Эрэн сурвалжлах сэтгүүл зүй хийгээд нийгмийн хүлээлт

By: Admin
2024-12-23
0
300

Онцгой сэдэв

Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн идэвхтнүүдэд чиглэгдсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндэсний тэтгэлэгт хөтөлбөр” -ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд үндсэн зорилго нь Монгол Улсад эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх, эрэн сурвалжлах сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдэх юм байна.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сангийн “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж олджээ.

“Хөтөлбөрт хамрагдагсдыг хоёр шатлал бүхий сонгон шалгаруулалтаар шалгаруулж авсан бөгөөд тэдгээр хамрагдагсад нь эрэн сурвалжлах сэтгүүлчдийн чадавхыг бэхжүүлэх цуврал сургалтад суух, IJ lab-д ажиллах, интерактив уулзалт, хэлэлцүүлэгт оролцох, менторын удирдлага зөвлөмжөөр эрэн сурвалжилсан бүтээлийн судалгаа хийх, бүтээлийн тэтгэлэг авах болон хууль эрх зүйн иж бүрэн дэмжлэг хүртэх боломжоор хангагдана” хэмээн хөтөлбөрийг зохион байгуулагчид ярьсан. Уг хөтөлбөр хот, хөдөөгийн 18 оролцогч болон зохион байгуулагчид, хэвлэл мэдээллийн салбарын зүтгэлтнүүд, судлаачид, сонирхогчдын бүрэлдэхүүнтэйгээр дөрөвдүгээр сарын 29-нд нээлтээ хийсэн.

Тэрбээр төлөвлөгдсөн ажлууд нь энэ оны 10 дугаар сар хүртэл үргэлжлэх юм байна. Мөнхүү энэ хөтөлбөрийн хүрээнд “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай эрэгцүүлье” хэлэлцүүлгийг тавдугаар сарын 3-ны өдөр, хэвлэлийн эрх чөлөөний тэмдэглэлт өдрийг тохиолдуулан зохион байгуулсан нь хэвлэл мэдээллийн салбарынхны анхаарлыг зүй ёсоор татаж байв. Энэхүү хэлэлцүүлгийн нээлтийн үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, доктор (PhD) Т.Баасансүрэн "Хэвлэлийн эрх чөлөө өөрөө ирдэггүй. Заавал хамгаалах ёстой юм байна” хэмээн онцолж, хэлэлцүүлэгт оролцсон сэтгүүлчид үүн дээр санал нэг байгаагаа илэрхийлж байсан. 

ESSZ 1

Хэлэлцүүлгийн ярилцлагын хэсэгт МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор (PhD), дэд профессор С.Амартүвшин, "Зууны мэдээ" сонины Ерөнхий эрхлэгч, доктор (PhD) Д.Отгонбаяр, Эгүүр.мн сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам, Хэвлэлийн хүрээлэнгийн мэргэжилтэн Есөн-Эрдэнэ нар оролцсон бөгөөд Монголын сэтгүүл зүйд эрэн сурвалжлах бүтээл хомс, редакцууд энэ чиглэлээр хүч, хөрөнгө хаяж ажиллах шаардлагатай байгаа талаар зөвлөлдөж тодорхой асуудлуудыг хөндөн ярилцсан.

Мөн энэ үеэр “Цахиур” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд бүтээлээрээ манлайлсан сэтгүүлчдийн бүтээлийг тодруулж, шагнал гардуулсан бөгөөд уралдааны тэргүүн шагналыг “Эргэлт” цахим сайтын сэтгүүлч Ч.Чанцалдулам “Цалам ажиллагаа” цуврал нийтлээрээ, харин дэд байрыг  Монголын дата төвийн сэтгүүлчид “Тэнцүү олгосон С зөвшөөрлийн ард сингапур, хятад ноёд туйлж байна” нийтлэлээрээ тус тус хүртэв. Дэд байрын бүтээлийн эзэд нь “Зууны мэдээ” сонины эдийн засгийн сэтгүүлч Ц.Мягмарбаяр, “Өдрийн сонин”-ын сэтгүүлч Б.Энхзаяа, залуу сэтгүүлч н.Жаргалмаа, санхүүгийн шинжээч Д.Энхдулам нар юм.

Ард олон үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох эрх, эрх чөлөөгөөр хангагдах ёстой хийгээд энэ нь хэрхэн хангагдаж байгааг, тэрчлэн авлигагүй, эрүүл нийгэмд, аюулгүй амьдрах, сурч боловсрох эрхийг хамгаалж, нийгэмд буй гажуудал, бусармаг зүйлсийг илчилж, эрх мэдлийг хянах нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн гол чиг үүрэг билээ. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг өрнүүлэх суурь боломжийг бүрдүүлэх нь нийгмийн гажуудлыг арилгах, нийтийн зохист хэв ёсыг хамгаалах чухал хүчин зүйл болох учраас ийнхүү тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байгаа гэдгийг онцлох нь зүйтэй байх.

ESSZ 12

ESSZ 3

      


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 2 =

Create Account



Log In Your Account