УИХ-ын гишүүд юу гэв...

By: Admin
2024-12-25
0
2298

- Ховд аймгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн
хэлсэн үгийн агуулгыг товчлон хүргэвэл -

УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлсэн үгэндээ: Өнгөрсөн жилийн эцэст улсын хэмжээнд 66.5 сая мал тоолуулсан, 55.0 мянган тонн мах экспортолсон. 169.0 мянган малчин 27.0 мянга гаруй ямаанаас 9.400 тонн ноолуур самнасан. Ховд аймагт Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж ашиглалтанд орно. Улсын хэмжээнд татварын орлого 8.2 их наяд болж, ажилгүйдэл сүүлийн 5 жилийн байдлаар хамгийн бага түвшинд болсон. Төрийн албан хаагчдын болон багш эмч нарын цалинг 20 орчим хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Өндөр настны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310,0 мянган төгрөг хувь тэнцүүлсэн нь 269.0 мянган төгрөг болж нэмэгдсэн. Хуулиар төрийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад нь 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох асуудлыг баталгаажуулсан.
Эрх мэдлийн хэт төвлөрлийг залруулж байгаа. Боловсролын байгууллагын удирдах ажилтнуудыг тухайн шатны Засаг дарга нь томилж, чөлөөлдөг байхаар Боловсролын хуульд өөрчлөлт оруулсан (Жич: редакцын тайлбар: Энэ нь Дэлхийн банк, ШХА-ийн санхүүжилтээр 2016-2017 онд Ховд аймагт хэрэгжсэн Нийгмийн эгэх хариуцлага төслийн хүрээнд, аймгаас тус төсөлд оролцож ажилласан багийн гишүүд судалж, боловсруулан, асуудлыг томъёолж өргөн барьсаны үр дүнд шийдэгдсэн зүйл юм)
Төрийн ажилд ил тод байдал, иргэдийн оролцоо маш чухал. Аймагт гагцхүү хууль засаглаж байх ёстой. С.Бямбацогт Ховд аймгийн хамаг тендер авдаг гэж ярьж ирсэн. Ийм зүйл байдаг ч үгүй, гэхдээ миний хамаарал бүхий компаниуд зарим нэг тендер авдаг явдал байсан. Цаашид бол тэр компаниуд Ховд аймгийн тендерт огт оролцохгүй. 2019 онд Ховд аймагт 66.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий бүтээн байгуулалт хийгдэнэ. 21 аймгаас Увс аймгийн дараа орох хөрөнгө оруулалтыг шийдүүлж чадсан. Одоо харин тендерүүдийг биднийг оролцуулахгүйгээр зарлаад, чин шудрага хэрэгжүүлэх нь та бүхний ажил хэмээв.

 

УИХ-ын гишүүн О.Батнасан хэлсэн үгэндээ: “Сүүлийн хоёр жилд мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай хуулийг шинээр баталж, эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулж, зарим хэтэрхий хатуу чанга заалтыг зөөлрүүлсэн.
БОЭТ-ийг чадавхижуулах Белгийн Засгийн газрын хөрөнгө оруулалтай төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлыг хөөцөлдөж шийдүүллээ. Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн төслийг эхлүүлэх талаар хүчин зүтгэл гарган ажиллаж байна. Төрийн албыг цомхон чадварлаг мэргэшсэн албан хаагчдаар бүрдүүлэх, асуудалд УИХ, Засгийн газар анхаарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Амьдрал дээр өнөөдөр тийм биш байна. Төрийн албаны хуулинд энэ үзэл санааг зохих ёсоор тусгасан тул уг хуулийг хэрэгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаасай гэж хүсэж байна” гэв.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “Ард иргэдийнхээ амьдралыг илүү сайн болгохын төлөө ажиллана. Төрийн албаны тухай хууль сайн болсон ч, ардчилсан намыг дэмждэгээсээ болж халагдсан төрийн албан хаагчдын төлөө дахиад өөрчилж болно гэж бодож байна. Миний бие хуралдаа байнга сууж, хариуцлагатай ажиллаж байгаа. Хоёр удаа чуулганаас хоцорсоны шалтгаан нь нэг удаад Х.Баттулга ерөнхийлөгч урдуур зам хааж явсаар байгаад хоцроосон, бас нэг удаад нь гүйсээр байгаад амжаагүй” гээд, тойрогтоо хийсэн ажлынхаа товч тайланг тавьсан. Уг тайланд сургууль төгсөлтийнхөө ойг хийсэн 640 иргэнийг ордонд хүлээж авч уулзсан, Ардчилсан оюутны холбоотойгоо хамтраад, хэд хэдэн сургалт хийсэн, өөрийн тойргийн сумдаар явж, малчидтай уулзсан, мөн намынхаа гишүүдтэй уулзсан, Ардчилсан намын дэд даргын хувиар сонгууль дөхөөд ирмэгц сумуудаар явж мэдээлэл, сурталчилгаагаа хийх болно” гэх мэтийг танилцуулав.    


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 7 =

Create Account



Log In Your Account