Н.В.Экэев: Ойрдууд болон Алтайчуудын язгуур соёл, харилцан уялдаа хийгээд давхцал - I

By: Admin
2024-12-25
0
1785

Өдгөөгөөс 2 жилийн өмнө АБНУ-ын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал Н.В.Экэев гуайтай Горний Алтайд уулзаж, уулын Алтай нутгийн уугуул ард түмний тухай болоод баруун Монгол, Горний –Алтайн (Уулын Алтай) ард түмний хоорондын түүхэн холбооны талаар цухас боловч сонирхолтой яриа өрнүүлж байж билээ. Энэ тухайгаа би “Уулын Алтайд өнгөрүүлсэн өдрүүд” цуврал тэмдэглэлдээ бичсэн авч, эрдэмтэн Экэевтэй дахиж уулзах завшаан олдоогүй явна. Гэтэл түүний урьд нь ярьж байсанчилан 2000-2003 онд баруун Монголын нутгаар явж, судалсан судалгааны ажлаараа ийм нэгэн цуврал үгүүлэл бичсэнийг нь цахим ертөнцөөс олж, олзуурхан уншсан хийгээд олон түмэнд сонирхолтой байх болуужин гэж бодсоны учир орчуулан нийтлэж байна. Энэ хэсэгт судлаачийн бичсэн Мянгад, Урианхай, Өөлдүүдийн тухай болон хил алслан сунах түүхэн харилцаа холбооны талаар сонирхолтой судлал, таамаглалууд бий бол, дараагийн удаад оруулах үргэлжлэл хэсэгт захчин, торгууд, баяд, дөрвөдүүдийн талаар үгүүлэх болно. Түүхийн хувьд ганц нэг ташаа хийгээд эргэлзээтэй зүйл гарч байсан боловч тэр чигээр нь хөрвүүлж буулгав.      

(Нэгдүгээр хэсэг)          

С.С.Суразаковын нэрэмжит Алтайн шинжлэх ухааны хүрээлэнгийн угсаатны судлалын баг 2000, 2001, 2003 онуудад баруун Монголын Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудаар судалгааны ажил гүйцэтгэсэн юм. Манай экспидицид Монголын эрдэмтэн, судлаач найзууд маань том дэмжлэг үзүүлж байлаа. Судалгааны минь зорилгын төвд байсан хамгийн сонирхолтой сэдвүүд гэвэл ард түмний ой санаанд буй түүхийн чухал үйл явдлууд, баруун Монголын ард түмний бүрэлдэхүүн дэх угсаатан, овог төрлүүдийн зан заншил, аж төрөл, түүх домогууд байсан юм. Тэрээр хээрийн судалгааныхаа явцад түүхийн болон угсаатны зүй, аман зохиолын олон сонирхолтой материал цуглуулсны үр дүнд Алтайн бүс нутаг дахь Монгол, Оросын ард түмний, соёл, зан заншилын судалгаанд цаашид ч ихээхэн боломж байгааг анзаарч билээ.

Эрдэм шинжилгээний үндсэн үгүүллийн маань гол агуулга гэвэл Монгол, Ойрд, Халимаг, Алтайн ард түмний дундах овог аймгуудын тамгыг харьцуулан, шинжих оролдлого хийхэд чиглэгдэж байлаа. Монгол болоод Түрэг угсаатны хооронд түүнчлэн судалгаанд хамрагдсан овог төрлүүдийн хоорондын түүх, соёлын холбоо харилцаа, угсаатны шинж төлөвт ойр, дөт зүйлүүд нэн арвин. Бидний судалгааны үндсэн эх сурвалж нь хээрийн судалгааны явцад цуглуулсан материал болон Орос, Монголын судлаачдын өмнө нь бичиж туурвисан бүтээл сэлтүүд болно. Түүхийн тодорхой үед хаяа нийлэн, шүргэлцэн оршиж асан Ойрд болон Алтайн угсаатны бүлгүүдийн  түүх, угсаатны зүйн асуудлаарх харьцуулсан судалгааныхаа зарим үр дүнг бид хэдийн нийтлүүлсэн. (Екеев “Алтайчууд” цуврал. 2005 он, 2002 он, 2006 он)

Бидний хувьд баруун Монголын ард түмэнтэй урьд нь ч харилцаатай байв. Манай экспидицийн очсон баруун Монголын гурван аймагт (Ховд, Увс, Баян-Өлгий) халх монгол, казак, хотон, алтайн урианхай, мянгад, өөлд, захчин, торгууд, баяд, дөрвөд зэрэг угсаатнууд оршин амьдардаг. 1989 оны мэдээгээр баруун Монгол дахь алтайн урианхайчууд нийт 21300 хүн амтай, мянгадууд 4800, өөлдүүд 9200, захчин 23000, торгууд 10100, баяд 39200, дөрвөд 55200, (Нямсүрэн 2000 он) хүн амтай байв. Эдгээр нь Монгол дахь хэл соёлынхоо онцлогоор нийтлэг төтсэй нэгэн бүлгийг бүрдүүлдэг Ойрд угсаатнууд юм. Судалгааны үеэр бидний уулзсан Ойрд угсааны ахмад насны хүмүүс бүгд л өөрийн ураг төрлүүдийнхээ ямар угсаатан болох хийгээд, уг удмынхаа тухай маш сайн мэдэцгээж байв.

Жишээлбэл Алтайн урианхайн угсаатны бүтэц, зан заншлын тухай, тэр үед 80 настай, амьд сэрүүн байсан алдарт цуурч, Наранцогт гуайн үгүүлснээр “урианхайчууд нь зүүн урианхай, оорцог урианхай гэсэн хоёр гол хэсэгт хуваагддаг. Хойюк, чаг, чаг тува, оорцог, мянгад, хорхон, их өөлөг, бага өөлөг, хар бүргэд, цагаан бүргэд, улаан туг, цагаан туг, дархад, хоо дархад, хар дархад, оръяс, шарнууд, их шарнууд, хошууд  гэх зэрэг 21 овгоос бүрддэг” (Нямсүрэн 2000) Мөн ахмадын хэлснээр Сэрвэй гэж бас нэг хэсэг байх. Баян-Өлгий аймгийн Цэнгэл зэрэг сумуудад тува урианхайчууд оршин амьдрах ба энэ угсаатан нь дотроо кезек, мончоог, соён ба дэлэг гэх гурван үндсэн хэсэгт хуваагддаг аж. Кезек, мончоогууд нь соёд, иргит, хойюк, шунгур, кызыл соён, чаг соён зэрэг овгуудаас бүрдэх бол Соёд иргит нь дотроо калжан иргит, бэглиг иргит гэж хуваагдана. Соён иргит нь дотроо мөн хоёр хуваагдах ба түүний нэг хэсэг нь болох ак соён нь агван, сарыглар, делег, буркут, тоос, хазак гэсэн овгуудаас бүрддэг. Харин Хар (кара) соён нь кара саал, кара тоочи, чанангаш гэсэн овгоос бүрддэг. Мөн кезек нь делег, соёд (өөр нэг овгийн нэрийг олж мэдээгүй) гэсэн овгоос бүрддэг аж. Домогт үгүүлснээр бол “анх XX зууны эхэн үед Чуйн хөндийгөөс (одоогийн Горний Алтай АБНУ-ын Кош-Агачийн район) делег овгийн таван гэр бүл (тэлэнгэдүүд) нүүж ирсэн нь эндхийн кезекүүдийн удам угсаа болсон гэнэ.  Тэдгээрээс зонхилох хоёр гэр бүлийн нэрийг тогтоосон нь Ул Харак, Солом нар ажээ.

Эх сурвалжаас авсан мэдээллээр өнөөгийн Алтайн урианхиачуудын өвөг нь XVIII-XX зуунд Монгол Алтайн баруун бие: дээд Эрчис мөрөн, Хөх тохой, Шар сүм (Сары сюме), Ээвийн гол, Өрөнгө, Чингил, (Хойт Чингил) Цөхүр–Элсэн (Чокур Элесин), Тож-Юрт-ээр  суурьшиж байжээ. Тэд тэр нутгуудад байхдаа Казак, Хятад, Татар (Ногай), Уйгар (Чанту), Дунган нартай хөрш зэргэлдээ оршиж байв. Бүүр өмнө нь (долоон хошуу урианхайчууд)  Хангай нутаг дахь Хэнтийн нурууны хойд бие, Байгал далайн зүүнд этгээдээр аж төрж байв. Тэрээр тэр нутгийн тухай дурсамж Алтайн урианхайн өвөг дээдсийн ой тоонд хадгалагдан үлдсэн байсны ул мөр олон байдаг аж. Тухайлахад “Хангайн магтаал”, “Хангайн тунгалаг ус”, “Сайхан хангайн буга”, зэрэг олон дуу тэдний дунд дуулагдаж ирсэн нь үүний илрэл. Энэ сайхан аялгуунуудыг баруун Монголын алдарт цуурч Наранцогт агсан цуур хөгжмөөрөө эгшиглүүлэхийг сонсож, мэдрэх хувь тохиол бидэнд оногдсон нь нэн завшаантай хэрэг байв. Урьд цагт Чигис хааны цэргийн бүрэлдэхүүнд багтаж хангайгаар нутаглаж асан Урианхайчууд хожим ийнхүү Монгол Алтайд ирж суурьшсан гэцгээдэг.

Баруун Монголын угсаатны дотроос нэлээд өвөрмөц содон нэг угсаатан гэвэл Мянгад угсаатан юм. Судалгааны ном бүтээл хийгээд уран зохиолд тэдний тухай тун ховор бичигджээ. Монгол Алтай дахь Мянгадуудыг Хотгойдоос  “ирэлтэй” гэж үзнэ. Бидэнтэй уулзсан нэгэн эх сурвалж (тэр нутгийн хүн) “бид Хотгойдын ард түмний тасархай” гэж хэлсэн. Алтай дахь Мянгадуудын өвөг дээдэс анх энд ирэхдээ одоогийн Хөвсгөл болон Архангай аймгийн нутгаас ирж Ховд голын доод урсгал адаг хавиар суурьшсан гэх. Анх ирж буурь хатгасан газар хэмээн яригддаг Хотгойдын булан, Сэрхтийн булан нэртэй газрууд одоогийн Мянгад сумын төвөөс 9-15 км зайд Ховд голын савд бий. Тэдний ирэл гаралтай холбоотой хоёр дахь тайлбар (хууч яриа)  гэвэл. Энд ирэх үед  өвөг дээдэс нь ямаа голдуу маллаж аж төрдөг, адуу, хонь, тэмээ зэрэг бусад мал их цөөхөнтэй байж л дээ. Тэгээд л анх буурилсан газрыг Сэрхтийн булан гэдэг болсон гэх. Тэдний эртний өвөг дээдэс нь Енисей мөрний дээд хөндийгөөр нутаглаж байсан аж. Энэ угсаатны тухай түүхэн зохиолд үгүүлснээр бол XVII зуунд тэд Енисей мөрний цутгал болох Хэмчиг голын сав дагуу сууж, Алтан ханы харъяанд байсан аж. 1680-аад оны төгсгөлд Алтан ханы захиргаанаас гарч, Зүүн гарын хаант улсын бүрэлдэхүүнд орон,  Луузан Сайн гэгчийн захиргаанд орсон байна.  Мянгад хошуу нь хоёр отгоос бүрдэж байсан ба тус бүрд нь нэг, нэг зайсан толгойлдог байсан XVIII зууны эхэн үед 3000 гэр тэрэгтэй байсан (Бичурин 1834 он. 132-134 дэх тал) байна. 1750-аад оны үед Зүүн гарын хаант улсад эмгэнэлт үйл явдлууд өрнөж, түүнд Мянгад болон бусад Ойрдууд ч нэрвэгдсэн аж.

1757 оны үед амьдарч  байсан Оросын харъяат “дэмч” Ердиловын мэдээгээр бол тэр үед Мянгадын хэсэг нь Талас голын савд амьдарч байсан. Тэд зайсан Эрхэтийн (Еркет) захиргаанд байсан бөгөөд 2700 гэр тэрэгтэй байжээ.  Зүүн гар болон манж чин улсын дайны үед үй олон хүмүүс үхэж үрэгдэн, үлдсэн хэсэг нь тэлэнгэд, (Теленгут) Хиргисүүдтэй (кыргиз) хамт Алтай руу дүрвэсэн ба зам зуураа үр хүүхдүүдээ алдан, их зовлон зүдүүр үзсэн гэх. Тэгээд тэд Хэмчиг голын хөндийд очиж суужээ. Тэндээс “дэмч” Ердиловын хамтаар 37 өрх бүлүүд Башкушын хөндийг туулан Оросын бэхлэлтэд хүрсэн байна.  (Потанин 1866 он. 101 дэх тал). Нутгийн иргэн Жарантай гэдэг хүний ярьснаар бол Мянгадууд тэр үед Хотгойдын ноён Чингүнжавын (Шадар ван Чингүнжав) бослогод оролцсоны улмаас зүүн Монголд ихээхэн хавчлага дарлалд өртөх болсон. Тэгээд удалгүй урьдын нутаг руугаа нүүдэллэжээ. Г.Н. Потанины бичсэнээр бол “ Мянгадууд Тагнын Урианхайчуудтай хамт аж төрж байсан, нэг хэсэг нь байсан, Хотгойдын ноён Шадар вангийн үймээн, бослогод оролцсоны учир үүний дараа Манжийн засгийн шийдвэрээр шийтгэгдэж (нутаг заагдан) Ховд голын савд очсон. Ховд голд очсон дариудаа тэд манжийн амбаны даалгаснаар, Өөлд нарын хамт сангийн түлээ бэлтгэх алба үүрч байсан байна. (Потанин 1881 он. 39-40 дүгээр тал)

Шадар вантай холбогдол бүхий домог яриагаар бол Мянгадуудын эсгий гэр бусдаас арай онцгой. “Гэрийн хаявчаа хар өнгөөр, эсгий үүд (хаалгаа) хөх өнгөөр бүрж яваарай. Хэзээ нэг цагт би та нартаа эргэж ирэхэд таних тэмдэг нь тэр болог” хэмээн захиснаас, одоо хэр нь Мянгад айл өрхүүдийн эсгий гэр заавал хар хаяавчтай байх ба эртний эсгий үүд үгүй ч, хаалгаа заавал хөх өнгөтэй байлгахыг эрхэмлэнэ.

Манж Чингийн эсрэг тэмцэж босоод баригдсан Чингүнжав ноён үгүүлшгүй зовиур тарчлааныг үзэн бие баржээ. Түүх номонд үгүүлснээр бол манж нар амьдад нь түүний нүцгэн биенд улайсгасан нүхтэй зоос шигтгэн, зоосны нүхээр гарч ирсэн махан биеийн хэсгийг огтлон авсаар хороож дуусгасан гэдэг. Чингүнжавыг эхнэрийнх нь хамт тарчлаан цаазалж буй нүд хальтрам зураг Оросын элч В.Братишевын тэмдэглэл, түүхэн цуглуулгад байсан гэдэг (Моисеев 1983 он. 83-84 дэх тал). Чингүнжав баатрын үнэн гаргамгай, эрэлхэг зоригт нэгэн байсныг дурссан олон домог хууч Мянгадуудын дунд үлдэж хоцорчээ. Ер нь Ойрдуудын дунд Чингүнжав баатраас гадна Галданбошгот хаан, Шуну (Шоно) баатар, Амарсанаа баатар гэсэн цогтой тэмцэгч гарамгай хүмүүсийнх нь тухай   баатарлаг домог хууч элбэг үлдсэн байдаг.   

Угсаатны бүтцийн хувьд Мянгад нь олон овог төрлийн нийлмэлээс бүрдэх бөгөөд Монголын угсаатны судалгааны бүтээлээс үзвэл тэд Мянгад, Басгид (Башгид баскыт), Хиргис гэсэн гурван үндсэн бүлэгт хуваагдана. Мянгад гэсэн бүлэг нь бошго, товсон, бааж, тавлаа, салаа, анга, тулам, мурчуу, барга, сээрдээ, чулуу, цахар дархад, бурд зэрэг 17 овог тээхнээс бүрддэг бол Басгид (Башгид-Баскит) омог нь: онход, хуулар, цагаан шувуу, зазгар, хөхнүүд, авгас, ханд, тогооч, оготор бүргэд, шолог, хятад гэхчлэн 19 овог төрлөөс бүрлэнэ. Харин Хиргис омог нь дотроо хар хиргис, шар хиргис, модон хиргис гэсэн гурван төрөлд хуваагдана. 

Мянгад овогтны  шүтээн нь охин тэнгэр (Лхам бурхан) бөгөөд тэд бурхан тэнгэртээ зориулан цагаан морь, хөх хонь сэтэрлэнэ. Башгид овогтны шүтээн нь Атаа тэнгэр (бөөгийн ёсны зүүн 44 тэнгэрийн гол тэнгэр гэх), тэнгэр шүтээндээ өргөл болгож, хүрэн болон зээрд зүсмийн морь сэтэрлэнэ. Хиргис овогтний тэнгэр шүтээн нь Хайрхан. Хайрхан тэнгэрийн унаа болгож хөх бор зүсмийн морь  сэтэрлэнэ. Тэгэхээр өдгөөгийн Монгол Алтай дахь Мянгад угсаатан нь үндсэн гурван янзын овог төрлийн нийлбэр болж, угсаатны хувьд хэлбэржин батажсан нь харагдаж байна. Энэ гурван овогтон тус бүрдээ бас олон ураг, тээхэнд хуваагдах ба гурван овогтны тахил шүтээн нь өөр, өөр байна.

Мөн баруун Монголын нэг зонхилох угсаатан болох Өөлдүүд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хүн амыг бүрдүүлдэг. Өөлд нь дотроо бургууд, хар бургууд, тольтон бургууд, элжигэд /илжигэд/, байлгас, авгас, тоос, цувдаг, (хулан цувдаг, хулхай цувдаг), эгүс (эгёс), боролдой, цорос, шар-монгол, цагаан туг, хойд, мундас (Ццлдийн 1999, А.Очир 1999) гэх зэрэг 20 ураг, тээхнээс бүрддэг гэж тэмдэглэгджээ. Өөлдүүдийн дотор хамгийн зонхилох ураг овог болох бургууд овгийн талаар тодорхой мэдэхийг хичээтэл, бидэнтэй уулзсан эх сурвалжууд, нутгийн ахмадууд ч энэ тухай нарийн учир зүйг мэдэхгүй гэцгээсэн. Тэдний үгүүлснээр бургууд нь ямар ч асан “бүргэд”-тэй хамаагүй, түүнээс тусдаа овог бололтой. Гэхдээ Алтайн угсаатнууд дунд түгээмэл байдаг бурууд, бургуд гэдэг овгийн нэртэй ямар нэг байдлаар холбогдолтой байж болох юм. Орчин үеийн Монгол хэлний зарим үг нь (Өөлд болон Ойрдын бусад угсаатны хэл авиа нь нийтлэг Монгол хэлнээс арай онцлог) эртний бичгийн Монгол хэлнээс зарим талаараа өөрөөр дуудагдаж бичигддэг. Тухайлбал эртний бичгийн хэлэнд “Г” авиа үсэгтэй байдаг үгс ихэвчлэн орчин үед уг үсгийг гээж хэрэглэгддэг нь овог угсаатны нэрэнд элбэг тохиолддог. Үүнийг угсаатны нэр зүйн холбоо хэлхээг судлахдаа анзаарвал зохих юм.  Жишээлэхэд хошууд- хошигуд, даур –дагур, баяд-баягуд (Цэрэмпилов 1996 он. 56 даь тал) Мөн бурут нь яваандаа бурудут болж хэлбэржсэн бололтой байдаг бөгөөд энэ угсаатны нэр нь XIII зууны эхэн үеийн Чингис хааны цэргийн бүрэлдэхүүнд орж байсан “удут” овгийн нэрнээс үүсэлтэй байж болох юм (Рашид ад дин Кн2. 88 дахь тал)

Домог түүхээс үзэхэд Өөлдүүдийн эртний төрөл нь Байгаль далайгаас өмнөш оршин амьдарч байсан аж. Ийм мэдээ занги Монгол болон Халимагийн бичиг номонд түгээмэл дурьдагдсанаар Өөлдүүд нь эртний Дөрвөн Ойрдын нэг бүрдэл хэсэг нь болж байсан гэдэг (Рашид ад дин 1952 Кн1 КИЛП. 95 дахь тал; Санчир 1990 он. 52 дахь тал)

Тэрчлэн Өөлд гэдэг үг нь эртний Алтайн нэгэн омог болох Алата (алагчин)-тай тодорхой холбоо бий гэж санана. Алата буюу (Алагчин) гэдэг үгний утга нь “алаг адуу, алаг морь” гэдгээс үүсэлтэй гэдэг. Юу гэвэл нэгдүгээрт эртний Түрэгийн үед Алатууд (кит бома) Ангар мөрний орчимд нутаглаж, өмнө талаараа Енисейн Кыргизүүдтэй хаяа залгаж байжээ (Гумилев. 1993. 263 дахь тал, Мурзаев 1998. 163 дахь тал). Хоёрт гэвэл Халимагийн сурвалжид 1640 оны үед Зүүн гарын Баатар хун тайж, Алатууд болон Кыргызүүд эсвэл Бурудуудтай дайтаж, дагуулж байсан тухай мэдээ байдаг. (КИЛП 1969. 1110-111 дэх тал). Тэр үед Зүүн гарт дагасан Алатууд, мөн тэдэнтэй хамт байсан Дундат ази дахь Енисейн Кыргизүүдийн хэсэг хагас нь хожмын Өөлдүүдийг бий болгосон гол удам угсаа байж болох юм. Сурвалжийн мэдээг шүүрдэж үзэхэд тэр үеэс Буруудууд (бурут) нь зөвхөн Кыргизүүд (казак) (Долоон голынхны удам  угсаа)-нэг хэсэг болохоос өөр ямар нэг угсаатантай хамаатуулж үзэх боломжгүй нь харагддаг. Дашрамд хэлэхэд Бурут (Бурууд) Борот гэдэг үгүүд нь нэг үгийн хоёр өөр хувилбар (Унковский 1887. 39 дэх тал) гэсэн байдаг.  

Бидэнд танигдсанаар Монгол, Түрэг угсаатны  бүрдэл болж буй дээр авч үзсэн овог аймгуудын өнгөний бэлэгдэл хийгээд нэршлийн хувьд ойр холбоотой, адил төстэй зүйл олон бий. Тухайлахад монгол хэлэнд алаг, саарал бор, хүрэн буурал гэж хэлэгддэг малын зүс, газрын төрх байдлын нэршил түрэг угсааны аймгуудад “бор - боро/бара”,  буурал – бурый/бурул/бурал  байх жишээтэй.  

Төв ази болон өмнөд сибирийн өргөн уудам нутаг дэвсгэрийг дамнасан их нурууны (Алтайн нуруу) үндсэн нэршил л гэхэд бараг адилхан. Үгийн үндэс нь “ала” гэж үзвэл Монгол Зүүн гарт Алтай,  харин Түрэг, Дундад Азид  Ал-тау- Ала-тоо, Алаг ола (Ала шань) гэх мэт. Дашрамд сонирхуулахад Горний Алтайд ту – аффиксуудын харьяалах нутагт Ёлётту нэртэй газар бий. Өөлдүүд тэнд нутаглаж байсан гэсэн мэдээ занги бидэнд байхгүй авч Елётту-Өөлд гэдэг үг яах аргагүй ойр төстэй байгаа биз. Түүнчлэн Алтайн ард олны дунд Соёк, Бурут омгийн тухай хадгалагдаж үлдсэн зүйл бараг үгүй. Харин Алтайд ганцын дайны домог хууч өдий хүртэл үлдсэн нь Алтайцууд (Горний Алтайн уугуулууд -Алтайчууд) энэ нутагт ирэхийн урьд Бурутууд энд амьдарч байжээ гэсэн балархай “занги” юм. Тэрээр энэ омгийн нэр нь эртний Курган болон Арыкчуудтай холбоотой ажээ.

Эрт цагт тэнд төлжиж, хөгжиж байсан (Уулын Алтай) Буруудууд (Бурут) байгаль, цаг уурын өөрчлөлтөөс болж өмнөш, умарш холдон оджээ. Домогт үгүүлснээр бол эрт цагт Алтайд оршин амьдарч байсан Бурууд ардууд Бурудут (-ут - аффикс) болон Чингис хааны харьяалалд байсан ард түмний хооронд ойрын холбоо бий. (Рашид ад дин 1952). Харин Соёк Буруудуудын хувьд чухамдаа XVIII зууны дунд үед Тус –кул мужаас (район Тус-Куля) ирж, Алтайн ардуудын бүрэлдэхүүнд оржээ. (Г.Н.Потанин 1866). Өөрөөр хэлбэл тэд уг угсгааны хувьд Тяньшяны Кыргызүүдтэй ойр төрөл юм. Алтайн Майманчууд дунд багаахан хэсэг Бурудууд бас бий бөгөөд, домог хуучаас сэдэвлэн хөөвөл тэд мөн л Тяньшянаас ирсэн байх магадлалтай юм. (Соколов 1900).     

Үргэлжлэл бий...         

Орчуулсан Хиргис Г.Төрмөнх                     

 

                                


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 3 =

Create Account



Log In Your Account