Хүйсээр ялгаж бус хувийн онцлог дээр суурилж сургаж, хүмүүжүүлэх нь жендерийн хэвшмэл ойлголтыг өөрчилнө

By: Admin
2025-01-09
0
14

МУИС-ийн Баруун Бүсийн Сургууль, Ховд аймгийн ИТХ болон УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс “Оролцоот Парламент” форумыг нэгдүгээр сарын наймны өдөр хамтран зохион байгуулав.

Уг форумд зочин илтгэгчээр МУИС-ийн Жендер судлалын төвийн захирал, ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор Ц.Цэцэгжаргал болон УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Энхбаатар оролцлоо.

МУИС-ийн доктор, дэд профессор Ц.Цэцэгжаргал “Хүний хөгжил, жендерийн эрх тэгш байдал”  сэдвээр илтгэл тавьснаар хүний сайн сайхан амьдралын суурь нь жендерийн тэгш байдал. Ховд аймаг нь олон ястны өлгий нутаг учир энэхүү олон янз байдал нь бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, ялгаварлан гадуурхалт, жендерийн хэвшмэл ойлголтыг арилгахад зөв суурь болж өгдөг” хэмээн онцолсон юм.

Тэрбээр “Хөгжил дэвшлийн эцсийн зорилго нь хүний сайн сайхан амьдрал юм. Хүмүүс нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын үйл явцад идэвхтэй оролцон нөлөөлөх замаар хүнийг хөгжлийг бий болгодог” гэв.

Хүний хөгжлийг тооцох үзүүлэлтийн нэг болох Хүний Хөгжлийн Индекс нь эрүүл саруул байж, урт удаан наслах, эрдэм мэдлэг эзэмших, амьжиргааны зохистой нөхцөлд амьдрах гэсэн үндсэн гурван хэмжээсийг авч үздэг байх нь.

Нийгмийн гишүүдэд боломж, чадавх, оролцоо болон нийгмийн баялгаас хүртэх боломж олгохоос гадна эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг адил чадавхжуулж, нийгэм соёл, улс төр, эдийн засгийн амьдралд тэгш оролцуулснаар хүний хөгжлийг хангадаг байна.

Гэвч нөгөөтээгүүр жендерийн тэгш бус байдлыг арилгахгүй бол хөгжлийн стратеги тогтворгүйтэж, хөгжил дэвшилд ахиц гардаггүй аж. Хүйс бүрд адил тэгш хандахаас илүүтэй тэгш бус байдлыг үүсгэж буй шалтгаануудыг шийдэж, гаргаж буй хууль тогтоомж нь аль нэг хүйсийг ялгаварладаггүй байх нь чухал гэнэ.

Түүнчлэн хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээ нь (кино, телевиз, ном, facebook, instagram, threads, x гэх мэт) охид хөвгүүдийн нийгэмшилд нөлөөлж, жендерийн байр суурь, биеэ авч явах тухай мэдээлэл дамжуулснаар жендерийн хэвшмэл ойлголтыг бэхжүүлдэг байна. Улмаар бага наснаасаа олж авсан жендерийн талаарх итгэл үнэмшил нь мэргэжил, нийгмийн статус, амьдралын хэв маягаас гадна ахуйн шинжтэй зүйлүүдэд амьдралынх нь туршид янз бүрийн нөлөө үзүүлдэг аж.

Ийнхүү жендерийн тэгш бус байдал нь

  • Хүний хөгжил,
  • Хүний амьдрал, аж байдлын чанар
  • Төр засгаас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлогын үр өгөөж
  • Эдийн засгийн өсөлт, улс орны хөгжилд тус тус сөргөөр нөлөөлдөг байна.

Харин жендерийн хэвшмэл ойлголтыг:

  • эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн өөртөө тавьдаг уламжлалт шаардлагаа багасгаж
  • охид, хөвгүүдэд ялгаатай хандах хандлагаа өөрчилж, гэр бүлийн ажилд оролцуулах
  • эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид жендерийн ялгаа нь дээр биш хувийн онцлогоос нь хамааран сургаж, хүмүүжүүлэх
  • ажил үүргийн уян хатан хуваарилалт, албан бус соёлын үйл ажиллагаанд гэр бүлийн гишүүдийг хамруулах талаар санаачилга гаргах,
  • эцэг эхчүүдэд хүүхдээ асрах тодорхой хөнгөлөлт, чөлөө олгох зэргээр өөрчилж болох аж.

Товчоор дүгнэхэд, жендерийн тэгш бус байдал байхын хэрээр хүний хөгжилд сөргөөр нөлөөлнө. Хүний хөгжилд үзүүлж буй уг нөлөөллийн уршгаар хүний сайн сайхан амьдралд садаа болдог аж.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 9 =

Create Account



Log In Your Account