Орон нутгийн сэтгүүлчид зөвлөлджээ

By: Admin
2024-11-23
0
2000

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэдгээрт ажиллагсдын ажиллах, амьдрах орчин нөхцөлтэй холбоотой тулгамдсан асуудлууд багагүй байдаг ч түүнийг шийдвэрлэхэд чиглэгдсэн дорвитой алхам хийгдэхгүй байгаа талаар бид урьд нь хөндөж байсан.

Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Увс аймагт болсон орон нутгийн сэтгүүлчдийн уулзалтаар энэ асуудлыг голчлон авч хэлэлцэв.

Уулзалтанд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүн дэд ерөнхийлөгч Наранбаатар, дэд ерөнхийлөгч Батхишиг, Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Шаравдорж, Монголын хэвлэлийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Тамир, гишүүн Баярсайхан, Болортуяа, Отгончимэг, Алтай тэрчлэн арав гаруй аймгийн МСЭ-ийн салбар зөвлөлийн тэргүүнүүд, орон нутаг дахь хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдах ажилтан, сэтгүүлчид оролцсон юм.

2013 оноос Монголын орон нутгийн сэтгүүлчдийн цугларалт уулзалтыг зохион байгуулах явдал хэвшил болжээ. Анх жил тутам явагддаг байсан бол одоо жилд хоёр ч удаа явагддаг болсон аж. Ийнхүү уулзалдаж, зөвлөлдөх явдал эрчимжиснээр орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарынхан хоорондоо мэдээллээ солилцож, тулгамдаж буй асуудлаа гаргаж тавих нь нээлттэй болсон ч түүнийг зохицуулж, асуудлыг шийдэх ахиц, гарц олох талаар дорвитой үр дүнд хүрч чадаагүй байгаа юм.

Уулзалтын үеэр МСЭ-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Наранбаатар “ ...ерөөсөө юмыг утгагүй болгоно гэвэл зүгээр хаячихдаг юм байна. Манай улсын хэвлэл мэдээллийн салбарт ямар нэг зохицуулалт байхгүй явж байгаа, эрх зүйн зохициулалтай болгож, энэ салбарын асуудалд ахиц гаргах талаар хорь гаруй жилийн турш Монгол Улсын Их хурал, Засгийн газар нь ямар нэг алхам огт хийхгүй байгаа нь үүний илрэл” гэсэн утгатай үг хэлсэнийг бодууштай.  

Уулзалтын үеэр тавигдсан илтгэлүүдээс ажиглахад Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын орлого санхүүг Улаанбаатар хот дахь цөөн тооны “топ” компаниуд бүрдүүлдэг ажээ. Тухайлбал МСНЭ-ийн дэд ерөнхйилөгч Батхишигийн илтгэлээс энд ишилвэл өнгөрсөн хоёр жилийн байдлаар хэвлэл мэдээллийн байгууллагуудаар түгээгдсэн реклам сурталчилгааны төлбөрт төлөгдсөн 3.7 тэрбум төгрөг нь ХМХ-үүдийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлсэн бөгөөд энэ нь дээр хэлсэнчилэн үндэсний хэмжээний цөөн хэдэн (топ) тэргүүлэх компанийх аж.

Орон нутагт хэвлэл мэдээлэлтэй ийм (дээрхтэй адил) түвшинд хамтран ажиллах бизнесийн болон бусад байгууллага бараг байхгүй тул юуны өмнө тэдэнд санхүүгийн бэрхшээл тулгамддаг байна.

Судлаачид болон тухайн салбарын мэргэжилтнүүдийн үгүүлж байгаагаар хэвлэл мэдээллийн үүрэг нь цэвэр бизнесийн үүрэг биш, нийгэмд үйлчлэх, соён гэгээрүүлэх эрхэм үүргийг гүйцэлдүүлэх гол салбар мөн учир одоогийн тогтолцооны асуудлыг эргэж харах хэрэгтэй ажээ.

Уулзалтан дээр орон нутгийн сэтгүүлчдээс олон санал бодол гарч байсан ч, уулзалтанд оролцсон салбарын удирдлагууд “энэ бүхний эцэст тодорхой шийдэл гаргах боломж бидэнд хумигдмал юм хэмээн” гэсэн нь бас л тоогүй хэрэг.

Гэвч үндэсний хэмжээн дэх томоохон газруудын сурталчилгааг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр давхар түгээж байх, аймгуудад өөрийн аймгийнхаа хэвлэл мэдээллийн салбарт зориулагдсан төсөв баталдаг байх, мэдээллийн урсгалыг зөвхөн нийслэлээс орон нутагт бус, орон нутгаас нийслэлд, орон нутгаас орон нутагт чиглэгддэг болгох боломжийг судлах гэх мэтийн тухайд тодорхой алхам хийх нь зөв гэдэгт оролцогсод санал нэгдсэн юм.

Мөн уулзалтын үеэр хэвлэл мэдээллийн болон сэтгүүлчдийн ёс зүйн асуудлыг чухалчилан хэлэлцэж, ёс зүйн дүрмийн талаар таниулага, сургалт хийсэн нь ач холбогдолтой зүйл байлаа.   

Г.Төрмөнх

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 1 =

Create Account



Log In Your Account