МУБЦГ-ын хамгаалалтын захиргаанаас санаачлан Цэцэг суманд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ

By: Admin
2024-12-21
0
1509

 

Мянган угалзатын нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Ховд Их Сургууль, Баруун бүсийн экологийн судалгааны сууринтай хамтран “Мянган угалзатын нурууны байгаль-экологи, биологийн олон янз байдал, түүх-соёлын өв, угсаатан зүй, аялал жуулчлалын асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг анх удаа Ховд аймгийн Цэцэг суманд 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулжээ.

Мянган Угалзатын нуруу, түүний орчмын бүс нутаг нь байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад орсны 20 жилийн ойг тохиолдуулж байгалийн нөхцөл, нөөц, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, түүх-соёлын өв, угсаатан зүй, археологи, аялал жуулчлалын талаар хийгдсэн судалгаа шинжилгээний ажлын явц, хүрсэн үр дүнг хэлэлцүүлэх, нэгтгэн дүгнэх, олон нийтэд сурталчилан таниулах, цаашид хийх судалгааны ажлын зорилго, зорилт, авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, гүйцэтгэлийг хангуулахад чиглэсэн санал зөвлөмж боловсруулахад энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын зорилго чиглэгдсэн байна.

            Тус хуралд ХоИС, Ховд аймгийн орон нутгийг судлах музей, “Шинэ эвлэл ОНСХ” ТББ- “Ховдын толь сонин” ТББ, “Мо Эн Ко” ХХК, Мянган угалзатын БЦГ-аас нийт 19 илтгэл ирснээс 15 илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. “Ханаар” буюу эчнээ байдлаар оролцох 4 илтгэл бүртгэгдэж, илтгэгчид нь илтгэлээ хүргүүлсэн аж. Тус Эрдэм шинжилгээний бага хуралд ХоИС-ийн багш, доктор З.Бурмаа (Ph.D), Ч.Мөнхбаяр (Ph.D), Э.Наранхүү (Ph.D), М.Оюунчимэг (Ph.D), Б.Баярхүү (Ph.D), Н.Тэгшжаргал (Ph.D), Д.Батцэцэг (Ph.D)  тэргүүтэй эрдэмтэн, судлаачид оролцсон нь ач холбогдлыг өргөсөн хэрэг болсон хэмээн зохион байгуулагчид нь ярьж байв.

Хуралд ХоИС, “Шинэ эвлэл ОНСХ” ТББ- “Ховдын толь сонин” ТББ,  Мянган угалзатын БЦГ-ын хамгаалалтын захиргааны ажилтан албан хаагчид, орчны бүсийн сумдын ЗДТГ, Экоклубын багш, УЦУОШГ зэрэг байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн 40 гаруй хүн оролцсон байна.

Эрдэм шинжилгээний бага хурлаас санал, зөвлөмж гаргасан бөгөөд зөвлөмждөө цаашдын хийх судалгаа шинжилгээ, байгаль хамгааллын асуудал, хамтын ажиллагааны талаар тусгажээ. Эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан илтгэлүүдийг нэгтгэн судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох зорилгоор эмхэтгэл бүтээл болгон гаргахаар ажиллаж байгаа юм байна.

 Хурлыг санаачлан зохион байгуулсан МУБЦГ-ын хамгаалалтын захиргааны зүгээс “уг ажилд туслалцаа үзүүлсэн ХоИС-ийн эрдэмтэн багш нар болон “Алтайн нүүдэлчид” ТББ-ын хамт олонд гүн талархал илэрхийлье” гэжээ.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 6 =

Create Account



Log In Your Account