“ЦАЙНЫ ЗАМ – III” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НААДАМ

By: Admin
2024-12-23
1
776

2017 оноос Ховд аймагт уламжлал болон явагдах болсон, “Цайны зам” өв соёлын наадам нь аялал жуулчиллыг хөгжүүлэх зорилгын хүрээнд хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөгдсөн байдаг бөгөөд өдгөө гурав дахь удаагаа болж байгаа юм. “Цайны зам-III” аялал жуулчлалын “эвент” /онцлон дэлгэрүүлэх/ арга хэмжээ 2022 оны 9 дүгээр сарын 25-аас 28-ны өдрүүдэд гурав дахь удаагаа зохион байгуулагдав.  

Ховд аймагт аялал жуулчиллыг хөгжүүлэх хөтөтөлбөр, зорилтын хүрээнд  10 орчим эвент арга хэмжээг тогтмолжуулан явуулж байхаар тусгасны дотор “Баруун Монголчуудын олон угсаатан, үндэстний цайны соёлоор дамжуулан, “Цайны баяр”-ыг жил бүрийн 9 сарын сүүлийн амралтын өдрүүдээр хийж занших. Цайны баярын хөтөлбөрийн дагуу Ховд аймгийн угсаатны бүлгүүд, сумуудын оролцогчид өөрийн онцлог болсон хөөмэй, уран нугаралт, уртын дуу, тууль, цуур, бий бийлэг гэх мэт соёлын өвөө олонд дэлгэн, бас шинэ ногоо, жимс жимсгэнэ, төрөл бүрийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэх мэтийн яармаг худалдааг 3-5 хоногийн турш зохион байгуулж байхаар тогтсон байдаг. “Цайны зам-III” наадам дараах хөтөлбөрийн дагуу явагдав.

   

Хөтөлбөрийн дагуу энэ удаад эрийн гурван наадмын соёлыг таниулах бэсрэг наадам, тэмээн жин, Адуучин тэмцээн, Хойд Сэнхэрийн агуйтай танилцах болон Хар ус нуурын чиглэлд “Шувуу ажиглах” аялал, олон улсын тууль, цуурийн наадам, уртын дуу, морин хуурын наадам, цайны соёлын үзүүлбэр,  уран нугаралтын уралдаант тоглолт, “Цайны зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, уран бүтээлийн үзэсгэлэн, орон нутгийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, угсаатнуудын соёлын үзүүлбэрүүд гэсэн төрөл зүйлүүдийн хүрээнд үйл явдлууд өрнөв. “Цайны зам” наадмын хүрээнд Ховд аймгийн нутаг дахь аяллын таван маршрутаар аялах аяллыг мөн аялал жуулчиллын тур оператор /зуучлан зохион байгуулагч/ компаниудтай хамтран явуулдаг байсан боловч энэ удаад тэдгээр аяллыг хөтөлбөрт оруулсангүй. Дашрамд онцлоход тур операторууд болон Ховд аймагтай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой компаниудад мэдээлэл болгож хүргэх хамгийн чухал зүйл бол энэхүү таван чиглэл дэх аяллын маршрут болно.     

Урьд нь 2019 онд болсон “ЦАЙНЫ ЗАМ-II” наадмыг тухайн жилийнхээ 9 сарын 26-аас хийхээр бүхий л төлөвлөлтүүдийг урьдчилан гаргаж, батлуулсан байтал шийдвэр гаргагчид хугацааг урагш нь татаж 8 сарын дундуур хийхээр болгосон нь уг үйл явдалд тодорхой хэмжээний эрсдэл учруулсан, тодруулбал хугацаа давчуудаж, гадна дотнын жуулчид, олон түмэнд зар мэдээлэл сайтар хүрээгүй, мөн ард иргэд зав, зай тун муутай байдаг намрын ид ажлын дундуур болсон учраас зохиогдсон бүхий л арга хэмжээнүүдэд тун цөөхөн оролцогч хамрагдсан хэмээн манай сонины 2019 оны №13-д хэвлэгдсэн нийтлэлд дурьджээ. Тэгвэл энэ удаагийн “ЦАЙНЫ ЗАМ-III” наадмын тухайд хэтэрхий тулгаж, дөнгөж сарын өмнө шийдвэр гаргасан, хөтөлбөрийг нь бүүр долоохон хоногийн өмнө баталсан зэргээс шалтгаалан жуулчид, сонирхогчдод  мэдээлэл хүрээгүй, үүний улмаас яг албан ёсны уралдаан, тэмцээнд оролцож буй сумуудын болон угсаатны төлөөллүүдээс бусдаар жуулчид болон сонирхогчид маш ховор байдаг өмнөх дутагдал давтагдав. Олон угсаатны цай чанах соёлыг патентжуулж, нэг ёсны бренд болгоно хэмээн төлөвлөсөн байгаа ч, үүний онцлог, сонирхолтой, эрэлт хэрэгцээтэй байж чадахуйц шинж чанарын талаар олон нийтэд түгсэн нь мөн л чамлалттай байх шиг. Аяллын маршрутуудын мэдээллийг улс, олон улсад түгээн сурталчилах, тур операторуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, аялагч жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх явдалд мөнхүү тодорхой ахиц гарахгүй байгааг холбогдох нөхөд анхааралдаа авах нь зүй гэдгийг энд давхар сануулахыг хүсэв.      

Ямар ч атугай эртний түүхт олон улсын худалдааны их замын улбаа мөрийг дагуулж, угсаатны цайны соёл, соёлын биет бус болон биет өв уламжлалд дулдуйдан бий болгосон “ЦАЙНЫ ЗАМ” хэмээх аялал жуулчлал, өв соёлын энэхүү наадам нь Ховд аймагт аялал жуулчиллыг хөгжүүлэхэд ашиглаж болохуйц үнэтэй санаа мөн гэдгийг чухалчлахын дашрамд цаашид, нэн ялангуяа бодлогын түвшин дэх алдаа дутагдлаа нягтлан харж, илүү үр өгөөжтэй болгох явдал хүлээгдсээр байгааг цохлон дурдая.  

    

Ховдын нутаг дахь байгалийн

аяллын таван зам, чиглэл 

   

“Гурван цэнхэр төвтэй Таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын таван чиглэл маршрутыг тодорхойлон зурагласан байдаг.

Үүнд: Нэгдүгээр чиглэл нь “Хойд Сэнхэрийн агуй” руу аялж, 40,000 жилийн тэртээх зосон зурагтай агуйтай танилцах, явганаар, Нүхэн өтгийн хадны зурагтай танилцах, Жаргалант Хайрханы Рашаантын ам руу аялж, Монгол улсын хамгийн өндөр гэсэн тодотголтой хүрхрээг үзэх, Хар нуур, Дөргөн нуур, Дөргөний УЦС, Элсэн манхан, Жанжин овоог үзэж сонирхох, ардын хувьсгалаас өмнө байсан томоохон өртөөний буурийг үзэх, Бөхөнгийн нутаг болох үзэсгэлэнтэй хөндийгөөр аялан, Монгол улсын хэмжээнд хамгийн томд тооцогддог Загал Баатрын хиргисүүрийг сонирхох, Ховд аймгийн төв рүү явах замдаа Ишгэн Толгойн хадны зургийг сонирхох.

Хоёр дахь чиглэл нь Бага Улаан давааг даван, Баянзүрхийн цогцолбороор дайрч, Бодончийн хавцлыг уруудан Үенч сум хүрэх ба Үенч голын хүрхрээг сонирхох зэрэг байгалийн сонин сайхантай танилцах, Бүдүүн харгайт, Нарийн харгайт, Бор цонж, Ёлхон, Хонин ус, Тахь усны говиор аялах дашрамдаа эх орны дархан хилийг хамгаалан тулалдаж байгаад амиа алдсан 24 эх орончийн хөшөө гэх мэт XX зууны цэрэг эрсийн баатарлаг түүхийг танин мэдэх,  Байтагийн нуруугаар аялан, Булган сумын төвд зочилж, улмаар.  XVII-XVIII зууны үед холбогдох Монгол орны говийн бүсэд өргөнөөр тархсан харуулын шивээний нэг хувилбар гэж үздэг харуул овоог үзэх, дараа нь Үенчийн хавцлаар өгсөн Ховд аймгийг зорих

Харин гурав дахь чиглэл бол Мөнххайрхан сум, Хөх нуур буюу Ямаатын хүрхрээ, Шуурхай, Долоон нуурын эх, Мөнххайрхан уул гэсэн замаар мориор болон явганаар аялана.  Мөнххайрхан уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4362 метр өндөр бөгөөд Алтай Таван Богдын Хүйтний оргилын дараа ордог өндөр хайрхан юм. Энэ чиглэл нь адал явдалт экстрем аялалд тохиромжтой.

Дөрөв дэх чиглэл Цамбагарав уулын чиглэлд аялах аялал. Энэ уул нь ан амьтнаар элбэг тул явган аяллын  хөтөлбөрт нэн тохиромжтой Цамбагарав уулын орчинд Өөлд, Мянгад айл өрхүүдээр зочилон, сүү цагаан идээ эргүүлэх нь сайхан. Цамбагарав уулын өвөр дэх Харгантын хадны зураг гэх мэт түүх соёлын дурсгалаар элбэг

Тав дахь чиглэл нь Мянгад сумын нутаг төрийн тахилгат Алтан Хөхий уул руу аялах, Алтан хөхий уулын өвөрт байх төрийн тахилгад зориулсан цогцолборыг үзэж сонирхох, түүх соёлын дурсгалууд, ховор рашаан хадны зургуудыг үзэж сонирхох, Хар ус нуурын Бөлбөөтийн тохойд тухайн улирлаасаа хамааран Бөлбөө цэцэг ургадаг бөгөөд тэндээсээ Хар нуурын эрэг дагуу аялсаар Дөргөн нуурт очиж хоноглож, улмаар Чандмань суманд очиж, Монгол хөөмийн эх нутагтай танилцах аяллууд юм. 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 4 =

Create Account



Log In Your Account