Ховд аймаг дахь төсвийн хуулийн хэрэгжилт - Ард нийтийн оролцоо - Ил тод байдал

By: Admin
2024-12-22
0
1432

- Энэхүү нийтлэлийг “Нээлттэй нийгэм форум” –ын санхүүжилт, дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Ил тодын буухиа” төслийн (мониторингийн ажил) хүрээнд бэлтгэн, толилуулж байна -

Бид өмнө нь санхүү төсвийн бүтэц, тогтолцоо, орчил үйл явц болон түүнд оролцох ард нийтийн оролцооны талаар цогц мэдээлэл бэлтгэж уншигчдад хүргэсэн.
Харин энэ удаад төсвийн үйл явц дахь гурван гол хэсэг болох төсвийг төлөвлөх - зарцуулах хэрэгжүүлэх, мөн тайлагнах, мэдээлэх хяналт тавих, тэдгээрт ард нийтийн оролцоог хангах үйл ажиллагаа бодит байдал дээр Ховд аймагт хэрхэн явагдаж байгаа хийгээд анхаарах зүйлсийн талаар цухас мэдээллийг толилуулж байна.
Монгол улсын төсвийн тухай хуулинд зааснаар бол
6.5.1-д: төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх;
6.5.2-т төсвийг төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, тайлагнах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах;
6.5.3-т төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэхэд олон нийт хяналт тавих боломжоор хангах;
6.5.4-д төрөөс үзүүлж байгаа аливаа ажил, үйлчилгээ, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээнд олон нийт хяналт тавих боломжоор хангах;
6.5.5-д: .хөтөлбөр, төсөл, арга хэмжээний ач холбогдлын эрэмбэ, хэрэгжүүлэх дараалал, арга замыг тодорхойлох шийдвэрт олон нийтийн саналыг харгалзан үзэх;
6.5.6-д: .төсвийн асуудлаар иргэд, төрийн бус байгууллагаас гаргасан санал, дүгнэлтийг эрх бүхий этгээд нь шийдвэртээ хэрхэн тусгасан тухай, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоог хангаж ажилласан дүнг тэдэнд тухай бүр мэдээлж байх” ёстой ажээ.

                                                        Нэг: Төсвийг төлөвлөх үйл явц
Хөрөнгө оруулалт, төсвийн зүйлүүдийг олон нийтээр хэлэлцүүлэхгүйгээр төлөвлөдөг явдал амь бөхтэй оршсоор байна. Үүний улмаас төсөв, хөрөнгө оруулалтын хүрээнд үр ашиг багатай, хөтөлбөр төсөл арга хэмжээнүүдийг төлөвлөж батлах, төсвийн төлөвлөлт, боловсруулалтыг улс төрийн популист арга ажиллагааны өгөөш болгож ашиглах, улмаар ийн оновчгүй төлөвлөлтүүд хийснээр их хэмжээний хөрөнгө санхүүг үр ашиггүй үрэн таран хийх явдал ч гардаг.
Мониторингийн ажлын хүрээнд бид Ховд аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 онд батлагдсан худалдан авах ажиллагаануудын тодорхой хэсэгт ажиглалт судалгаа хийж байна.
Цугларсан мэдээллийн хүрээнд урьдчилсан байдлаар дүгнэж үзэхэд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгүүлэх /тендер/ хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээнүүдийн зориулалтыг төлөвлөхдөө урьд жилүүдийнхээс харьцангуй бодитой хандсан гэж үзэхээр байна. Түүнчлэн Ховд хотын болон сумуудын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх хөтөлбөр, төсөл арга хэмжээнүүдийн хувьд тэрхүү сум багийн оршин суугчид иргэдийн дунд хэлэлцүүлж, ач холбогдлоор нь эрэмбэлэх маягаар сонгож батлах зарчим хэрэгжиж байгаа нь төсвийн үйл явц дахь хамгийн дэвшилттэй зүйл гэж хэлж болно. Гэсэн ч бодит нөхцөл байдлыг авч үзэх юм бол хэлэлцүүлэгт оролцож байгаа иргэдийн хувьд тухайн сэдэв асуудлаар хэр зэрэг бодитой мэдээлэл агуулж байгаа, мөн асуудлыг ойлгох хийгээд асуудалд хандах хандлагаас ихээхэн шалтгаалж буй нь анзаарагдаж байна. Мөн хэлэлцүүлэгт оролцсон иргэд өөрсдийн санал нь шийдвэрт тусгагдаж байгаа эсэхэд эргэж хяналт тавих боломж хомс байсаар ирсэн.
Энэ 2018 оноос Тогтвортой амжиргаа -3 төслийн хүрээнд, орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хэрэгжилтэнд иргэд бие даан хяналт тавих боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажлууд зохиогдож, иргэдийг сургаж, мэдээлэлжүүлж байгаа нь олзуурхууштай. Гэвч бүлгийг зохион байгуулж, ажиллуулахдаа тухайн шатны засаг захиргааны түшмэлүүд удирдан зааварлаж байхаар чиг хандлага харагдаж байгаа нь жинхэнэ хараат бус бие даасан дүгнэлт гаргаж, олон нийтэд таниулах боломжийг хязгаарлах сөрөг талтай. Зүй нь хараат бус мэргэшсэн төрийн бус сектор энэ ажлыг удирдан зохион байгуулваас сая үнэнхүү зорилго нь биелэгдэх болно. Холбогдох хуулиудад ч ийм боломжийг хангасан заалтууд бий. Аймгийн ИТХ-аас ч төсөвт иргэдийн оролцоотой хяналт тавих ажлын хэсгийг мөн байгуулсан авч уг ажлын хэсэгт нэг ч иргэн, төрийн бус байгууллагын төлөөлөл орсонгүй, зөвхөн ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрджээ.
Мөн орон нутгийн хөгжлийн сангаас бусад улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл ажиллагааг төлөвлөж, батлахад ард нийт оролцож чадахгүй байгааг өмнө нь бид хэдэнтээ сануулсан. Иймээс төсвийн бүрэлдэхүүн хэсгүүд болоод нэгдсэн төсөвт бодитой, ач холбогдолтой санал оруулахыг эрмэлзэж буй иргэд байгууллага болон олон нийтийн эвслийн саналыг нухацтай хэлэлцэх явдлыг хуулийн дагуу зохион байгуулж хэвших нь юу юунаас эрхэм болж байна.
Өмнө нь манай байгууллага 2010, 2013, 2014 онуудад Ховд аймагт зохион байгуулагдсан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зарим ажиллагааны зарцуулалт гүйцэтгэлийн үр дүнд мониторинг хийж байсан ба судалгаагаар нэжгээд худалдан авах ажиллагааны хувьд зарцуулбал зохих бодит зардлаас хэт өндөр төсөв төлөвлөж тендер зарладаг, гүйцэтгэл нь дутуу хийгддэг, ашиглалтанд хүлээж авах комисс томилж ажиллуулдаг ч, уг комисс нь тухайн бараа, ажил, үйлчилгээний цаашдын тогтвортой үйл ажиллагаа явуулах, ашиглагдах чадварыг нягтлаж, үнэн бодитоор дүгнэлт гаргадаггүйгээс өнөөдрийн байдлаар Ховд аймагт тус бүрдээ 25.0 саяас 5 тэрбум хүртэл төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийгдсэн, 10 гаруй обьект, байгууламжууд ашиглагдахгүй үхмэл хөрөнгө болж үлдсэн, зарим бараа ажил үйлчилгээнд бараг үр дүн гараагүй асуудлууд бий. Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихийн тулд эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн төслүүдийн эргэн төлөлт хийгддэггүй нь мөн л төлөвлөлт, зохион байгуулалтын алдаа завхралтай холбоотой.
2013-2016 онуудад Ховд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас олгогдсон зээлийн 80 хувь нь эргэн төлөлт хийгдээгүйн улмаас уг сангаас дахиж аливаа төсөл санхүүжүүлэхэд хүндрэл учирсан (ХХААХҮЯ-ны мэдээлэл), тендерийн үнэлгээний хороог бүрдүүлэх, сонгох, ирүүлсэн тендерийн саналуудыг үнэлэхэд төсөв захирагч болон улс төрийн албан тушаалтнууд хөндлөнгөөс оролцож, зааж зааварладаг (аймгийн Өмчийн газар, худалдан авах ажиллагааны хэлтсийн даргын яриа), тендерт шалгарч гэрээ байгуулан, ажил гүйцэтгэж буй компани аж ахуйн нэгжүүд гүйцэтгэлийн мэдээллийг ил тод байлгах талаар маш хангалтгүй ажилладаг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болоод “Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах” журмын заалтууд хэрэгждэггүй зэрэг анхаарвал зохих зүйлүүд байсаар ирсэн гэдгийг энд зориудаар давтан анхааруулахыг чухалчлав.
                                                     Хоёр: Төсвийн зарцуулалт хэрэгжүүлэлт
Хяналт үнэлгээний ажлын хүрээнд бид төсвийн ерөнхийлөн захирагчийн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах үйл ажиллагааг хэсэгчлэн /фокуслан/ авч мониторинг хийж байгаа бөгөөд уг ажлын явцад илэрсэн, зарим анхаарах шаардлагатай зүйлсийг цаг үеийн нөхцөлтэй холбогдуулан дурьдахыг хүсэв.
2018 оны Ховд аймгийн худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалт, төсөл ажлуудын гүйцэтгэлд хяналт тавьж, үнэлж хүлээж авах явдалд нэлээн хайнга, салан задгай байдал анзаарагдаж байна.
Хяналт үнэлгээний ажлын хүрээнд бид өнгөрсөн 7 дугаар сарын 20-оос эхлээд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст энэ талаар шаардлагатай мэдээллүүдийг хүсэж хандсан боловч, хариуцсан мэргэжилтэн нь мэдээлэл өгөхөөс, цааргалах, надад энэ мэдээлэл байдаггүй юм, өөр хэлтэс, газарт байдаг юм гэх зэргээр худал мэлзэх, хүссэн мэдээллийг гаргаж өгөхгүй тас нуух зэргээр ажилд төвөг чирэгдэл учруулж байсныг дурьдахад илүүдэхгүй. Хөгжлийн бодлогын хэлтэс нь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн болон орон нутгийн захиргааны байгууллагын захиалгаар хийгдэж буй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлд хяналт тавих, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, комисс томилон ажиллуулж гүйцэтгэлийг дүгнэж хүлээн авах, дутагдал доголдлыг арилгуулах, эдгээртэй холбоотой бүх бичиг баримтыг бүрдүүлж, архивлан хадгалах, олон нийтэд шаардлагатай мэдээллийг хүргэх үүрэг хүлээдэг. Гэвч бидний ажиглалт хяналт хийсэн 20 гаруй худалдан авах ажиллагааны хувьд уг хэлтсийн тухайн ажлыг хариуцсан мэргэжилтэн дээр байх ёстой баримт бичгийн бүрдэл дутуу, нийтэд нь авч үзвэл 40-өөс доош хувийн бүрдэлттэй, гүйцэтгэлийн хяналт сул хийгдсэн, зарим худалдан авах ажиллагааны баримт бичгүүд холилдсон, ихэнх нь гүйцэтгэлийг дүгнэж хүлээж авсан тухай ямар ч мэдээлэлгүй шахам байна.
Ажилдаа ийнхүү хариуцлагагүй хандаж ирсэн мэргэжилтэн нь солигдсон ч, орон тоог нь нөхсөн хүмүүс тогтвортой ажиллахгүй байгаагийн зэрэгцээ, урьдын замбараагүй байдал цэгцэрч буй эсэх нь эргэлзээтэй байна. Худалдан авах ажиллагаа нэг бүрийн үр дүнгийн талаар судалгааны ажил явагдаж байгаа бөгөөд, дүгнэлт гарах болоогүй тул оны төгсгөлд энэхүү хяналт үнэлгээний ажлын нэгдсэн дүгнэлт зөвлөмжөөр мэдээллийг нэгтгэн хүргэх болно гэдгийг онцлох нь зүйтэй байх. Гүйцэтгэл, хэрэгжилттэй холбоотой одоогийн байдлаар ажиглагдаж буй нэг зүйл гэвэл ТБОНӨХБАҮХА тухай хуулийн дагуу тендерт шалгаран, гэрээгээр ажил, үйлчилгээ гүйцэтгэж, бараа нийлүүлж буй компани, аж ахуйн нэгжүүд нь тухайн компаний товч танилцуулга, харилцах утас, гүйцэтгэж байгаа ажил үйлчилгээний гэрээний үнийн дүн, санхүүжилтийн хуваарь, ажил эхлэх, дуусах хугацаа болон авто зам, инженерийн шугам сүлжээний хувьд дайран өнгөрөх маршрут зэргийг багтаасан самбарыг төв суурин бүрийн олон нийтэд харууцтай газарт заавал байрлуулах үүрэгтэй байдаг ч өдгөө үүнийг хэрэгжүүлж байгаа ганц ч гүйцэтгэгч алга байна.
                                                         Гурав: Хяналт мэдээллийн тухайд
Нээлттэй нийгэм форум үндэсний ТББ-аас зарласан төсөл сонгон шалгаруулалтын үр дүнд явагдаж буй бидний энэхүү мониторингийн ажлыг эс тооцвол сүүлийн 3-4 жилд Ховд аймгийн төсвийн үйл явцад хөндлөнгийн хараат бус хяналт, үнэлгээ хийсэн тохиолдол бараг алга байна. төсвийн тухай хуулинд: 6.5.6-д: .төсвийн асуудлаар иргэд, төрийн бус байгууллагаас гаргасан санал, дүгнэлтийг эрх бүхий этгээд нь шийдвэртээ хэрхэн тусгасан тухай, төсвийн үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоог хангаж ажилласан дүнг тэдэнд тухай бүр мэдээлж байх ёстой” гэж заасан байдаг ч ийм ажил үндсэндээ хийгддэггүй хэвээр байна.
Хуулинд заасанчлан төсвийн үндсэн зарчмуудын нэг нь “ил тод байдлыг хангасан байх” явдал. Үүнтэй холбогдуулаад Шилэн дансны тухай хуулинд байгаа төсвийн ил тод нээлттэй байдал, иргэдийн оролцоотой холбоотой чухал заалтыг энд авч үзэх ёстой. Уг хуулийн 6.9-д “улс, орон нутгийн төсөв, Засгийн газрын болон орон нутгийн тусгай зориулалтын сан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, Засгийн газар, түүний харьяа байгууллагаас гаргасан бонд, үнэт цаас, өрийн бичиг, баталгаа, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний дагуу санхүүжиж байгаа, арван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий бүхий л ажил гүйлгээ бүрийн нийт төсөвт өртөг, хэрэгжилтийн явц, үе шат, зарлага, санхүүжилтийн мэдээллийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу, тухайн, тухайн байгууллагууд нь хариуцан (хуулинд тодотон заасан бий), улирал бүр хөрөнгө оруулалт, санхүүжилтээ хүлээн авсан төсвийн байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбар, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байрлуулах ба шаардлагатай гэж үзвэл олон нийтийн бусад цахим хуудас, өөрийн цахим хуудсаар давхар мэдээлнэ. Мэдээллийг төсвийн байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбар, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байрлуулахад энэ хуулийн 3.1.4, 3.1.5-д заасан этгээд төлбөр төлөхгүй” хэмээн заасан байдаг.
Иргэд олон түмэн төсвийн үйл ажиллагаанд нэн ялангуяа төсвийн нээлттэй, ил тод байдалд хяналт тавих эрх нь хуулиар олгогдсон байдаг тул энэхүү шилэн дансны хөтлөлт хийгээд уг хуулийн хэрэгжилтэнд дор бүрнээ ажиглалт хийж, хяналт тавьж байх нь тустай гэдгийг зөвлөхийг хүсэв.

“Ил тодын буухиа” Төслийн баг


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 9 =

Create Account



Log In Your Account