Малын эмч нар ярьж байна

By: Admin
2024-12-23
0
1351

Мал аж ахуйн салбар, мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудын тухайд өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар сумдын Мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн удирдлага, мэргэжилтэн, малын эмч нартай уулзаж, мэдээлэл сонсон, товч ярилцсаныг толилуулж байна.

 

Ховд сумын мал эмнэлэгийн тасгийн тархвар зүйч Бердитилеу Тойлат

 

- Өнгөрсөн болон өнөө жилийн тухайд танай сум болон зэргэлдээх сумдын  мал эмнэлгийн үйл ажиллагаанд тулгарсан гол асуудал гэвэл мэдээж шүлхий өвчний асуудал. Тэгэхээр шүлхийн нөхцөл байдал ямар байгаа талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

- Сумын Засаг даргаас захирамж гаргаад урдчилан сэргийлэх зорилгоор малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавиж малчиддаа шүлхий өвчний талаар заавар зөвлөгөө өгөөд явж байгаа. 2021 оны намар 9, 10 сард Аймгийн онцгой комисс, Мал эмнэлгийн газраас тодорхой үүрэг чиглэл өгөгдсөний дагуу малын эмч, багийн Засаг дарга, малчдын хооронд хариуцлагын 3 талт гэрээг байгуулан сумын Засаг даргаар батлуулан, хэрэгжилтэнд хяналт тавьж  ажилласан. Орон нутгаас ажлын хэсэг гарч гадны сумаас орж ирэх мал, малчдыг тодорхой хэмжээнд хумих тал дээр бас хяналт тавьж ажилласан. 2021 онд Буянт сумын Цагаан эрэг багт шүлхий өвчин гарсантай холбогдуулж урьдчилан сэргийлэх үүднээс бусад баг, сумын уулзвар хэсгээр байнгын пост гаргаж ажилласан. Манай суманд хамгийн анх 2021 оны 11 сарын 10-нд Баянбулаг багт өвчний шинж тэмдэг илэрч шинжилгээ хийхэд шүлхий өвчин мөн болох нь тогтоогдсон. Үүнтэй холбоотой сумын Онцгой комисс хуралдаж тухайн бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон. Энэ талаараа аймгийн Онцгой комиссд мэдэгдэж тухайн бүс нутагт байсан 5 өрхийн малыг нэн яаралтай вакцинжуулсан. Тухайн 5 өрхөд хяналт тандалт хийхэд Жаргалант сумын гаралтай тавиул малаар дамжиж ирсэн нь тогтоогдсон байдаг. Үүнээс үзэхэд малчид өөрсдөө хариуцлага алдаж гадны сумаас тавиул мал авч, тэрийгээ нуун дарагдуулж, хариуцлагын гэрээгээ зөрчсөн байна. Иймд малчид маань бас хариуцлагатай, ухамсартай байх нь чухал байгаа юм. Түүнээс хойш аймгийн Мал эмнэлэгийн газраас 4 удаагийн вакцин татан авч, нийтдээ 68000 толгой малыг вацинжуулсан. Шүлхий өчвнөөр 21 айлын 545 толгой мал өвчлилсөн байсан. Одоогийн байдлаар 159000 толгой малыг вакцинжуулах шаардлагатай байгаа.

- Өвчилсөн малд хорогдол гарсану у? Эдгэрэлт хэр байгаа вэ?

- Одоогоор малын хорогдол гараагүй. 372 толгой малын өвчний шинж тэмдэг арилсан.

- Өвчний шинж тэмдэгийг арилгахын тулд ямар арга хэмжээ авсан бэ? Авсан арга хэмжээ хэр зэрэг үр дүнгээ өгч байна?

- Малаа вакцинд хамруулж, антибиотек эмчилгээ хийж байгаа. Сумын хэмжээнд хорио цээрийн дэглэмийг уян хатан байдлаар тогтоож, өвчилсөн малыг тухайн үед нь эрүүл малаас  яаралтай тусгаарлах арга хэмжээ авч ажилласан нь үр дүнгээ өгсөн.

 

Дуут сум, “Нуурт оч” Мал эмнэлэгийн  үйлчилгээний нэгжийн захирал Донойн Сайнхүү

 

- Сумын Мал эмнэлэгийн салбарт боловсон хүчний нөөц ямар байна вэ? Энэ тухайд цаашид юун дээр анхаарвал зохих вэ?

            - Ер нь улсын хэмжээнд мал аж ахуйн салбарт залуу боловсон хүчин дутагдалтай байгаа. Хөдөө суманд бол энэ мэдээж тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Энэ салбарт ажиллаж байгаа нэгжийн ихэнх эмч нар маань 40-өөс 60 насныхан байна. Зарим үед малын тарилга, үйлчилгээ вакцинжуулалт хийхэд гэрээ байгуулаад ажиллах  ажилчид олддоггүй  үе тохиолддог. Үүнийг шийдвэрлэхийн тулд мал аж ахуйн салбарт мэргэжилтнээр ажиллах хүсэл сонирхолтой хүүхдүүдийг сум орон нутгаасаа дэмжиж сургах /Орон нутгийн хөгжлийн сангаас сургалтын төлбөрийн тодорхой хувийг төлөх/ шаардлагатай байгаа юм. Боловсон хүчнээ орон нутгаасаа бэлдэх хэрэгтэй. Өөр нутгийн хүүхдүүд ирсэн ч баруун аймгийн суманд хэр удаан ажиллах билээ.

- Энэ асуудал дээр Төрөөс тодорхой ямар бодлогын арга хэмжээ авч ажиллаж байна. Байнга л яригдаж байдаг ийм зүйл дээр эрх биш нэгийг бодож байгаа байлгүй?

- Боловсон хүчний асуудлыг бид аль эртнээс л тавьж ирсэн. Хотод ХААИС-ийг малын их эмч мэргэжилээр жилдээ 60-аас 70 хүүхэд төгсдөг гэсэн судалгаа байдаг. Тэр хүүхдүүд орон нутагт ирж ажиллахгүй байгаа. Үйлдвэр дээр ажиллах ямар ч сонирхолгүй, байцаагч болох, эсвэл ямар ч ажлын туршлагагүй хэрнээ малын эм зарах сонирхолтой байдаг. Тийм учраас нэн яаралтай боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй байна.

- Орон нутаг, аймаг, сумын зүгээс ХААИС-тай гэрээ хэлцэл хийдэг ч юм уу, тиймэрхүү санаачилга байдаггүй юм уу?

            - Тийм гэрээ байхгүй. Энэ асуудлыг төрөөс бодлого барьж зохицуулах шаардлагатай байна. Аль эсвэл бүх үйлчилгэээний нэгжүүдээ татан буулгаад улсаас багийн эмчээ сургаж цалинжуулаад явдаг тэр тогтолцоог бий болгох шаардлагатай байгаа юм. Хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж бодож байна.

- Танай суманд хичнээн үйлчилгээний нэгж ажиллаж байна? Тэдгээр нэгжүүд боловсон хүчнээр аль түвшинд хангагдсан бэ? Ажиллагсдын насны байдал ямар байна?

            Үйлчилгээний 3 нэгж ажиллаж байна. Тус бүр нэг нэг малын эмчтэй.  Миний хувьд тэтгэвэрийн насанд хүрсэн. Өнөө маргаашгүй ажлаа өгч гармаар байгаа хэдий ч залгамж халаа байхгүй байна. Нөгөө 2 маань эрэгтэй хүмүүс учраас бас ч учиртай. Нэг нь бол гайгүй залуухан хүн бий.

- Үйлчилгээний нэгжүүдэд боловсон хүчний стандарт шаардлага гэж бий биз?

            - Байлгүй яахав. 40-өөс 50 мянган толгой малд 1 эмч байх ёстой гэж үздэг. Сумын, төрийн мал эмнэлэгт байцаагч, тархвар зүйч гээд 2 эмч байдаг. Одоогоор манай суманд аль нь ч ажиллахгүй, боловсон хүчин дутагдалтай байна.  Бид нэг системээр хамтарч ажиллах ёстой байдаг. Төлөвлөгөө боловсруулж цахим системд оруулах гэх мэт шаардлага тулгараад байдаг. Тэр бүгд дээр ажиллах боломжийн боловсорсон хүн байхгүй дутагдалтайн улмаас ажил цалгардах явдал ч байдаг.

 

Мөст сумын Мал эмнэлгийн тасгийн дарга Д.Түмэнхүү  

 

- Сумынхаа мал эмнэлэгийн тусламж үйлчилгээний ажлын үр өгөөж, бас тулгамдаж байгаа ямар асуудал байгаа талаар ярина уу?

            - Манай сумын хувьд дөрвөн мал эмнэлэгийн нэгж ажиллаж байна. Сумын хэмжээнд жил болгон малчидтай гэрээ хийсний дагуу есөн нэр төрлийн вакциныг 100 гаруй мянган толгой малд хийдэг. Энэ үйл ажиллагаа нь цаашаагаа цахимд шивэгддэг. Үндсэндээ цахим хэлбэрт ороод явж байгаа. Аймгийн мал эмнэлэгийн газрын дарга, сумын Засаг дарга, сумын мал эмнэлэгийн тасгийн дарга гэсэн гурвалсан гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байна. Үйлчилгээний нэгжүүдийн хувьд Төр засгаас тодорхой хэмжээний материаллаг баазаар хангаж ажиллах шаардлгагатай байна. Ялангуяа ковид гарсантай холбоотойгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийх багаж хэрэгсэл татаж аваагүй учраас зарим нь шаардлага хангахгүй болох эрсдэл гарч байна. Манай тасаг сумын орон нутгийн хөгжлийн сангаас дэмжлэг туслалцаа хүссэний үндсэн дээр 20 сая төгрөгийг шийдвэрлүүлж авсан байгаа. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд маань малчидтай байгуулсан гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж, үүнд сумын Мал эмнэлэгийн тасаг хяналт тавин ажиллаж байна.

- Боловсон хүчний хангамжийн талаар тулгамдаж буй зүйл бий юу ?

            - Манай зарим баг дээр нэг малын эмч 70 орчим мянган толгой мал хариуцан ажиллаж байна. Энэ нь малын эмч нар дутмаг байгаагийн шинж юм. Тийм учраас дараа дараагийн залгамж халаа болох залуу эмч нараа бэлдэх тал дээр бодлого гаргаж ажилламаар байна. Ховдын Политехник коллежийг хүүхдүүд малын бага эмчээр төгсдөг хэдий ч цааш нь баклавр зэргийг эзэмших шаардлагатай болдог. Иймээс Политехник коллежийг малын бага эмчээр төгссөн хүүхдийг ХААИС-д түргэвчилсэн хугацаагаар сургах, эсвэл хоёр жил сургаад, малын их эмчээр төгсгөх бодлогыг авч хэрэгжүүлвэл бидний залгамж халаа бэлтгэгдэх байх гэж бодож байгаа. Ингэснээр цаашдаа стандартад нийцүүлж, малын тооноосоо  хамааран нэг багт хоёр үйлчилгээний нэгж үйл ажиллагаа явуулах боломжтой болох юм.

- Үйлчилгээний нэгжүүд материаллаг бааз, тоног төхөөрөмжөөр хэр хангагдсан байдаг вэ? Төрөөс дэмжлэг үзүүлэх тал дээр ахиц дэвшил гарч байна уу?

            - Анх хувьчлал явагдах үед мал эмнэлгийг хувьчилж авсан буюу  олон жил ажилласан нэгжүүдийн хувьд материаллаг бааз нь боломжийн байдаг. Харин шинээр байгуулагдаж байгаа нэгжүүд стандарт шаардлага хангасан техник, тоног төхөөрөмжтэй байж мал эмнэлгийн ажил үйлчилгээ явуулах шаардлагатай. Үүнийг хангаж ажиллах тал дээр учир дутагдалтай байгаа. Иймд төрөөс тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй болов уу гэж бодож байна.

           

Хөгжил политехник коллежийн багш, “Ариун нуур” Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн захирал О.Батнасан

 

- Мал эмнэлэгийн үйлчилгээний нэгжүүдэд боловсон хүчний дутагдал тулгамдсан асуудал болсоор байгаа юм шиг байна? Танай нэгжийн тухайд энэ асуудал ямар байна? Ер нь нийтлэгээр нь ажиглахад ямар түвшинд байна гэдэг талаар таны бодлыг сонирхоё?

- Сум орон нутагт, нэгжүүдэд малын эмчийн орон тоо дутагдалтай байдаг. Манай улсад энэ талын дээд мэргэжилийг  ганцхан ХААИС-д бэлтгэж байна. Ховдын Политехник коллеж, мөн Дорнод аймагт Малын бага эмч бэлтгэж байгаа. Малын бага эмчээр төгссөн хүүхдүүд заавал их сургуульд үргэлжлүүлэн суралцаж байж сум, орон нутгийнхаа сул орон тоог нөхөх бололцоотой болох юм. Гэтэл хүүхдүүд маань эндээ сурч төгсөөд хотод очиж чадахгүй, зарим нь төлбөр мөнгөндөө ч баригддаг байх, үүнээс шалтгаалан боловсон хүчний асуудал маш их дутагдалтай байгаа. Ганц манай аймаг ч биш Улсын хэмжээнд дутагдалтай байгаа. Малын бага эмчээр төгссөн хүн уул нь нэгж дээр ажиллах бололцоотой байдаг. Гэтэл өнөөдөр мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд маань хувьчлагдаад 20 гаруй жил болж байгаа хэдий ч эдийн засгийн хувьд бие даах нөхцөл нь бас бүрдээгүй, бусад салбарыг бодвол гэрээгээр ажилтан аваад ажиллуулах хэмжээнд арай хүрээгүй байна.

- Хөгжил политехник коллежийг жилдээ хэдэн малын бага эмч төгсөн гарч байгаа вэ?

            - Жилд 15 хүүхэд төгсөх ёстой. Гэхдээ сүүлийн жилүүдэд Малын эмчийн мэргэжлийг сонирхох хүүхдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор 25 хүүхэд суралцаж төгсөж байна. Эдгээр нь дан ганц Ховд аймгаас бус баруун 5 аймгаас ирж суралцсан хүүхдүүд байдаг.

- Тэгвэл малын бага эмч мэргэжлээр зөвхөн Ховд аймгаас элсэн суралцсан хүүхдүүдээс жилд хэд нь төгсөн гарч байна вэ?

- Нийт төгсөгчдийн 50 гаруй хувь нь Ховд аймгийн хүүхдүүд байна. Төгсөгчдөөс 2-3 нь Улаанбаатар хотод очиж үргэлжлүүлэн суралцдаг. “Хөгжил” политехник коллеж нь урд нь Хөдөлмөрийн яаманд харъяалагддаг байсан бол 2022 оноос Боловсролын яам руу шилжсэн байгаа. Энэ утгаараа уг сургуулийн захирал ХААИС-тай гэрээ байгуулж, шууд шаталсан байдлаар сургахаар болсон. Урд нь 2 өөр яаманд харъяалагддаг байсан учраас бага зэргийн зөрчил, хөтөлбөрийн өөрчлөлт гарах нөхцөл үүсдэг байсан.

- ХААИС-д эчнээ анги байдаг уу?

- ХААИС-ийн мал эмнэлэгийн сургуульд одоогоор эчнээ анги байхгүй. Яахав олон жил ажилласан, ажлын дадлага туршлагатай Бага эмч нар эчнээгээр суралцдаг. Тэрнээс шууд 1 дүгээр курсээс эчнээ суралцах боломжгүй байдаг. Ховдын Политехник коллеж ч гэсэн одоогоор эчнээ анги байхгүй.

- Коллежийг Малын бага эмчээр төгссөн боловсон хүчинд ажлын байрны хангамж хэр байдаг вэ? Малын эмчээр мэргэжилтэн бэлтгэдэг Их сургууль, коллежуудийг ХХААЯ-аас болон орон нутгаас дэмжих бодлого бий юу?

- Ихэвчлэн хувийн нэгжүүд дээр гэрээгээр ажиллах боломж нөхцөл байна. ХААИС-ийг сайн мэдэхгүй байна. Манай Хөгжил политехник коллежийн хувьд өөрөө тэтгэлэгтэй, бүх оюутнуудддаа сард 200.000 төгрөгний тэтгэлэг олгодог.Одоогоор яг яамнаасаа дэмжлэг авч байгаа зүйл байхгүй.

- Малын эмчээс гадна ямар мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Төгсөгчдөд ажлын байрны хангамж хэр байна?

            - Зоотехникчийн анги 4 дэх жилдээ хичээллэж байна. Төгсөгчид хотод очихоор бол маш их боломж байгаа. Хотод 1.5 жил суралцаад төгсөх боломжтой байдаг.

 

 

 

Мянгад сумын Мал эмнэлэгийн тасгийн Улсын байцаагч Б.Энх-Амгалан

 

 - Шүлхийн нөхцөл байдал танай суманд ямар байна?

- Анх 2021 оны 11 сарын 15-ны өдөр Цагаан булан багт шүлхий өвчний дуудлага ирээд аймгийн лабораторт дээж явуулахад шүлхий өвчин мөн гэж оншлогдсон. 11 сарын 15-нд Мянгад суманд шүлхий өвчин гарсан гэж тогтоогдсон. Тэрнээс урд бол Буянт сумын нутагт шүлхий өвчин гарсан байсан тул манай Мал эмнэлэгийн тасаг, үйлчилгээний нэгжүүд тухайн үед Мянгадын гүүр болон бусад газруудад 4 пост гаргаад, Мал эмнэлэг, аймгийн Онцгой байдлын газар, сумын Онцгой комиссоос хүмүүс эргүүл хяналт хийж байсан. Цаг агаар хүйтэрч мөс хөлдөж эхэлсэн болохоор бэлчээрийн мал Ховд голын мөсөн дээгүүр сумын хил рүү нэвтэрч Цагаан булан багт шүлхий өвчин дэгдсэн. Шүлхий өвчин гарснаас хойш 12 сарын 06-аас эхлэн 14 хоногийн хугацаанд 120000 малыг вакцинжуулсан. Манай сум нийт 256722 тоо толгой малтай бөгөөд вакцины хүрэлцээнээс шалтгаалж үхрээ нэн тэргүүнд хамруулсан. Баянбулаг багийн мал вакцинжуулалтанд бүрэн хамрагдаж чадаагүй тул эрсдэлтэй гэж үзэж байгаа. Чацарганат багт бас өвчлөл гарах явдал бий.

- Сумын хэмжээнд шүлхий өвчнөөр хичнээн мал хорогдсон бэ?

            - Одоогийн байдлаар шүлхийгээр хорогдсон мал байхгүй

- Цагаанбулан багийн халдвар илэрсэн 3 айлын малын өвчний шинж тэмдэг нь арилсан уу?

- Тэдгээр өрхүүдийн малд өвчний шинж тэмдэг арилсан. Баянбулаг багт 20-иод өрхийн малд өвчний шинж тэмдэг ажиглагдсан тул арга хэмжээ авч ажиллаж байна.

- Ямар арга хэмжээ авч байгаа вэ?

- Вакцины хангалт байхгүй болохоор голомт дээрээ хорио цээрийн дэглэм тогтоогоод, шинж тэмдгийн эмчилгээ хийж байна. Өвчилсөн малд лаа, тэжээл өгөх, уламжлалт аргаар /ам хамрыг нь жамц давсаар шудрах, хот хороог нь ариутгах/ арга хэмжээ авч ажиллаж байна.

- Эмчилгээ хэр үр дүнтэй байна

            - Ер нь үр дүнтэй байгаа. Хорогдол байхгүй

- Танай сум хэдэн үйлчилгээний нэгжтэй вэ?

            - Мал эмнэлэг үйлчилгээний 4 нэгж 5 багт ажилладаг.

- Малчдад болон уншигчдад хандаж хэлмээр зүйл юу байна?

- Шүлхий өвчнөөс болж хавар мал төллөх үеэр төл малд хорогдол гарч болзошгүй байгаа. Саяхан 2 өрхийн төл мал хорогдсон. Аймгийн Мал эмнэлэгийн газраас очиж дээж авч шинжлэхэд шүлхий өвчний онош тогтоогдоогүй. Гэсэн ч шүлхий өвчний нөлөөгөөр мал муудах, төлөө цатгахгүй байх гэх мэт эрсдэл байгааг мартаж болохгүй гэдгийг хэлмээр байна.  

- Ярилцсанд талархлаа.

 

Чандмань сумын Мал эмнэлгийн тасгийн дарга тархвар зүйл Л.Алтанхүү

 

- За Чандмань  сумын Мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаатай холбоотой ямар асуудал тулгамдаж байна, Нөхцөл байдал ямар байна вэ?

            - Ховд аймгийн Чандмань суманд анх 10 сарын 31-ний өдөр шүлхий өвчин батлагдсан. Түүнээс хойш хорио цээрийн дэглэм тогтоож, дархлаажуулах арга хэмжээ авч байна. Одоогийн байдлаар 154000 толгой мал дархлаажуулалтанд хамрагдсан ба одоо 164000 малыг нэн яаралтай вакцинжуулах шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар манай суманд  нийт 186 толгой мал өвчилсөн байна. 54 тэмээ өвчилж 3 тэмээ хорогдсон бусад мал, амьтан дээр хорогдол гараагүй шинж тэмдгийг арилгах эмчилгээ хийж ажиллаж байгаа.

- Хичнээн хот айлын мал шүлхий өвчнөөр өвчилсөн байгаа вэ?

            - Чандмань сум 6 багтай, түүнээс 4 багт 64 өрхийн 186 толгой бог малд өвчний шинж тэмдэг илэрсэн. Эхний өвчилсан малын хувьд ерөнхийдөө өвчний шинж тэмдэг нь арилж байна.

- Сумын хэмжээгээр хичнээн малын өвчний шинж тэмдэг нь арилаад байна?

            - 1139 мал өвчилсөөс 1129 малын өвчний шинж тэмдэг арилсан, 3 сарын 28-аас хойш шүлхий өвчин бүртгэгдээгүй, хорио цээрийн дэглэмийг хэсэгчлэн буулгасан, өвчлөл ихтэй газруудаар хорио цээрийн дэглэмтэй байгаа.

- Шинж тэмдэг арилсан мал дахин өвчлөх магадлалтай юу?

            - Шүлхий өвчнийг эдгээх эмчилгээ одоогоор байхгүй бөгөөд өвчний шинж тэмдэг арилгах антибиотек эмчилгээ хийдэг. Энэ нь бидний нэрлэж заншсанаар цагаан тариа юм. Өвчний шинж тэмдэг арилсан малын дархлаа унах тохиолдолд дахин өвчлөх магадлалтай. Гэхдээ ийм зүйл одоогоор ажиглагдаагүй байна.

- Өвчний шинж тэмдэг арилсан малыг дахиж өвчлүүлэхгүй байхын тулд  юуг онцлон анхаарвал зохих вэ?

            - Малын хашаа хороогоо сайтар ариутгах, эм, биобэлдмэл болон байгалийн био тээрмийн аргаар үйлчилгээний нэгжүүд шүлхий өвчин гарсан голомтуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх нь чухал. Манай тасаг энэ арга хэмжээг авч ажиллаж байгаа.

 

 

Манхан сумын Мал эмнэлэгийн тасгийн дарга, тархвар зүйч М.Оюунбаяр

 

            - Та өөрийн ажлынхаа талаар товч танилцуулна уу?

- Би анх Буянт сумын Мал эмнэлэгийн улсын байцаагчаас ажлын гараагаа эхэлж байсан. 2011-2018 онд “Ганжуур Од” мал эмнэлэгт нэгжийн захирлаар, 2019 оноос хойш өнөө хүртэл Сумын Мал эмнэлэгийн тасгийн даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд Мал эмнэлэгийн нэгжиин хувьд цаашдаа тодорхой бодлого барьж ажиллах ёстой болуу гэж бодож байгаа. Суманд одоогоор 2 нэгж үйл ажиллагаа явуулж, нэг эмчид 150000 толгой мал ноогдож байгаа. Тухайн эмчийн ажлын ачаалал их, зарим малчдад тэр бүр хүрч үйлчилж чадахгүй, заримдаа ажлаар явах үед гарал үүслийн гэрчилгээ авах гэсэн малчид ч их байдаг.

- Гарал үүслийн бичгийг  мал эмнэлэг үйлчилгээний нэгжүүд олгодог уу?

- Гарал үүслийн бичгийн тодорхойлолтыг үйлчилгээний нэгжүүд боловсруулдаг. Үүнийг  байцаагчаар батлуулдаг. Ингээд цагдаагийн байгууллагийн нэгдсэн систэмд харагдах байдлаар оруулж, эцсийн байдлаар Мал эмнэлэгийн тасгаас авдаг.

- Гарал үүслийн бичиг олгохтой холбоотой хүндрэлтэй зүйлүүд гардаг тухай малчдын ярихыг сонсож байсан. Тиймэрхүү зүйл бий юу?

- Эмч нар хөдөө явсан хойгуур  эрх шилжүүлж болохгүй учраас хүлээгдэх асуудал их гардаг энэ нь мэдээж малчдад хүндрэл учруулдаг. Энэ нь нэг талаасаа Мал эмнэлгийн тасаг нэгжийнхний орон тоо цөөн, нэгжүүдэд боловсон хүчин дутагдалтай зарим нэгжүүд ганц хоёулхнаа ажилладаг зэрэгтэй холбоотой. Тиймээс боловсон хүчний хангалтыг сайжруулах асуудал эн тэргүүнд тулгамдаж байна гэсэн үг.

- Боловсон хүчний залгамж халаа гэдэг асуудал аль хэдийнээс, жилийн жилд л тулгамдсан асуудал болсоор ирсэн  атал шийдэгддэггүй юм аа даа?

 - Харин тийм. Одоо ажиллаж байгаа малын эмч нар 2-5 жилийн дараа тэтгэвэрт гарахаар хүмүүс байдаг, гэтэл тэдний залгамж халаа болох мэргэжилтнүүд  бэлтгэгдэж ирэхгүй байгаа нь санаа зовоож байна. Хүүхдүүд орон нутагт ирж ажиллах сонирхолгүй юм шиг байдаг. Манай суманд Ховдын Политехник коллеж төгссөн 3-4 хүүхэд байгаа. Малын их эмчээр сураад  орон нутагтаа ажиллахыг тэдэнд санал болгож байгаа хэдий ч өөрсдөө сонирхохгүй байгаа юм.

          - Ер нь сумуудын мал эмнэлэгийн тасаг, үйлчилгээний нэгжүүд орон нутаг дахь мэргэжлийн сургууль, сургалтын /Хөгжил политехник коллеж/ байгууллагатайгаа хэрхэн, яаж хамтарч ажилладаг бэ?

            - Өнөөгийн нөхцөлд бол Хөгжил коллежид малын эмч, зоотехникчээр суралцаж байгаа оюутнуудыг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд дээр дадлагажуулж байгаа. Зарим шаардлгагтай тарилга, вакцинжуулалтын үед ч гэсэн хамтарч ажилладаг. ХААИС-тай ч гэсэн боловсон хүчний асуудлын талаар санал солилцдог. Цаашид эдгээр сургуультай хамтраад явахад бас боломж бий.

- Мал эмнэлгийн үйлчилгээний төлөвлөгөөт болон бусад ажлуудын тухайд сумын мал эмнэлгийн тасаг болон хөдөө баг дахь мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн ажлын уялдаа холбоо ямар байдлаар явагддаг вэ?    

- Мал эмнэлэгийн тасгаас бүх төлөвлөлтийг хийгээд өгөхөөр гүйцэтгэлийг нь интернэтээр нэгжүүд өөрсдөө оруулдаг. Малын өвчлөл, дуудлага үзлэгийн үйл явцуудыг нэгжийн эмч нар яг тухайн газраас нь байршил дээрээс нь илгээдэг. Бид мэдээ тайлангаа түүнээс үүдэж нэгтгэдэг. 2022 оноос эрт илрүүлэлтийн нэгдсэн системд ороод явж байна. Үүнд нэгжүүд маань бас анхаарч ажил үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай хийж явуулах нь чухал байна.

- Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн материаллаг баазыг сайжруулах талаар сум аймгаас дэмжлэг туслалцаа үзүүлж байна уу?

Санасны хэмжээнд байхгүй л дээ. Орон нутаг малын хөлийн татвартай холбоотойгоор  мал эмнэлэгийн үйлчилгээг, мал эмнэлэгийн тасгийг маш сайн дэмжих шаардлагатай байгаа. Хамгийн гол нь үйлчилгээний нэгжүүд стандартын шаардлагыг тэр бүр хангахүй, тийм боломж нөхцөл байхгүй гэх мэт бэрхшээл байдаг. Тийм учраас мал эмнэлэгийн нэгжүүдийг тасагтайгаа нэг байранд оруулдаг ч юмуу бодлогоор дэмжих хэрэгтэй байгаа. Дээрээс нь мал эмнэлэгийн ванны асуудал энэ жил дээрээс шинэ стандарт батлагдаад ирсэн, тэрний дагуу ваннаа сайжруулах, хяналт тавих шаардлагатай байгаа юм. Харин ажлын хувцас хэрэглэлийг аймгийн мал эмнэлэгийн газраас хангаж өгдөг нь сайшаалтай. Ажил хийж гүйцэтгэхэд машин унаа техник хэрэгтэй байдаг, гэвч  одоогоор манай сумын мал эмнэлгийн тасаг нэг автомашинтай, энэ нь үйлчилгээнд хүрэлцдэггүй, хүний унаа гуйж бинзен шатхуун хийж, заримдаа ажлын дундаас буцах тохиолдол ч байдаг. Харин мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн хувьд бол өөрсдийн унаагаар ажлаа явуулдаг. Эцэст нь хэлэхэд Мал эмнэлэгийн тасаг, үйлчилгээний нэгжүүд нэгдсэн байртай болох, дараагийн асуудал нь ажил гүйцэтгэхэд шаардагдах унааны асуудал тулгамдсан хэвээр байна.

  • Ярилцсанд баярлалаа.

 

 

           

Булган сумын Дашваанжил үйлчилгээний нэгжийн захирал Т.Даваахүү

 

- Мал эмнэлэгийн үйлчилгээний нэгжийн тухайд үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоо нь ямархуу  байна, тулгамдаж буй ямар асуудлууд байна?

            - Ерөнхийдөө манай нэгжийн үйлчлэх хүрээний малчид маань ажил үйлчилгээ явуулахад маш идэвхитэй хамрагддаг. Хавар дөрвөн сарын дундаас эхлэн зун долоон сар хүртэл тарилга туулгалт, ариутгал, угаалгын ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Манай нэгжийн хувьд хоёр багийн малчдад үйлчилдэг. Ажил дууссаны дараа идэвхтай хамрагдсан малчин өрхийг нэгжийн зүгээс тодорхой хэмжээнд шагнаж урамшуулах хөшүүргийг бид хэрэглэж ажилладаг.

- Хоёр багт үйлчилнэ гэхээр хичнээн толгой малд тусламж үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг вэ? Нэгжид хэдэн хүн ажиллаж байна?   

- Нэгж маань хоёр эмчтэй. Хоёулхнаа л бүх ажлаа амжуулдаг. Хоёр багийн нийтдээ 76000 толгой малыг хариуцаж ажил үйлчилгээ явуулдаг. Булган сумын хэмжээнд бол мал эмнэлгийн үйлчилгээний дөрвөн нэгж байдаг. Ер нь бүгдээрээ л их ачаалалтай ажилладаг. Нэг нэгжид 80000 орчим мал ноогдож байна гэсэн үг.

- Танай үйлчилгээний нэгж материаллаг бааз сайтай юу? Ажиллах нөхцлөөр хэр хангагдсан бэ?

- “Монгол мал хөтөлбөр”-өөс угаалгын мотопомп авсан. Манай нэгж маань өөрийн машин тээврийн хэрэгсэлтэй, аймгийн Мал эмнэлэгийн газраас нэг мотоцикл олгосон. Ажиллах нөхцөл боломжийн гэж болно оо.

- Боловсон хүчний асуудал хэр байгаа вэ? Цаашдаа залгамж халаагаа бэлтгэх тал дээр хэр анхаарч байна?

            - Манай багаас ХААИС-д хоёр хүүхэд сурч байгаа. Энэ хавар нэг нь төгсөнө. Ховдын “Хөгжил” политехник коллежийг төгсөөд ирсэн хүүхдийг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд гэрээгээр дадлагажуулж ажиллуулж байгаад цаашаа эчнээгээр сургах тал дээр анхаарах нь чухал. Үйлчилгээний нэгжүүдэд гэрээгээр ажиллавал малчдаараа явах, малчидтайгаа харьцаж сурах, эм тариагаа хийх гээд практик дээр зөндөө зүйл сурах боломжтой.

            - Танай сумын хувьд халдварт өвчний гаралт хэр байдаг вэ?

            - Өвчин бас мэр сэр гарна гарна. Шүлхий өвчин анх манай суманд гарсан, одоогоор сумын хэмжээнд өвчний шинж тэмдэг бүрэн арилсан. Эрт илрүүлэг гээд сард 90-100 өрхөөр явж үзлэг шинжилгээ хийж байгаа. Дахиж өвчний шинж тэмдэг илэрсэн зүйл гараагүй. Хавар мал муудаж дархлаа суларсан үед яахыг хэлж мэдэхгүй байна.

            - Ярилцсанд баярлалаа.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 3 =

Create Account



Log In Your Account