“Мөнгөлөг шагшуурга”-ыг эрэгцүүлбэл

By: Admin
2024-12-23
0
893

Манай сайтад  2014 оны 2 дугаар сард нийтлэгдсэн сурвалжлагаас эш татая.  “Ховдчууд бид Хар ус нуурын “Мөнгөлөг шагшуурга”-аар “наадаад” таван жилийн нүүрийг үзлээ. Уг наадмыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд дахь хөтөлбөрийн газраас  байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дунд мөс цасны баяр зохион байгуулж эхэлснээс улбаатай гэлцдэг. Энэ удаад уг наадмыг зорин ирэгсдэд зориулж мөсөн хотхон хийж, таван хошуу мал, хотон шувуу, хун, аргаль, янгир, ирвэс гэх мэт амьтдыг мөсөөр урласан нь олны анхаарлыг татаж байв. Мөс цасны баярын хамгийн эрэлттэй зүйл багачуудын хувьд мөсөн гулгуур байлаа. Наадамд сум бүхэн өөрсдийн нэрийн үйлчилгээгээр үйлчилж харагдсан. Тухайлбал, Морин чарга поркат, фото зургийн үзэсгэлэн, чарганы болон тэшүүрийн поркат, морь тэмээгээр үйлчлэх үйлчилгээг зохион байгуулагчдын зүгээс нутгийн иргэдтэй хамтран үзүүлж байлаа. Мөнхүү аймгийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээн, урианхай мөсөн сурын харваа, олс таталт, сумо бөхийн тэмцээн, бүх нийтийн гүйлт, “дээлтэй Монгол хүүхэд-2014” тэмцээн, цэнгээнт бүжгийн уралдаан, тэмээний уралдаан, сайхан тэмээтэй хос, тэмээтэй буухиа зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулав. “Баруун бүсийн” гэх тодотголтой ч “Мөнгөлөг шагшуурга”-д БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн төлөөлөл, Увс аймгийн удирдлагууд ирснийг эс тооцвол бүсийн гэгдэхээр арга хэмжээ болсонгүй. Аймгийн удирдлагууд энэхүү наадмын үеэр 2016 он гэхэд гадаад дотоодын жуулчдыг 5000 хүргэж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах гол зорилготой гэдгийг онцолж байв. Нэг талаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн сууриа сайжруулах нь сайн хэрэг ч Хар ус нуурын экосистемийн  тэнцвэрт байдалд хэрхэн нөлөөлөхийг бодолцох хэрэгтэй” хэмээн (Сэтгүүлч Г.Энхжаргал) цаашид анхааравал зохих асуудлыг нь сануулж байжээ. Энэ бол 2014 онд зохиогдсон “Мөнгөлөг шагшуурга” мөсний наадмын тухай сурвалжлагаас авсан эшлэл гэдгийг дахин онцлоё.

Mus 1

Тэгэхээр тухайн үед уг наадам 5 жилийн түүхтэй болчихсон байсан бол өдгөө 2024 онд 15 жилийн түүхтэй болжээ гэсэн үг. Тэрбээр 2 жил тутамд нэг удаа зохион байгуулахаар тогтсон хийгээд өдгөө 10-аад удаа зохион байгуулагдаад байгаа билээ. 2023, 2024 онд дараалан зохион байгуулагдсан нь аймгийн шинэ удирдлагын шийдэл, шийдвэр байх.

Сүүлийн жилүүдэд ийнхүү жил дараалан зохион байгуулах болсон эл арга хэмжээний хүрээнд олон угсаатны баярын жагсаал, олон угсаатны өвлийн гоёл уралдаан, соёл, уран сайхны үзүүлбэр, уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэн (байгалийн нөхцлийг ашигласан хялбар шийдлээр) мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морин чарганы үйлчилгээ, морь тэмээ унах, зураг авахуулах үйлчилгээ, тэшүүрийн тэмцээн хийгээд үйлчилгээ, мөсний хөл бөмбөгийн тэмцээн дөрвөн дугуйт мотоциклийн үйлчилгээ зэрэг үзвэр үйлчилгээнүүд, мөн мөсөн дээрх төрөл бүрийн бараа таваарын худалдаа явагдах болжээ. Наадмын гол зорилгыг энэ удаагийн зорилго нь баруун Монгол түмний угсаатны соёлын онцлогийг таниулж, үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал хэмээн тодорхойлох болсон байна.

Энэ удаагийн 2024 оны Хар ус нууран дахь “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярын хувьд эхний өдөр буюу 1 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн төвөөс болон ойр орчмын сумдаас үй олон хүн сонирхон очиж хөл ихтэй байсан бол дараагийн өдөр нь (21-ний өдөр) хүрэлцэн очсон хүмүүсийн тоо эрс цөөрч, эхний өдөр цугласан хүмүүсийн 30 орчим хувьд л хүрэхүйц болсон байлаа. Говь-Алтай аймгаас аймгийн Засаг даргаар ахлуулсан 80-аад хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, гэр өргөөгөө барин үзүүлэн үзүүлбэрээ үзүүлсэн бол, Завхан, Хөвсгөл аймгаас зарим нэг худалдаачид, Увс аймгаас төлөөлөл, оролцогчид ирж оролцов. Тэрчлэн Говь-Алтай аймгийн Засаг дарга Амгаланбаатарын сэтгэгдлээ илэрхийлсэнчлэн “хүрэлцэн ирж оролцогсдын өөрсдөөс гаргаж буй зардал сүйтгэлийг тооцвол нийтдээ лавтай тэрбум илүү зардлаар хийгдсэн арга хэмжээ гэхэд зохион байгуулалтанд дээрээ анхаарах, оролцогсдынхоо сэтгэл ханамжийг хайхарч үзэх, үйл ажиллагаандаа ажиглалт дүгнэлт хийх” шаардлага байгаа нь тодорхой анзаарагдсан. Мөнхүү уг арга хэмжээний хүрээнд ажил гүйцэтгэгчдийг хэрхэн сонгож ажиллуулсан, төсөв санхүүгийн эх үүсвэр, төлөвлөлт, хувиарлалт, зарцуулалтыг хэрхэн төлөвлөж хэрэгжүүлсэн, юу юунд хичнээн хэмжээний зардал гаргасан, түүний өгөөж нь ямар байдалтай байгаа гэх мэтийг ил, тодорхой тайлагнах, мэдээллийн нээлттэй байдлыг хангах, хүмүүст дүн шинжилгээ хийх боломжийг олгох нь зайлшгүй хүлээгдэж буй асуудал. Учир нь энэ бол ард түмний хөрөнгөөр зохион байгуулж буй ард түмний эрх ашигтай холбоотой, ард түмнийг эрх ашгийг хөндсөн ажил юм. Энэ наадмыг зохион байгуулах болгонд сум, байгууллагуудад үүрэг оноох арга замаар албадан оролцоог хангадаг ч, түүнийхээ бодит үр өгөөж, тэдгээр оролцогсдын сэтгэл ханамжийн асуудалд анхаарлаа хандуулах нь бас чухал!  

Mus 2

Өнгөрсөн жил болсон уг арга хэмжээнд орон нутгийн  төсвөөс 100.0 гаруй сая төгрөг зарцуулсан (шилэн дансны гүйлгээ зэрэг мэдээ баримтыг нягтлаж үзвэл) бол энэ удаад буюу 2024 онд 600.0 орчим сая төгрөг зарцуулсан тухай мэдээлэл хэд хэдэн албаны хүний амнаас сонсогдов. Урьд жилүүдэд 10-аад удаа зохион байгуулагдсан мөсний баяруудад төсвөөс зарцуулсан зардлыг нийлүүлбэл багагүй хэмжээний магад тэрбум төгрөгийн төсөв зарагдсан нь тодорхой. Тэгвэл дээр эш татсанчилан 2015 онд аймгийн удирдлагуудын хэлж байсан  “2016 он гэхэд гадаад дотоодын жуулчдыг 5000-д хүргэж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах” зорилго зорилт хэрхэн биелэгдсэн, тухайлбал тэрбум төгрөг зарцуулаад байгаа энэ эвент арга хэмжээнээс орон нутгийнхаа эдийн засагт хэдий хэмжээний орлогын өгөөж хүртдэг болсон бэ гэдэг асуудал чухлаар тавигдана. Гэхдээ энд зөвхөн төсвөөс зарлагадсан зардлын хариу үр өгөөжийн тухай ярьж байгаа болохоор 15 жилийн түүхтэй “Мөнгөлөг шагшуурга” эвент наадмын үр дүнд эргээд орон нутгийн төсөвт хэдий хэмжээний орлого төвлөрсөн тухай асуудал яригдах ёстой. Бидний ажиглалтаар энэ үзүүлэлтийг үр өгөөжтэй гэж үзэх боломжгүй байгаа. Анхнаасаа л уг эвентийн нэг гол зорилго нь гадаадын жуулчдыг татаж, Ховд аймагт гадаадын жуулчид олноор жуулчилдаг болгох явдал гэж сурталдсаар ирсэн ч өдгөө гадаадын жуулчид зочилдоггүй хэвээр л байна. Тухайлахад энэ удаагийн 2024 оны “Мөнгөлөг шагшуурга”-аар гадаадын бүү хэл дотоодын жуулчид гэхээр хүмүүс төдийлөн олноор зочилсонгүй. Дээрээс нь жил дараалан нуурын мөсөн дээр ийм их хөл хөдөлгөөн үүсгэх нь тусгай хамгаалалттай газар нутгийн эко системд цаашдаа ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг заавал бодолцох шаардлага тулгарч буй. Энэ асуудлыг манай сонины сэтгүүлч бүүр 2014 онд хөндөж, сануулж байсныг уншигчид дээрх эшлэлээс анзаарсан байх.

Mus 3

Mus 5

Тэгэхээр энэ бэсрэгхэн нийтлэлээр бид ямар санааг онцлон дэвшүүлэх гэсэн бэ гэвэл 15 жилийн түүхтэй “Мөнгөлөг шагшуурга” эвент арга хэмжээний үр өгөөжийг тооцож, тунгаах хугацаа нэгэнт болсон гэдгийг сануулахыг хичээсэн болно. Өөрөөр хэлбэл өнгөрсөн бүх хугацааны оноо алдааг тунгааж, бодитоор тооцож дүгнэх ажлыг хөндлөнгийн хараат бус шинжээчдээр хийлгэж, түүнээс гарсан дүгнэлтэнд үндэслэн цаашид хэрхвэл зохих тухайд зөвлөлдөж, хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа билээ.   

Г.ТӨРМӨНХ       

Mus 7Mus 6

Mus 4


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 7 =

Create Account



Log In Your Account