СОНГУУЛЬ 2020: МАН-ын мөрийн хөтөлбөр

By: Admin
2024-12-21
0
2265

НЭГ. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх арга хэмжээнүүд авснаар зохих үр дүнд хүрч байна.

“Эрүүл Монгол хүн” зорилтын хүрээнд “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэв. Тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдүүллээ. Хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бүрдүүлж, бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлэв. Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийг анх удаа батлан хэрэгжүүлж, гэр бүл, хүүхэд, залуучуудын болон тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэдийн хөгжлийг дэмжиж ажиллав.

“Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор эхчүүдийн нийгмийн даатгал төлсөн хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог боллоо. Бага тэтгэвэр авч байсан ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлж, зөрүүг багасгав. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулж, малчид, хувиараа аж ахуй эрхлэгчдэд нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх эрх зүйн орчинг бүрдүүлэв. Азай буурлууддаа жилд 2 удаа “Насны хишиг” олгож байна. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталж, ахмадын зээлийг тэглэв. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас эзэмшүүлэх боллоо.

Ирэх дөрвөн жилд амжилттай хэрэгжиж байгаа бүх хөтөлбөрөө үргэлжлүүлж, улам өргөжүүлнэ. Нийгмийн даатгалын тогтолцоонд эрс шинэчлэл хийж, хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд үе шаттайгаар шилжинэ. Нийгмийн даатгал төлдөг хүн бүр тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна орон сууцтай болох, мэргэжил, боловсролоо дээшлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Үндэсний өв соёл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн шинэ салбарыг хөгжүүлнэ. Хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжиж, дундаж давхаргын эгнээг өргөжүүлнэ.

1.1 ОРЛОГОТОЙ ИРГЭН

1.1.1. Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.

1.1.2. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна.

1.1.3. Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно.

1.1.4. Өрхийн бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ.

1.1.5. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно.

1.1.6. Гарааны бизнес эрхлэгч оюутан, залууст бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

1.1.7. Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.

1.1.8. Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулна.

1.1.9. Орлого багатай өрхийн ажил эрхлээгүй насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

1.1.10. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.1.11. Мөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.

1.1.12. Арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ.

1.1.13. Зах зээлийн ил тод, нээлттэй байдал, шударга өрсөлдөөнийг хангаж, тэгш гараанаас бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

1.1.14. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлж, хамгийн бага түрээс төлөх зохицуулалт хийнэ.

1.1.15. Оюу толгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ.

1.1.16. Оюу толгой болон бусад уул уурхайн төслүүдээс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих нийгмийн хариуцлагын сан байгуулна.

1.1.17. Хот, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг бүрдүүлнэ.

1.1.18. Иргэдийн туршлага, ур чадвартаа түшиглэн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл олгоно.

1.2 ХУРИМТЛАЛЫН НЭГДСЭН САН БА ОРОН СУУЦТАЙ ӨРХ

1.2.1. Нийгмийн даатгалын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, “Хуримтлалын нэгдсэн сан” байгуулан иргэн бүр нэрийн дансандаа бодит хуримтлалтай болох тогтолцоог бий болгоно.

1.2.2. Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэнэ.

1.2.3. “Хуримтлалын нэгдсэн сан”-гаар дамжуулж, нийгмийн даатгал төлдөг иргэн анх удаа орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагддаг тогтолцоог бий болгоно.

1.2.4. Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны урьдчилсан төлбөрийг бууруулах, чөлөөлөх үе шаттай арга хэмжээ авна.

1.2.5. Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно.

1.2.6. Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, Хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сантай хамтарч төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150,000 өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ. Үүнд: Хүн амыг орон сууцаар хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангасан 80 мянган айлын орон сууц “Бага өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг санаачлан 50 мянган айлын орон сууц “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 20 мянган айлын орон сууц

1.2.7. Орон сууцны суурь үнийг буулгах зорилгоор цемент, арматур болон барилгын зарим материалын дотоодын үйлдвэрүүдийг татвараас хөнгөлөх бодлого баримтална.

1.2.8. Орон сууцны төлөвлөлтөд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, усан сан, биеийн тамирын талбай бүхий тохилог орчин бүрдүүлэх стандарт хэрэгжүүлнэ.

1.2.9. Хөдөлмөрийн зах зээлийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, ажлын үнэлгээг цагаар тооцох, ур чадвар, үр дүнд суурилсан цалин хөлсний систем бүрдүүлнэ.

1.2.10. Хүн бүрийг хөдөлмөрийн цахим бүртгэлтэй болгож, нийгмийн даатгал, хамгааллын тогтолцоотой уялдуулж, хөдөлмөр эрхлэлтийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.

1.2.11. Иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат нийгмийн даатгалын тогтолцоог бий болгоно.

1.3 ЭРҮҮЛ ИРГЭН

1.3.1. Үндэсний оношилгооны чадавхыг дээшлүүлж, иргэн бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд жил бүр заавал хамрагдах тогтолцоог бүрдүүлнэ.

1.3.2. Иргэдийн эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн санг үүсгэж, орон нутгийн болон бүх шатлалын эмнэлгүүдийн оношилгоо, мэдээллийг дотоодод болон олон улсад цахимаар солилцох тогтолцоог бүрдүүлнэ.

1.3.3. Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ, эмийн хөнгөлөлт авах зэрэг цахим эрүүл мэндийн системийг бүрэн нэвтрүүлж, эмчлүүлэгчийн нууцлалыг хангаж, зардал, хүлээгдэл, чирэгдлийг бууруулна.

1.3.4. Хавдар, зүрх судасны өвчлөлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээний шинэ арга зүй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн эх орондоо бүрэн эмчлэх боломж бүрдүүлж, гадаад улсад оношилгоо, эмчилгээ хийлгэх иргэдийн урсгалыг эрс бууруулна.

1.3.5. Олон улсын жишигт нийцсэн “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв – II”, “Зүрх судасны үндэсний төв”, “Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төв” байгуулна.

1.3.6. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, даатгуулагч үр шимийг хүртэх боломжийг нэмэгдүүлнэ.

1.3.7. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг үргэлжлүүлж, “Хавдрын эсрэг хамтдаа” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.3.8. Хеликобактеритэй тэмцэх, хянах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж нянгийн шалтгаант ходоодны архаг үрэвсэл, шарх, хорт хавдрын шинэ тархалтыг таслан зогсооно.

1.3.9. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг үргэлжлүүлж, хүүхдийн хоолойн архаг (ангина) өвчнийг эрт илрүүлэн эмчлэх, ирээдүйд учрах эрүүл мэндийн эрсдэлээс бага насанд нь сэргийлэх “Эрүүл ирээдүй” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.3.10. “Эрүүл чийрэг эр хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж дундаж наслалтыг уртасгана.

1.3.11. Эмэгтэйчүүдийн товлолт дархлаажуулалтыг үндэсний хэмжээнд нэвтрүүлж, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, хөхний эрүүл мэндийг хамгаалах “Энх бүсгүй” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.3.12. Яаралтай тусламжийн үндэсний сүлжээний чадавхыг дээшлүүлж, түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлт хийж, шаардлагатай үеийн нисдэг тэрэг ашиглалтыг нэмэгдүүлнэ.

1.3.13. Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтны нийгмийн болон хөдөлмөрийн үнэлэмж, урамшууллыг инфляцын түвшинтэй уялдуулж, үе шаттай нэмэгдүүлнэ.

1.3.14. Сувилагч, асрагчаар суралцагсдыг нэмэгдүүлж, нийгмийн асуудал, ажиллах орчинг сайжруулан, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг сувилагч, асрагчаар бүрэн хангана.

1.3.15. Эмчилгээний дараах сувилахуйн болон нөхөн сэргээх төрөлжсөн эмнэлгүүдийг байгуулна.

1.3.16. Мансууруулах бодис хэрэглэгч, донтогч нарыг эмчлэх, эрүүл мэнд, сэтгэл зүйн засал, нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх төв байгуулна.

1.3.17. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн чадавхыг сайжруулж, хавдар, зүрх судас, гэмтэл согог, эх нялхсын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, техник, тоног төхөөрөмжийг сайжруулж, иргэд орон нутагтаа үндэсний түвшний тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ.

1.3.18. Сумдын эмнэлгийг халуун, хүйтэн ус, ариун цэврийн байгууламжтай болгоно.

1.3.19. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй болон ахмад настнуудын эмчилгээ, асаргаа, сувилгаа зэрэг эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

1.3.20. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах “Цахим карт” олгоно.

1.3.21. Иргэдэд эрүүл мэндийн бүх талын боловсролыг ЕБС-д суралцаж байх үеэс олгож, эрүүл мэндийн “анхны тусламж” үзүүлэх чадавхыг хүн бүрд эзэмшүүлнэ.

1.3.22.  Иргэдийг   эмийн   бус   аргаар   эрүүлжүүлэх ажлыг тусгай хөтөлбөрөөр хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны загвар төв байгуулна.

1.3.23. “Идэвхтэй эрүүл амьдрал” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, дасгал хөдөлгөөн, зөв хооллолт, стресс бухимдлаас ангид байх эрүүл амьдралын дадал хэвшлийг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.

1.3.24. Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний хэрэглээг (чихэрлэг болон хийжүүлсэн ундаа, транс тос) хязгаарлаж, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулна.

1.3.25. Эмийн аюулгүй байдлын лаборатори байгуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдал, бүртгэл, импорт, түгээлт, цахим хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгоно.

1.3.26. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг зохицуулж, эмийн үнийн хөөрөгдлийг хязгаарлан иргэнд учрах санхүүгийн хүндрэлийг бууруулна.

1.3.27. Хүний биеийн бүтэц, эрүүл амьдрал, танин мэдэхүйн үзүүлэн бүхий “Эрүүл мэндийн музей” байгуулна.

1.3.28. Өрхийн эмнэлгийн статусыг тодорхой болгож, санхүүжилтийг оновчтой хэлбэрээр шийдвэрлэнэ.

1.4 ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦЫН ХӨГЖИЛ

1.4.1. Монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, үндэсний үнэт зүйлээ дээдэлсэн агуулгыг баяжуулж, сургалтын нэгдсэн хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр сургууль, цэцэрлэгүүдэд жигд хэрэгжүүлнэ.

1.4.2. ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтны нийгмийн болон хөдөлмөрийн үнэлэмж, урамшууллыг инфляцын түвшинтэй уялдуулж, үе шаттай нэмэгдүүлнэ.

1.4.3. Багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжиж, мэргэжил дээшлүүлэх гадаад, дотоодын сургалт, үйл ажиллагаанд хамруулж, “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

1.4.4. Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгаж, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг мэдлэг чадвар, ажлын гүйцэтгэл, туршлагад нь үндэслэн сонгон шалгаруулж томилно.

1.4.5. Цэцэрлэгийн хүүхдийн орны тоог эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн үе шаттай нэмж, хүн амын төвлөрөл ихтэй газруудад 273 шинэ цэцэрлэг барьж, 24 цагийн үйлчилгээтэй цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ.

1.4.6. Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг хамруулах боломжтой болгож, яслийн үйлчилгээг сэргээнэ.

1.4.7. Цэцэрлэгийн бүлэг бүрд 2 ээлжийн бүлгийн багш ажиллуулан хүүхэд хүлээж авах, өгөх цагийг уртасгаж эцэг, эхчүүдэд ажлаа тараад хүүхдээ авдаг боломжийг бүрдүүлнэ.

1.4.8. Өвлийн улиралд хүүхдийг ханиад, томуу, халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдын өвлийн амралтын хугацааг уртасгах зохицуулалт хийнэ.

1.4.9. ЕБС-д үдийн цай хөтөлбөрийг үргэлжлүүлж, үдийн хоолны үйлчилгээг үе шаттайгаар хэрэгжүүлж, нэг хүүхдэд ноогдох зардлыг 2 дахин нэмж, хүүхдэд шим тэжээл, амин дэмээр баялаг хоолоор үйлчилнэ.

1.4.10. Цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвөөс олгох зардлыг 2 дахин нэмнэ.

1.4.11. Суралцагчдад сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, мэргэжлээ сонгоход туслах чиг үүрэгтэй сэтгэл зүйч-мэргэжилтнийг сургууль бүрд ажиллуулна.

1.4.12. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй хүүхэд ердийн сургууль, цэцэрлэгт сурах, хөгжих орчин бүрдүүлнэ.

1.4.13. Улсын хэмжээнд нийт ЕБС-ийн 80-аас доошгүй хувийг 1 ээлжтэй болгоно.

1.4.14. Сургуулийн насны хүүхдийн тоо, эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, хүн амын төвлөрөл ихтэй газруудад 200 шинэ сургууль барина.

1.4.15. Нийслэлийн дүүрэг, аймаг бүрд олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан жишиг сургууль байгуулна.

1.4.16. Сургуулиуд өндөр өнжүүлэх анги, бүлэг хичээллүүлэхийг дэмжинэ.

1.4.17. Хичээлээс гадуурх сургалтын үндэсний хөтөлбөр боловсруулж, сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.

1.4.18. Covid-19 цар тахлаас үүдсэн ЕБС-ийн танхимын хичээл завсардалт, теле хичээлийн хэрэгжилтийн үнэлгээ хийж, сурагчдад боловсролын агуулгыг нөхөж олгох олон сонголтот хувилбар бүхий онлайн, зайн сургалтын агуулгыг баяжуулж, түгээнэ.

1.4.19. Сургуулийн дотуур байр, ногоон хөгжлийн байгууламж, спортын болон урлагийн заал, цайны газар, мэдээлэл зүйн сургалтын танхимыг тохижуулж, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй суралцагчдад зориулсан тохируулгат орчин бүрдүүлнэ.

1.4.20. Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.

1.4.21. Хувийн цэцэрлэг, сургуулийг ашгийн, ашгийн бус гэдгээс хамаарсан бодлого хэрэгжүүлж, ашгийн бус сургалтын байгууллагыг бодлогоор дэмжинэ.

1.4.22. Олон Улсын“Найрамдал-2” хүүхдийн зуслан барьж, орон нутгийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг тогтворжуулна.

1.4.23. Боловсролын зээлийн сангийн хүртээмжийг нэмэгдүүлж, оюутан ар гэртээ санхүүгийн дарамтгүйгээр суралцах нөхцөлийг бүрдүүлнэ.

1.4.24. Хөгжлийн тэргүүлэх чиглэлээр суралцаж байгаа болон сурлагын амжилтаар тэргүүлэгч оюутнуудад 100 хувь хүртэл сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлнэ.

1.4.25. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын урсгал болон судалгааны зардалд төрөөс дэмжлэг үзүүлнэ.

1.4.26. Орон нутаг дахь МСҮТ, их дээд сургуулиудыг дэмжиж, багш нарт орон нутгийн нэмэгдэл олгож, оюутныг төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.

1.4.27. Бүсийн хөгжлийг дэмжиж, орон нутгийн онцлогт уялдуулсан хөдөө аж ахуй, уул уурхай, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэрийн чиглэлээр салбар сургуулиудыг байгуулах ажлыг зохион байгуулна.

1.4.28. МСҮТ-д салбар дундын дадлагын бааз байгуулна.

1.4.29. Бүх насны суралцагсад иргэдэд зориулсан онлайн сургалтын хөтөлбөр боловсруулан түгээж, хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн хүссэн чиглэлээр насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлнэ.

1.4.30. Олон улсын түвшинд зохион байгуулагдаж буй олимпиад, уралдаан, тэмцээнд оролцож, амжилт үзүүлсэн суралцагч, багш, судлаач, багийг дэмжиж урамшуулна.

1.4.31. Эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийг сургалт, судалгаа хөгжүүлэлт, соён гэгээрэл, инновацын цогцолбор болгон хөгжүүлнэ.

1.4.32. Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын судалгаа, шинжилгээний чадавхыг дээшлүүлж, эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийн зардлыг дөрөв дахин нэмэгдүүлнэ.

1.4.33. Эрдэмтдийн оюуны бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж, төрөөс дэмжинэ.

1.4.34. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шинжлэх ухаан, технологи, инновацын тэргүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт, санхүүжилт татан, эдийн засгийн өсөлтийг бий болгох төсөл хэрэгжүүлнэ.

1.4.35. Аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт дэвшилтэт болон шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, нутагшуулсан аж ахуйн нэгжийг гааль, татвар, зээлийн бодлогоор дэмжинэ.

1.4.36. Шинжлэх ухаан, инновацын нэгдсэн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлнэ.

1.5 ТОГТВОРТОЙ-АМАР, АМГАЛАН ГЭР БҮЛ

1.5.1. Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох аргачлалыг боловсронгуй болгож, нийгмийн халамжийн үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ.

1.5.2. Орлого багатай өрхийн нийгмийн хамгаалал, амьжиргааг дээшлүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг нэвтрүүлнэ.

1.5.3. Хувь хүн, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн ажиллах эрх зүйн орчныг сайжруулна.

1.5.4. Хүн бүр угийн бичгээ хөтлөх, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, удмын сангаа хамгаалах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.5.5. Хүн амын бүлгүүд ялангуяа эмэгтэйчүүд, оюутан, залуучууд, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэд, ахмад настан хагас цагаар, гэртээ зайнаас ажиллах уян хатан зохицуулалт бий болгоно.

1.5.6. Гадаадад сурч, хөдөлмөрлөж байгаа Монгол иргэдийн мэдээллийн сан бүрдүүлж, тэднийг эх орондоо чиглэсэн бизнесийн болон сайн дурын үйл ажиллагаа, судалгаа, шинжилгээний ажлыг нь дэмжинэ.

1.5.7. Гадаадад их, дээд сургууль төгссөн залуучуудаа эх нутагтаа эргэн ирж ажиллаж хөдөлмөрлөх, бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж, урамшуулах тогтолцоог бүрдүүлсэн цахим мэдээллийн систем, хөдөлмөрийн бирж бий болгоно.

ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР

1.5.8. Хүүхдийн хөгжил, авьяас, ур чадвар, техник сэтгэлгээ, нийгмийн төлөвшилтийг дэмжихэд эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ.

1.5.9. Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхэд, гэр бүлд ээлтэй, тэгш боломж бүхий нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ.

1.5.10. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хүүхэд олноор зорчих хэсгийг гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, камертай болгоно.

1.5.11. Хүүхдийн тоглоомын талбай, орчны стандартыг мөрдүүлж, хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлж, хяналтыг сайжруулна.

1.5.12. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийн байрыг бүс, орон нутагт байгуулна.

1.5.13. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана.

ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР

1.5.14. Залуучууд, залуу гэр бүлийг орлогод нь нийцсэн, уян хатан төлбөрийн нөхцөлтэй орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлнэ.

1.5.15. Залуучуудын хөгжлийг дэмжих сан байгуулна.

1.5.16. Гэр бүл, хүүхэд, оюутан, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин бий болгоход зориулсан төвүүд байгуулна.

1.5.17. Хүүхэд, оюутан, залуучууд, өсвөр үеийнхнийг гадны сөрөг нөлөө, бусдын дарамт, гэмт хэрэгт өртөх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхээс сэргийлэх, цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.5.18. Асрамжийн газарт өсөж, 18 нас хүрсэн залуучуудыг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ.

1.5.19. Залуу гэр бүлийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаа, сэтгэл зүй, хөгжлийн хэрэгцээг дэмжсэн "Залуу гэр бүл" хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.5.20. Хүн амын өсөлтийн бодлогын хүрээнд гурав ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн тооноос хамаарсан татварын хөнгөлөлт үзүүлэх “Тогтвортойамар амгалан гэр бүл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.5.21. “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлж, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд ялгаварлалгүй олгоно.

1.5.22. Уртын ээлжээр ажиллаж буй иргэдийн ажил амралт, амьдралын зохистой горим бий болгоно.

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭ (ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ)- ТЭЙ ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР

1.5.23. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)- тэй иргэдийн эрх, оролцоог хангаж, нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаа болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

1.5.24. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэд хэрэгцээт үйлчилгээгээ авах нөхцөлийг төрийн болон бусад бүх байгууллагад бүрдүүлнэ.

1.5.25. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэнд ажлын байр бий болгосон ажил олгогчид санхүүгийн урамшуулал олгож, тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд төлөх төлбөрийн хэмжээ, төрийн байгууллагын удирдах ажилтны хариуцлагыг нэмэгдүүлнэ.

1.5.26. Тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй 0-16 насны хүүхдээ асран ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эх (эцэг)-ийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх боломжийг бүрдүүлнэ.

1.5.27. Байнгын асаргаа шаардлагатай тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй иргэд, ахмадуудад зориулсан төрөлжсөн асрамж, сувиллын үйлчилгээний тогтолцоог сайжруулна. 1.5.28. Хүнд хэлбэрийн тусгай хэрэгцээ (хөгжлийн бэрхшээл)-тэй хүүхдийн асрамжийн төв барина.

АХМАДУУДАД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР

1.5.29. Ахмадуудад суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.

1.5.30. “Насны хишиг” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

1.5.31. Тэтгэврийн зөрүүг ойртуулах цогц арга хэмжээ авч, тэтгэврийн дээд, доод, дундаж хэмжээний зохистой харьцаа тогтооно.

1.5.32. Тэтгэврийн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

1.5.33. Ахмадын нийтийн тээвэр, амралт, сувиллын хөнгөлөлт, хүнсний талон зэрэг тусламж үйлчилгээний зардлыг хувь хүний тэтгэврийн дансанд шилжүүлдэг тогтолцоог бий болгоно.

1.5.34. Ахмад настны чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, мэдээлэл авах, хөгжих боломжийг бүрдүүлэх хөгжлийн төвүүдийг нэмж байгуулна.

1.5.35. Ахмад настны орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх ажил эрхлэлт, зөвлөх үйлчилгээг үр дүнтэй хэлбэрээр үргэлжлүүлнэ.

1.6 ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ, ӨВ СОЁЛ, СПОРТ

1.6.1. Үндэсний бахархал, монгол өв, соёлыг өвлүүлэх, дархлааг бий болгох зорилгоор “Чингис хаан музей”, “Үндэсний урлагийн их театр”, “Байгалийн түүхийн музей”, “Үндэсний төв номын сан”-гийн барилга, байгууламжийг шинэчлэх бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгана.

1.6.2. Соёлын асуудал хариуцсан яам байгуулна.

1.6.3. Хилийн чанадад хүүхэд, өсвөр үеийнхэнд эх хэл, соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий соёлын төв, сургалтын байгууллагуудын статусыг хуулиар баталгаажуулна.

1.6.4. Дэлхий дахинд Монголын нүүдлийн соёл иргэншил, үнэт зүйлийг танилцуулсан өв, соёл, урлаг, аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

1.6.5. Соёл, урлаг, оюуны болон спортын төрлөөр дэлхийд танигдсан Монгол брэндийг дэмжиж, Монгол бахархлыг төлөвшүүлнэ.

1.6.6. “Кино урлагийг дэмжих сан”-гийн үйл ажиллагааг тогтмолжуулж, Монголын кино урлагийг олон улсын түвшинд үнэлүүлэх уран бүтээл туурвихад дэмжлэг үзүүлнэ.

1.6.7. Хүүхэлдэйн театр, хүүхдийн номын сан, хүүхдэд зориулсан бүтээл зэрэг соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, хүүхэд хөгжлийн төвүүдэд шаардлагатай сургалт, танин мэдэхүйн дэмжлэгийг үзүүлнэ.

1.6.8. Үндэсний монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, “Монгол бичиг”-ээр хэвлэгддэг ном, сонин, сэтгүүлийг нэмэгдүүлнэ.

1.6.9. Түүх, соёлын өвийг сүйтгэж байгаа хууль бус үйл ажиллагаатай хатуу тэмцэж, хариуцлагыг чангатгаж, биет болон биет бус өвийг хамгаална.

1.6.10. Иргэд идэвхтэй хөдөлгөөн хийх, уулын болон явган аялал, дугуйн спорт зэрэг нийтийн биеийн тамирын төрлүүдийг дэмжиж, хамрах хүрээг өргөжүүлнэ.

1.6.11. Иргэд, олон нийтэд зориулсан усан бассейн бүхий спорт цогцолборыг аймаг бүрд барих ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

1.6.12. Спортын дасгалжуулагчдыг мэргэшүүлэх сургалтын тогтолцоог сайжруулж, биеийн тамир, спортын арга зүйчийн ажлын байрыг нэмэгдүүлж, сум бүрд биеийн тамирын арга зүйч ажиллуулна.

1.6.13. Биеийн тамир, спортод хөрөнгө оруулалт хийсэн хувь хүн, аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлнэ.

1.6.14. Магадлан итгэмжлэгдсэн спортын клубуудэд хамрагдаж буй төлбөр тооцоог эрүүл мэндийн даатгалаар төлдөг болгож, спортоор хичээллэдэг иргэдийн тоог нэмэгдүүлнэ.

1.6.15. Монголын үндэсний баяр наадам, үндэсний спортын язгуур шинжийг хадгалан уламжлуулах, олон улсад сурталчлан таниулах хүрээнд дэлхийн нүүдэлчдийн их наадмыг тогтмол зохион байгуулж, хөгжлийн шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлнэ.

1.6.16. Үндэсний шигшээ багийн спортын төрөл, бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, тамирчид амжилтаа ахиулан, тив, дэлхийн түвшинд хүрэхэд дэмжлэг үзүүлнэ.

1.6.17. Үндэсний цэнгэлдэх хүрээлэн, битүү дээвэртэй өвлийн спортын ордон, Паралимпийн болон үндэсний спортын цогцолборыг барина.

ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

Сэхээнд орсон эдийн засгаа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эмчилж, хасах үзүүлэлттэй эдийн засгийг 5-7 хувийн өсөлттэй болгов. Нийт 8.2 их наяд төгрөгийн бонд, зээл, зээлийн хүү дарж, өрийн дарамтыг бууруулав. Гадаад зах зээлд Монгол Улсад итгэх итгэл сэргэж, улсын зээлжих зэрэглэл хоёр шатаар нэмэгдлээ.

Малчдын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, махны экспортыг 4-5 дахин нэмэгдүүлэв. Жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлдөг болов. Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал, модны суулгац үйлдвэрлэгчийн татварыг 50 хувь хөнгөлөв. Гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссоныг сэргээж жил бүр 2 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт татаж байна. Гадаад худалдааны тэнцлийг сайжруулж, 2017-2019 онд 4.5 тэрбум ам.долларын ашигтай гарав. Гадаад валютын албан нөөц шавхагдсан байсныг 4 тэрбум гаруй ам.доллар болгон нэмэгдүүллээ. Арилжааны банкуудын зээлийн хүү 20 хувь байсныг 16.8 хувь болгон бууруулав. Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмчид авлаа. Таван толгойн ордоос төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлж, Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнээс давуулав. Ирээдүйн өв санд 640 тэрбум төгрөг хуримтлуулаад байгаа бөгөөд 2020 онд 1 их наяд төгрөг болж нэмэгдэхээр байна. Монгол Улс анх удаа ирээдүй хойч үедээ өв хөрөнгө хадгалж байна.

Ирэх дөрвөн жил хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Үндэсний баялгийн сан байгуулж, эдийн засгийн өсөлтийг хүн бүрд хүргэнэ. Бүс нутгийн дэд бүтцийн сүлжээг сайжруулж, хот, хөдөөгийн ялгааг багасгана. Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна. “Монгол мал – II хөтөлбөр”, “Атрын IV аян”-ыг зохион байгуулж, органик хүнс экспортлогч орон болно. Эрчим хүч экспортлогч орон болно. Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын таатай улс болно. Жилд 1 сая жуулчин хүлээн авна. Өмнөх 4 жилийн амжилтаа бүх талаар ахиулан, хүчирхэг эдийн засагтай, чинээлэг иргэн бүхий орон болно.

2.1 ХӨГЖИЛД ХӨТЛӨХ МЕГА ТӨСЛҮҮД

2.1.1. Стратегийн чанартай уул уурхай, хүнд үйлдвэрийн дараах мега төслүүдийг хэрэгжүүлнэ.

Уул уурхайн дараах ордуудыг ашиглана. Үүнд:

-Таван толгойн нүүрсний ордыг бүрэн ашиглалтад оруулна.

-Оюу толгойн далд уурхайг ашиглана.

-Цагаан суваргын ордыг ашиглалтад оруулна.

-Хармагтайн ордыг ашиглалтад оруулна.

-Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.

-Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулна.

-Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоогийн шинэтгэл, өргөтгөл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дараах цогцолборуудыг байгуулна. Үүнд:

-Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж, нефть-химийн үйлдвэрийн суурийг тавина.

-Таван толгойн нүүрс-хими, кокс-хими, метан хийн үйлдвэрлэл ашиглалтад оруулна.

-Нүүрс угаах үйлдвэрүүд шинээр барьж, угаасан нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэнэ.

-Үнэт металл, алт боловсруулах цэвэршүүлэх үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна.

-Зэс болон бусад металл хайлах үйлдвэр ашиглалтад оруулна.

-Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

-Багануур дүүрэгт нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ.

-Налайх дүүрэгт “Таван толгойн сайжруулсан түлшний үйлдвэр –II” байгуулна

-Дорноговь аймагт баригдаж буй Төмөр, ган ширэм боловсруулах үйлдвэр, Коксын үйлдвэрийн барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулна.

2.1.2. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, эрдэс баялгийн нөөцийг арвижуулан, нөөц нь тогтоогдсон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ.

2.2 ЭДИЙН ЗАСГИЙН ТӨРӨЛЖИЛТ

Импортлогч улсаас экспортлогч улс

2.2.1. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана.

2.2.2. Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно.

2.2.3. Жилд 10 сая толгой малын түүхий эдийг боловсруулах цогцолборыг Дархан хот болон бүсийн төвүүдэд байгуулна.

2.2.4. Монгол малын махны ач тусыг олон улсад сурталчлан таниулж, экспортын махны үнийг нэмэгдүүлнэ.

2.2.5. Махны экспортын бодлогод нийцүүлэн мал бордох үр ашигтай аргачлал, технологийг нэвтрүүлж махны экспортын хэмжээг 150 мянган тоннд хүргэж нэмэгдүүлнэ.

2.2.6. Малчин, тариаланчдын нийгмийн асуудлыг шийдэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ.

2.2.7. Хөдөө аж ахуйн салбарт малчид, тариаланчдын залгамж халааг бэлтгэх “Илгээлтийн эзэн – III” аяныг хэрэгжүүлнэ.

2.2.8. Мал, амьтны гаралтай арьс, шир, үс, ноос, ноолуурыг бүрэн боловсруулж, оёмол, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.

2.2.9. “Ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлж, малчдын орлогыг тогтвортой байлгахад дэмжлэг үзүүлнэ.

2.2.10.  “Монгол мал-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж, малыг эрүүлжүүлэх, чанар, ашиг шимийг сайжруулах ажлыг эрчимжүүлж, малын тоог чанарт шилжүүлж ашиг шим, хүртээмжийг сайжруулах, малын генийн санг хамгаалах, биотехнологийн ололтыг нэвтрүүлнэ.

2.2.11. Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлж, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан, малын гаралтай бүтээгдэхүүний мөшгөх цахим тогтолцоог хөгжүүлж өргөжүүлнэ.

2.2.12. Мал эмнэлгийн тогтолцооны шинэчлэлийг төгөлдөржүүлж, малын эмч, зоо-техникчдийг тэтгэлэгт хөтөлбөрөөр бэлтгэн, хөдөө орон нутагт ажиллуулна.

2.2.13. Халдварт өвчинтэй тэмцэх, мал сүргийг бүрэн вакцинжуулах дунд хугацааны стратегийг хэрэгжүүлж, гоц халдварт өвчингүй, тайван бүсийг баталгаажуулна.

2.2.14. Био-комбинатын өргөтгөлийг бүрэн дуусгаж, малын эм тарилга, вакциныг дотоодоос бүрэн хангана.

2.2.15. Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын сүүний үйлдвэрлэл, боловсруулалтыг өсгөж, сүүгээ борлуулж буй малчдад сүүний  урамшуулал олгох тогтолцоог бий болгоно.

2.2.16. Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир, ноос, ноолуур, түүхий эд бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдэд түүхий эдийн чанартай нь уялдуулан мөнгөн урамшуулал олгох тогтолцоог улам сайжруулна.

2.2.17. “Атар-4” аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

2.2.18. Төмс, байцаа, манжин, лууван, сонгино, сармисны дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, гадаад зах зээлд экспортолж эхэлнэ.

2.2.19. Хүлэмж, агуулахын аж ахуйг хөгжүүлэх замаар хүнсний ногооны дотоодын хэрэгцээг жилийн турш тогтвортой хангана.

2.2.20. Төмс, хүнсний ногооны импортын гаалийн татварыг 10-15 хувь хүргэн нэмэгдүүлж, дотоодын зах  зээлийг хамгаална.

2.2.21. Таримлын сэлгээ, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

2.2.22. Газар тариалангийн бүс нутагт усжуулалтыг нэмэгдүүлж, үрийн шилмэл сортын нөөц бүрдүүлнэ.

2.2.23.  Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах үйл ажиллагаанд зээлийн дэмжлэг үзүүлж, өвс тэжээлийн аюулгүй нөөцийг нэмэгдүүлнэ.

2.2.24. ХАА-н даатгалын  тогтолцоог сайжруулж, малчид, тариаланчдыг эрсдэлээс хамгаална.

2.2.25. Хан-Уул дүүрэгт Ээрэх үйлдвэрийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлнэ.

2.2.26. Дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж, шинээр ган, шилний үйлдвэрийг байгуулна.

2.2.27. Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

2.2.28. Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэлийн Эко парк байгуулна.

БҮТЭЭЛЧ ЭДИЙН ЗАСАГ

2.2.29. Мэдээллийн технологийн салбарыг экспортод чиглүүлэн, шинэ болон дижитал эдийн засгийг хөгжүүлэх институцийн тогтолцоог бэхжүүлнэ.

2.2.30. Мэдлэгт суурилсан соёлын бүтээлч эдийн засгийн шинэ салбарыг хөгжүүлж, институц, эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

2.2.31. Аж үйлдвэрийн IV хувьсгалыг эрчимжүүлж, бүтээлч аж үйлдвэрийг дэмжих санхүүгийн тогтолцоог бүрдүүлж, соёлын аж үйлдвэрийн парк байгуулна.

2.2.32. Оюуны хөдөлмөрийг дэмжсэн онлайн, зайнаас ажиллах ажлын байрыг нэмэгдүүлж, зөвлөх болон аутсорсингийн үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлнө.

Төрөлжсөн аялал жуулчлал

2.2.33. Аялал жуулчлалын салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгон үндэсний онцлог, ялгарал

бүхий, байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдийг түшиглэсэн тогтвортой эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

2.2.34. Үндэсний аялал жуулчлалын хөтөлбөр, соёлын арга хэмжээг тогтмолжуулж, олон улсын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ.

2.2.35. Аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагаа, олон улсын сурталчилгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлж, цар хүрээг нэмэгдүүлнэ.

2.2.36. Аялал жуулчлалын үйлчилгээний чанар, эрүүл ахуйн шаардлагыг сайжруулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ.

2.2.37. Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу тогтоосон 39 байршилд түр буудаллах үйлчилгээний цогцолбор байгуулна.

2.2.38. Аялал жуулчлалын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулж, боловсрол, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлнэ.

2.2.39. Торгоны зам, Цайны замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

2.2.40. Хэнтийд эзэн Чингис хааны, Орхоны хөндийд Нүүдэлчдийн төрт улсын, Сэлэнгэд Ардын хувьсгалын, Дорнодод Халх голын ялалтын, Төв аймагт археологи, угсаатны, Дундговьд палеонтологийн, Өмнөговьд үлэг гүрвэлийн, Баян-Өлгийд байгалийн, Хөвсгөлд байгаль, ан амьтны, Баянхонгорт хүн төрөлхтний үүсэл гарвалын, Ховдод олон ястны музей, цогцолбор байгуулна.

Төр, хувийн хэвшлийн түншлэл

2.2.41. Улсын хөрөнгө оруулалтын 2020-2024 оны хөтөлбөрийг шинэчлэн боловсруулна.

2.2.42. Олон улсын тээвэр, логистикийн төвүүдийг байгуулж, үндэсний тээвэр логистикийн тогтолцоог хөгжүүлнэ.

2.2.43. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж үйлдвэрийн паркууд байгуулна. Үүнд: Эрдэнэт, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Ховд аймагт аж үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк Багануур, Налайх, Багахангай, Эмээлтэд үйлдвэрлэл, технологийн парк

2.3 ҮНДЭСНИЙ ДЭД БҮТЦИЙН СҮЛЖЭЭ

Эрчим хүчний төсөл

2.3.1. Эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэн иргэд, айл өрхөд үнэ өртгийн дарамт бага байлгах бодлого баримталсан зах зээлийн зөв тогтолцоонд шилжүүлнэ.

2.3.2. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина. Үүнд:

2.3.3. Орон нутагт нарны эрчим хүчийг дулааны эх үүсвэр болгон ашиглах технологи нэвтрүүлнэ.

2.3.4. Хөшигийн хөндийд баригдах "Шинэ зуун мод", Майдар хотуудын дулаан, цахилгааны эх үүсвэрийг судалж, шийдвэрлэнэ.

2.3.5. Баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангана.

2.3.6. Аймгуудын нүүрсний ордуудыг түшиглэн шахмал түлшний үйлдвэр барьж, аймаг, орон нутгийн агаарын бохирдлыг бууруулна.

Агаарын тээвэр

2.3.7. Орон нутгийн хот хоорондын з?


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 3 =

Create Account



Log In Your Account