэнхэрийн аманд мөн ийм хөшөө тэмдэгтийг суурилуулсан бөгөөд уг хөшөөн дээр “Баруун хязгаарыг цагаантнаас чөлөөлөх тулалдаануудын үед 1921 оны 8 дугаар сард Дунд Цэнхэрийн аманд болсон байлдаанд Ардын журамт цэрэг Гандаа (одоогийн Завхан аймгийн Баян сум), Гочоо (одоогийн Дорноговь аймгийн Айраг сум), Гунгаа (одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви сум) нар амь үрэгдсэн” гэж сийлсэн байна.

Xushuu 1  Xushuu 2

“Түүхэн үйл явдал өрнөсөн чухал газруудыг ийнхүү тэмдэгжүүлж, уг үйл явдал болон түүнд оролцогсод, алтан амиа өргөсөн баатарлаг дээдсийн дурсгалыг мөнхжүүлэх нь урьдын түүхийг түмэнд сануулах, хойч үед өвөг дээдсийнхээ эх орны төлөө байгуулсан гавъяа, түүний үнэ цэнийг таниулах, сэтгэл оюунд нь үнэн, зөвийг төлөвшлүүлэхэд нэн ач холбогдолтой” хэмээн тухайн ажлыг санаачлагчдын нэг хурандаа Ж.Нямдаваа өгүүлсэн юм.

1921 онд (1922 онд байж магад) Зэргийн хүрээний орчим, Зах булаг, Усны эх, улмаар Цэнхэрийн хавцалд Ардын хатанбаатар С.Магсаржавын удирдсан Ардын журамт цэргүүд цагаантны түүвэйгч цэргүүдтэй хийсэн тулалдааны талаар уг тулалдаанд оролцсон паризануудын дурсамж зэргээс эшлэн сийрүүлбэл:                                                     

Доржийн Даваа (Засаг хан аймгийн Ахай бэйсийн хошуу), Халтарын Дамдинсүрэн (Засагт хан аймгийн Хушууч бэйсийн хошуу) нар “...Янхирцагийн хөтөл дээр хуарагнаж хоноод цаад талд Зэрэгийн хүрээний доор 700 орос цагаантан байна гэж мэдээ аваад Янхирцагийн хөтлийг даваад нэгэн булагт бууж хоноглосон. Зэрэгийн хүрээний тэнд элсэн дотор өдөржин буудалцсан. Бид Зэрэгийн хүрээн дээр очиж дайсныг зугтуулж алдсан. Цагаантнууд 3 хэсэг болжээ. Маргааш нь Төгрөгийн хүрээн дээр очоод хатанбаатар цэргээ гурав хуваахад би Дунд Цэнхэрээр явах цэрэгт орсон. Цагаан оросууд Дунд цэнхэрийн адагт олон гал түлээд, шөнө нь зугатсан. Дунд цэнхэрийг өгсөж тэднийг хөөхөд хавцлын дунд хэсэгт эргэж буудалцав. Шөнө дайсан бидэн рүү ширмэн бөмбөг хаяж, их тулаан болов. Маргааш нь харахад 70 орос алагдсан байсан. Үлдсэнийг Торгуудын Булганы хүрээнээс цааш хил давуулан алдсан” /Монгол ардын журамт цэргийн дурьтатгалууд” ном УБ1961 он. 158 дахь тал/ “Мөнх дурсагдах дайчид” ном. 2023 он. 45 дахь тал/      

Дамбын Баатар (Сайн ноён хан аймгийн Хүрээ марал уулын хошуу) “Манай цэрэг мөн оны зун, намрын сард Улиастайн сангийн хотын дэргэд байрлаж байгаад намрын адаг сард Магсаржавын тушаалаар Дагва гэдэг хүнээр даргалуулсан 50 цэрэг Ховдын хязгаарыг тагнахаар явж Зах булаг гэдэг газарт очиж дайсныг тагнаж байтал манай гол хүч хүрэлцэн очиж Хөтөл шанданд хуарагнасан. Энэ үеэр Ховдоос гарсан дайсны цэргүүд зүүн урагш чиглэн Зэрэгийн хөндийг өгсөж ирэв. Магсаржав дайсны ар талд элч илгээж бууж өгөх үү, байлдах уу? гэдгийг лавлуулсан. Энэ үе нь 1921 оны өвлийн эхэн сар юм. Дайсны тал “маргааш өглөө шийдвэрлэж хариу өгнө” хэмээн элчийг буцаасан байв. Гэвч дайсан маргааш өглөө нь үүр цаймагц Зэрэгийн хөндийг уруудаж зугатсан. Манай цэргүүд яаралтай хойноос нь хөөж, дайсны хажуугаас дайран орох үед дайсны цэргүүд одоогийн Зэрэг сумын төвийн ойролцоох дэрсэнд хэвтэж бидэн рүү буудсан, бид ч мөн дэрсэнд хэвтэж буудалцсан. Бид нэг өдрийн турш буудалцаж, дайсны 100 цэргийг авсан ба 200 гаруй нь зугатсан. Зугатсан дайсны цэргүүд Төгрөгийн хүрээ дайрч Дунд Цэнхэрийн амаар өгссөн. Араас нь манай 50 цэрэг нэхэхэд би явалцсан. Бид тэр өдөртөө дайсныг гүйцэж түрүүлэх зорилготой байсан ч үүргээ гавшгай биелүүлж чадсангүй. Маргааш өглөө нь нэхлээ үргэлжүүлж яваад дайсны орхисон 100 орчим хонийг олж аван тууж Төгрөгийн хүрээн дээр очиход лам Дамдин биднийг цай, арвайн гурилаар дайлсан. Бид өдөр, шөнө хэлэн дээр юм тавиагүй тул түүнийг идэж бас олзолсон малуудаас 10 гаруйг гаргаад заримыг гэрт тогоонд чанаж, заримыг гадаа шарж байтал Магсаржав Дорж (хурандаагийн)? хамт бидний хойноос гүйцэж ирсэн. Магсаржав 50 цэргийн дарга Дагвыг дуудаж цэргүүдийг дугуй хэлбэртэйгээр жагсаан, өөрөө дунд нь Дагватай хамт зогсож “Та нарын хориглох дайсан хаана байна” хэмээсэнд бид “Дунд Цэнхэрийг өгсүүлэн алдсан” гэж хариулав. Чингэхэд Магсаржав нь “та нар улс орныг хамгаалах, төвшитгөх бол түүнийгээ хэл, эс хамгаалах бол үүрч яваа буу зэвсгээ одоо надад хураалга” гэж маш их уурласан байдалтайгаар зэмлэн “та нарын байдлыг зохих газарт мэдүүлнэ” хэмээсэнд бидний цэргүүд нэг дуугаар “таны удирдлагын дор улс төрөө хамгаалан түвшитгэнэ” гэж хэлсэн билээ. Бид тэрхүү Төгрөгийн хүрээнээс Дунд Цэнхэрийн амыг чиглэн дайсныг мөрдөхөөр мордоцгоосон. Тийнхүү дайсныг мөрдөж явтал мөнхүү “Хясаан толгойт” хэмээх газарт тулж очтол дайсны арын сэргийлэх цэргүүд нь мод чулуу бүхий голоос биднийг буудаж, хамт явсан Дамдины Лхаваан, бидэнд газарчилж явсан захчин хүн хоёрын хөтөлгөө морийг алж орхив. Тэгээд Хар толгойн өвөрт нар жаргаж, тэр шөнө хориглож дайсны орхисон хар халзан сарлагийн шүдлэн үхрийг алж, шарж идэцгээсэн билээ. Гэтэл шөнө дундаас өмнөхөн гэнэт дайсны цэргийн уриа, гар бөмбөг тэсрэх нь сонсогдож, удалгүй бидэн рүү довтолсон. Сарын саруулд бөмбөг тэсэрсэн, уриа хашгирсан зүгт таавраар буудалцаж явсаар үүр цайлгасан. Тэр шөнө бидэнд гарз учраагүй, өглөө нь үзэхэд дайсны нэг цэрэг алагдсан байсан ба винтов нэгийг 50-иад сумны хамт орхисныг олзолсон билээ. Тэндээсээ бид Цэнхэрийн зүүн салааг өгсөн, Бэрхийн даваагаар давж, “Элэн саагийн аманд” дайсны урд орж хориглож байтал, дайсны толгойн сэргийлэх бидэнд ойртон ирэхэд нь бид буудаж, нэг хүнийг алж, бас нэгийг  гурван морины хамт амьдаар олзолж аваад үлдсэн тав нь зугатан одсон. Удалгүй дайсны гол хүч дөхөн ирэхэд манай цэргийн гол хүч ч тэдний хойноос хөөж ирсэн бөгөөд Цэнхэрийн аманд бид дайсныг 2 талаас нь хавчин тулалдаж, хагас өдөр илүү байлдсаны эцэст дайсны 30-40 нь устгагдаж, эд хөрөнгө ба буу зэвсэгийг нэлээд ихээр олзлон авч, дайсан этгээдүүд баруун тийш Ховдын хязгаарын зүгт зугатан явсан. Манай цэргүүд Цэнхэрийн аманд 4-5 хоноод өвлийн дунд сарын эхээр зүүн тийш явж, Зумъяагийн гол хүрээд тэнд 10-аад хоног агт морио амрааж хувцас хүнсээ сэлбэн Улаангомын хүрээ тийш очсон” хэмээн ярьжээ. /Монгол ардын журамт цэргийн дурьтатгалууд” ном УБ1961 он. 153 дахь тал/ “Мөнх дурсагдах дайчид” ном. 2023 он. 38-40 дэх тал/  

Хоёр: “Мөнх дурсагдах дайчид” ном хэвлэгджээ

Лхагвасүрэнгийн Гансэлэм (хошууч генерал), Баянмөнхийн Билэгт (Бригадын генерал) нарын зөвлөмж туслалцаатайгаар, Машлайн Алтан-Очир (хууль зүйн ухааны доктор (Ph.D), хурандаа), Жамбын Нямдаваа (хууль зүйн ухааны магистр, хурандаа), Лхамсүрэнгийн Хархүү (хууль зүйн магистр, удирдахуйн ухааны  докторант, дэд хурандаа) нарын бэлтгэж эмхэтгэсэн “МӨНХ ДУРСАГДАХ ДАЙЧИД” ном хэвлэгдэн, уншигчдын гар дээр очжээ.

Энэхүү номонд Ардын хувьсгалын үед Ховд нутаг дахь Төгрөгийн болон Зэрэгийн хүрээний орчим өрнөж байсан цэргийн болон партизаны үйл хэргүүд, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1937-1950-н хэдэн онд баруун хилд өрнөж байсан тулгаралт, зөрчилдөөнт үйл явдлууд болон тэдгээрт биеэр оролцож байсан дайчдын тухай (Ховд аймгийн Манхан сумын гаралтай гэж үзэх хүмүүсийг) мэдээ зангиудыг эмхэтгэн нэгтгэж оруулжээ. Энэхүү ном нь өнөө болон хойч үеийн хүмүүс, судлаачид, цэрэг армийнханд чухал мэдээлэл хэрэглэгдэхүүн болохын зэрэгцээ, өвөг дээдсийнхээ баатарлаг үйл хэрэг, өнөө үе дэх энх цагийн (бидний) амьдралын түүхэн үнэ цэнийн тухай таниулахад ихээхэн ач холбогдолтой юм. Уг номыг Ховд аймгийн Манхан сумын “100 жил”-ийн ойн  баярыг тохиолдуулан гаргасан байна.

 nom 1

Гурав: Борондонгийн Лувсангийн

 дурсгалыг мөнхжүүлжээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Борондонгийн Лувсан агсан нь 1923 онд Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн нутаг “Авхай” хэмээх газарт мэндэлжээ. 1938 оноос 15 настайгаасаа Манхан сумын ХЗЭ-ийн үүрийн даргаар ажилласан. 1941 оноос шинэ үсэгт идэвхтэй суралцан, “Соёлын довтолгоон”-ы багш болж, улмаар 1947 цэргээс халагдаж ирээд багийн агент, сумын нарийн бичгийн дарга,  орлогч дарга, Аймгийн Хоршоодын холбооны орлогч дарга, 1955 оноос Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн дарга, Минжит Булган хоршооллын даргаар ажиллан, хөдөө аж ахуйн нэгдлийг хөгжүүлэх бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж хүчин зүтгэлийг зориулсан нэгэн гэдэг. Түүнд төр, улсын нэр хүндтэй шагналуудыг олгосны зэрэгцээ 1972 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байдаг. Тэрчлэн Б.Лувсан нь “эх орны дайн” буюу “дэлхийн хоёр дугаар дайн”-ы жил 1941 онд, 17 настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг болгон барьсан БНМАУ-ын ард түмний тусламжийн зүйлийг баруун хязгаарын Ховд аймгаас ЗХУ-ын Алтайн хязгаарын Бийск хотод хүргэх хүнд бэрх хийгээд хүндтэй үүргийг хүлээсэн жингийн цувааны ахлагчаар томилогдон явж, үүргээ нэр  төртэй биелүүлсэн, баруун хилийн тулгаралт, зөрчлүүдийн үед цэрэгт алба хааж үүрэг гүйцэтгэж байсан гэхчлэн хувьсгалт тэмцэлд идэвхийлэн оролцсон ахмад дайчин, өнөө болон хойч үеийнхний үлгэр жишээ болсон эрхэм хүмүүсийн нэг билээ. Энэ эрхэмийн 100 насны ой нь өдгөө 2023 онд, төрөлх Манхан сум байгуулагдсаны ойн баяртай зэрэгцэн тохиож байгааг бэлэгшээн, нутгийн зон олон, ард түмний санаачилга, зүтгэл, хандив дэмжлэгээр түүний хөшөө дурсгалыг Манхан сумын төвд бүтээн босгож, нээлтийг хийлээ.   

Luvsan 1

Дөрөв: Эрхбилэгтийн Гэрэлчулууны

түүхэн гавъяаг дурсахуй 

Эрхбилэгтийн Гэрэлчулуун агсны эх орны төлөө гүйцэтгэсэн үүрэг, түүхэн гавъяаг дурсан мөнхжүүлж Ховд аймгийн Манхан сумын сургуульд түүний нэрэмжит танхим байгуулж буй талаар эхлэл хэсэгт өгүүлсэн.  Дэд хурандаа Эрхбилэгтийн Гэрэлчулуун нь агсан нь 1916 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг Жаргалант хайрхан уулын энгэр Улиастайн ам гэх газар Эрхбилэгтийн 3 дахь хүү болон төрсөн. 1927 онд Хошууны танхимд орж суралцан улмаар Сүхбаатарын нэрэмжит сургуульд элсэж нэг жил суралцсан. 1930 оноос Манхан суманд тал бичээч, 1931 оноос Булган суманд Хоршооны салбарын бичээч, данс хөтлөгч, нягтлан бодогч зэрэг ажил эрхлэж байгаад 1937 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдан, Ховдын 5 дугаар отрядад алба хаажээ.  

g 1

1938-1941 онд Ховд аймаг дахь Дотоодыг хамгаалах хэлтэст туслах төлөөлөгч, 1941-1945 онд 5 дугаар отрядад тасгийн дарга, 1952-1953 онд 3 дугаар хэлтсийн орлогч дарга, 1953-1955 онд Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн дарга, 1955-1961 онд Зэрэг сум нэгдлийн дарга, 1961-1962 онд Ховд аймаг дахь Дотоодыг хамгаалах хэлтэст хилийн комиссар, 1973-1978 онд авто баазад диспетчер, 1978-1981 онд 8 дугаар тусгай тасагт төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байгаад чөлөөнд гарсан байдаг.

Эрхбилэгтийн Гэрэлчулуун нь Улсыг аюулаас хамгаалах үйлсэд олон жил хүчин зүтгэлээ зориулсан, баруун хилийн орчим болон хилийн цаанах гоминданы армийн болон зэвсэгт бүлэглэлүүдийн дунд тагнуулын үйл ажиллагаа явуулж, удирдан зохион байгуулж байсан тухай, 1947 оны 6 дугаар сард манай улсын хилээр цөмрөн орж ирсэн гоминданы цэргийн эрхтнүүдэд хилээс хурдан гарахыг шаардсан тулган шаардах бичгийг гардуулах хамгаалалтын бүлгийн ахлагчаар ажилласан тухай нь “Мөнх дурсагдах дайчид” номонд (Эмхэтгэсэн М.Алтан-очир, Ж.Нямдаваа, Л.Хархүү, 2023 онд хэвлэгдсэн) өгүүлжээ.  

Э.Гэрэлчулуун 1938 онд Ховдын Дотоодыг хамгаалах хэлтэст туслах ажилтнаар томилогдон ажилласнаар  тагнуулын ажилтан болох замналаа эхэлсэн хийгээд 1940 оноос 5 дугаар отрядын Тагнуулын тасгийн даргын туслах болж, улмаар 1950 он хүртэл Монгол Улсын нутаг дэвсгэрийн баруун хязгаарын хил орчим, хилийн гүнд тагнуул, сөрөг тагнуулын ажлыг биечлэн гүйцэтгэж, удирдан зохион байгуулах ажлыг явуулан, дадлага туршлагатай тагнуулч болсон. Тэрбээр 1940 оны дундуур өөрийн биеэр Шинжааны нутагт аялж, Цонж хүртэл явж гоминданы цэргийн удирдлагуудтай уулзан Шинжаан дахь олон үндэстэн, ястан оршин суудаг хотуудад тухайн үед гарсан бослогын талаар тэдний байр суурь, бослого тэмцлийн улмаас Монголын хил залгаа нутагт бүгж орогносон, дээрэм хийсэн этгээдүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож судалгаа хийсэн бөгөөд тэрхүү судалгаан дээрээ тулгуурлан Шинжаанд тагнуулчдыг тодорхой хугацаанд нэвтрүүлэн ажиллуулах,  төлөвлөсөн маршрутын дагуу илгээж мэдээлэл цуглуулах, хилийн цаанах дайсны бүлэглэлүүдийн зарим толгойлогчдыг, түүнчлэн гол толгойлогч И.Оспаныг тагнуулчдаар ятгуулан ухуулга явуулж талдаа татах, улмаар дайсны хүчийг тарамдуулах ажиллагааг амжилттай зохион байгуулж байсан. Уг ажиллагаанд И.Хамхааш, Б.Бадам, Батбаярын Дүгэр, Батжаргалын Дүгэр, С.Чой, С.Сахаан нарын тагнуулчид оролцон үүрэг гүйцэтгэж байсан бол Мухаан, Чинхеш, Цагаан гол, Үрэмч, Сонор, Үрэнгэ, Хумлага гэсэн нэр бүхий 10 гаруй тагнуулчыг Шинжаан дахь казакын зэвсэглэсэн бүлэглэлийн дунд нэвтрүүлэн суурьшуулж мэдээ цуглуулж байсан, хожим 1946 оноос Т.Оспан нь БНМАУ, ЗХУ-ын Аюулаас хамгаалах хүчинтэй байгуулсан гэрээ хэлцлээсээ урваж буцан, дайсагнасан ажиллагаа явуулахад тэдний хүчийг бутарган сарниулах, тагнуулч Ө.Сагадай нарыг тусгайлан бэлтгэж Оспаны дэргэд шадарлуулах ажиллагааг Ховдын хэлтсийн дарга Ц.Төмөр-очир, Э.Гэрэлчулуун нар зохион байгуулсан гэхчлэн улсыг аюулаас хамгаалах үйл хэрэгт гүйцэтгэсэн гавъяа зүтгэл нь нэн арвин ажээ. Тэрбээр энэхүү хүнд бэрхшээлт үед их төлөв нууц албанд ажиллаж тусгай үүрэг гүйцэтгэж байсан учир алдар гавъяа нь төдийлөн ил гарч, дурсагдалгүй үлдсэн байна (“Мөнх дурсагдах дайчид” номын 245-257 дахь талд буй бичвэрээс цохолборлон авав).

Г.ТӨРМӨНХ  

g 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 8 =

Create Account



Log In Your Account