Галдан хааны мэлмий гийсний 380 жилийн ойн үйл явдлыг сурвалжилвал

By: Admin
2024-12-25
0
234

Монголын төрийн болон цэргийн нэрт зүтгэлтэн Галдан хааны мэндэлсний 380 жилийн ойг Ховд аймагт өргөн дэлгэр тэмдэглэв. Энэхүү ойн баярын хүрээнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд хадгалагдаж байдаг Галдан хааны харлаг сүлдийг Цаст Цамбагарав хайрханы оргилын бүсэд залан гаргаж цэнгүүлэх, Галдан хааны онгоныг тайх ёслол үйлдэх, ойд зориулж Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэтгэлийн хуралдаан мөн “Галданбошгот хаан -380” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Галдан хааны хөшөөнд цэцэг өргөж, баярын жагсаал хийх, Галдан хааны үйл хэрэгт холбогдолтой ном, бүтээлүүд, оюуны сан хөмрөгийн үзэсгэлэн гаргах, хүндэтгэлийн урлагийн тоглолт хийх тэрчлэн хурдан морь, “Адуучин” тэмцээн, үндэсний бөх, сурын харваа, шагайн харвааг багтааан наадам цэнгэлийг явуулах үйл ажиллагаанууд өрнөв. 

380-1

 380-2

Харлаг сүлдийг цэнгүүлсэн нь

2024 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Ховд аймаг дахь Хан Алтайн бүргэдүүд уулчдын клубын зарим уулчид Эрдэнэбүрэн сумын ЗДТГ хамтран Эрдэнэбүрэн суманд хадгалагдаж байдаг Галдан хааны харлаг сүлдийг Цаст Цамбагарав хайрханы оргилын бүсэд залан гаргаж цэнгүүлэх үйлийг гүйцэлдүүлэв. Энэхүү үйлийг ой зохион байгуулах аймгийн комиссоос дэмжиж ажилласан байна. Сүлд цэнгүүлэх үйлийг уулчин Г.Төрмөнх (СМ), Д.Бөхжаргал (СМ), Х.Бямбасүрэн (СМ), П.Гантөмөр, Эрдэнэбүрэн сумын ЗДТГ-ын ажилтан Гантогтох, Билгүүн, Жудо бөхийн улсын шигшээ багийн гишүүн, өсвөрийн тамирчин Есүй, Болор-Эрдэнэ нар гүйцэтгэсэн байна. Эрдэнэбүрэн сумын ЗДТГ-ын дарга Б.Цэвэлмаа ахлагчтай баг сүлд цэнгүүлэх үйлийг гүйцэтгэхэд боломж нөхцлийг сайтар ханган, арын албыг залгуулсан байна.       

380-3  380-4

Галдан хааны онгоныг тайв 

2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Эрдэнэбүрэн сумын Өөлдийн хүрээ Ганданпунцоглин хийдэд Галдан Бошгот хааны онгоныг тайх ёслолыг үйлдэв. Их хааны онгоныг тайх ёслолын эхэнд “Богд Очирвааны тахилга”, ”Галдан хааны сахиус”, “Далха Вандадын тахилга”, “Галдан хааны магтаал, тайлга тахилга”, “Шүтээн сахиусанд тахил өргөх уншлага”, “Өлзий хутаг оршоох” зэрэг хурал номууд хурав. Улмаар төрийн батламжит туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар Алтайн магтаал хайлж, тус сумын Намарзан багийн малчин П.Гантулгын адуун сүргээс сонгосон хөх бор морийг сэтэрлэн их хааны насыг нь мөнхлөх, мөнхүү Галдан хааны онгоныг тайх ёслол хийж, шүтээн сахиусанд тахил өргөх ёслолыг үйлдэв.  Онгоныг тайх ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батболд, Эрдэнэбүрэн сумын удирдлагууд болон Ардын багш, шинжлэх ухааны гавьяат, доктор, профессор, зурхайч Л.Тэрбиш тэргүүтэй шинжлэх ухаан, төр, нийгмийн зүтгэлтнүүд болон Улаанбаатар хот, Архангай аймаг, Говь-Алтай аймаг, Ховд аймгийн сумдаас зочид гийчид, нутгийн уугуул иргэд  оролцсон юм. 

380-5

Хүндэтгэлийн хуралдаан

8 дугаар сарын 2-ний өдөр Монголын улс төр, шашны нэрт зүтгэлтэн, Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошготын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан аймгийн ИТХ-ын “Хүндэтгэлийн хуралдаан”-ыг хуралдуулав.

Энэхүү ралдаанаар “Чандмань уулын аймгийн 100 жилийн ой, Ховд хот байгуулагдсаны 340 жилийн ойг 2025 онд тэмдэглэх тухай” “Ховд аймгийн Музейг “Галдан бошгот хааны нэрэмжит” болгох тухай”, “Аймгийн дээд шагнал “Галдан бошгот хааны нэрэмжит” шагнал, аймгийн “Хүндэт иргэн” шагналаар шагнах тухай” илтгэлүүдийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжсэн байна.  “Хүндэтгэлийн хуралдаан”-д аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Ховд аймгийн төр захиргаа, эрүүл мэнд боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, хөдөө аж ахуй болон хувийн хэвшлийн төлөөлүүд, ахмад ажилчид, төрийн туульчид, аймгийн Төрийн байгууллагын удирдлагууд оролцсон юм. 

380-7

Ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал

Мөн өдөр Ховд аймгийн Засаг Даргын Тамгын газар, МУИС-ийн Баруун бүсийн сургууль, ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран "Галдан бошгот хаан-380" Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Ховд аймагт зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд Монгол улс, БНХАУ, ОХУ, Япон улс, Унгар улс гэсэн таван орны 31 судлаач оролцож, 28 илтгэл хэлэлцүүлэв.  Тухайлбал Үндсэн илтгэлийг профессор С.Цолмон, “Галдан Бошгот хаан Улс төрийн зүтгэлтэн” сэдвээр, БНХАУ-ын Өвөр Монгол Их сургуулийн доктор, профессор Ж.Чимэддорж “Галдан Бошгот хааны эцсийн бодлого-Дамба-Хашихагийн ярилцлагаас төсөөлөх нь” сэдвээр  тус тус тавьсан бол үдээс өмнөх болон хойших хуралдаанаар Тод номын гэрэл төвийн эрдэм шинжилгээний ажилтан, МУБИС-ын докторант У.Анхдалайбаяр “Галдан хааны жанжин Равдангийн Тай хүрээнд болсон цугларалтын дараах зам мөр” илтгэлд 1696 оны 5 сарын 13-нд Тэрэлжийн Зуун модонд болсон Зүүн гарын болон Манжийн цэргийн хоорондын шийдвэрлэх тулааны дараа Галдан хаан, жанжин Равдан нар Загдан гэх газраар Туулыг гатлан, улмаар Равдан ганцаар цэргийн хамт Бор голыг уруудаж Данжила, Данжин омбо нартай харгалдан, тус тусаар Галдан эрэн одсон хийгээд 1696 оны 6 дугаар сарын 12-28-ны өдрүүдэд Тамирын Тай хүрээ гэх газарт цуглан уулзаж зөвлөлдсөн тухай, зөвлөлдөх үед Равдан, Данжила, Данжин омбо нар Алтайн зүгт эчвээс зохих тухай санал гаргасан дагууд Равдан цэргийн хамтаар Хүнгүй Завханы Гунжин, Зэс булан, Жур хүж гэх газруудаар нутаглаж, Галдан хаантай хамтран Оросод элч зарж ангийн үс зэргээр худалдаа хийж байсан. Улмаар Ховд руу шилжин суух үед Манжийн хаан удаа дараа элч зарж элдвээр ятган, талдаа дагаж өөрт дагуулахыг оролдсоор бас Галдан, Равдан, Данжила Данжин омбо нарыг тус тусад нь ятган нэгдмэл хүчийг нь сааруулах, цаг хожих бодлого явуулж байсан ч Равдан 1700 оныг хүртэл Манжид дагаар орохоос эрс, зайлсхийсээр байсан. 1702 онд Цэвээнравдан түүний нутаг, албатыг уулгалан эрхгүй байдалд оруулсны улмаас арга буюу манжид дагахаас өөр аргагүй болсон тухай түүхэн баримтуудыг тодлосон, мөн ОХУ-ын Томскийн их сургуулийн докторант Н.Төмөр-очир “Галдан хааны Оросод зарсан элч нар, зорилго, тоо, давтамж” сэдэвт илтгэлдээ Галдан хаан 1671 оноос эхлэн харъяат иргэдтэй холбоотой асуудал, худалдааны асуудал, цэргийн холбоо тогтоох асуудал, улс  төрийн бодлогын асуудлаар Кенегей, Мыш, Аюук манж, Буян хашиха, Шар мэргэн, Баянбек, Дархан хашиха зайсан, Дейна, Абдул эрх зайсан, Аюуш хашиха, Бага мэргэн, Мэргэн хошууч, Цогт хашиха, Базарбай, Дархан зайсан нарын элч нарыг 1691 он хүртэл Тобольск, Красноярск, Кузнецк, Томск, Москва, Эрхүү хотуудад зарж, хэлэлцээр хийж байсан баримтуудыг дэлгэн үгүүлсэн, МУИС-ын Баруун бүсийн сургуулийн профессор И.Бүрэн-Өлзий орчуулагч, эрдэмтэн зохиолч Х.Цэдэв агсны “Галдан хааны ганцаардал” жүжгийн зохиолыг задлан шижилсэн илтгэлдээ “Зөвшил, тэрслэл, авлал, арсалдал, ганцаардал, дэмийрэл” гэсэн зургаан бүлэгт, 853 мөр бүхий дуулалт жүжгийг зохиолч бүтээхдээ Галдан хааны ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээний шинж чанарыг нээн үзүүлэхийг чухалчилсан тухай, судлаач Д.Ганбаатар “Цорос, өөлдийн түүхэн замнал” илтгэлдээ “Ойрад угсаатан нь манай эриний өмнөх үеэс үүсэлтэй хийгээд 1676-1757 оны үед оршин байсан Зүүн гарын хаант улс болон Галдан хаан тэргүүтнүүд нь Манжийн түрэмгийллийг өсрөн зогсох, харийн дарлалыг эс тэвчих оюун санааны дархлааг үлдээхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн тухай”, МУИС-ын баруун бүсийн сургуулийн доктор, профессор Д.Өрнөхдэлгэр “Галдан бошготын тухай дуу, домог” илтгэлдээ “Ойрдууд тэрчлэн өнөөгийн БНХАУ-ын Шинжааны ойрдууд, дээд Монгол, Оросын Халимаг, Алтай Монголын ойрадуудын дунд уламжилсаар ирсэн

“Халзан шарга чөдөртэй тэсэв

Галдан хаан дайнд тэсэв

Дөнөн шарга чөдөртэй тэсэв

Дөрвөн ойрад нь дайнд тэсэв

Хасаг Күнгүс нь харагдаад хоцров

Казак борд (хиргис) нь илдэндээ оров

Галуун хүзүүн гаанстай Галдан

Газар нутагтай хайртай Галдан” гэх зэрэг олон арван дуу, шүлэг, хэдэн зуугаар тоологдох аман домог, мөн сүлд шүтлэгийн хэв ёсон зэрэг соёл билэг зүйн арвин өв байдаг тухай”, Шинжлэх ухааны акедемийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, магистр Б.Батцоож “Тайваны нэгэн музейд хадгалагдаж буй хоёр дуллганы тухай” илтгэлдээ “Тайваны Чимей музейд буй хоёр Монгол дуулгын нэг нь Мин болон Чин улсын үед хамаатах  нөгөөг нь Төвд бутаны соёлд хамаатах гэж тайлбар зүүсэн нь ташаа болохыг тэдгээртэй төстэй бусад түүхийн дурсгалууд, эд өлгийн соёлыг харьцуулж, харгуулан судлах замаар аль аль нь Монгол цэргийн хэрэглэж асан тэр тусмаа нэг нь Ойрад, Зүүн гарын хаант улсад хамаатах дуулга болохыг тогтоосон тухай” сонирхолтой санал дүгнэлтүүдийг бид онцлож байна. Мөн Өвөр Монголын Шилийн гол аймгаас олдсон Галдан хааны хөрөг дүрийн урьд мэдэгдээгүй шинэ хувилбарын тухай сонирхолтой мэдээг МУИС-ын баруун бүсийн сургуулийн процессор Нямсүрэн уг хурал дээр мэдээлсэн нь сонирхол татав.              

Галдан хааны тухай сэдвээр өмнө нь 4 удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 1994, 2004, 2014 онуудад зохион байгуулж байсан.  Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн хувьд судалгааны төрөл нэмэгдсэнээс гадна Галдан Бошгот судлалаар эрдмийн зэрэг хамгаалсан хоёр судлаач мөн олон залуу судлаачид оролцсон нь онцлог байв. Эрдэм шинжилгээний хурлын үр дүнд Галдан Бошгот хааны намтар, нийгэм, улс төрийн үйл ажиллагааны судалгааны чиглэлээр өнгөрсөн 40 жилийн хугацаанд хийсэн судалгааны ажлын үр дүнг нэгтгэж, цаашдын судалгааны чиглэлийг тодорхойлох шийдэл гарсан бөгөөд Галдан хааны үйл хэргийн талаар залуу хойч үе, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг үе шаттай хийхээр тогтсон юм.

380-6

Нэрэмжит шагнал

Галдан хааны мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан улс, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан төр нийгмийн зүтгэлтэн, Монгол улсын гавьяат багш Ж.Түмэнжаргал, аймгийн Засаг дарга асан, Монгол улсын гавьяат эдийн засагч Н.Дамба, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нарыг Ховд аймгийн дээд шагнал “Галдан бошгот хааны нэрэмжит” шагналаар шагнажээ. Мөн гавьяат Д.Ширэндэв, хүний гавьяат эмч Ж.Даваабал, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Буяндалай, уран нугараач Л.Энхцэцэг нарыг Ховд аймгийн "ХҮНДЭТ ИРГЭН"-ээр өргөмжилөв. Аймгийн Засаг даргын захирамжаар Эрдэнэбүрэн сумын харьяат, Улсын алдарт уяач, Улсын Онц хилчин, Улсын тэргүүний анчин, малчин Ж.Цэен-ойдов, Төрийн туульч, МУСГЗ Э.Баатаржав, Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж нарыг "Ховд аймгийн 100 эрхэм"-ийн эгнээнд багтааж өргөмжилсөн байна. 

Наадам цэнгэл

Галдан Бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд  Манхан сумын харьяат, аймгийн арслан Б.Даваадалай түрүүлж, Улсын начин Б.Баянмөнх үзүүрлэлээ. Их шөвөгт Улсын харцага Н.Батзаяа, Улсын начин Г.Дармаажанцан нар шалгарав. Барилдаанд Улсын харцага Н.Батзаяа, Улсын начин Б.Баянмөнх,, Г.Дармаажанцан нар болон аймгийн арслан 5, аймгийн заан 4, аймгийн начин 10, сумын заан 21, сумын начин 3, тэрчлэн залуу бөхчүүдээс бүрдсэн 64 бөх зодогложээ.  Өсвөрийн 32 бөхийн барилдаанд Эрдэнэбүрэн сумын харьяат Б.Цогжавхлан түрүүлж, Дөргөн сумын харьяат Э.Бат-Олимп үзүүрлэсэн бол Эрдэнэбүрэн сумын харьяат М.Өсөхбаяр, Баянөлгий Алтай сумын харьяат Н.Амартүвшин нар их шөвөгт шалгарав.

380-8

Хурдан морины уралдааны “Бөөр харын урд” зохион байгууллаа. “Азарга”-ны уралдаанд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уяач Б.Нямаахүүгийн бор түрүүлж, Говь-Алтай аймгийн Шарга сумын залуу уяач Н.Баярбаатарын хээр аман хүзүүдсэн бол их насны моринд Говь-Алтай аймгийн Дарив сумын Б.Баасандоржын Хээр алаг түрүүлж, Баянхонгор аймгийн Баацагаан сумын аймгийн алдарт уяач Пүрэвсүрэнгийн хар хоёрт давхисан. “Соёолон” насанд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Н.Гантулгын хүрэн түрүүлж,

Говь-Алтай аймгийн харьяат, сумын алдарт уяач Ж.Баасангийн соёолон удаад нь давхисан, “Хязаалан” насанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Г.Шижирбаатарын шарга түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат, сумын алдарт уяач Т.Даваанямын хээр хоёрт ирсэн, “Шүдлэн” насанд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, сумын алдарт уяач Н.Жанчивсэмбийн хүрэн халзан түрүүлж, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат, аймгийн алдарт уяач М.Ганзоригийн хээр халзан аман хүзүүдсэн, дааган насанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, МУ-ын алдарт уяач Б.баатарбилэгийн хүрэн түрүүлж, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, сумын алдарт уяач Э.Батсүхийн хүрэн халзан удаалсан байна.

380-9

Тэрчлэн шагайн харвааны тэмцээнд 14 багийн 130 гаруй харваачид оролцож Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Б.Батцэнгэл ахлагчтай “Бошготын мэргэд” баг, цуваа харвааны төрөлд Баянхонгор аймгийн Баянцагаан сум, Бошготын мэргэд багийн харваач, аймгийн гарамгай мэргэн Б.Дорждалай шалгарсан байна. Сурын харваанд Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Хэнтий, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотоос давхардсан тоогоор 350 гаруй харваач, Урианхай сурын харваанд 130 гаруй харваач оролцож, урианхай сурын харвааны тэргүүн байрт Дуут сумын харьяат, “Уулсын мэргэчүүл харваачдын холбоо”, “Алтайн шонхор баг”, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн харваач, аймгийн мэргэн, спортын дэд мастер М.Галбадрах 30 сумнаас 26 оносон амжилтаар, Үндэсний сурын харвааны тэргүүн байрт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, Говь-Алтай аймгийн харваачдын холбоо, Хантайшир зурхайн харваач, аймгийн онч харваач, спортын мастер Ж.Олонбаяр 40 сумнаас 37 оносон амжилтаар тус тус шалгарсан байна.

380-10

Эмэгтэй ангилалд: Тэргүүн байрт Хэнтий аймгийн Батноров сумын харьяат, Дотоод хэргийн их сургууль, Үндэсний сурын Соёмбо багийн харваач, Монгол улсын гоц мэргэн харваач Б.Пүрэвдорж 40 сумнаас 34 оносон амжилтаар, өсвөрийн харваачдын харваанд 50 гаруй харваач оролцсоноос хөвгүүдийн ангилалд: тэргүүн байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат, бүргэдтэй хайрхан хайрхан харваачдын холбооны харваач Б.Пүрэв-Эрдэнэ 29 оноогоор, охидын ангилалд тэргүүн байрт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Говийн мэргэчүүл клубын харваач Г.Ундармаа 29 оноогоор тус тус шалгарсан байна.

380-11

 

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 1 =

Create Account



Log In Your Account