Мэдээлэлтэй иргэд эрүүл мэндээ илүү эрхэмлэнэ

By: Admin
2024-12-23
0
1208

Судалгаанаас үзэхэд ихэнх хүмүүсийн хувьд Эрүүл  мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд иргэдэд чухам ямар үйлчилгээ үзүүлдэг талаар мэдээлэл хомс, өвдсөн үед л тэнд очих шаардлагатай болдог гэсэн ойлголт давамгай байдаг нь харагдаж байна. Тухайлбал НЭХБ төслийн шугамаар 2019 онд Ховд аймгийн Жаргалан, Баатархайрхан өрхийн эрүүл мэндийн төв, мөн Үенч сумын ЭМТ, Мөст сумын сум дундын эмнэлэгээр үйлчлүүлэгчдийн дунд хийгдсэн үнэлгээний асуумжинд оролцсон иргэдийн 70 гаруй хувь нь /72.5%/ өвдсөн тохиолдолд л өрхийн болон сумын эмнэлэгт очдог гэж хариулжээ.  

Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний гол зүйл зорилго нь хүмүүс ажиггүй явж байгаад нэгэнт өвдсөнийхөө дараа  эмнэлэг барааддаг байдлаас ангижирч, өвчлөхгүй байхын тулд ямар зан үйл, дадалд суралцаж, хэвшүүлэх, эрүүл  мэндээ хамгаалахын тулд юу, юуг сайтар мэдэж байх ёстой зэргийг юуны өмнө иргэдэд ойлгуулж  мэдүүлэх явдал гэдгийг эмч мэргэжилтнүүд чухалчилдаг.  

Анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагаас явуулж буй энэ чиглэлийн /хүмүүст өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, арга зүйд сургах/ ажлуудын үр дүн сайжирвал, өвчлөлт багасахаас гадна нэгэнт өвдсөн үедээ очиж эмчлүүлж буй эмчилгээний зардлыг тодорхой хэмжээгээр хэмнэж, амьдралын ачааг хөнгөлөх, бэрхшээлийг багасгах ач холбогдолтой.

Тэгтэл өнөөгийн нөхцөлд өрхийн болон сумын эмнэлгийн тухайн зориулалтын буюу нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн үйл ажиллагаанд зориулагдсан төсөв нь асар бага, жилийн туршид ойролцоогоор 2.0-3.0 сая төгрөг төдий байхаар төсөвлөж баталдаг, олон нийт рүү чиглэгдсэн мэдээлэл, сурталчилгааны ажлууд явуулах боломж нь тун хомс байдгаас бахь байдгаараа байсаар байгаа нь дэгс биш.

Асуумж судалгаанд оролцогчдын дийлэнх нь өрх, сумын эрүүл  мэндийн байгууллагаас үзүүлдэг үйлчилгээний талаарх мэдээллийг найз нөхөд болон гэр бүлийн гишүүнээс /43,5 хувь/, эсвэл эмнэлгийн ажилтнаас /38.3%/ хувь нь олж мэддэг гэсэн ба Олон нийтийн мэдээллийн сувгуудаас авдаг гэж тун цөөхөн хүн хариулсан нь /22,5 хувь/ дээрхийг гэрчилж байгаа юм.

Иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл мэдлэгтэй, зөв дадал хэвшилтэй болгох ажлыг эрчимжүүлэхийн тулд хэрхэн, ямар шийдлийг олох ёстой вэ гэдэг асуудал та бидний өмнө чухлаар тавигдаж байна гэсэн үг.  

Ховд аймгийн ЭМАШТҮ-г сайжруулах нь төслийн мэдээлэл харилцааны баг  

 

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 9 =

Create Account



Log In Your Account