Ундны усны аюулгүй байдлаас улс орны хөгжил хамаарна

By: Admin
2024-12-22
0
2219

/Асуудал дэвшүүлсэн өгүүлэл/

Хуванцар савны хэрэглээг бууруулах цаашлаад бүр мөсөн хэрэглээнээс хасах зорилгоор энэхүү сэдвийг  хөндөн бичлээ. Энэ нь хүний худалдан авах эрхэд халдаж буй асуудал биш харин  хүний эрүүл мэнд цаашлаад улс орны аюулгүй байдалд ч халдаж болох чухал асуудлын нэг юм. Хөдөөнөөс  таньд ирж буй сүү, цагаан идээ ямар саванд ирдэг вэ? Мэдээж нөгөөх л хөх шар зонхилсон хуванцар сав эсвэл ундааны саванд ирдэг. Энэ нь машин унаанд авч явахад хялбар, асгарахгүй, гоожихгүй зай бага эзэлдэг гэж малчид энэ савыг хэрэглэдэг. Мөн буцааж явуулаарай бидэнд хэрэгтэй гэж аминчлан захидаг.

Урьд өмнө нь хэрэглэж байсан одоо ч болж байна гэсэн мунхарсан бодлоос ангижирах хэрэгтэй. Учир нь энэ нь нийгэм, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хор судлалын секторын эрхлэгч Б. Өлзийсайхан: “Монгол улсад 2008 оноос хойш уснаас шалтгаалсан өвчлөл маш өндөр байна гэсэн асуудлал гарч ирсэн үүнээс улбаалан судалгаа хийж үзэхэд гэр хороололд хэрэглэж байгаа ундны усны савнууд шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. 1988 онд хуванцар эдлэл үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан хүнсэнд хэрэглэж болох “1” “5” номертой хуванцар бол манайд хэрэглэгдэхгүй байгаа “7” буюу  зөвхөн химийн бодис зөөвөрлөхөд хэрэглэнэ гэсэн цэнхэр сав буюу тосны шар савыг судалгаанд хамрагдсан нийт хүн амын  63 хувь нь хэрэглэж байна. Эдгээр савнуудад ус байлгаснаар хорт бодисууд нь хэрхэн шилжин орж байна гэдгийг судлан үзэхэд хар тугалга, бисфенол, феталын хүчил, хромын хэмжээ удаан хадгалах тусам хэмжээ нь ихсэж байсан. 2016 онд 0-5 насны хүүхдүүдийн дунд цусан дахь хар тугалганы хэмжээг үзэхэд ялангуяа хөдөөний хүүхдүүдэд өндөр гарсан. Үүний эх үүсвэр нь ундны усыг зориулалтын бус газар хадгалснаас  үүссэн байх магадлал өндөр байна” гэв.

Хэдхэн жилийн өмнө цианат, натри мөнгөн ус гээд л байж болохгүй асуудлын тухай ярьж, хүн малын урагт нөлөөлж буйг бодитой тайлбарлаж байсан тэгвэл хуванцар савны хэрэглээг ч үүнтэй ижил түвшинд авч үзэн  энэ чиглэлийн асуудлыг хариуцсан Яам Тамгын газар, төрийн бус байгууллагууд  бүгд л дуу хоолой нийлүүлэх хэрэгтэй болоод байна. ХӨСҮТ-ийн хордлого судлаач эмч Г. Мядагмаатай уулзан энэ талаар тодруулахад “Хүнд металууд бол хор ихтэй. Савны тухай яривал хор ихтэй хар тугалга, хром зэрэг нь хүний биеийн яс, тархи, мэдрэлийн систем, бөөр зэрэг эрхтэнд өвчлөл үүсгэдэг энэ нь үр удамд ч нөлөөлж болно. Хүнсний зориулалтын бус савнаас ус ууж, айраг цагаан идээ хийн, хадгалаж байгаа нь хүний биед маш аюултай. Химийн бодис нь удаан хугацаагаар бага багаар л хүний цусанд орж байдаг. Үүнийг оношлоход ч бэрхшээлтэй” гэлээ.

Гэр хорооллын айл өрхүүдээс  химийн бодис хадгалах зориулалттай хуванцар савыг ахуйн зориулалтаар хэрхэн хэрэглэж байгаа, энэ нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг, чанарын шаардлага хангаж буй эсэх, энэ талаар иргэдийн мэдлэг хэр байгааг тодорхойлох зорилготой 20 айлаас судалгаа хийв. Ундны усны ямар сав хэрэглэдэг тухай асуултад  нийт иргэдийн 14 буюу 70 хувь нь хуванцар, 4 буюу 20 хувь нь төмөр, 2 буюу 10 хувь нь бусад төрлийн сав суулгыг хэрэглэдэг гэж хариулсан байна. Энэ нь нийт хэрэглээний дийлэнх нь хуванцар сав суулгыг хэрэглэж байгааг харуулж байна.

Хүнсний зориулалтын бус хуванцар сав хүний эрүүл мэндэд хортой гэдгийг мэдэхүү? гэсэн асуултанд 85 хувь нь мэднэ, 25 хувь нь мэдэхгүй гэж хариулсан. Энэ хариултаас харахад зориулалтын бус хуванцар сав нь хүний эрүүл мэндэд хортой гэдгийг судалгаанд оролцогчдын дийлэнх нь мэддэг ч ашигласан хэвээр л байна. Таны хэрэглэж байгаа ундны усны сав эрүүл ахуйн шаардлага хангасан гэж бодож байна уу гэсэн асуултад 45 хувь нь тийм, 25 хувь нь үгүй, 30 хувь нь мэдэхгүй байна гэж хариулав. Хуванцар саванд хонуулсан  усанд хийсэн шинжилгээний дүнг төвлөрсөн сүлжээний устай харьцуулахад төмөр 2 дахин их, нитрит 11  дахин, аммиак 48 дахин их, сүүнд хүнд металл болох кадьма стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин айрганд 4.4 дахин их гарсан гэсэн судалгаа байдаг байна. Хуванцар саванд агууллагддаг  химийн хорт бодисууд сав хаягдсаны дараа шингэн зүйл хийж ашиглахгүй байлаа ч идэвхтэй байдаг. Энэ нь хөрсөнд 700 жилийн турш шингэж дуусдаг. Хүний эрүүл мэнд цаашлаад байгаль орчинд ийм их сөрөг нөлөө үзүүлдэг байхад бид өдөр бүр үүнийг хэрэглэсээр л байх уу? Дээр дурьдсан  “1” “5” –аас бусад “3” “6” “7” гэсэн тэмдэглэгээ кодтой эсвэл огт тэмдэглэгээгүй  савыг хүнсний зориулалтаар ашиглах нь асар их хор холбогдолтой. Тэгвэл бид энэ асуудлыг шийдэхийн тулд яах ёстой вэ? Энэ асуудлыг шийдэхийн тулд БОАЖЯ, ХХААЯ, Шудрага өрсөлдөөн хэрэглэгчдийн газар зэрэг төрийн томоохон байгууллагууд мөн  төрийн бус байгууллага хамтран, үндэсний хэмжээнд хөтөлбөр боловсруулж, хил гаалиар ийм савыг оруулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байна.

Мөн ахуйн түвшинд төмөр сав суулгыг түлхүү хэрэглэх, энэ талаар иргэдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлснээр энэ асуудлыг шийдэх боломжтой хэмээн дээрх судалгаанаас дүгнэж байна. Монгол хүмүүс олон жилийн өмнөөс төмөр саванд сүү саалиа хийн, арьс ширэнд айргаа хийн, идээ цагаагаа боловсруулж ирсэн ард түмэн билээ. Өдгөө ч энэ соёлоо хадгалан, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хуванцар савнаас татгалзах шаардлага аль хэдийн болжээ. Улс үндэсний аюулгүй байдлал нь хувь хүний эрүүл мэндээс шалтгаалдаг, маргаашийн ирээдүйн төлөө өнөөдөр та хуванцар савнаас татгалзаарай.

 Н. Эрдэнэтуул

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 9 =

Create Account



Log In Your Account