Г.Хүрэлсум: САЙН ХОТОЧ НОХОЙГ САЙН ХҮЛЭГТЭЙ ЗҮЙРЛЭДЭГ БАЙСАН

By: Admin
2024-12-22
0
2214

           - Сайн байна уу урилга хүлээн аван ярилцах гэж байгаад баярлалаа. Бидэнд өөрийгөө танилцуулна уу

           - Сайн, сайн байна уу? Юуны өмнө ярилцлага авч байгаад маш их баяртай байна. Намайг Г.Хүрэлсум гэдэг 22 настай. Одоо дөрөвдүгээр курсийн оюутан.

- Та ямар нохой тэжээдэг вэ, анх хэзээнээс нохой сонирхох болсон бэ?

             - Монголд Тайга, монгол нохой, Хавсар, чоно дүрст гэсэн дөрвөн уугуул нохой байдаг. Миний хувьд монгол нохой буюу хүмүүсийн хэлж заншсанаар банхар нохойг тэжээдэг. Болох болохгүй нэлээд нохой тэжээдэг байсан. Яг албан ёсоор 2020 оноос монгол нохой тэжээж эхэлсэн.

            - Олон үүлдрийн нохой дундаас яагаад монгол нохойг тэжээх болсон бэ?

             -Монгол нохой нь монголчуудын үнэт өв соёлын нэг учир түүнийг хамгаалах нь чухал. Мөн монгол ахуйд хамгийн ойр байсаар ирсэн учир энэ нохойг мөхөөхгүй юмсан гэж боддог.

             - Монгол нохойн бусад үүлдрээс ялгарах онцлог, давуу тал нь юу вэ?

             - Хамгийн гол нь эрс тэс уур амьсгал, жилийн дөрвөн улиралд дасан зохицох чадвартай. Цаг үеэ дагаад гэрийн нохой шиг байранд тэжээдэг айлууд ч их болсон. Мөн жилд нэгхэн удаа өвлийн тэс хүйтэнд гөлөглөдөгөөрөө онцлогтой. Монголын уур амьсгал цаг уурт ганцхан монголын уугуул ноход л зохицож, амьдрахад таатай байдаг.

  • Хүмүүс монгол нохойнд хэр хүндэтгэлтэй ханддаг байсан бэ?

                  - Эртнээс нүүдэлчин монголчууд маань нохойг ам бүлийнхээ нэг гишүүнд тооцдог байсан. Болсон хоолны дээжийг нь өрхийн тэргүүндээ дараа нь нохойныхоо идүүрт хийн ихэд хүндэлдэг байсан. Гөлөг сонгож авахдаа эзэнгүй золбин нохойноос биш эр, эм хосоор нь тэжээсэн, түвшин сайн айлаас билэгт сайн өдрийг сонгож, эзэн хүнд сүү хадагтай, эх нохойнд хоолтой очиж, занхагар том толгойтой, богино банхагар хошуутай гөлгийг нь шилж сайн нохой болно хэмээн, ёс төртэй авдаг байсан. Хорвоог орхисон нохойныхоо сүүлийг нь дэрлүүлж, аманд нь шар тос хийн, дараа төрөлдөө хүн болж төрөөрэй гэж билэгшээн үддэг байсан. Сайн нохой сайн хүлэг хоёрыг адил үнэлдэг байсан гэсэн. Тэгэхээр монголоос өөр ийм ёс заншилтай орон байхгүй байх аа.

               - Монгол нохой ямар онцлог зан араншинтай вэ?

               - Монгол нохой нь номхон дөлгөөн ааштай, шаардлагатай үед догшин ширүүн зан характераа гаргана. Муу сайныг өөрийн совингоороо ялгаж мэдэрч чаддаг. Хоточ, анч, тулаанч, малч, совинч зэрэг чанаруудыг өөртөө агуулсан. Эзэндээ маш үнэнч, эзнийхээ зан төлөвөөс хамаарч, мэдэрч харилцдаг.

              - Монгол нохой тэжээхэд арчилгаа хэр шаардагддаг вэ?

              - Монгол нохой нь байгалийн шалгаралаар бүтсэн, хагас зэрлэг уугуул нохой. Хүний оролцоогүй амьдрах бүрэн чадамжтай, арчилгаа маш бага, өгсөн хоолыг тохируулан идэж, үлдсэн хоолоо шороонд булж, шаардлагатай үедээ гаргаж иддэг.

              - Монгол нохой нэг хэсэг мөхлийн ирмэг дээр ирээд байсан одоогоор цэвэр цусаар нь хадгалан үлдэж чадсан уу?

              - Монголд албан ёсны 300-аад нохойн үржлийн газар байдаг. Зарим үржлийн газрынхан монгол нохойг урдаас орж ирсэн Түвд мастиф /Төвд банхар/ нохойтой эрлийзжүүлж, тэдгээр ноход нь хэдэн үе дамжин, монгол төрхөө олж, харахад сайхан том нохой боловч ажлын чадваргүй, зүрх зориггүй ноход элбэг болсон. Гэхдээ сайхан цэвэр цусаар нь хадгалан авч яваа үржлийн газрууд байгаа.

           - Ховд аймагт монгол нохой сонирхон тэжээдэг хүн хэр олон байгаа вэ?

            - Нэг үеэ бодвол нохой сонирхдог хүүхэд залуус нэмэгдсэн. Бас хотын нохой үржүүлэх газруудаас гөлөг авчиран тэжээж байгаа цөөн хэдэн залуус байгаа.

           - Гөлөг анхлан сонирхож тэжээх гэж буй хүүхэд залууст юуг анхааруулах вэ?

          - Хамгийн гол нь амьд амьтан авч тэжээж байгаа юм чинь сэтгэл хөдлөлөөр хандалгүй, байр сав тав тухтай орчин нөхцөл бүрдүүлж, эцэг эх, хамт амьдарч байгаа хүмүүстэйгээ зөвлөлдөн, гарч болох эрсдэлийг даван туулах чадвартай болсон цагт гөлөг авах нь зүйтэй.

          - Таны хувьд хичнээн нохой тэжээдэг вэ, ямар хүндрэл бэрхшээл гарч байна?

          - Ховд аймаг нь монгол нохойны өлгий нутгийн нэг учир хөдөөгүүр байгаа уламжлалт хэв шинжээ хадгалж үлдсэн хөгшин нохдыг эзэдтэй нь ярилцаж, авч ирээд, төлийг нь аваад буцааж өгдөг. Энэ жилийн тухайд таван нохой үржүүлж, гарсан ихэнх гөлгөө хөдөө малчдад тараасан. Хөдөө мал дээр сул байсан ноход хашаанд хашигдаад, уяж хоригдох нь асуудалтай байсан. Мөн олон нохойны хоол, вакцин, туулга, хэрэглээ хангах зүйлс гээд санхүүгийн эрсдэл тулгардаг. Миний хувьд тухайн нохойноос хамааран өдөрт нэг мянгаас дөрвөн мянган төгрөгийн хоол өгдөг.

            - Таны алсын зорилго юу вэ?

            - Эрт дээр үед монгол хоточ нохой ямар байсан юм яг түүн шиг нохой үржүүлэн гаргахын төлөө, цаашлаад айл бүрийн гадаа монгол нохойг тараах зорилготой. Гол нь хүнд лагс биетэй, шүлсээ гоожуулсан, ажлын чадваргүй нохой гаргах биш, харин өөрийн обьектоо хамгаалах бүрэн чадвартай, зоригтой, хүч чадалтай нохой гаргах нь миний зорилго мөрөөдөл юм.

          - Зорилгодоо хүрэхийн тулд эхний ээлжинд юу хийх бодолтой байна?

          - Ямар ч байсан хөдөө сумдаар чадах ядахаараа явж монгол нохойг хайж, боломжтой нохойгоо авч ирэн үр төлийг нь авч үлдэх, эргээд хөдөө малчин айлуудаар монгол нохойгоо тараах бодолтой байна. Тийм учраас монгол нохойтой айлууд миний фейсбүүк хуудсаар /Нутгийн хоточ/ надтай холбогдож нохойныхоо цус сэлбэж, мөн асууж лавлах зүйл байвал үргэлж нээлттэй.

           - Сум орон нутгийн иргэд монгол нохойн талаар ямар ойлголттой байдаг вэ?

           - Дөрвөн нүдтэй, халтар зүстэй л бол монгол нохой гэсэн ойлголттой хүмүүс их бий. Дээр үеийнх шиг угаадас өгөөд зөнгөөрөө сайхан нохой болчихгүй. Зүгээр хоёр нохой нийлээд дундаас нь зарлагагүй гөлөг гараад байгаа юм биш. Ямар нохойг хооронд нь нийлүүлэх, ямар хоолоор хэрхэн тэжээх, вакцин туулгыг хэдийд хийх гээд цаг үеэ дагаад нарийн болсон.

            - Нохой сонирхож буй хүмүүс хаанаас хэрхэн гөлгөө сонгож авах вэ?

            - Нэгэнт нохой авч байгаа юм чинь аль үржлийн газраас ямар нохой авахаа сайн судлах хэрэгтэй. Заавал Улаанбаатар хотоос гэхгүй орон нутагт маань нохой үржүүлж байгаа залуус цөөнгүй бий. Гол нь монгол нохойны өөрийн зан характер, хэв шинжээ хадгалж авч үлдсэн гөлөг авах хэрэгтэй. Харахад том сүрдмээр ч гэсэн хэрэгцээгүй, сүр бараанаас цаашгүй нохойноос зайлсхийгээрэй.

           - Танд өөр хүмүүст хандаж хэлэхийг хүсэж буй зүйл байна уу?

           - Дээр үеэс нааш монголчуудын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн монгол нохой нь айл бүрийн гадаа харагдаж байгаасай гэж хүсдэг. Хүмүүс нохой л бол нохой шүү дээ гэсэн ойлголтоор болсон, болоогүй үүлдрийн, эрлийз, хурлийз ноход тэжээж харагддаг. Үнэн хэрэгтээ Монголчууд бидний ахуй амьдралд монгол нохойноос өөр тустай, нэмэртэй байсан нохой хаа ч үгүй. Тиймээс та бүхэн монгол нохойгоо тэжээгээд үзээсэй гэж хүсч байна.

             Ярилцсан Г.Мичидмаа

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 4 =

Create Account



Log In Your Account