Засгийн газрын хоёр их наядын зээлээс Ховд аймагт ямар дэмжлэг ирэх вэ?

By: Admin
2024-11-22
0
1137

Монгол улсын Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлэх, үүний 2 их наядыг нь жижиг, дунд бизнес, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдэд 3 хувийн хүүтэйгээр банкуудаар дамжуулж зээлээр гаргах бөгөөд хүүгийн зөрүүг төрөөс даая гэж тооцсон тухай, тэрчилэн залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 0.5, стратегийн ач холбогдолтой төслүүдэд 2, Монголбанкны дахин санхүүжилтийн төлөвлөгөөнд 2, орон сууцжуулах төсөлд 3, Хөдөө аж ахуйн салбарт 0.5 их наяд төгрөгийг зарцуулна гэж үзэж байгаа тухай мэдээлэгдсэн.

Бизнес болон ажлын байрыг дэмжихэд зориулан банкаар олгох 2 их наядын тухайд Засгийн газар болон банкуудын хооронд уулзалт хэлэлцээр хийгдэж нөхцөл шаардлагаа тохиролцох түвшинд ажил нь явагдаж байгаа ч Улаанбаатар хотоор зогсохгүй орон нутгийн банкуудын хувьд зээлдэгчдийн хүсэлтийг авч эхэлсэн ажээ. Энэ асуудлаар Ховд аймгийн Засаг даргын орлогч, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нар тус аймаг дахь банкуудын салбарын удирдлагуудтай уулзаж санал солилцов.

Төрийн банкны салбарын захирал Батмөнх: “Уг зээлийн нөхцлийн хувьд хугацаа нь 34 сар, эхний 12 сард зээлийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй, гол зорилго нь ажлын байрыг дэмжихэд чиглэгдэнэ гэж байгаа. Гэхдээ манай зээлдэгчдийн хувьд шалгуурт нийцэх нь тун ховор, юутай ч гэлээ олон жилийн турш зээлийн өрийн дарамтанд орж унасаар ирсэн үйлдвэрлэл эрхлэгчдээ түлхүү дэмжих нь зүйтэй гэж манай банкны хувьд үзэж байгаа” гэсэн бол

Голомт банкны салбарын захирал Б.Энхбаяр “Засгийн газар болон манай төв банкнаас өгсөн чиглэлийн дагуу зээлийн хүсэлтүүдийг авч байгаа. Үйлдвэр эрхлэгчдэд зээлийн хэмжээ 500 сая хүртэл байна гэж тогтооно гэвэл шалгуур, шаардлага хангах үйлдвэр манай аймагт маш цөөхөн. Журам нь эцэслэн батлагдаагүй учир одоо тодорхой зүйл ярихад бас эрт байна”

Хас банкны салбарын захирал Мөнхзул: “Манай банкны хувьд ажлын байрыг дэмжих зээлийн дээд хэмжээг 30 сая байхаар чиг шугам баримтлаж байна. Аль болох шинээр зээл хүсэгчдийн зээлийг судлахыг чухалчилж байна. Гэхдээ Засгийн газрын төлөвлөгөөний дагуу олгогдох энэ зээлийг банкны урьд нь явж ирсэн зээлийн бодлоготой уялдуулж зохицуулахгүй бол утга нь алдагдсан зүйл болно”.

ХААН банкны салбарын Зээл тооцооны хэлтсийн дарга М.Оюундэлгэр: “ХААН банкны хувьд энэ онд үйлдвэрлэл, ажлын байр дэмжих зориулалтаар эх үүсвэр харгалзахгүйгээр 1 тэрбум орчим төгрөгийн зээл олгоод байгаа. Харин Засгийн газрын төлөвлөгөөний дагуух зээлийн хувьд зээлдэгчдийн хүсэлтийг авахаас гадна, бүх салбарынхантай уулзаж судалгаа хийж байна. Дээрээс ирүүлж буй шаардлага нь их хатуу байна. Тухайлбал ЖДҮ эрхлэгчдэд хамаарахгүй байх гэх мэт. Тиймээс шаардлагыг өшөө хөнгөлөх хэрэгтэй гэж үзэж байна”.  Капитрон банкны захирал Б.Олзжаргал: “Засгийн газраас ирсэн чиглэл шаардлагын хувьд авч үзвэл ирж байгаа зээлийн хүсэлтүүд нь шаардлага хангахгүй нь олон байна. Зээл хүсэгчдийн ихэнх нь барилгын салбарынхан байна. Гэтэл шалгууртаа тухайн салбарыг дэмжих эсэх нь тодорхой болоогүй, үүний зэрэгцээ хүсэлтийг 5 хоногийн дотор судлаж шийднэ гэж байгаа нь амьдралгүй гэж үзэж байна. 5 хоногийн дотор тийм нягт сайн судлах боломж хомс юм. Түүнээс гадна банкныхандаа ч, аймгийн удирдлага, захиргааныханд ч анхааруулж хэлэхэд яг юм хийх гэж зүтгээд хичээгээд байгаа ч, эх үүсвэр дутагдаад чадахгүй байгаа хүмүүс, аж ахуйн нэгжүүдээ сэтгэл гаргаж дэмжих тухайд шийдэл гаргаж, хичээж ажилламаар байна. Түүнээс улиг болсон арга барилаараа цөөн тооны, бүлэглэлийн шинжтэй нөхдүүдийн хүрээнд эргэлддэгээ болих хэрэгтэй” хэмээсэн юм.

Харин аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан: Анх гаргасан журмаар шаардлага хангаж зээлд хамрагдах аж ахуйн нэгж иргэд цөөхөн байгаа учраас Монгол улсын Засгийн газар журмаа дахин боловсруулж байна гээд эцэслэн батлагдсан журамд нийцсэн шаардлага тавьж зээл хүссэн аж ахуйн нэгж, иргэдтэй аль болох уян хатан байдлаар хамтарч ажиллахыг хүссэн юм.

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 1 =

Create Account



Log In Your Account