Шинээр хэлэлцэгдэх хуулийн төслийн шүүмж

By: Admin
2024-12-23
0
337

Монгол Улс дахь ТАН (Төлсөн, авснаа нийтэл эвсэл болон бодлогод хяналт тавьдаг иргэний нийгмийн байгууллагуудаас Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хууль гаргах асуудлыг 2010 оны үед санаачилан төр, засгийн холбогдох байгууллагуудад уламжилж нөлөөлж ажилласан бөгөөд үе шаттайгаар (удаашралтай хэдий ч) хэрэгжсэн энэ ажил биелэлээ олж УИХ-д өргөн баригдахад бэлэн болжээ. Гэсэн хэдий ч Засгийн газраас томилогдон ажилласан ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөлд засаж, залруулах зүйлүүд олон байгааг ажиглаж судалсан ТАН эвсэл болон түүний гишүүн байгууллагуудаас уг хуулийн төсөлд шүүмж бичиж, урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэгт хүргүүлсэн байна. Хуулийн төслийн шүүмжийг бүрэн эхээр нь толилуулья. 

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төсөлд хийсэн шүүмжийн хураангуй

Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулж байгаа Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төсөл боловсруулан олон нийтийн санал авч байна.  УУХҮЯ-наас 2020 онд “Эрдэс баялагийн салбарын ил тод байдлын тухай” хуулийн төсөл нэрээр боловсруулагдаж байсан төслийг 2022 оны 7-дугаар сард ХЗДХЯ татан авч, эрдэс баялгийн салбараас гадна байгалийн бусад баялаг болох усны нөөц, ойн баялаг ашиглах, амьтан агнах болон барих үйл ажиллагааг хамруулах нь зүйтэй гэж үзэн төслийн нэрийг  “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төсөл” болгон өөрчилж, хамаарах хүрээнд ан амьтан, ой, усны нөөцийн талаарх мэдээллийг тусгахаар өргөжүүлсэн байна.

Эрдэс баялагийн ил тод байдлыг хангах хуулийн төсөл боловсруулах санаачлага нь иргэдийн мэдээллийг сайжруулах, мэдэх эрхийг баталгаажуулах сайн талтай байна. Цаашлаад олон улсын хөгжлийн байгууллагуудын өмнө Монгол Улсын хүлээсэн үүрэг, тэдний зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлтэй байгаа нь магтууштай. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулинд ил тод болгох мэдээллийг жагсаасан ч хангалттай хэмжээнд тодорхойлоогүй, ерөнхий байгаа юм. Салбарын үйл ажиллагаа, үр өгөөжийг тооцоолох, улмаар иргэдэд үр өгөөжийг хүргэхэд бүрэн мэдээллээр зохицуулах шаардлага хангагдаагүй, хандив, тусламж, хоорондын гүйлгээ, тээвэр, худалдаа, удирдлага, шийдвэрийн талаарх гэх мэт зайлшгүй шаардлагатай, тухайлбал эрдэс баялгийн салбарын мэдээллийг байгаль орчны мэдээлэлтэй уялдуулан ил болгох хэрэгцээ орхигдсоныг нарийвчлан зохицуулах шаардлага үүссэн хийгээд бие даасан хууль бий болгох зорилт тависан нь үндэслэлтэй зүйл юм.

Засгийн газар, Хууль зүйн яамнаас томилогдсон ажлын хэсгийн боловсруулсан  хуулийн төслийг шинжиж үзвэл дараах асуудлуудыг эргэн харж, засаж сайжруулах шаардлагатай байна. Үүнд:

  1. Хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх болсон үндэслэл бүрэн судлагдаагүй, одоо хэрэгжиж байгаа ус, ой, ан амьтны мэдээллийн сангийн үнэлгээг боловсруулаагүйгээр уг хуулийн төсөлд хамруулах нь учир дутагдалтай ба өмнөх судалгаатай хэсгийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх магадлалтай.
  2. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмчмөн” хэмээн заасан. Тиймээс салбарын хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэх шаардлагатайг бодолцон ирээдүйд дахин, нэмэлт ажил болгох асуудлыг тооцож үзэх хэрэгтэй. Мөн Монгол хэлний онцлогоос хамаарч хуулийн төслийн хамрах хүрээ нь зөвхөн “олборлолт” эсхүл “үйлдвэрлэлт”-ийн үйл ажиллагаагаар хязгаарлагдахааргүй байгааг харгалзан “олборлох үйлдвэрлэл”-ийн ил тод байдал гэж нэрийдэх нь оновчгүй байна. Хэрэв хуульд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтаныг нийтэд нь хамруулах бол Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд заасан нэр томьёо буюу “Төрийн нийтийн өмчийн ил тод байдлын тухай хууль”-ийн төсөл байх нь зүйд нийцнэ.
  3. Хуулийн төслийг зөвхөн хатуу болон бусад ашигт малтмал, тэдгээрийн үйл ажиллагааны мэдээллийг ил тод болгох, баялгийг ашиглахтай холбоотой газар, усны мэдээллийг хамрахаар нөхцөлд хуулийн төсөл нь “эрдэс баялгийн салбар” гэсэн нэршлээр явах нь хэл зүй, хууль тогтоомж болон үйл ажиллагааны хамрах хүрээнд нийцэхээр байгааг анхаарах.  
  4. “Олборлох үйлдвэрлэл”гэх юм бол хамрах хүрээ нь олон улсын тогтсон жишигтэй  нийцэхгүй байна.  Түүнчлэн Монгол Улсад боловсруулагдсан өмнөх судалгаа, дүн шинжилгээнүүдэд олборлох үйлдвэрлэл ба эрдэс баялгийн салбарын зааг ялгааг тодорхойлсонтой нийцэхээргүй байгаа нь  эрдэмтдийн бүтээл, судалгаа, дүн шинжилгээнд ойлгомжгүй байдлыг үүсгэх эрсдэлтэй.
  5. Уул уурхайн том төсөл, тэдгээрийг даган хэрэгжих дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотойгоор орон нутгийн иргэдийг нүүлгэн суурьшуулах асуудал байнга үүсэж, аж ахуйн нэгж ба иргэд хооронд зөрчилдөөн үүссээр байна. Иргэдийн мэдэх эрх зөрчигдөн, хүчээр газраасаа шахагдан дайжиж,нүүх тохиолдол нь нийгэм, орон нутаг, иргэд хооронд болон иргэд, аж ахуйн нэгж хооронд олон сөрөг асуудлыг дагуулах тул уг хуулийн төсөлд иргэдийн нүүн суурьших газар нутгийн мэдээлэл, амьдралын үндсэн хэрэгцээ болох ундны усны нөөц, байршлын талаарх мэдээлэл зайлшгүй багтах шаардлагатайг анхаарах. Тиймээс улс, орон нутгийн газар төлөвлөлтийн мэдээллийг иргэдийн оролцоотой шийдвэрлэх, мэдээллийг урдчилан ил тод болгох, аж ахуйн нэгжид үүрэг хариуцлага, эрсдлийг хуваарилах боломж, нөхцлийг хуулийн төслөөр хангаж, дагалдах хуулийн төслөөр баталгаажуулах шаардлагатай. 
  6. Төртэй гэрээлэгч этгээд, ашиг хүртэж байгаа этгээд төрд нөлөөлсөн байх магадлалтай эсэхийг магадлан баталгаажуулах олон улсын зайлшгүй шаардлага байдаг. Уг магадлан баталгаажуулалт хийх асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгахаар төлөвлөсөн, мөн Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд “магадлан баталгаажуулалт”гэж тодорхойлолт тусгасан ч уг мэдээлэл нь нийтэд ил тод байх, хэрхэн хэрэгжүүлэх тухайд тодорхой бус, мөн магадлан баталгаажуулалт хийх журмыг Засгийн газар батлах асуудлыг тусгааагүй орхигдуулсан байна.
  7. Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн 5 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгчийг тодорхойлох, мэдээллийг төрийн эцсийн өмчлөгчийн нэгдсэн мэдээллийн сантай уях зэрэг ахиц, дэвшилтай зохицуулалт байна. Гэхдээ аж ахуйн нэгжийнхувьцаа эзэмшигч болон эцсийн эзэмшигчийн үндэсний биеийн байцаалтын дугаар, оршин суух ба ажлын газрын хаяг, харьяалагдах улс, эзэмшил, өмчлөлийн хувь хэмжээ, хуулийн этгээдийг удирдан, эрх мэдэл хэрэгжүүлэх хэлбэр, албан тушаал, бусдын өмнөөс эрх хэрэгжүүлж байгаа эсэх тодруулга, холбогдох утас, улс төрд нөлөө бүхий этгээд эсэх мэдээлэл, улс төрд нөлөө бүхий этгээдэд тооцогдож эхэлсэн огноо, албан тушаал, харьяалал, эзэмшигчийн мэдээллийн төрийн эзэмшил дэх хувьцаа, түүнтэй адилтгах үнэт цаасны хувь хэмжээний талаарх мэдээлэл, хувьцаа эзэмшигч нь бүртгэлтэй нэрийн товчлол зэргийг ил тод болгох асуудал хуулийн төсөлд болон дагалдах хуулийн төслүүдэд тусгагдаагүй орхигдсон байна.
  8. Хуулийн төсөлд мэдээллийг ил болгох хэлбэрийг зааж, тодорхойлох нь зүйтэй байна. Түүнчлэн эдийн засгийн өндөр ач холбогдолтой эдгээр салбарын мэдээллийн стандартад өөрчлөлт ороход дагаад өөрчлөгдөөд байхааргүй, хуульч, судлаачид, иргэдэд дүн шинжилгээ хийх хэлбэрт ээлтэй байх асуудлыг орхигдуулсныг засаж залруулах шаардлагатай. Эс тэгвээс хууль хэрэгжих үед холбогдох мэдээлэлнь шаардлага хангахгүй, улмаар төсвийн зардлыг нэмж дахин шинэчлэх шаардлага үүсэх, мөн тэр хугацаанд эрэн сурвалжлах, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн мэдээлэл хайх, олох, солилцох, судлах зэрэгт хүндрэл үүсгэх, тэрчлэн тухайн салбарын тухай ойлголт олон нийтэд үнэн зөвөөр хүрэхэд бэрхшээл үүсгэхээр байна. Мэдээллийн сангийн хяналт ч цахим байдлаар явагдах шаардлагатай ч энэ талаар зохицуулалт алга.
  9. Хуулийн төсөлболон дагалдах хуулийн төсөлд хариуцлагын хэлбэр бүрэн тодорхойлогдоогүй, дагалдах хууль болох Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох ч хариуцлагын хэлбэрийг бүрэн тодорхойлоогүй, хариуцлага хүлээхгүй орхигдох нөхцөл бүрдэхээр  байна. Хуулинд “Эрдэс баялгийн салбарын нэгдсэн тайлантай холбоотой оролцогч талууд болон шинжээчдийн санал, асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргах” тухай, мөн  орон нутагт олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах, хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор гарсан санал, асуудлыг авч үзэн хэлэлцэж, тухайн шатны Засаг дарга, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын үндэсний зөвлөлд хүргүүлэх” асуудлыг үүрэгжүүлж өгөх шаардлагатай.
  10. Ашигт малтмалынтусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлахаар сонгогдсон талбайн байршил, хэмжээ, холбогдох шийдвэрийг ил тод болгох талаар тусгах, “Байгаль орчны үнэлгээ, экологи эдийн засгийн үнэлгээ, нөхөн сэргээлтийн ажлын түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тээвэрлэлтийн болон туслан гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээний мэдээлэл, гэрээ түүний хэрэгжилтийн мэдээлэл “гэрээний хэрэгжилтийн баталгаатай тайлан,  гэрээг дүгнэсэн ажлын хэсгийн дүгнэлт”-ийг ил тод болгох асуудлыг хуулийн төсөлд  тусгаагүй оррхигдуулсан байна.  
  11. Хуулийн төсөлд “Мэдээллийг хүсэлтийн дагуу нууцлах журмыг Засгийн газар батлана”гэсэнд талуудын оролцоог хангах тухай асуудлыг нэмж оруулах !   “...Салбар зөвлөл байгуулж болно“ гэснийг “байгуулж ажиллуулна” гэж найруулах (Тайлбар 14.9. “Салбар зөвлөлийн ажиллах журмыг Үндэсний зөвлөл батлана” гэсэн атлаа орон нутагт зайлшгүй чухал хэрэгцээтэй энэ бүтцийг байж ч болох байхгүй ч байж болох мэтээр “байгуулж болно” гэх нь утгагүй! )
  12. Иргэдийн болон иргэний нийгмийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор тухайн асуудлаар хяналт, үнэлгээ, судалгаа хийж буй байгууллага газруудад хүссэн мэдээллийг нь ажлын тэдэн өдөрт багтаан шуурхай гаргаж өгөх гэсэн заалтыг  нэмж тусгах (Учир нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулинд энэ асуудлыг хангалтгүй зохицуулсан учраас). Мөн түүнээс гаднахайгуул, олборлолтын үйл ажиллагааны нөлөөгөөр хөндөгдсөн, эвдэрсэн, нөхөн сэргээгдээгүй, хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээ хийгдээгүй газруудын бүртгэл, түүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг мэдээллийн санд оруулж ил тод болгох асуудлыг хуулинд тусгах шаардлагатай байна” гэжээ  

Эх сурвалж: “ТАН” эвсэл (Хууль зүйн яамнаас зохион байгуулсан

хуулийн төслийн урьдчилсан хэлэлцүүлгийн баримт бичиг)

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 4 =

Create Account



Log In Your Account