Ховд аймгийн анхны НИЙТИЙН СОНСГОЛ төсвийн ил тод байдал, иргэдийн оролцооны тухай байв

By: Admin
2024-12-27
0
1677

2015 оны долдугаар сарын 08-нд Улсын их хурал Нийтийн сонсголын тухай хуулийг баталсан бөгөөд 2016 оны гуравдугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн юм. Уг хуулинд ерөнхий хяналтын болон төсвийн хяналтын асуудлаар Засгийн газар, төрийн захиргааны төв, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага жил бүр сонсгол зохион байгуулна гэж заасан байдаг ч хууль хэрэгжиж эхэлснээс хойш Дорнод аймгийг эс тооцвол бусад аймаг, орон нутагт түүний дотор Ховд аймагт  нэг ч удаа албан ёсоор сонсгол зохион байгуулаагүй байв.  

Тэгвэл 2018 оны 11 сарын 27-ны 14 цагт Ховд аймгийн ИТХ болон Ховдын толь ТББ-аас “Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоо – зарим хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт сонсголыг хуульд нийцүүлэн анх удаа Ховд аймгийн нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд зохион байгууллаа.

Нийтийн сонсголыг Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нээж хэлсэн үгэндээ “Ховд аймагт анх удаа зохион байгуулж буй нийтийн сонсголыг төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоо, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хийх Ховдын толь ТББ-ын санаачилгын дагуу ИТХ-ын ажлын алба хамтран энэхүү үйл ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулж байна. Цаашдаа хуулийн дагуу жил бүр сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээсэн юм.

Сонсголд ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны мэргэжилтнүүд, Үйлдвэрчний эвлэл, Барилгачдын холбоо, аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Залуу инженерүүдийн холбоо, Ахмадын хороо, Мерси кор олон улсын байгууллага, Ховд аймаг дахь Авлигатай тэмцэх олон нийтийн зөвлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл 30 гаруй хүн оролцов.

Уг сонсголд аймаг сумдын ИТХ-ын төлөөлөгчид, нутгийн захиргааны болон холбогдох байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчид, Жаргалант сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, иргэдийн хяналтын бүлгийн гишүүд, мэргэжлийн холбоод, төрийн бус болон бусад хэвшлийн байгууллагуудын удирдлага, ажиллагсад, иргэд, олон нийтийг хүрэлцэн ирж оролцохыг урьсан боловч ИТХ-ын 5 төлөөлөгч оролцож, нутгийн захиргааны байгууллагын удирдах ажилтнууд болон албан хаагчдын төлөөлөл бараг байхгүй байсан нь тоогүй. Нийтийн сонсголын тухай хуулинд хариуцлагатай албан тушаалтан, ажил хариуцсан хүмүүст сонсголд хүрэлцэн ирэхийг мэдэгдсээр байтал ирээгүй тохиолдолд тухайн хүнд хариуцлага тооцох тухай заасан байдаг. Тэгтэл дээрх албаны хүмүүс ийнхүү нийтийн сонсголд ач холбогдол өгөөгүй нь нэг талаараа   хуулийг эс биелүүлсэн болж таарна.

 “Ховдын толь” ТББ нь Нээлттэй нийгэм форум сангийн дэмжлэгтэйгээр “Ил тодын буухиа” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн баг Ховд аймгийн 2018 оны зарим хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөлт, гүйцэтгэлийн үр дүнд хяналт, үнэлгээ хийж, түүндээ үндэслэн Нийтийн сонсгол зохион байгуулсан нь энэ юм. Нийтийн сонсголыг “Ховдын толь” ТББ-ын тэргүүн Г.Төрмөнх удирдан явуулсан.  

Ил тодын буухиа төслийн хүрээнд 2018 онд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт батлагдсан 24 худалдан авах ажиллагааны баримт бичгийн бүрдэл, явцын хяналт, хүлээн авах комиссын дүгнэлт, гэрээ болон хуулийн хэрэгжилт, гүйцэтгэлийн үр дүнд мониторинг хийснээ танилцууллаа.

Ховд аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 онд батлагдсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөөр нийтдээ 8.212.200.0 төгрөг зарцуулахаар батлагдаж, хэрэгжсэн ба орон нутгийн хөрөнгө оруулалтаар 43, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 18, Замын сангийн хөрөнгө оруулалтаар 9, Байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар 4, Хөшөөт хөгжил сангийн хөрөнгө оруулалтаар 9 төсөл хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгагджээ.

Мониторингийн дүнгээс харахад 24 худалдан авах ажиллагааны хувьд явцын хяналт хангалттай бус хийгддэг. Мониторингод хамрагдсан тендерийн тал илүү хувь нь гэрээний хугацаандаа ажлаа дуусаагүй, мөн төдий хувь нь ашиглалтанд хүлээн авсан эсэх нь мэдэгдэхгүй, ажлын хэсгийн дүгнэлт бусад баримт материал байхгүй байгаагаас гадна, тендерт шалгарч ажил үйлчилгээ гүйцэтгэж буй компаниуд нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 46.1.9 дэх заалтыг хэрэгжүүлдэггүй, техник технологийн нарийн шалгуур үзүүлэлт шаардсан ажил, үйлчилгээг хүлээж авах комисст тухайн чиглэлийн мэргэжилтнийг оруулдаггүй зэрэг анхаарах шаардлагатай зүйлүүд ажиглагджээ.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 7 =

Create Account



Log In Your Account