Өв шингээсэн үгүүллэгүүд

By: Admin
2024-12-25
0
1493

(Зохиолч Аюушийн Жаргалсайханы “Сэвшээ анирлах алсад” номын тухай)

“Өндөр өндөр ууландаа өнгийн будан татна даа

Өсөж төрсөн торгууд нутаг минь өнөө мандаа санагдана даа

Давхар давхар ууланд нь дангийн будан татна даа

Далай их торгууд нутаг дандаа мандаа санагдана даа ...” хэмээн аялахад чухам хаа байдгийг нь мэддэггүй, ер очиж үзээгүй ч гэсэн тэр нутгийн давхраатан цэнхэртэх ханагар их уулсын бараа сэтгэлд дүрслэгдэж, холын холоос санаа сэтгэлийг даллан дуудах цэлгэр алсыг зүглэн, “хазаар даран тэмүүлэх хар хээр мориороо” галгиулж яваа нэгэн эрийн барим тавим дүр зүүдэнд ургадагсан.       

Хожим нь ажил төрлийн эрхээр торгууд нутгийн үүд, хоймроор хэдэнтээ зорчиж, дуунд гардаг тэр газрын зүг чиг, төрх байдлыг тоймлох төдий болсон, Торгууд зоны үүх түүхийн зах зухаас ч халтарлах болж, төсөөлөл танин мэдэлт маань гайгүй лавширвал лавширахаар болсон хэдий ч тэр болгоныг одоох “Торгууд нутаг” дуунаас илүүгээр сэтгэлд уусган нэвчээж чадсан нь үгүй л байлаа.

Аливаа нутаг зоныхны эрт, эдүүгээг гадарлах, аж амьдралынх нь гүнд орж наана цааныг олж үзэх гэдэг нэгэн насаа зориулавч дуусашгүй баян зүйл болохоор төсөөллөөс төгс танин мэдэхүйд хүрэх маань урт холын сураг төдий ажгуу.   

Гэтэл ойрмогхон хэвлэгдсэн нэгэн номын хуудас эргүүлжээ суутал..

“Зүүн талд Шаазгайтын нуруу хөглөрөн дүнхийж, баруун талаар буурлын харын уулсын хормойг эмжиж Булган гол тахиралдан урсах нь бөх Билэгтийн тайхар чулуугаар толгойг нь дарсан аварга том мөнгөн могой мэт санагдана. Өглөөний наран өнийн домог хүүрнэсээр Харуул овоог тулан өндийж, хоймор ханхайн, Хагшаалын хүнхэр хар уулсын шил дээр очиж жаргана. Энэ уулсын дунд дөрөв тавхан шавар байшин үзэгдэх нь Баянгол багийн төв ажээ” гэх зэргээр эгээ тэр газарт нь очоод гайхан сониучирхах лугаа уран, тодорхой дүрслэлүүд олноор тааралдсанд олзуурхсанаар барахгүй, шимтэн хорхойсов.

“Хавирга сүвээ нэвт үлээсэн хавсаргатай үдэш хагалбар дэлтэй  халиун моринд хар булигааран богц ганзагласан залуу Тошилтын эмгэний хамар буйрын хэдрээгээр бууж, Улаан хэрцийн хаваржааг чиглэн шогшууллаа. Түүний шарланги царай хөхөлбөртөн бээвийсэн нь ихэд даарсных ажээ. Хаваржаанд дөхөж ирэхэд хотны баруун дээдээс хөгшин халтар нохой хөв хөв хуцаж, давжаа хар жингэр жонгинон амдаж гүйлээ. Мал хотолжээ. Яндангийн утаа шуурганд алгадуулан дээвэр даган гулсаад, газар унаж амжилгүй замхарна. Чулуунбат морины шон дээр бууна гэж бараг л уналаа” (Итгэл үгүүлэг. Номын 107 дахь тал) гэснийг уншихад яг тэр агшины тийм гэх аргагүй содон үнэр, амт зүрх рүү яргаж ороод, судас болгоноор тархан нэвчих шиг. Тошилтын эмгэний хамар буйрын хэдрээ жим хийгээд, Улаан хэрцийн хаваржаан дахь ганц гэрийн яндангаас гарсан утаа шуурганд алгадуулан газар долоон алдаад, замхрах сэлт нүдэнд харагдана. Хүйтэн шуурганд өдөржин морин дээр яваад, сая нэг айлын гадна ирж, царцаж хөшсөн биеэ захирч ядан байж дөрөө мултлахад үнэхээр л өөрийн эрхгүй газар унаж орхидог нь зохиолчийн биеэр амсаж, туулсан дурсамжаас үүдэлтэй биз. Тиймээс ч энэ хэсэг илүү амьдралтай болжээ. Ер нь зохиолыг хэдий чинээ амьдралтай бичнэ төдий чинээ амттай.

Багийн эмч, залуу хархүү Чулуунбат хүйтэн шуурган дунд осгох шахаж, бээвийсэн амьтан Улаан хэрцийн өвөлжөөн дэх Чойрог өвгөний морины уяан дээр ирээд, мориноос буух гэж бараг л газар унаж байгааг нь бодоод өрөвдөх сэтгэлд эзлэгдтэл, төд удалгүй “Баянгол багийн эмч Чулуунбат анчин Чойрогийн хүргэн болох гэнээ гэсэн яриа өвөлжин бууцны хөлөөр гулсан, Тошилтын голд  дайгдаж, Булган голтой нийлээд, улсын хил хүртэл эргээ халин урсаж” (номын 111 дэх тал) байгаа нь сэтгэл гижигдэм. Зохиолчийн үгүүллэгүүдэд дээрхтэй адилаар нутгийн зоны хэл ярианы уламжлалт онцлог, хэтрүүлэг, даваадуулалт, егио, ёргионууд донжоо олж эвтэйхэн зохицон сүлэлдсэн нь элбэг.

Урьд нь ер сонсож байгаагүй өдгөө мартагдаж байгаа болов уу гэмээр нутгийн аялгууны ховор содон үгсийг ч тохиромжтой газар нь эвлэгхэн шигтгэж өгсөн байхыг энэ номноос олонтоо үзэж болно.

“Эр хүний “эер” харлаг тэхийн сэмжинд л ханадаг гэж өвгөдийн үгүүлэх нь зүгээр ч нэг хэлсэн үг биш”, “Усгал нүдтэй хүн сайн анчин болдог учиртай. Тийм хүний хараа сайн байдаг учраас ямар ч үед бууны хараа давхарлаж хардаггүй, өрөвч зөөлөн сэтгэлтэй, тэвчээртэй байдаг...” (“Өв” үгүүллэг, номын 89, 95 дахь тал) “Барс”-ыг (хоточ нохойн нэр) домог болж мандсан тэр өдрөөс хойш хоёр сарын дараа тэнгэр “удгалж”, амьд амьтан өндийхийн аргагүй цасан шуурга балбасан тас харанхуй шөнө эхэллээ.” (Хонзон үгүүллэг, номын 57 дахь тал), “Санжаагийнд халуун хоол, цай идэж уугаад уусан архи нь саармагшсан Данзан

Биндэрьяа гэдэг мод нь

Бишээнзийн тэвх болно л

Билэгтэй хүний үр

Яахдаа хол суудав л ... гэж аргил сөөнгө хойлоогоор дуулж аяглах...” (Өөр хүн үгүүллэг, номын 33 дахь тал) зэргийг уншиж байхад “эер”, “тэнгэр удгалах”, “Бишээнзийн тэвх” гэх мэт ховор сонин үгс тааралдана. Үгийн сонин чаминдаа ч биш харин ардын өв шингээсэн нэг үгийн цаана зон олны амьдралын гүн ухаан, соёлын гүн гүнзгий утга айзам нуугдаж байдаг. Басхүү ардын өв ухааныг таниулсан, “Усгал нүдтэй хүн сайн анчин болдог...”, Чононоос бусад ямар ч үслэг анг өвөл агнадаг учиртай..., урин дулааны цагт буга хандгай гэх мэт том амьтдыг агнаж болохгүй. Хулан өвөл таргалдаг амьтан, өвлийн адаг хаврын эхэн сард л тарга нь гүйцдэг” (“Өв” үгүүллэг, номын 93 дахь тал) “...Хангайн морь хавар, говийн морь намар гүйдэг” (Арвис үгүүллэг, номын 10 дахь тал) гэхчилэн мэдүүштэй зүйлүүд ч ганц хоёроор зогсохгүй.

Зохиолд гарч буй газар усны байр байцыг зураглан үзүүлсэн, хүн зоны амьдралын нарийн ширийн, бодол сэтгэлийнх нь өнгө донжийг гярхай мэдэрч илэрхийлсэн, амьдралын үл анзаарагдам эгэл боргил бүхнээс сэтгэлийн гүнд нуугдан бүхий яруу сайхныг нээн олж, сэргээн амилуулж буй байдал сэлтийг нь анзаарч шимтэх тусам торгууд нутаг, зоны хөг аялгууг сэтгэлд минь тээж ирж, дурлуулсан одоох “Өндөр өндөр ууландаа...” хэмээн эхэлдэг уянгат дууны үгүүлэмжийг улам гүнзгийрүүлж, нарийн тодорхой болгож өгсөн сонин сайхан бүтээл болжээ хэмээн олзуурхах сэтгэгдэл төрнө.

Түүнчилэн энэ номноос олж харсан нэг содон зүйл гэвэл уран зохиолын бичвэрт ардын өв уламжлалыг тээж, өвлүүлэх гайхам чанар шингэсэн байдгийг бараг анх удаа анзаарсан хэрэг. Өдгөө манай төрийн бодлого үйл ажиллагааг хөтлөгч эрхэмүүд “соёлын өв”-ийн тухай, түүнийг хадгалж хамгаалах, өвлүүлж дэлгэрүүлэх тухай завсар чөлөөгүй ам уралдуулдаг авч, уран зохиолыг соёлын өвөөс ангид зүйл мэтээр авч үздэг. Тэгвэл уран зохиол бол ард зоны оюун бодол, ахуй амьдрал төдийгүй, зүрх сэтгэлийн амьд дурсгалыг мөнхөлж үлдээдэг өвөрмөц содон өв тээгч  биш гэж үү?

 Зохиолч Аюушийн Жаргалсайханы “Сэвшээ анирлах алсад” хэмээх богино хэмжээний хүүрнэл зохиолын энэхүү багашаархан номонд уран зохиолын өв тээгч шинж чанарыг илтгэхүйц үг, үгүүлэмжүүд цөөн бус байгаа нь ихэд таалагдав.

Дээрх санааг лавшруулан учирлахад, мөн л зохиолд үгүүлсэнчилэн “Дээр үед Магнайн хүрэн уулсын дов жалга бүхнээс садран буусан их ус, урсгал дагуух булаг шандын усыг нэгтгэн, Булган голд нийлдэг байсан гэж өвгөд эдүүгээ хүүрнэнэ” гэх юм уу “Баянбай гэж хуруу хүрэхгүй тачирхан хонгор үстэй, шаймийсан урт эрүүтэй, хүнтэй дандаа егөөдөж ярьдаг, торгуудын удам судар, ураг овгийн хэлхээг урсгаж өгдөг атигар шар өвгөн “Барс, Баянбай хоёрыг байхад боохой ирэхгүй ээ” гэж сайрхан, хуруу бүдүүн ороомогоо сорж, утаа май тавьчихсан цэнхэр суунагтай хошийн бор гэртээ их л маадгар суух” (“Хонзон” үгүүллэг, номын 53, 54 дэх тал) тухай үгүүлэх нь зэрвэс ажихад зүгээр нэг дов жалганы тухай хүүрнэл, эсвэл байдаг л нэг өвгөний тухай дурсамж мэт санагдаж магад. Гэвч энэ бүхний цаана үл анзаарагдам нарийн нандин зүйлүүд бий. Цагийн урсгал, байгалийн үзэгдэл, хүний нөлөөгөөр эвдэгдэж хувирсан газар, хатаж ширгэсэн ус рашааны урьдын төрх байдлыг хойчийн хүмүүсийн ухаан санаанд үлдээх нь алсуураа бас л нэг үл анзаарагдам өвийг авч үлдэж буй хэрэг. уран зохиолоос өөрөөр үүнийг хадгалан үлдээх арга чарга бараг л үгүй болов уу. Мөнхүү зохиолд үгүүлэх жирийн өвгөний дүрээр дамжуулан өдөр хоногийн урсгал дагаж цөөрсөөр байдаг өтгөс дээдсийн амьдралын ухаан, сэтгэлийн хат зориг, хүн чанарыг уншигчдын ой тоонд үлдээж буйг уншигчид төдийгүй уран зохиолын мэргэжилтэн судлаачид ч тэр бүр анзаардаггүй байж болох. Зөвхөн үгүүлэн буй энэ номонд л тийм шинж чанарууд байна гэж байгаа хэрэг биш л дээ. Ер нь уран зохиолд ийм үл анзаарам нарийн ширийн ай, завсарууд байдаг гэдгийг А.Жаргалсайхан зохиолчийн номоор жишээ болгон авч үзэж буй хэрэг бөгөөд төрийн бодлого хөтлөгч түшмэд дээдсүүд маань энэ мэтийг харахыг хүсдэггүй, соёлын өв гэхээр ардын язгуур урлагийн төрлүүд бий бийлгэ, хуур, товшуур, тууль цуур хөөмий, хадны зурмал, булш бунхан, эд өлгийн зүйлс л байх ёстой гэсэн хэвшмэл, явцуу ойлголтод баригдсаар байгааг нь дашрамд сануулахыг хичээсэн болно.  

Зохиол бичихийн бас нэг нандин зүйл нь амьдралын сургамжаас олж харсан зүйлсийг уншигчийн сэтгэлд ухаарал болгон шингээх явдал байдаг болов уу. Энэчилэн зохиолчийн “Хэсүүлийн хээр” үгүүллэгт: цэрэгт очоод зодуулан, эрэмдэг, дутуу болсон 40 гаран насны эр Хэсүүл хочит Бөмбөр дүн өвлийн үдэш улин исгэрсэн цасан шуурга сөрсөөр алс холоос багын хайртай бүсгүйгээ тэмцэж очно. Тэр бүсгүй нь нутгийн нэг баян эртэй суугаад хорин хэдэн жил амьдарчээ. Эцэг эх нь өнгөрснөөс хойш хээрээр гэр, хэцээр дэр хийж, “Хэсүүл” хоч зүүх болсон Бөмбөр эцсийн мөчид аав, ээжээс үлдсэн алдарт хурдан удмын хээр гүүгээ хайртай бүсгүйдээ үлдээхээр ирээд, аягалж өгсөн цай, хоолыг нь нь ууж идэж, царай зүсийг нь харж сэтгэлээ амраагаад, хээр гүүнийхээ дэлэнд хайртай бүсгүй нь охин насандаа, Бөмбөрийг цэрэгт мордох үед өгсөн, түүнийх нь үнэр шингэсэн алчуурыг бөхлөн гүрж үлдээгээд, чөдөрлөж орхих ба өөрөө морь харна гэж гараад тэр чигтээ явж одно. Бөмбөр тэр шөнөдөө цасан шуурган дунд хээрийн боохойд бариулж хорвоог орхино. Харин Өлзиймаагийн (Бөмбөрийн багын хайртай бүсгүй) нөхөр тарган Балдан Бөмбөрийн үлдээсэн хээр гүүнээс гарсан хурдан хүлгүүдээр наадмын түрүү аван гангарч, бардамнан сайрхаж явах болжээ. Санамсаргүй нэгэн өдөр халамцуу эрчүүд үг сөргөж, мөчөөрхөж байгаад Балдангийн нууж явсан бүх үнэнийг дэлгэж, зүрхэнд нь шар ус хуруулна. Тарган Балдан хүний зовлонгоор жаргал хийж амьдарсаар түүнийгээ өөрөө ч мартчихсан байхад, олны хурц хараа түүнийг нь нэвт шувт харсаар байсан ажээ.  

Уг зохиолд бас зохиолчийн зарим нэг тохиолдлын чанартай ч юм уу, зөрчил бүхий бодол санааны онцлогоос үүдэлтэй болов уу гэхүйц сөдгий, сондгойдуу зүйл ч ажиглагдана.  Тухайлахад “Ааваа” үгүүлэгт “Дэлгэр, Цэмбэл хоёр тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбоод гурван жил болсон” ч үр хүүхэд заяагаагүйн учир, нэгэн хүүхэд өргөж авна. Хүүхэд өргөж авсных нь дараа эхнэр Цэмбэл нь жирэмсэн болж өргөмөл охин нь дүүтэй болно. Гэтэл нэг өдөр нөхөр Дэлгэрийнх нь найзууд хамт архи ууж байхдаа өргөж авсан хүүхдийг нь “хөнгөмсөг  шалиг явдалт эхээс төрсөн хүүхэд гэж хэлснээр Дэлгэрийн ааш зан хувирч, өргөмөл балчир охиноо байнга ад үзэж, зодсоор нэг өдөр, галзууртлаа уурласны харгайгаар балчирхан өргөмөл охиноо хүнд бэртээгээд зогсохгүй, хомрогонд нь төрсөн нялх үрээ ч золиослож орхих. Энэ хэдийгээр Зохиолын баатрын уурын мунхагаас болж буй үйл явдал, бусдад сургамж өгөх санаагаар бичсэн зохиол авч  наалдацтай, үнэмшилтэй болж нэг л чадаагүй юм шиг. Бас өдөр хоногоо хүлээж, хэвтэрт орсон эмгэн нэгэн өдөр бие нь гайгүй өнжих чөлөөнөөр өвгөнөө адуу малаа эргэж ир дээ гэж явуулаад, өөрөө араар нь морь эмээллэж мордон, охин насандаа хасгийн дээрэмчдэд баригдан сүйдлүүлдгийн даваан дээр тохиолдлоор учирч амийг нь аварсан, улмаар охин биеэ өгсөн боловч дараа нь дайсны суманд амь эрсдсэн цэргийн булшийг эргэхээр явж буй, тэгээд шарил дээр очиж, нүдээ бөлцийтөл уйлаад өвгөнөөсөө урьтан гэртээ ирж, түүнийгээ хэлэлгүй тэр шөнөдөө бие барж буй (Сэвшээ анирлах алсад үгүүллэг, номын 11-16 дахь тал) хачирхмаар сонин үйл явдал гарна.

Зохиолч бүр уран зохиолыг бүтээгчээс гадна өөрийн гэсэн хувь ертөнцийн илэрхийлэл байдаг болохоор энэ мэтийг зохиолчийн дотоод ертөнц рүү өнгийж, лавлаж харж байж сая тайлах учиртай байх.

Ямар ч гэлээ А.Жаргалсайхан зохиолчийн энэ ном болбоос шимтэн хорхойсох хийгээд олзуурхан таашаах зүйлээр элбэг гэдгийг дээр үгүүлсэн. Басхүү зориуд давтан онцгойлох нэгэн зүйл аваас нутаг зоныхны цагаас цагт саармагшин бүдгэрсээр буй өвгөдөөс улбаат нүүдэлч аж төрөл, ахуй байдал, хүмүүсийн ухаан бодол, зан авир, дүр төрхийг уран зохиолын хэлэнд шингээн амилуулсанаараа үнэ цэнэтэй санагдсан билээ.  

Хиргис Г.Төрмөнх

2018.02.21 Ховд хот

 

     

 

  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 2 =

Create Account



Log In Your Account