П.С.Бородавко: Өндөр уулын бүсийн уур амьсгал, ландшафтын өөрчлөлтийг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай

By: Admin
2024-12-22
0
1955

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралт, уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүсч буй болон үүсч болох үр дагаварын тухай олонтоо яригдах болсон авч уур амьсгал болон бусад хүчин зүйлтэй холбоотойгоор байгалийн хэв шинжид гарч буй өөрчлөлт, үр дагаврын талаар судлаж тогтоосон зүйл барагтай байх шиг санагддаг. Тэгвэл Ховд их сургуулийн Байгаль шинжлэл, технологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Отгонбаярын удирдсан, ОХУ-ын Шинжлэх ухааны акедемийн Сибирийн салбарын Уур амьсгал-Экосистемийн мониторингийн хүрээлэн,  Мөн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Усны экологийн хүрээлэн, Япон улсын Чубу их сургуулийн судлаачдын хамтарсан “Монгол ба Орос Алтайн өндөр уулын ландшафт-Уур амьсгалын өөчрлөлтийн судалгаа”сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжиж байгаа нь зүй ёсоор сонирхол татав. Энэ төсөл дээр ажиллаж буй судлаач ОХУ-ын Сибирийн салбарын Уур амьсгал -Экосистемийн мониторингийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, дэд профессор П.С. Бородавко тэргүүтэй судлаачид төслийн ажлынхаа дашрамд Увс, Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирээд байхад нь уулзаж, судалгааны ажлынх нь талаар товч төдий яриа өрнүүлсэн юм.

Судлаач, доктор, дэд профессор П.С.Бородавкотой хийсэн товч ярилцлагыг толилуулж байна.

- Энэ удаад Манай Монгол оронд Ховд аймагт хүрэлцэн ирэх болсон хэрэг зориг, судалгааны ажлын тань учир зорилгын талаар сонирхъе?

- Бидний судалгааны ажил бол Алтайн өндөр уулын бүс дэх уур амьсгал, экологийн орчин хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмжиж, тогтооход чиглэгдэж байгаа юм. Үүний тулд бид урьд нь Алтайн уулсаар маш олон төвөгтэй зам маршрутыг туулж, ихэнхдээ явганаар явж, ажиглалт, хэмжилт, судалгаа хийдэг байлаа. Харин одоо бол агаараас сансрын зураг мэдээллийг тохиромжтой газарт ашиглаж, газар орны байр байдлын зураглалыг өндөр түвшинд буулгаж тэмдэглэх боломжтой  болсон нь бидний ажлыг их хөнгөвчилж байна. Харин дараа нь тэрхүү сансрын зургийн мэдээллийг тусгай аргазүйгээр боловсруулан, мөстлөгийн болон уур амьсгалын үзүүлэлтүүд түүний өөрчлөлт, төлөв байдал зэргийг хэмжиж, бодитоор тогтоох ажлыг шинжлэх ухааны аргачилал, өөрсдийн туршлагад тулгуурлан хийдэг юм.

- Танай баг одоо  хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд Монгол Алтайн бүс нутагт судалгаа хийж байгаа гэж ойлголоо. Тэхээр Монгол Алтайн онцлог нь юу байна, судалгааны явцад ямар шинэлэг мэдээллүүдийг олж авч байна?

- Монгол Алтайн уулс, түүний мөстлөгийн хувьд хувьд маш онцлогтой. Оросын нутаг дэвсгэрт буй Алтайн уулархаг нутгаас ялгаатай нөхцлүүд тохиолддог. Яагаад гэвэл Монгол Алтай нь Алтайн нурууны өмнөд үзүүр буюу төгсгөлийн хэсэгт хамаарах хийгээд уулсын бүсээс говь, талын бүсэд шилжих шилжилтийн шинж төлвийг агуулсан гэж болно. Тэрээр өвөлдөө агаарын хэм нэлээд хүйтэн учраас их өргөн талбай бүхий мөс тогтдог, өөрөөр хэлбэл мөсөн бүрхүүл нь өвөлдөө үлэмж тэлдэг. Энэ мэт онцлог нөхцлөөс шалтгаалан манай төслийн баг учирч болох саадыг давах боломжтой байхын тулд хэдий цөөн хүнтэй ч хоёр машинтайгаар хээрийн судалгааныхаа маршртутыг туулахаар зохион байгуулсан. Бид Цамбагарав, Сутай ууланд голчлон судалгаа хийсэн. Эдгээр уулуудын аль, алинд нь  төстэй, бас ялгаатай нөхцөлүүд ажиглагдсан. Тухайлахад Цамбагаравт мөнх цас болон мөстлөгөөс эх үүтгэл бүхий найман нуур тогтсон байдаг бол Сутайд ямар ч нуур байхгүй. Энэ нь тэр орчмын мөстлийн хэв шинжүүдтэй холбоотой. Сутайд хийсэн судалгааны үр дүнд бидэнд онцгой ач холбогдолтой байсан. Сутай ууланд нуур үүсэхгүй байгаа зэрэг өөрийн гэсэн онцлог шинж байдал нь тэр орчмын уур амьсгалтай, мөстөлийн хэв шинж, онцлогтой  холбоотой гэж үзэж байгаа. Тэгэхээр төслийн хүрээнд бид Сутайд дулааралтаас болж, мөсний хайлалт ихэсвэл ус хуримтлагдах боломжтой газрыг цохлон авч, ажиглах арга замыг олсон. Монгол Алтайн бүсийн мөсөн талбайн хайлалтын хэм сүүлийн жилүүдэд дунджаар 14-15 хувиар нэмэгдсэн ба үүнээс улбаалаад гадаргын усны түвшин тодорхой хэмжээгээр ихсэх болсон нь харагдаж байгаа.

- Мөсний хайлалт эрчимжиж байгаа нь уур амьсгалын дулааралттай холбоотой юу?

- Тиймээ, мэдээж агаарын хэм өөрчлөгдөж дулааралт тасралтгүй явагдаж байгаагаас үүдэлтэй.

Мөстөл хайлж ухарснаар морены хурдас үүсэх, түүнд хаагдаж тогтсон нуурууд үүсэх үйл явц Алтайн уулсааар ажиглагдаж байна. Тухайлбал сүүлийн Цамбагарав орчимд сүүлийн 50 жилд 8 нуур шинээр үүссэнийг бид зайнаас тандан судлах аргаар тогтоож, зурагласан.

- Мөстлөгийн шинж байдалд гарч буй өөрчлөлтөөс гадна юуг анхаарч судалж байгаа вэ?

- Эдгээр хүчин зүйлтэй холбоотойгоор усны химийн найрлага урьд урьдынхаас их өөр болж ирж байна. Бид уулан дахь мөстлөгийн хэсэг болон голын уснаас дээж авч, усны химийн найрлагыг тодорхойлж үзсэн. Хэрвээ бид өндөр уулын мөстлөгийн хэсэгт удаан хугацаагаар ажиглалт, хэмжилт хийх боломжтой, тэнд судалгаа хийхэд тохирсон хуурай хэсэг, тавцан,  зогсоол байсансан бол усны найрлагын талаар илүү даамай ажиглалт хийж болохсон. Монголын нөхцөлд энэ их чухал, Яагаад гэвэл Монгол орны урсгал усны ихэнх хэсгийг өндөр уулнаас эх авсан буюу тэндээс улбаатайгаар тогтсон гол, нуурууд эзэлдэг.

Бидний бас нэг онцлон ажигласан зүйл гэвэл уулын бүсийн уур амьсгалын  өөрчлөлтийн ерөнхий байдал, түүний эх сурвалжийг нарийвчлан судлах хэрэгтэй байгаа юм. Энэ үүднээс бид дараа жил  өндөр уулын бүсийн экологи, уур амьсгалын судалгаагаа үргэлжлүүлэн явуулахаар  болж байгаа.

- Энэ нь судалгааны явцаас ургаж гарсан шийдэл байсан уу? Эсвэл ерөөсөө хөтөлбөр нь тийм байсан уу?

- Судалгааны явцаас зарим шийдлийг олж харсан гэж болно. Тэгээд илүү гүнзгийрүүлсэн түвшинд судлахаар удирдамж, хөтөлбөрөө шинэчлэж байна. Хэрвээ бид өндөр ууланд харьцангуй өндөр хэсэгт, илүү удаан хугацаагаар ажиглалт хийх боломжоор хангагдвал, судлаж буй судлагдахууныхаа үзүүлэлтүүдийг улам бодитоогоор нарийвчлан тогтоож чадна. Мэдээжийн хэрэг энэ маань дараагийн шатны судалгаанд болоод, уг судалгаанд суурилсан практик шийдэл гаргахад ач тустай.

- Тэгэхээр гүнзгийрүүлсэн судалгааны бэлтгэл хэр хангагдаж байна?

- Зарим шаардлагтай төхөөрөмж хэрэгслээ шинээр авч, техникийн нөхцлүүдээ шийдсэн. Дараа жил ажилахад бэлэн болж байна гэсэн үг. Энэ судалгаа маань ихээхэн сонирхолтой, үр өгөөжтэй байх болно  гэдэгт итгэлтэй байна. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа Монголын судлаачид Ховд их сургуулийн багт талархаж байгаагаа бас илэрхийлмээр байна. Хамтарч ажиллахад тааламжтай чадварлаг хүмүүс гэдгийг зориуд хэлэхийг хүсэж байна.

- Ярилцсанд баярлалаа. Та нөхдийн цаашдын судалгааны ажилд амжилт хүсье !      

Ярилцсан Г.Төрмөнх  

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 6 =

Create Account



Log In Your Account