“Хөшөөтийн гэрээ”-ний хариуцлагыг шинжилбэл

By: Admin
2024-12-21
0
1756

      /цуврал I/

  1. Өмнөх болон удаах гэрээний онцлог

Ховд аймаг дахь Хөшөөтийн уурхайн орд газрыг түшиглэн, МоЭнКо компаниас 2007 онд эхлүүлсэн Хөшөөт төслийн үйл ажиллагаа нэг үеийг бодоход жигдэрч, уурхай, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний экспортын үйл явц тасралтгүй хэвийн үргэлжилж, тус компани болон Ховд аймгийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу аймаг орон нутагт оруулах эдийн засгийн үр өгөөж нь ч тогтворжсон гэж үзэхээр байна. 2016 оноос өмнө МоЭнКо компани хамтран ажиллах гэрээний заалтын дагуу, Хөшөөтийн нүүрсний экспортын үр дүнгээс орон нутгийн хөгжлийг дэмжихэд зориулан, жил тутам дунжаар 100.0 гаруй сая төгрөгийг л “Ховд-хөшөөт  хөгжил сан”-д төвлөрүүлж байсан бол 2017-2019 онд жил тутам дунджаар 1.5 тэрбум төгрөгийг уг санд төвлөрүүлэх болсон.

2016 оноос өмнө санд төвлөрөх хөрөнгийн хэмжээ ийнхүү эрс бага байсны шалтгаан нь тухайн үед мөрдөгдөж байсан гэрээний заалттай холбоотой болохыг Ховдын толь төрийн бус байгууллагаас Нээлттэй нийгэм форум сангийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн хяналт шинжилгээний ажлын үр дүнд илрүүлж, улмаар 2017 онд гэрээг шинэчлэн байгуулах үед тухайн чиглэлийн заалтууд болон учир дутагдалтай бусад заалтуудыг өөрчлөн, сайжруулах санал оруулж батлуулсны улмаас байдал ийнхүү дээрдэх нөхцөл бүрдсэн. 2017 онд гэрээг шинэчлэн байгуулахаас өмнө аймгийн удирдлага, захиргааны байгууллага болон МоЭнКо компанид хүргүүлсэн хяналт шинжилгээний зөвлөмжид энэ талаар юу гэж үгүүлснийг эргэн харъя.

“... ИТХ-аас батлагдсан бодлогын баримт бичиг, тэрчлэн гэрээний /14.6/ –д зааснаар /2014 онд экспортлосон нүүрсний хэмжээ 100 мянган тонн болмогц, 1 тонн тутмаас 0.6 ам доллар, экспорт эхэлснээс хойш 9 сар өнгөрмөгц экспортын хэмжээ сар тутам 100 мянган тонноос давсан нөхцөлд 1 тонн тутмаас 1.0 ам долларыг тус санд төвлөрүүлнэ/, мөн /14.7/. /2015 онд “Ховд хөшөөт хөгжил санд 1.0 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх ба экспортын хэмжээ 500.0 мянган тонн хүрсэн нөхцөлд 500.0 сая төгрөгийг, 1.0 сая тоннд хүрсэн нөхцөлд мөн 500.0 сая төгрөгийг төвлөрүүлнэ/ гэж заасан. Гэвч бодит байдалтай харьцуулахад энэ нь дэндүү хийсвэр тооцоо болж таарч байна. Учир нь амьдрал дээр МоЭнКо компани 2014 оны 9 сараас эхлэн 2015 оны 11 сарыг хүртэлх хугацаанд нийтдээ 341,995 тонн нүүрсийг л экспортлосон. Ингээд Хөшөөт хөгжил санд 2014, 2015 онд ердөө л 329.0 сая төгрөгийг төвлөрүүлэх тооцоо гарсан. Гэрээнд тусгагдсан урьдчилсан тооцооллоор гэрээний /14.6/ дахь заалтын дагуу  дор хаяж 600.0-700.0 мянган тонн нүүрс экспортлож, 1.0 тэрбумаас доошгүй төгрөгийг, /14.7/ дахь заалтын дагуу дор хаяж 500.0 мянган тонноос доошгүй нүүрс экспортлож, 500.0 сая төгрөгийг, нийтдээ хамгийн багаар бодоход 1.5 тэрбум төгрөгийг “Ховд хөшөөт хөгжил” санд төвлөрүүлэх ёстой байгаа юм. Эндээс харахад гэрээний дээрх заалтуудын хувьд эрсдлийг тооцоолоогүй, үгүй бол төөрөлдүүлсэн тооцоо хийж, түүнд үндэслэсэн заалт батлуулсан гэж үзэхээр байна /Зөрүү нь 80 хувь/ Тиймээс энэ оны эцэст гэрээг дахин шинэчлэн байгуулах үед тооцооллыг дахин нарийвчлан хийж, хийсвэр биш үндэслэл сайтай бодит тооцоололд тулгуурласан, биелэгдэх боломжтой заалтуудыг тусгаж өгөх шаардлагаа гарч ирж байна...” гэжээ.

Үүнээс гадна уг зөвлөмжид гэрээний орон нутгийн хөгжлийг дэмжих бүлэг заалт (14 дүгээр бүлэг), мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг сайжруулах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, талуудын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээрх гэрээний тодорхой заалтууд болон тэдгээрийн хэрэгжилттэй холбоотой засаж, өөрчилж, сайжруулах зүйлсийн нөхцөл шалтгааныг илрүүлж, арга замыг нь тодорхойлон, тусгай санал боловсруулж оруулсны дагуу 2017 оны 8 дугаар сард шинэчлэгдсэн батлагдсан хамтын ажиллагааны гэрээнд нэгд “Төслийн талаарх мэдээллийг нөлөөллийн сум болон иргэдэд тухай бүр мэдэгддэг байх /8.2/, хоёрт “Орон нутагт гэрээний хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, гэрээний хэрэгжилтийг хариуцаж ажиллах нэгж бий болгон ажиллуулах /8.11/, гуравт “Гэрээний хэрэгжилтийн явцад мэргэжлийн болон мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагаар хөндлөнийн хяналт хийлгэх ажлыг аймгийн талаас хариуцаж зохион байгуулах /8.12/” дөрөвт “Компани гэрээний хугацаанд экспортлосон нүүрсний 1 тонн тутмаас 0,70 ам доллараар тооцож “Хөшөөт хөгжил сан”-д төвлөрүүлэх /14.6/”, мөн санд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийн 30 хувийг үндсэн нөлөөллийн бүсийн Дарви, Цэцэг сумдад олгох /14.12/“8  гэсэн заалтуудыг шинэ томьёоллоор тусгуулж, батлуулсан юм. Шинээр оруулж батлуулсан 8-ын 11, 8-ын 12, түүнчилэн 8-ын 2 дахь заалтууд нь юуны өмнө Хөшөөт төслийн болон Ховд аймаг, МоЭнКо компани хоорондын хамтран ажиллах гэрээний хяналтыг сайжруулахад голчлон чиглэгдэнэ. Хяналт сайжирснаар төслийн болон гэрээний хариуцлага өндөржиж, орон нутагт ирэх үр өгөөж нэмэгдэн, уурхай, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас үүссэн болон үүсч болзошгүй сөрөг нөлөөллүүдээс тухай бүр сэргийлэн хамгаалах, уг нөлөөллийг бууруулах нөхцөл боломж нь дээшлэх учиртай.

  1. Өнөөгийн бодит нөхцлийг шинжилбээс

Ийнхүү шинэчлэн сайжруулагдаж, батлагдсан гэрээний хэрэгжилт бодит нөхцөлд ямар шиг байна гэдгийг ажиглан нягтлаваас, (энэ онд дэлхий даяар нүүрлэсэн цар тахал буюу ковид 19”-ийн улмаас үүссэн саармагжилт, түр зогсолтыг эс тооцон, гэрээ батлагдсан цагаас хойших ерөнхий үйл явцыг авч үзвэл), Хөшөөтийн уурхайн мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнуудын мэдээлснээр нүүрс олборлолт, хуурай баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа үндсэндээ бүрэн хүчин чадлаараа ажиллаж, өдөрт 5000 орчим, жилд 1. 0 сая орчим тонн коксжих нүүрсийг хуурай аргаар баяжуулан, экспортонд гаргаж байна. Ингэснээр гэрээний дагуу орон нутагт ирэх унац нь ч тогтмолжиж, жилд дунжаар 1.5 тэрбумаас дээш хэмжээний мөнгөн хөрөнгийг “Ховд–Хөшөөт хөгжил сан”-д хуримтлуулах болсон тухай дээр үгүүлсэн. Мөнхүү нэлээд олон жил яригдсан Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж, гэрээний 12-ын 7 дахь заалтын дагуу компаний болон улсын төсвийн хөрөнгөөр уг ажлыг гүйцэтгэхдээ шинэ суурьшлын бүсэд нүүж суурьшсан тосгоны бүх өрхөд хуучин байсан үл хөдлөх болон бусад хөрөнгийнх нь үнийг гарган өгч, 174 өрхөд 8 сая төгрөгийн нөхөн олговор олгосноос гадна, шинэ тосгонд 100 хүний суудалтай соёлын төвийн барилга, 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг тоног төхөөрөмжийн хамт, гүний худгийн барилга, төхөөрөмж, 5 хүний багтаамжтай халуун усны барилга, хоногт 11м/куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг дэд бүтцийн хамт, 50, 40, 35 метр/кв талбай бүхий 13 сууцны барилга, 2 үйлчилгээний барилга, 111 айлын модон хашааг муу усны нүх, жорлон, даамангийн хамт барьж ашиглалтанд хүлээлгэж өгсөн, гэрээний 14-ын 4 дэх заалтын дагуу Хөшөөт төслийн нүүрс тээвэрлэлийн үйлчилгээг орон нутгийн тээврийн компаниудаар гүйцэтгүүлэх үүргээ 50 хувиар давуулж, нүүрс тээврийн үйлчилгээг 100 хувь Ховд аймгийн аж ахуйн нэгжүүдээр тогтмол гүйцэтгүүлж байгаа /28 компаний 700 орчим хүнд даацын тээврийн хэрэгсэл, жолооч нар/ гэсэн өгөөжтэй зүйлүүдийг онцлох нь зүйтэй.

Харин байгаль орчинд нөлөөлөх байдал талаасаа бол олборлолт болон нүүрсний хуурай баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас үүсч буй агаар, орчны бохирдлын түвшинг хэмжих хэмжилтийг сар тутам хийж, тэрхүү хэмжилтэнд үндэслэн мэргэжлийн байгууллага, Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн лаборатори, Ховд аймгийн Ус, цаг уурын газар, БОАЖЯ, Ховд аймгийн МХГ-аас тоосжилт, бохирдлын түвшинг хүлцэх хэмжээнээс хэтрээгүй хэмээн дүгнэсэн гэж байгаа ч, ойр орчим нь амьдардаг малчин өрхүүд, уурхайд ажиллаж буй ажилчдын биер ажиглаж, мэдэрснээр, хөө тортогийн хэмжээ нь орчны болон хүн, малын эрүүл мэндэд ямар нэг хэмжээгээр нөлөөлөхөөр байна гэсэн мэдрэмжийг үүсгэдэг болох нь анзаарагдаж буй. Уурхай дээрх тухайн асуудлыг хариуцсан инженер техникийн ажилтнууд баяжуулах үйлдвэрээс үүсч буй тоосжилтийг дарах арга хэмжээний үр дүн нь байвал зохих үр дүнгийнхээ хэдэн хувьд хийгдэж байгааг мэдэх боломжгүй, байвал зохих түвшинг тогтоосон судалгаа тооцоолол байхгүй гэж байгаа нь мөн учир дутагдалтай санагдаж байгаа юм. Гэрээнд тусгагдсаны дагуу Үенч сумын нутагт гаалийн хяналтын талбай /нүүрсийг буулган дахиж ачих, мөн жигнэж пүүлэх байдлаар замын хяналт тавих/ байгуулан ажилуулж байсан боловч буулгаж ачих үйл явцын улмаас үүсч буй тоосжилт, агаар орчны бохирдлыг нутгийн иргэд оршин суугчид үл тэвчин, эсэргүүцэл үзүүлсээр байсны улмаас өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлчээс тэндэхийн буулгаж, ачих ажлыг зогсоосон байна. Дээр үгүүлсэнчилэн Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн лаборатори, Ховд аймгийн Ус, цаг уурын газар, БОАЖЯ, Ховд аймгийн МХГ-аас хэмжилт шинжилгээ хийж, гаалийн хяналтын талбай дахь буулган ачих ажиллагаанаас үүсч буй тоосжилт, бохирдлын түвшинг хүлцэх хэмжээнээс хэтрээгүй хэмээн дүгнэсэн ч гэлээ ойр орчмын оршин суугчид үүнийг тэвчихгүй байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа хэрэг. Тиймээс энэ асуудал дээр дахин нарийвчилсан хэмжилт шинжилгээ хийлгэж, асуудлыг нэг мөр цэгцлэх шаардлага тулгарч байна гэсэн үг.

2017 оноос өмнө хэрэгжиж байсан Ховд аймаг болон компани хоорондын хамтран ажиллах гэрээнд компани усны нөөцийг зохистой ашиглах үүднээс гадаргын усыг хуримтлуулах замаар хиймэл нуур, цөөрөм байгуулж үйлдвэрлэлд хэрэглэх, үйлдвэрлэлд болон уурхайн тоосжилт дарах зориулалтаар гүний ус хэрэглэхгүй байхаар /тухайн үеийн гэрээний /11.6/ дахь заалт/ зааж, үүнийхээ дагуу гадаргын усыг дахин боловсруулж хэрэглэх байгууламж барихаар төлөвлөн, зураг төсөл нь хийгдэж байгаа тухай ярьж байсан боловч энэ нь хэрэгжсэнгүй. Харин одоо бол 2017 онд батлагдсан гэрээний 11-ын 4 дэх заалтын дагуу уурхайн шүүрлийн усыг “зюмп” буюу ус хуримтлуулах хэв сувгуудаар, дамжуулж тогоонд /газар хонхойлж үүсгэсэн/ хуримтлуулан, тэндээсээ насосоор татаж, үйлдвэрлэлийн үйл явц, тоосжилт дарах зэрэгт хэрэглэж буй. Гэвч баяжуулах үйлдвэрийн тоосжилт дарах техник хэрэгсэл нь шавхан хуримтлуулсан шүүрлийн усыг хэрэглэх боломжгүй учир гүний болон гол мөрний усыг тоосжилт дарах зориулалтаар ашигласаар байна. Бидний судалсны хүрээнд уурхайн урт хугацааны үйл ажиллагааны туршид, /ТЭЗҮ-д заагдсанаар 2041 он хүртэлх/ үйлдвэрлэлийн зориулалтын усны хэрэглээг тооцож, гүний болон гадаргын усны нөөцөд хэрхэн нөлөөлөхийг нь судлаж тогтоосон зүйл байхгүй байна. Гагцхүү мэргэжлийн байгууллагаас уурхай орчмын бүс нутаг дахь нийт усны нөөцийг тогтоосон байдал, уурхайн усны хэрэглээг нэгээс гурван жилээр тооцож гаргасан тооцоо зэргээс үзвэл ийнхүү гүний болон гол мөрний усыг уурхайн тоосжилт дарах гэх мэт үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нь усны нөөц хомсдох сөрөг нөлөөллийг үүсгэж болзошгүй гэсэн таамаглалд хүргэж байгаа юм.  

  1. Нутгийн удирдлага, захиргааны байгууллагын хариуцлага дутмаг байна

Аль ч төрөл, чиглэлийн уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаанд хамгийн их анхаарах шаардлагатай чухал асуудлын нэг нь байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл байдаг учир Монгол улсын ашигт малтмалын тухай болон Байгаль орчны багц хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай хууль зэрэгт, байгалийн нөөц, эрдэс баялгийн хайгуул, олборлолт, ашиглалтын аливаа төсөл хэрэгжүүлэх, үйл ажиллагаа явуулахын тулд урьдчилан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг заавал хийлгэж, түүний дагуу байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг жил бүр боловсруулан батлуулж, хэрэгжүүлдэг. Хөшөөт төслийн хувьд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг анх 2011 онд мэргэжлийн байгууллагаар хийлгэж, хуулинд заагдсан хугацаанд шинэчилэн боловсруулсан. Нарийвчилсан үнэлгээнд заасны дагуу жил тутам хийгддэг байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг, хэрэгжүүлэн тухай бүрд нь тайлагнадаг бөгөөд тэдгээр барим бичгүүдийг судлаж үзэхэд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, хамгаалах ажлууд зохих ёсны дагуу явж байна гэж үзэж болохоор. Гэсэн ч нарийвчилсан үнэлгээнд болон төлөвлөгөөнд заагдсан ёсоор байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, агаар орчны бохирдол, дүйцүүлэн хамгаалах ажлын болон хог хаягдлын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, хөрс, ус хамгаалах мөн байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах үйл ажиллагааны бодит үр дүнг нарийвчлан үнэлэх ажлыг мэргэжлийн байгууллагууд  жил бүр гүйцэтгэж чаддаггүй, энэ чиглэлээр хараат бус хөндлөнгийн үнэлгээ хийгдэх боломж хязгаарлагдмал байдаг зэрэг учир дутагдлтай талууд байдаг нь харагдлаа. Тухайлахад дүйцүүлэн хамгаалах төлөвлөгөөний дагуу тодорхой газруудыг торлож, хамгаалсан, мод бут суулгасаны заримынх нь хамгаалалтын тор элэгдэж, сулдан, ганц нэг газраараа тасарсан, суулгасан мод, ургамлын ургалт нь хангалттай бус, зарим сумдын хогийн цэгийн хогийг шууж, овоолон, тухайн газрыг чөлөөлсөн /Дарви, Цэцэг, Үенч сумын хогийн цэгийн тус бүр 20 га орчим талбай/ авч, тэрхүү чөлөөлсөн талбайг дахин сайтар цэвэрлэж, газрыг нь эрүүлжүүлэн, хөрсжүүлж, ургамалжуулах шаардлагатай нь анзаарагдаж байгаа юм.

Гэрээний хэрэгжилтийн байдалд хараа хяналтаа талбих, хариуцлага, үр дүнг эрхэмлэх талаар тухайн аймаг, сум, багийн удирдлага, захиргааны байгууллагуудын анхаарал их сул байгаа нь ажиглагдаж байна. Үндсэн нөлөөллийн бүсийн  сумууд гэгдэх Дарви, Цэцэг суманд гэхэд эдгээр асуудалд болон МоЭнКо компани, Ховд аймгийн хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээн дэх тухайн сум багт хамаатай гол, чухал заалтуудын хэрэгжилтэд хяналт тавьдаг, бүртгэж тооцдог зүйл байхгүй хэвээр, тухайн сумаас Хөшөөт төсөлд хичнээн хүн ажиллаж байгаа, төслийн хэрэгцээт түүхий эд, бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт болон ажил гэрээлэн гүйцэтгэхэд сумаас ямар, ямар иргэн, хуулийн этгээд оролцож буй талаар мэдээлэл, тооцоо судалгаа хийгдэж хэвшээгүй байна. Энэ байдлыг засаж, сайжруулахын тулд, дээр үгүүлсэнчилэн 2017 онд шинэчлэгдэн батлагдсан хамтын ажиллагааны гэрээнд “Орон нутагт гэрээний хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, гэрээний хэрэгжилтийг хариуцаж ажиллах нэгж бий болгон ажиллуулах /8.11/, “Гэрээний хэрэгжилтийн явцад мэргэжлийн болон мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагаар хөндлөнийн хяналт хийлгэх ажлыг аймгийн талаас хариуцаж зохион байгуулах /8.12/”  гэсэн заалтууд батлагдсан байдаг ч хариуцан зохион байгуулах ёстой аймгийн ЗДТГ-ын зүгээс эл заалтуудыг хэрэгжүүлэхийг хичээхгүй, мартагдсан байдалтай    байгаа нь төслийн багийн судалгааны ажлын явцад тодорхой харагдсан болно.

Гэрээнд тусгагдсан зарим томоохон үр дагавар бүхий заалтууд тодруулбал нүүрс угаах үйлдвэр барьж ашиглалтанд оруулахтай холбоотой техник, эдийн засгийн үндэслэлийг тооцох судалгааны  ажил /гэрээний 12.4/ удааширалтай, мөн ирээдүйд орон нутгийн нүүрсний хэрэгцээт нөөцийг үгүй болгохгүйн тулд Хөшөөтийн уурхайд тусгай нөөц сан үүсгэх /гэрээний 14.18/ тухай заалтыг компани сүүлдээ ТЭЗҮ-д тусгагдаагүй учир хэрэгжүүлэх үндэслэлгүй хэмээн тайлбарлах болсон, цахилгаан эрчим хүчний дэд станцын өргөтгөл хийх замаар, хөшөөт багийг эрчим хүчний нэгдсэн системд холбох /гэрээний 12.3/ ажлын техникийн нөхцлийг өгөх боломжгүй гэж мэргэжлийн байгууллагаас үзсэн гэх зэрэг цаашид нарийвчлан нягтлаж, нэг мөр цэгцлэх шаардлагатай, ацмаг асуудлууд ч байгаа юм байна.  

Тэрчилэн Ховдын толь төрийн бус байгууллагаас 2016-2017 онд хийгдсэн хяналт шинжилгээний хүрээнд Ховд-Хөшөөт хөгжил сангийн удирдлагын бүтэц, сангийн үйл ажиллагааг зохицуулах журам зэрэгт орон нутгийн ард олны нийтлэг ашиг сонирхол хийгээд одоо мөрдөгдөж буй холбогдох хууль, эрх зүйн баримт бичгүүдэд нийцүүлэн, тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн зөвлөмж өгөгдсөн байдаг ч одоо хүртэл хэрэгжихгүй байгаад дүгнэлт хийж, энэ талаар арга хэмжээ авах шаардлага ч хойшлуулгүй асуудлуудын нэг мөн. 2020 онд Ховдын толь төрийн бус байгууллага, Нээлттэй нийгэм форум сангийн дэмжлэгтэйгээр “Хөшөөтийн гэрээ”-ний хэрэгжилтийн байдалд дахин шинжилгээ, үнэлгээ хийж байгаа. Энэхүү хяналт, шинжилгээний ажлын хүрээнд, дээр үгүүлэгдсэн асуудлуудыг лавшруулан судлаж, дүгнэлт, зөвлөмж гарган, гэрээний талуудад тодорхой зүйлүүдийг санал болгохын зэрэгцээ, энэ 2020 оны эцэс, ирэх 2021 оны эхээр гэрээг шинэчлэн байгуулах үеэр гэрээний шинэ баримт бичигт тусгуулах  зарчмын саналуудыг мөн өргөн барихаар бэлтгэж байгаа юм.  

Г.Төрмөнх, Г.Энхжаргал  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 3 =

Create Account



Log In Your Account