Номын мөр цагаан

By: Admin
2024-12-22
0
2217

/Герман улсын Гёттинген хот одох зам зуурт/
Ховд-Улаанбаатар-Москва-Ханновер-Гёттинген
1. Жич эхлэл: “Сайн эр үзэж харснаа, муу эр ууж идсэнээ ярьдаг” гэж үг бий. Гэвч “мянгантаа дуулснаас, нэг удаа үз” хэмээсэн онч үгийг баримтлан нүдээр үзэж сонирхсон, чихээр сонсож дуулсан, хэлээр амталж тамшаалсан, биеэр мэдэрч хүртсэн, эцэст нь сэтгэлд ургасан элдэв бодол юугаа та бүхэнтэй хуваалцъя хэмээн ийнхүү “урт өдрийн улиг” болсон тэмдэглэлээ бичмэглэн буй нь энэ. Энэ нь нэг ёсондоо буддын гүн ухааны ойлголтоор мэдрэхүйн таван эрхтэн болох нүд, хэл, чих, хамар, бие хийгээд сэтгэхүйн ганц эрхтэн сэтгэл лүгээ нийлцсэн зургаан зүйлээр сэрэгдэн мэдэрсэн зургаан вишай (өнгө, дуу, амт, үнэр, дүрс, ном) -г хольцолдуулсны хүчээр таньсан тийн мэдлээ хуваалцаж буй хэрэг юм.
2. Аян замын эх: Монгол нутаг даяар сар шинийн золголт эхэлсэн XVII жарны шороон нохой жилийн шинийн гурваны өдөр буюу аргын тооллын 2018 оны 2 сарын 18-ны өдөр манай баг Улаанбаатар хотод агаарын хөлгөөр нисэн одов. Ийн хотод очсоны хэрэг явдал нь ХБНГУ-ын Гёттингенд хотод 2018 оны 2-сарын 21-23-ны өдрүүдэд болох “The Oirat and Kalmyk in Mongolia, Russia, Kyrgyzstan and China– Looking for an Oirat identity in the 20th and 21st century” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор доктор Б.Нямдорж, А.Батсуурь, В.Янжиндулам бид сэтгэл санаа, хэрэг зориг нэгдэн эрдэм номын цагаан замаа эвхэн яваа нь тэр
Номын мөр цагаан гэдэг юутай оносон үг болохыг бидний аялалд учирсан аз завшаантай тохиол, байгаль орчин, цаг агаарын тааламжтай цаг үе, зам харгуй асуухад чин сэтгэлээсээ зааж чиглүүлсэн сайхан ааштай хүмүүсийн нүд дүүрэн инээмсэглэл бүхэн зорьсон газар, нисэх болон галт тэрэгний буудалдаа цаг мөчийн ч зөрүүгүй хүрч, европ нутгийн хаврын хайрууд даарч хөрөхийн чөлөө гарсангүйгээр аян замдаа сайн явж ирснээс мэдрэгдэнэ.
Энэхүү хурлыг зохион байгуулагч Johannes Reckel гуай бидэнтэй хагас жил гаруй цахим сүлжээгээр харьцаж, илтгэлийн сэдэв чиглэлийг тодруулах, хуралд хэдийд хэрхэн ирж очих, хурлын үеэр гарах мөнгө санхүүгийн үрлэг зарлага, хоноглох зочид буудал, унд хоолоо хэрхэх тухай бүхий л нарийн ширийн зүйлсийг яг таг зааварчлан бидэнд мэдүүлж байсан нь хариуцсан ажлаа нягт нямбай хийдэг тэр герман хүнээс суралцаж, санаа авууштай. Эрдэмтэн Johannes Reckel-дээ аялалын багийн нэрийн өмнөөс гүн талархсаа илэрхийлэн, энэхүү тэмдэглэлээрээ гүнээ ёслон мэндчилье.
Бид анх шинэ хичээлийн жил эхлээд удаагүй 2016 оны 9 сарын 9-нд уулзаж танилцахад, миний язгуурын багш доктор профессор Б.Даваадорж Хэл зохиолын тэнхимийн “Монголчуудын бичиг үсэг, соёлын төв”-ийнхөө судар номын хөмрөгийг үзүүлэн танилцуулж, судалгаа шинжилгээний чиглэл, хамтран ажиллах тухай ярилцан, профессор хоорондын харилцааны эх үндсийг тавьж, ийнхүү судалгаа шинжилгээ, эрдэм номын сайн түншүүд болцгоож билээ. Энэ цагаас цахим сүлжээгээр байнга харилцан, хурал хэлэлцүүлгийнхээ зарыг илгээж, бидний нөхөд Гёттингений их сургуульд очиж, илтгэл тавин, өөрсдийнхөө судалгааны үр дүнгээ танилцуулахын ялдар төв европын хөгжилтэй орныг нүдээр үзэх их завшаан тохиосон нь энэхүү аялал болой.
Багш шавийн харилцааны нандин хэлхээс нь хүнийг хүн болгон төлөвшүүлэх, цаашид оюун гэгээрлийн хоёргүй зам мөрөөр хөгжил боловсролын шат дамжлага ахихын шүтэлцээг нэгэн уяанаас хөврүүлэн тэтгэж өгсөн өнгөрсөн хийгээд эдүгээ, хожим ирээдүйн үйлс эрдмийн үл тасрах мөнхийн шүтэн барилдлагад оршин байна. Тийм ч учраас өөрийн багшаас урагшлуулан өмнө өмнийн багш нартай ч итгэл сэтгэлийн чин сүжигт бясалгал бүтээлийн үр шимээр холбогдон, тэдний адистэд жанлавыг цаг ямагт өөртөө оршоож байдаг ёсон буйг буддын ном сургаалаар замнагч хэн хүн тодорхой мэдэх буй за. Иймийн тул дээр миний язгуурын багш доктор профессор Б.Даваадорж хэмээн дурдаж, өөрийн шавь доктор В.Янжиндулам хэмээн дараах талархалаа илэрхийлэх болсон хэрэг. Энд бас урьд өмнийн багш нар, хожим хойчийн шавь нар, одоо ном эрдэм заалгаж буй эрхэм шавь та нарын минь шүтэн барилдлага цөм багтсан болой. Европ зүгийн ийм том эрдэмтэнтэй уулзаж учрахад гүүр болж, энэхүү аялалын хөтөч болсон өөрийн шавь доктор В.Янжиндуламдаа гүнээ талархсанаа энэ ялдар илэрхийлэн, цаашдын сурган хүмүүжүүлэх их үйлс, эрдэм номын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Эрдэмтэн Johannes Reckel нь тус их сургуулийнхаа номын сангийн удирдах ажилтан бөгөөд монголчуудын уламжлалт сургалт, монгол бичиг хийгээд тод үсгийн өнөөгийн хэрэглээний нөхцөл байдлыг өөрийн биеэр газар дээр нь ирж судалж, цаашид хэрхэх тухай санаа бодлоо чилээн яваа монголд элэгтэй тийм соён гэгээрүүлэгч, номын садан хүн юм.
Манай баг шинийн дөрвөн буюу 2018 оны 2 сарын 19-ний үүрээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас ОХУ-ын агаарын хөлөгийн “Аэрофлот” компаны “Боинг-737” онгоцонд суун Москва хотыг чиглэн, ёстой л “үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр жилийн газрыг сараар, сарын газрыг өдрөөр товчилж” ургах нартай уралдан, үүр цүүрээр агаарын хөлөгт мордсон хүмүүс огторгуйн орон зайд зургаан цаг гаруй саатан, бага үдийн алдад Москва хотын “Шерметова” олон улсын нисэх буудалд хөл тавив. Тэнд түр саатан унасан агаарын хөлөгөө юүлж, дахин аялалаа үргэлжлүүлэв.
Германы өмнөд Саксон мужийн нийслэл Ханновер хотын олон улсын нисэх буудалд газардан, ачаа тээшээ авахаар бид буудлын хүлээлгийн өрөөнд очин, ачаа тээшээ автал Нямаагийн маань нандин зүйлсээр элбэг түнтгэр бор чемоданы бараа сураг алдарсан тул манай хоёр, надад манаачийн үүрэг хүлээлгэн гарц хаалгаар гаран, ор сураггүй цаг гаруй болоход миний сэтгэлд бяцхан сэрэмж төрж, утасныхаа wi-fi тоноглолыг асаан, буудлын сүлжээг тохируулан, хэрэг явдал юу болов, учир жанцан нь олдож байгаа болов уу хэмээн сураг тандан зурвас хүртэл илгээж амжив. Ийн суух зуур эзэнгүй үлдсэн ачаа барааг хамжин, хаяг дугаарыг нь тэмдэглээд, нэг тийш зөөвөрлөх хичээнгүй ажилчин эрийн үйл хөдлөл, бүртийх хог тоосгүй гял толь болсон цэвэрхэн шал хэдий ч цэвэрлэж буй үйлчлэгч эмэгтэйн ажилдаа өөриймсөг хандахыг ажиглан, манайд яах бол хэмээх бодлоосоо ичих аядан атал нэгэн герман бүсгүй ирж англи хэлээр энд юуны учир сууж буйг надаас лавлан асуусанд ой санамжаасаа хэрэгцээт үгсээ эрэлхийлэн чадан ядан англи хэлээр хариу хэлтэл, ачаа тээшийн талаар зохих шийдвэр гарсан хэмээн өгүүлснийг ойлгон, ингэхэд манай хоёр хаана яваа бол гэж явсан зүг рүү нь хараачлах төдийд, тэдний ирж явааг хараад сэтгэл уужрав.
Үүрээр эх нутгаасаа мордсон бид наран жаргахын алдад зорьсон газар болох Гёттинген хот хүрэх галт тэрэгт суухаар хөдөлцгөөлөө. Галт тэрэгний тасалбар хаанаас, яаж авахыг өнөөх Johannes Reckel аль хэдийн зурвас захидалд учирлан таниулсан хэдий ч бид буудал дээр ирээд хүмүүсээс асууж, лавлахад нэгэн залуухан бүсгүй бидэнд нэг бүрчлэн зааж, галт тэрэгний тасалбарыг автомат түгээгүүрээс авч өгсөнд Янжин ихэд баярлан, түүнд монгол газраас авч гарсан түлхүүрийн ширэн оосор бэлэглэснээр Гёттинген хот руу хийх аян замын эх тавигдаж билээ. Энд орон нутгийн тээврийн үйлчилгээ хаана хүрэх, ямар ч техникийн хэрэгсэл дамжин суусан бай нэг л тасалбар тэр өдөртөө хүчинтэй байдаг ажээ.
Шигүү ургасан мододын хөхөлбий ногоон өнгө, газарт энд тэнд цоохортох цасны гялбаатай сүлэлдэн нэн гоёмсог, ер бусийн өнгөөр үзэгдэх байгалийн үзэмж, тэртээ өндөрлөг дэх ойн дунд орших эртний шилтгээний алтан ганжирт нарны туяа тусан оч мэт гялбахад үнэхээр үлгэрийн оронд явна уу гэлтэй сэтгэгдэн, нүд баясан, хөөрцөглөх нь нэн баясгалантай. Зам дагуух суурин тосгон, тариан талбай нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөх зуур дараагийн зогсоолоо зарлах герман хэлний үл мэдэх аялга чихэнд нэг л тийм сонин сонсогдож, гаж мэдрэмж төрүүлмэгц өнөөх тааламжит сэтгэл буснин, түүнээс тээршээх бодол зурс хийнэ.
Зам гудас гал тэрэгнээс буусан зорчигчид авто машин, мотоцикль болон унадаг дугуйны зогсоол дээр үлдээсэн өөр өөрсдийнхөө унаа машинаа унаад гэрийн зүг очих нь зам харилцаа, дэд бүтэц, ер нь хүний гараар бүтээсэн бүхий л зүйл хүний төлөө гэсэн чин сэтгэл, хичээнгүй хөдөлмөрийн илэрхийлэл болох нь харагдана. Аливаа зүйл нарийн төлөвлөгдсөн, байх юмс байрандаа байж, хайхрамжгүйгээр эзэнгүй юм шиг орхигдсон тийм зүйл нэгээхэн ч үл тохиолдоно.
3. Зорьсон газраа ирсэн нь: Үдшийн шар гэгээ тасрахын өмнөхөн “nдchste Station Gцttingen” гэж германаар дуудахад ямар боловч очих хот дөхөж буйг “Гёттинген” гэсэн танил ганц үгээр баримжаалж, бидний хэлмэрч Янжин маань хамт яваа зорчигчдоос лавлан асууж, бид галт тэрэгнээс буухад бэлтгэж эхлэв. Төдөж удалгүй хотын галт тэрэгний буудалд бууцгаан, ачаа бараагаа чирсээр “Историй” зочид буудал хаана байдаг, яаж очих тухайгаа дахин Johannes Reckel-ийн зурвасаас нягтлан уншиж, зам зуур яваа хүмүүсээс асууж сураглан, суух автобусныхаа зогсоолыг хайн чамгүй будилцгааж, ахимаг насны хоёр эмэгтэйгээс лавлан асуутал автобусны зогсоолыг зааж, урагш чигээрээ яв хэмээн чиг зүг заасны дагуу гудамж хөндлөн гарч явтал өнөө хоёр эмэгтэй араас даллан гүйж ирээд буруу заачихсан шиг боллоо гээд дагуулан, бидний суух ёстой автобусны зогсоол дээр ирээд, эндээс сууж, хоёр зогсоол өнгөрөөд буугаарай. Хэрэв алхаад явах бол холгүй байна гэв. Тэр хоёр эмэгтэй орос хүмүүс байсан учир манай Нямаагийн ярианы сэдэв нь өргөжиж, хаана төрж өссөн, бараг л нэг зүгийн хүмүүс болцгоон, Сибирь, Бийск гэх мэт танил газар усны нэрс сонсогдож, та хэдийн буух буудал бараг энэ хотын хамгийн үнэтэй буудал байна. Хямд буудлыг бол олж болно гэцгээж, нутаг нэг зүгийн хүний нүнжиг гаргацгаахад, Нямаагаа алдчих вий гэж би дотроо сэм санаа зовно. Холгүй байдаг юм бол хэдүүлээ алхаад очъё гэх шийдвэр гарган, сониуч зандаа хөтлөгдөх шив. Зам зуураа хоттой танилцаж, сонин сайхныг үзэж сонирхон, дэлгүүр хоршоо хаана бий бол гэж хаяг, сурталчилгааг харж явахад бүх бичиг дан ганц герман хэлээр байх тул хаягаар бол тоймтой зүйл мэдэж чадсангүй, харин дүрс тэмдгээр л энэ ийм газар бололтой хэмээн хараачлан явах зуур “-Аа энэ гутлын дэлгүүр байна” маргаашнаас зав зайгаараа орох минь хэмээн тоймлон, төлөвлөгөө зохионгоо явцгаасаар сайн газарч, сайхан сэтгэлт орос бүсгүйчүүдийн зааснаар буудалдаа ирж, өрөө савандаа тохинож авав.
Манай газар шиг англи хэлээр бүхий л хаяг, реклам бараг л бичгээр үйлдэж болох бүхнээ тэмдэглэж, монгол хүн тэр бүр мэдэж, зүг чигээ олох боломжоор гуцуудуулсан тийм гажууд сэтгэлгээ энд огт үгүй юм. Эх хэл, үндэс угсаагаараа бахархах, дээдлэн үзэх тэрхүү сэтгэлгээ нь бусдаас онцгойрох гэсэндээ бус жинхэнэ хүний төлөө гэсэн сэтгэл нэвт шингэсэнтэй холбоотой хэмээн би бодно. Мэдээж тэр газар оршин сууж, амьдарч буй хүмүүс герман үндэстэн, тиймээс тэдэнд л зориулагдах нь зүйн хэрэг. Цөөн тоогоор аялан яваа хүмүүс өөрсдөө л учраа олж, явах суух газраа асууж сураглан бидний адил хэрэг зоригоо бүтээх учир англи хийгээд бусад хэлээр хаяг, рекламаа бичих шаардлагагүй болох нь ойлгомжтой юм. Хаа газрын залуус өнөө цагийн харилцааны гол хэрэглүүр болох англи хэлээр бусдын асуусанд хариулах чадвартай байгаа нь нэг ёсондоо соёлтой хүний шинж. Мэдээж монгол залуус эднээс юунд дутав гэж дээ.
Хол газар, урт зам туулсан хүмүүс аянших нь зүйн хэрэг. Аяны зуушаа задалцгаан, ёстой л “утаагүй улаан галаа түлж, уургүй улаан цайгаа чанаж” гэж монгол үлгэр, туульд өгүүлдэг шиг бэлэн хоолоо идэх, дүрдэг цайгаа уух болтол ус буцалгагч, арга ядахдаа буцалгасан халуун ус хэрэгтэй болох нь гарцаагүй. Тийн өрөөн дотроо эргүүлж тойруулан харахад бидэнд зэхэж бэлтгэсэн зүйл үгүй бололтой дог. Энэ газрын зочид буудлын стандарт ийм байж юуны магад хэмээн хэл ус сайтайгаараа бас дээр нь “хүний бага нь явдаг, шувууны бага нь жиргэдэг” гэдэгчлэн Янжингаа халуун усны эрэлд мордуулав хоёр ахмад нь. Энэ завсар биднээс өмнө европ газарт уригдан, юм үзэж, нүд тайлсан найз Нямсүрэнгийн захиж хэлсэн зүйл зурвасхан санаад орж, нөгөө цагаан хийгээд улаан дарс, галт ус болоод шар айраг, ундаа жүүс, амт шимтийн дээд чихэр жимс бүрэн төгс нэгэн зүйл бяцхан богц /мини бар/ нь хаана байдаг юм бол гэж бодмоглон, түүнээс ам хүрч, амсаж шимсэж, ахиулан хэтрүүлж хүртэв, тэгвэл үнэ төлбөрийг нь дийлж баршгүй байдалд оров доо гэх үгс чихэнд сонсогдох шиг. Гэвч тийм “баян” бяцхан богц өрөөнд минь байсангүй. Бас л энэ газрын стандарт тийм биз. Усанд явсан элч багавтар савтай ус барин, энд ус буцалгагч, халуун савны хэрэгцээ байхгүй, усны цоргоор гоожих халуун, хүйтэн усыг тосоод унд хоолондоо шууд хэрэглэдэг юм гэнэ хэмээн орж ирснээр цаашид хоол хош жин тан, бид гэдэс гарах нь ойлгомжой болов.
Ийнхүү төв Азийн өндөрлөгт орших нүүдэлчдийн өлгий эртний түүхт Монголоос суурьшмал иргэдийн эх газар төв Европын өр дунд байх эрдэм номын хүрээлэн гэгдэх Гёттинген хот хүрэх аялал маань олон зүйл тээврийн хөлөг дамжин сууж, буун явсаар нэгэн өдрийн дотор бараг долоон цагийн зөрүүтэй газар ирж, бидний өдөр шөнө солигдон, нойрны хомсдолд нэг хэсэг орох нь гарцаагүй болов. Маргааш өглөөг угтахаар шүлэг нойрондоо орсон хэдий ч тэр газрын хоёр цагийн үед сэрж, нойр хулжих нь манай цагаар аль хэдийн босож, ажилдаа явах болсныг сануулан буй нь биологийн цагийн мэдрэмжээ эс алдсантай холбоотой юм болов уу.
4. Мэнд усаа мэдэлцсэн нь: Өглөө 7 цагт зочид буудлын зоогийн газар нэгэн зорилгын дор газар газраас ирсэн хүмүүс мэнд усаа мэдэлцэн, ёстой л их зохиолч Д.Нацагдоржийн “Майн нэгнийг хөрөнгөтний газар үзэв” гэгчээр европ тивийнхэн “Монголчуудын сар шинийн мэнд мэдэлцэх ёсыг” харж байгаа байх гэж бодогдохоор “үсэрсэн цус, тасарсан махны тасархай” тохом нэгт ахан дүүсиийн халуун дотно уулзалт болж, зоогийн ширээний ард нутаг усныхаа сонин сайхнаас хуучилцгаасан энэ мөч бол 2018 оны 2 сарын 20-ны өдөр буюу билгийн тооллын шинийн тавны их ерөөлт өдөр байв.
Энд учран золгосон хүмүүс бол ОХУ-ын Халимаг улсын эрдэмтэн Э.Хабунова, Г.Дарина, Н.Содмон нар, БНХАУ-ын эрдэмтэн Мянгад Эрдэмт, Дамиранжав, Д.Таяа, Ж.Цэнгэл, Алтан-Очир нар болон тэдний шавь болох залуу судлаачид, европын хэд хэдэн улсаас ирсэн монголч эрдэмтэд, тус хот болон германы бусад хотоос ирсэн эрдэм номд шимтэн суралцаж “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас, хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ” хэмээн их зохиолч Д.Нацагдоржийн шүлэглэсэн өнөө цагийн баатрууд болох монгол охид, хөвгүүд, Улаанбаатар хотоос ирсэн ганц хоёр эрдэмтэн, манай багийн гишүүд болой. Энд нэгэн нөхөр даалинтай хөөрөг барьчихсан хүн бүртэй хөөрөг зөрүүлэхийг ажвал европ газар “монгол ахуй” оршин буй гэлтэй. Тэр нөхөр мэдээж монголоос ирсэн хүн болох нь тодорхой.
Зоогийн газарт таван тансаг идээ цөм бүрдсэн гэмээр. Урд өмнө идэж амсах нь бүү хэл, үзэж харж байгаагүй элдэв төрлийн жимс ногоо, идээ зоог, ундаа жүүс зэргээс тохирох аяга таваг, халбага сэрээгээ сонгон, өөрийн уух идэх хэр хэмжээгээр цуглуулан хүртэх аж. Энэхүү өглөөний зоог нь зочид буудлын хоногийн төлбөрт багтдаг юм байна. Ёстой л “Тунгалаг Тамир” романд юм үзэж, нүд тайлсан хүн шиг хуурмаг аяглах Итгэл баяны өгүүлдэг “Yүнийг чинь Нанжин хотын зээлийн гуанзанд идсэн байхаа гэж бас нэг хоолыг амсаж үзмэгц Итгэлтийн хэлэхэд Эрдэнэ “тийм байхаа” гэж нам дуугаар хариулав” гэгчийн үлгэрт бид гурав орохоогүй л европ зүгийн хоол ундааны соёлтой танилцсан. Хэрэв дахин эдгээр хоол зоог хаа нэгтээ тааралдах юм бол Нямаа, Янжин хоёр оо “Нөгөө Гёттингений зочид буудалд бид гурвын иддэг хоол байх аа” энэ чинь гэж нүүр бардам зааж болохоор болсон доо.
Мэнд усаа мэдэлцсэн хүмүүс цагаан сарын үед нэг нэгнийхээ гарын алга тэнийлгэх учиртай хэмээн дор бүрнээ бэлэг сэлт бэлтгэж ирснээ солилцох санаатай бие биенийхээ өрөөний дугаарыг асуун, нэг ёсондоо бэлэг солилцох үе мөдгүй эхлэх шинжтэй болоод явчихав. Эрдэм номын ажлаар яваа улс манайхны цагаан сарын бэлэг сэлт шиг сонин юм юунд солилцов гэж. Мэдээж өөрсдийнхөө судалгаа шинжилгээний үр дүнгээ шингээсэн бүтээл туурвил, ном судраа л алд цэнхэр хадгийн хамт нэгэнтэйгээ солилцох бөгөөд номын эхний нүүрт ерөөл бэлгийн үгээр цохолт хийн “Танаа өргөн барив” гэж гарын үсгээрээ тийздэн баталж, дээжлэн барина шүү дээ нэгэндээ. Өвөг дээдсийн үеэс “Бэлэг бэлгийн дээд хадаг, билиг билгийн дээж ном” хэмээн ухаарсаар ирсэн уламжлалыг баримталж буй ариун ёсон энэ болой. Олж үзэх юм сан гэж эрэл сурал болж байсан тухайн ном судрыг зохиогчоос, бүр гарын үсэгтэйгээр гардан авна гэдэг оюуны үйлс эрхлэгч эрдэмтэн бидэнд ёстой л “тэнгэрийн умдаг атгасан” мэт аз завшаантай тохиол болдог юм.
Тийм сайхан учрал тохиосныг монголчууд “урьдын хувь ерөөл”-өөр л болж байна хэмээн бэлгэшээж, энэ хуралд ирсэн гэж сураг ажгийг нь сонссон, шадархан нүүр хагарч танилцсан, танил дотно эрдэмтэн мэргэдийнхээ сургаал номлолыг нь чихний тосгууртаа алдалгүй барьж, ихийг сонсон, үзэл онолыг нь ой тойндоо шингээн, үнэн зөв ухаарах хичээл сонирхол аяндаа төрж яарахын учир олон улсын эрдэм шинжилгээний хурал болох газарт хүрэхээр хурд ихтэй газрынхан яаруу зандаа хөтлөгдөн таксигаар, бид мөнөө л талын хүний тайвуу зангаар алхан очихоор шийдэн, Гёттингений их сургуулийн номын сан хаана байдгийг нягтлан урдын адил замч зурвасаа уншин, одох зүгээ тогтоонхон алхацгаав.
5. Гёттинген хотын тухай товч өгүүлэх нь: Гёттинген хот хийгээд Гёттингений их сургуулийн тухайд товчийн төдийд танилцуулж, өөрийн үзэж харсан, бусдын хэлж тайлбарласныг ой тойноосоо ухаж, санасны хэрээр тоймлон дурдаж, хурал хэлэлцүүлэгийн сонин сайхныг дуулгахаа түр азнан учир зүйн дэс дарааг бодъё хэмээв.
Төв Германы өмнөд Саксон мужийн нутаг дэвсгэрт хамаарагдах, герман төдийгүй европын шинжлэх ухаан, судалгааны томоохон төв, оюуны гол уурхай нь Гёттинген хот юм. Энэ хот нь Ханновер хотоос өмнө зүгт 100 км зайд орших Лейн мөрний эрэг дээр оршдог ажээ. Анх 953 онд Гутини гэж нэрлэгддэг байсан бөгөөд 1214 оны орчим байгуулагдсан хойт Германы хотуудын холбооны гишүүн хотын эрхтэй XIV зуун хүртэл хүчирхэг гишүүн хотын нэг байсан ажээ. Энэхүү хотуудын холбоо гэдэг нь дундад зууны үеийн зуу гаруй хотыг эгнээндээ багтаасан, улс төрийн тусгаар эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн нэгдэл өнөө цагийн хэлээр бол нэгэн эрх ашгийн дор нэгдсэн эдийн засгийн групп маягийн гэхдээ улс төрийн тусгаар эрхтэй байсан юм шиг. Гэхдээ л тэд угсаатан биш хотуудаараа холбоотон болж, нэг зорилгын дор нэгдэж байсны илэрхийлэл өнөөгийн Европын холбоо юм. Түүний тэргүүн зэргийн угсаатны нэг нь герман мөн болох нь тодорхой. Гэхдээ энэ улсад олон угсаатан оршин амьдардаг, тэр ч бүү хэл шашин шүтлэг, соёл иргэншил хамааралгүй иргэдийг өөрийн нутагтаа чөлөөтэй нэвтрүүлдэг улс учир, нийтийн эрх ашгийг өмнөө барьдаг төрийн уламжлалаа хатуу дагадаг болох нь саяхны үйл явдал гэрчилнэ. Нэгэн цагт тийм улс төрийн жишгийг анхлан монголчууд дэлхий дахинаа тогтоож, орчин үеийн диполмат харилцааг үндэслэсэн гэдгийг дэлхийн монголч эрдэмтэд нэгэн дуугаар батлан илэрхийлсэн байдаг.
Бид Герман улсыг өнгөрсөн зууны гуч, дөчөөд оны этгээд гажсан түүхэн үйл явдалтай холбон үзэх нь тун зохимжгүй. Тэмдэглэлийн эхэнд “дараагийн зогсоолыг герман хэлээр зарлах нь сонин сонсогдож, гаж мэдрэмж төрүүлмэгц” хэмээн өгүүлсэн нь нөгөө л Адольф Гитлер гэгч хэн, дэлхийн II дайны аймшигт үйл явдлыг өдөөгч, бас хөрөнгөтийн нийгмийн тухай бидэнд ойлгуулсан социалист үеийн хүмүүжилтэй минь холбогдсон байж магад.
Төр засгийн болоод цэрэг дайны зохион байгуулалтын хувьд эгнэшгүй нь эртний монголчууд. Өвгөдийн түүх, хааныхаа сургаалыг тоть мэт мэдэх ч, юу нь алдаа, аль сургамж байж вэ гэдгийг нягтлан бодож, дүгнэн цэгнэсэн ч юмгүй их түүхээ өмнөө барин хий хоосон цээжээ дэлдэн байх шиг ээ одоо үеийхэн бид.
Бусдаас харж, санаа авах нь дэвжихийн эхлэл, өөрийгөө харж урваах нь доройтохын гэм гэж санан, цөөн бодлоо өгүүлэх зуур “Айлын хоол амттай ч алхац даваад л” гэдэг үгийн учир юу юм бол гэж бодогдов. Өвгөд юмыг дандаа далдалсан өнгөөр өгүүлж сургадаг нь хүний үгийг сайн ухаж ойлгоорой гэсэн сэрэмж өгсөөр байсны илрэл юм санж. Энэхүү тэмлэглэлийг хэв ерийн үзсэний завшаан болгоё гэж бодохыг тэвдсэнгүй өвгөдийн “Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз” гэдэгт онч ухаан бий гэж санах төдий ч, энэ үгийн биелэл хэрхэхийг санасангүй зуугийн талыг аль хэдийн насалсан миний бие өөрөө мэдэрч өнгө утга нэмэн, үзсэн харснаа өвгөдийн ухаантай сүлэн хэлхэх зориг аяндаа төрөв. Учир юун гэвэл аав, агт үгүй ч ашдын зорилго таныг хөтөлнө гэдгийг хүүхдүүдийнхээ ойн тойнд хүргэх гэсэн эцгийн хүсэл “танилц”, “үз” гэсэн үгэнд оч нэмэн, хожим бадрахын өлзийг өгүүлсэн далд болоод илхэн заяат нүүдэлчин отгийн тэргүүн аавын хайр, ээжийн энхрийллийг хожуу ч гэсэн мэдэрснээ илэрхийлэх нь юутай завшаан. Улс гэрийн сүр сүлд, уламжлал ааваас удамтай, урган дэвжих үр удам, утга соёл ээжээс улбаатай хэмээх нь монгол онч үг бүхэнд ямагт уяатай байдаг ч хүн бүхэн ухааран ойлгохыг төдий л шамдсанүй өдийд хүрчээ. Иймээс арга билгийн сэтгэлгээ бүрэн нэвчсэн соёл бол монголчуудынх мөн хэмээнэ.
Өнөөгийн монгол бол улсаасаа баян группийн нэгдэл болжээ гэж хэн хүнгүй мэдээд байх шиг мөртлөө группийн тоогоор гишүүдээ төрд шургалуулж, ардын хэлдэгээр олиггүй гаруудыг бид хуучнаар “Их хуралдай” буюу одоогийнхоор Их Хуралд сонгон илгээсээр байна даа гэж хардах нь нүүдэлчдийн улс гүрнээ, айл гэрээ, анд нөхдөө аюулаас хамгаалах гэсэн сэтгэхүйтэй холбоотой байж мэднэ. Энэ нь өвгөдийн ухаанд чухам юу гэлээ, урдын сэрэмж юунаас боллоо гэж байгаль дэлхий, ан амьтны аяг байдлаас асуун, юунд ч баригдалгүй амь амьдарлаа тэтгэсээр ирсэн бидэнд давын өмнө л байж мэдэх сэтгэхүй. Тиймээс төрдөө хир халдаахгүйг хүн бүр хичээнэ. Төрийн минь сүлд өршөөж, түмэн олон минь амгалан байг гэж хүн бүхэн сүслэн залбирдагийн учир нэн их. Бидний монголчууд нэг л угсаатан хүмүүс. Бид түүхэндээ аймаг, холбоо гэхчилэн олон нэрийн дор нэгдэж нягтарч, бас салж саринасаар ирсний гэрч ар, өвөр, буриад, халимаг, ойрад гэж тодорхой ялгаравч, бас хазаар, тува, могол, монгор, дуньсян, баоан, шар уйгар гэх мэтээр салж бутарсан нь олон. Цаг хугацаа урссаар... Дундад зууны тэр үед ч европын олон жижиг улс, хот суурингууд тус тусдаа эрхтэй, бас нэг нь нөгөөгөө эрхшээхийн тулд хичээж байсан адбиш сонирхол өдгөө хүртэл оршоор ахуй. Үүнийг бид дэлхийн мэдээгээр сонссоор байх.
Дээрхээс санан дахин хэлэхэд Чингис хааны нэгэн сургаалыг өнөө цагийнхан нэг л гажуу ойлгоод, үзэл, явдал, мөрөө тэр ойлголтоороо биелүүлэх гээд байх шиг аяг анзаарагдана. Үнэхээр өөрийн чадлаар гэрээ зассан хүн, түмний итгэлийг даачихаад олиггүй аашлах нь хааны сураалтай нийлэх юм болов уу. Үүнийг ойлгоход тун хялбар. Биеэ зассан хүн шунал тачаалдаа баригдсаар байх ёстой юу гэх асуултаас эхэлнэ. Тиймээс аран бидний төрд итгэх итгэл алдраад л байх санж. Энэ сургаалыг бараг орчин үеийн хүн бүр мэдэх байх, учир ухааныг нь хойч үеийнхэн өнөө цагийн бидний үйлдлээр бүү ойлгоосой билээ. Бараг л улс төрч болгон их хаан Чингис “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад, төрөө зас” гэж хэлсээр түмний итгэл даадаг, бид энэ хүн их сайн хүн гээд л хэл яриаг гол болгож, цаад сэтгэл нь юу бол гэдгийг анзааралгүй төрийн түшээгээр илгээдэг.
Эх оронч хүн өөрийнхөөрөө байдаг. Ховд хот монголчуудын баатарлаг үйлсийн илэрхийлэл гэж хэлж болно. Эртний баатарлаг түүхийг эс дурдан өнөө цагийн түүхээр бол дайсныхаа өмнө босоогоороо нас эцэслэсэн манлай баатар Дамдинсүрэн, Толбо нуурын бүслэлтэд олон сар баатар эрсийнхээ зориг зүрхийг нь мохоолгүй зоригжуулж асан Хасбаатар, шунаг сувдаг эзэн ноёныхоо эсэг зарга мэдүүлэн Улиастайн манжийн амбаны газар есөн эрүү шүүлтийг биеэрээ дааж, заргаа авсан Ард Аюуш тэд өөрийнхөөрөө л байсан. “Миний нутгийн шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээн өгүүлсэн Галдан бошигт хаан хэмээх хутагт хүмүүний сэтгэл зүрх өнөө ч эх оронтойгоо мөнх оршсоор амуй.
“Би”-гийн өвчнөөс сална гэдэг нь биеэ зассаны шинж хэмээн Бурхан багш номлосон байдаг. Тиймээс л эх оронч хүн өөрийнхөөрөө байдаг гэдгийг бодвол улс төрийн ашиг олохын төлөө юу санаснаа бурж, цаана нь хүний нэр төр, цаашид эх орны ашиг сонирхлыг уландаа гишгэн мугуйд зүтгэгч пополистууд нэг ёсондоо хэн болох нь тодорхой. Тэд дандаа хүний хийсэн алдаан дээр дөрөөлж, тэгж алдсан байна гэх, алдааг хэлэх нь зүйн хэрэг, тэдэнд яаж сайжруулах төлөвлөгөө байдаггүйгээс хий дэмий хийрхэгчид буюу пополистууд болдог. Ажил хийсэн хүнд алдаа бий, дахин хийх хүнд алдааг засах арга бий, алдаа арга хоёулаа нийлээд шийдэлд хүрнэ, дахиад л шинэ зорилт, аргаа хайна. Үүний төлөө байхыг орчин үед инноваци гэж дэлхий нийтээр нэрлээд байх шиг, үүнийг монгол хэлнээ “зөв шийдэл” гэж оноомоор бүтээлч үйлдлийг хэлнэ.
Аливаа шийдвэр улс төрийн түвшинд зөвшилцөл хийхэд орших, дараа тэр нь нийтийн хэм хэмжээ болдгийг шадар болсон Германы сонгууль, канцлер хэмээгч хэрэгжүүлэгчийн эрх мэдлийг хэрхэн зохицуулах вэ гэдэг улс төрийн намуудын тэгш бус санал, суудлын тооноос хамаарсан бүрхэг асуудлыг сар гаран хэлэлцэж, хамтран тохиролцохын хамт буулт хийн намаа бус нийтийн эрх ашгийг төгс хангаж болдогийн жишээг дэлхийн мэдээгээр сонссон учир Герман улсанд аялсан тэмдэглэлдээ ийн их мэдэгчийн хувиар хачир нэмэн өгүүлэв. Өнөөгийн Герман улсын засаг захиргааны бүтэц нь нэг ёсондоо эртний тэр хэлбэрээр 16 муж (Bundeslдnder)-аас тогтсон холбооны бүгд найрамдах парламентын засаглалтай буй нь олон зуун жил шалгаран хэлбэржиж ирсэн тогтолцоондоо суурилсаар байна гэсэн үг юм уу даа. Энэ улс өдгөө Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хэмээн нэрлэгдэн буйн учир тийм аж.
6. Хэрэв та докторын зэрэгтэй бол: Дээрх гарчиг болоод энэ охины зураг ямар учиртай юм бол гэсэн сониуч занг тань дэврээн, Гёттингений их сургууль, ОУЭШ-ний хурлын сонин сайхныг өгүүлэх аялалынхаа оргил хэсгийг дараа үргэлжлүүлэн бичих тул энд хүрээд өндөрлөе. Учир нь дараагийн аялалд гарах өдөр минь үүдэнд ирэв. Энэ аялалын тухай дахин та бүхэнтэйгээ хуувалцъя, түр баяртай.

А.Батсуурь (Ховд их сургуулийн хэл зохиолын тэнхимийн багш, доктор, дэд профессор)
2018 оны 4 сарын 15

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 7 =

Create Account



Log In Your Account