Сангаас зээл хүсэгчдийн мэдвэл зохих заалтууд

By: Admin
2024-12-23
0
679

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар батлагдсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмаас түүвэрлэн авав.

 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

     1.1.Сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулсан "Хоршоог хөгжүүлэх сан" /цаашид "Сан" гэх/-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.5.Сангийн хөрөнгө нь суманд хоршоо, жижиг, дунд үйлдвэрт санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулах, хөнгөлөлттэй зээл олгох, сургалт зохион байгуулах, хяналт тавихад зориулагдана.

     1.6.Санд зээлийн хүсэлт ирүүлсэн хоршоо болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч /цаашид "ЖДҮҮЭ" гэх/-ийн төсөл /цаашид "төсөл" гэх/-ийг  сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий "төсөл сонгон шалгаруулах зөвлөл" /цаашид "зөвлөл" гэх/, хяналт тавих үүрэг бүхий "хяналтын зөвлөл" тус тус ажиллана.

     1.7.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 7.1.2, 7.1.6-д заасан үйлчилгээ эрхэлдэг хоршоонд Сангаас зээл олгохгүй.

ХОЁР. САНГИЙН ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭР БҮРДҮҮЛЭЛТ,

ЗАРЦУУЛАЛТ,  ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

2.1.Сангийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

2.1.1. Улсын болон орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;

2.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив;

2.1.3.сум хөгжүүлэх сангаас иргэн, аж ахуйн нэгжид олгосон зээлийн эргэн    төлөлтийн төлбөр;

2.1.4. сангаас аж ахуйн нэгжид олгосон зээлийн эргэн төлөлтийн төлбөр;

2.1.5. хугацаандаа төлөгдөөгүй зээлийн дүнд ногдуулсан алданги;

2.1.6. бусад;

2.2.Санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг тухайн суманд жижиг, дунд үйлдвэр, хоршоо хөгжсөн байдал, хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, зээлийн эргэн төлөлт, ашиглалт, хэрэгцээ шаардлага, орон нутгийн идэвх санаачлага зэргийг харгалзан Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр тогтооно.

2.3.Сангийн хөрөнгийг зориулалтын бус, үр ашиггүй зарцуулсан нь энэ журмын 7.1-т заасан зохистой харьцааны шалгуур хангаагүй болон бусад эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон бол Төсөв, санхүүгийн болон Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан шийдвэрээр сангийн хөрөнгийг татан төвлөрүүлэн дахин хуваарилж болно.

2.4.Суманд хуваарилагдсан хөрөнгийн эх үүсвэрийг 2.2, 2.3-т заасан эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр татан төвлөрүүлэх, дахин хуваарилахыг хориглоно.

2.5.Сангаас хоршоо, жижиг, дунд үйлдвэрт олгох хөнгөлөлттэй зээл нь дараах нөхцөлтэй байна:

2.5.1.хөнгөлөлттэй зээлийн хүүгийн хэмжээ жилийн 3 хувь;

            2.5.2.зээлийн хугацаа нь 60 хүртэл сар байна;

           2.5.3.зээлийн эргэн төлөлтийн эхний 12 хүртэлх сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж болно;

           2.5.4.сангийн зээлийн эргэн төлөлтийн төлбөр нь сар бүр тэнцүү байна.

2.6.Зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй бол зээлийн үлдэгдлээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги ногдуулах ба алдангийн хувь хэмжээ, нөхцөлийг сумын Засаг дарга, зээлдэгч нарын хооронд байгуулах гэрээнд заавал тусгана;

2.7.Сангаас олгосон зээлийн хүүгийн өмнөх жилийн орлогын 30 хүртэл хувийг хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад, 20 хүртэл хувийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн явц, үр дүнд хяналт тавих үйл ажиллагаа болон програм хангамжийн зардалд, 10 хүртэл хувийг сан хариуцсан мэргэжилтэнг улирал бүр урамшуулахад зориулан зарцуулж болно.

2.8.Энэхүү журмын 1.5, 2.7-д зааснаас бусад зориулалтаар сангийн хөрөнгийг сумын төсвийн алдагдал нөхөх, төсөвт байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх, байгалийн гамшгаас учирсан хохирлыг нөхөн төлөх зэргээр зарцуулахыг хориглоно.

2.9.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл сонгон шалгаруулахтай холбоотой шимтгэл, хураамж авахыг хориглоно.

     2.10.Төсөл сонгон шалгаруулах товыг зээлийн эргэн төлөлт, санхүүжилтийг харгалзан сангийн эх үүсвэрийн 15-аас доошгүй хувийг бүрдүүлсэн тохиолдолд тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид тогтооно.

     2.11.Төсөл хүлээн авах хугацааг тухайн сумын хоршоо, ЖДҮҮЭ-дийн олонход мэдэгдсэнээс хойш хуанлийн 30 хоногийн хугацаанд  цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авна.

2.12.Төсөл хүлээн авах хугацаа зарлагдахаас бусад үед төсөл хүлээн авахгүй.

     2.13.Журмын 6.3-т заасан шаардлагыг хангасан хоршооны хувьд тухайн сумын хамгийн олон гишүүнтэй, үйл ажиллагааны чиглэл давхардаагүй нэг хоршоог тэргүүн ээлжид дэмжинэ.

ТАВ. ЗЭЭЛД ХАМРАГДАХ ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

5.1.Төсөл нь хэрэгжүүлэгчийн мэдээлэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт сайжруулалт, дуусгавар болох хугацааг тодорхой заасан байна.

5.2.Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:   

5.2.1.төслийн товч агуулга;

           5.2.2.хуулийн этгээдийн нэр;

5.2.3.а.үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил;           

         б.хуулийн этгээдийн албан ёсны хаяг;

                    в.төсөл хэрэгжих байршил.

5.3.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

           5.3.1.үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа;

           5.3.2.түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;

           5.3.3.үйлдвэрлэлийн хүчин чадал;

           5.3.4.хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт.

5.4.Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

           5.4.1.даргын иргэний үнэмлэхийн хуулбар;

5.4.2.бүтэц, орон тоо;

           5.4.3.ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар;

           5.4.4.шинээр бий болгох ажлын байрны тоо;

          

5.5.Хоршоо, ЖДҮҮЭ нь төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна:

5.5.1.зээлийн өргөдөл;

5.5.2.төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;

           5.5.3.хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);

           5.5.4.төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа.

           5.5.5.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

           5.5.6.хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;

           5.5.7.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

           5.5.8.хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;

           5.5.9.сүүлийн 3 жилийн санхүүгийн баталгаажсан тайлан;

           5.5.10.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт;

           5.5.11.нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;

           5.5.12.төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

           5.5.13.төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;

           5.5.14.тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

5.6.Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо, ЖДҮҮЭ бүрэн хариуцна.

ЗУРГАА. САНГИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН САНАЛ

ХҮЛЭЭН АВАХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ

6.1.Хоршоо, ЖДҮЭЭ нь Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн талаарх саналаа тогтоосон хугацаанд энэ журмын 3.3.2-т заасан хороонд хүргүүлнэ.

6.2.Хороо нь төслийг онооны нийлбэрээр ихээс  бага руу эрэмбэлэн жагсаалт гаргаж, зээлийн эх үүсвэрт багтаан Хоршооны төслийг тэргүүн ээлжинд санхүүжүүлж, эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх ЖДҮҮЭ-ийн төслүүдийн жагсаалтыг тус тус батална.

6.3.Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх хоршоо, ЖДҮҮЭ нь дараах шаардлагыг хангасан байна:

            6.3.1.тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх;

            6.3.2.Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;

            6.3.3.зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;

6.3.4.хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх;

6.3.5.хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх,  ЖДҮҮЭ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан байгууллагад бүртгүүлж, тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх;

6.3.6.гурваас доошгүй жил идэвхитэй үйл ажиллагаа эрхэлж, санхүүгийн тайлангаар баталгаажуулсан байх.

6.4.Энэ журмын 6.3-т заасан шаардлагыг хангасан хоршоо, ЖДҮҮЭ-ийн боловсруулсан төсөл дараах шалгуурыг хангасан байна:

            6.4.1.тухайн суманд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нөөцөд түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий   болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;

            6.4.2.төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;

            6.4.3.гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;

            6.4.4.төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;

6.4.5.төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;

            6.4.6.ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн байх;

            6.4.7.хоршооны гишүүнчлэлийг нэмэгдүүлсэн байх;

6.4.8. хоршооны гишүүдийн оролцоог тусгасан байх;

6.4.9. энэ журмын 6.4.7, 6.4.8-д заасан шаардлага нь ЖДҮҮЭ-д хамаарахгүй.

       6.5.Зээл авахаар хүсэлт ирүүлсэн хоршоо, ЖДҮҮЭ нь бизнес төлөвлөгөөгөө танилцуулах, түүнийг сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг тухайн сумын иргэдэд ил тод, нээлттэй зохион байгуулна.

6.6.Төсөл сонгон шалгаруулах хороо нь энэ журмын 6.3-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж, 6.4-т заасан шалгуураар хорооны гишүүн тус бүр оноогоор дүгнэн, дундаж оноогоор эрэмбэлэн жагсаалт батална. Энэхүү шийдвэрээ ажлын 3 хоногийн дотор тухайн сумын Засаг даргад хүргүүлнэ.

6.7.Төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэрийг тухайн сумын Засаг дарга хүлээн авч баталгаажуулан, эрэмбэлсэн жагсаалтын дагуу санхүүжүүлнэ.

6.8.Сумын Засаг дарга төсөл хэрэгжүүлэгч ЖДҮҮЭ, хоршоотой зээлийн болон барьцааны гэрээ байгуулна. Гэрээ байгуулснаас хойш ажлын 7 хоногийн дотор зээлийн санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн дансанд шилжүүлнэ.

6.9.Хуулийн этгээд нь авсан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд сангийн дансанд буцаан төлнө.

ДОЛОО. САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАЙЛАГНАХ, ХЯНАЛТ ТАВИХ

7.2.Сангийн үйл ажиллагаа нийтэд ил тод, нээлттэй байна. Сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад хяналтын зөвлөл хяналт тавих бөгөөд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаар хөндлөнгийн хяналт шалгалт хийлгэж болно.

7.3.Сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг сумын Засаг дарга хариуцан арилгах бөгөөд хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн гэрээнд заасан заалтыг зөрчсөн зээлдэгчийн зээлийн гэрээг цуцалж, зээлийг Сангийн дансанд буцаан төвлөрүүлэх  ажиллагааг зохион байгуулна.

7.10.Сангийн зээлдэгч нь төслийг зориулалтын дагуу хэрэгжүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний үүргийн дагуу төлж, төслийн талаархи тайланг жилд нэг удаа сумын иргэд, олон нийтэд тайлагнана.

7.11.Хоршоо нь сумын иргэдийн хоршиж хөдөлмөрлөх идэвх санаачлагыг дэмжих, шинээр ажлын байр бий болгох, ажлын байрыг тогтвортой хадгалах, эрүүл, аюулгүй хүнс, үйлчилгээгээр хангах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх, орон нутгийн нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үүрэг хүлээнэ.

НАЙМ. ИЛ ТОД БАЙДАЛ

8.1.Төсөл сонгон шалгаруулалтад шалгараагүй төслүүдийн баримт бичгийг үндэслэл, тайлбарын хамт төсөл ирүүлэгчид буцаана.

8.2.Хорооны хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгарсан аж ахуйн нэгжийн мэдээллийг аймаг, сумын Засаг дарга цахим хуудсаараа дамжуулан мэдээлнэ. Төсөл ирүүлэгчийн хүсэлтийн дагуу албан бичгээр хариуг өгнө.

8.3.Зээл авсан хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу байгууллагын шилэн данс, цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.

АРАВ. ЗЭЭЛИЙГ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

10.1.Хяналтын зөвлөл нь зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт, зээлийн хүү, алдангийг тухай бүр төлүүлж буйд хяналт тавина.

10.2.Эргэн төлөлтийн хуваарь нь нийт төлбөр тэнцүү тооцох аргачлалаар үндсэн зээл болон хүүгийн нийт төлбөрийн дүн сар бүр тэнцүү дүнтэй байна.

10.3.Зээл төлөх төлбөр нь тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар хасаж тооцно.

10.4.Зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан хугацааны дотор эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд  жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь чанаргүй активын ангилалд оруулж, Монгол банкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчийн ангилалд бүртгэнэ.

10.5.Зээлдэгчийн гэрээнд эрсдэл үүссэн тохиолдолд зээлийн хөрөнгийг эргүүлэн татах ажиллагааг сумын Засаг дарга болон хяналтын зөвлөл хариуцан зохион байгуулна. Энэхүү зохицуулалтыг зээлийн гэрээгээр нарийвчлан зохицуулна.

АРВАН НЭГ. ХАРИУЦЛАГА

11.1.Сангаас зээл авсан этгээд зээлийг үр ашиггүй зарцуулсан буюу зориулалтын дагуу зарцуулаагүй, зээлийн болон барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн этгээдэд олгосон хөнгөлөлттэй зээлийг буцаан төвлөрүүлэх бөгөөд сангаас дахин зээл олгохгүй.

11.2.Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, энэ журамд заасныг зөрчиж төсөл сонгон шалгаруулсан, төслийн хэрэгжилтэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаагүй нь эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар тогтоогдсон бол тухайн сумын Засаг дарга болон холбогдох бусад албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж сангийн хохирлыг барагдуулна.

11.3.Энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээд санд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцан барагдуулна.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 1 =

Create Account



Log In Your Account