Аялж, агаарт гарч, танин мэдсэн нь

By: Admin
2024-12-21
0
2014

Олон улсын уулын өдөрт зориулсан хөтөлбөрийн хүрээнд Ховд их сургуулийн Байгаль шинжлэл технологийн сургуулиас Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд”, уулчдын клубтэй хамтран Ховд хотын ойр орчны байгаль, газар нутагтай танилцах явган аялал зохион байгуулав.

Урьдчилан гаргасан маршрутын дагуу явган аяллыг Рашаантын улаан уулын баруун талаар явж, гол оргилын тусалдаа, баруун талаар өмнөөсөө хойш сунаж тогтсон салбар өндөрлөгөөр хойшоогоо даван, өндөрлөгийг гол оргилтой холбосон хөтлөөр өмнөш эргэж, уул хэжлэн явсаар, дуслын рашаан хүрч, түүнээсээ уулын баруун өмнө талаар бууж Ховд хот руу зүглэсэн чиглэлтэйгээр аялсан юм.

Явган аялалд Ховд их сургуулийн байгаль шинжлэл  технологийн сургуулийн захирал Д.Отгонбаяраар ахлуулсан, газар зүй, аялал жуулчлал, геологи, уул уурхай, газар зохион байгуулалтын ангийн 30 гаруй оюутан, дадлагажигч нар мөн “Хан Алтайн бүргэдүүд” уулчдын клубын хоёр  уулчин явсан. Уулчид аяллыг замчилан хөтөлж, харин багш нар аяллын туршид тухайн газрын болон Алтайн нуруун дахь газар усны үүсэл тогтоц, гадаргын бүтэц, шинж чанар, байгалийн зарим үзэгдлийн учир холбогдолын талаар таниулга, семинар хийж, аялагчид бүгдээр үгүүлсэн сэдвийн хүрээнд мэдээлэл солилцон, яриа өрнүүлж явсан нь гойд сонирхолтой, ач холбогдотой байв.

Сүүлийн 10 гаруй жилд манай улсад явган аялал ихээр хөгжиж, сонирхогчид олноор бий болсон ба аяллын хэдэн арван клубууд үүсэн байгуулагдаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон. Гэвч ийнхүү шинжлэх ухаан танин,  мэдэхүйн агуулгатай, мэдээлэл, мэдлэг солилцооны зорилгыг давхар агуулсан нь нэн ховор юм. Энэ удаагийн аялал тийнхүү онцлогтой байсны зэрэгцээ Ховд их сургуулийн БШТ-ын сургууль, “Хан Алтайн бүрггэдүүд уулчдын” клубтэй цаашид ч хамтарч ажиллахаар болсон юм.

Аялагчдын бүрэлдэхүүнд дунд сургуулиа төгсөөд, газар зүйн мэргэжлээр суралцаж, газар зүйч болох хүсэлтэй Жаргалант сумын YI сургуулийн 11 дүгээр ангийн хоёр охин багтсан нь бас нэг онцлууштай зүйл байв. Одзаяа, Уранзаяа гэх энэ хоёр охин өөрсдийн хүсэл сонирхолоороо энэ аялалд нэгдсэн гэдгээ хэлж байсан ба багш нарын болон ах эгч нарынхаа яриа таниулгаас тодорхой мэдээлэл, мэдлэг олж авсан нь мэдээж олзуурхууштай зүйл байв.  

Г.Төр

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 10 =

Create Account



Log In Your Account