Орос хэл - Монгол сургуулиудад

By: Admin
2024-12-22
0
1731

Хил орчмын хамтын ажиллагаа 

ОХУ-ын АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны нэгдүгээр орлогч дарга Алексей Ивашкин, Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дэд дарга Андрей Жуков нар Монгол улс дахь Баян-Өлгий аймгийн Орос хэлний сургалтын “Мир друзей” төв дээр 3 дахь жилдээ очиж ажиллав. Тэнд дунд сургуулийн ахлах ангийн сурагчид Липецкийн багшийн их сургуулийн төгсөгч залуу багш Жулдиз Хавдалмуратын удирдлаган дор орос хэлэнд суралцаж, оросоор ярьж бичиж сурч байгаа ба дунд сургуулиа дүүргэж, гэрчилгээгээ гардан авсаны дараа ОХУ-ын Барнаул, Горно-Алтайска, Новосибирск, Томск, Москва, Санкт-Петербург хотуудын их дээд сургуулиудад элсэн суралцахад бэлтгэгдэж байна гэсэн үг. Түнш орны хамтран ажиллагч байгууллагууд болох Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв, Горний -Алайн улсын их сургууль, түүнчлэн Алтайн Бүгд найрамдах улсын сэтгүүлчдийн холбооноос  тэдний урам зоригийг дэмжиж тусламж үзүүлэн ажиллаж байна. АБНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас энэхүү үйл ажиллагааг ивээн тэтгэж байгаа юм.   

Энэ хичээлийн жилд Мир друзей төвд гол төлөв ахлах ангийн 30 хөвгүүд, охид элсэн суралцаж байна. Сурагчид энэ төвийг юунд тэгтэл сонирхоно вэ?, Өлгий хотын ерөнхий боловсролын сургуулиудад гадаад хэл заадаггүй гэж үү гэсэн асуулт гарна. Тэгвэл өнгөрсөн жил Жулдиз Хавдалмуратын сургаж төгсгөсөн 22 төгсөгчөөс 17 нь ОХУ-ын их дээд сургуулиудад элсэн суралцах хэлний шалгуурыг бүрэн хангаж, нэгдүгээр курст элссэн байна. Энэ бол Монголын хэмжээнд тэргүүлэх амжилт. Алексей Ивашкин, Андрей Жуков нар энэ удаад гар хоосон ирсэнгүй. Тэд “Мир друзей” төвд жинхэнэ эртний хийцийн аяганууд, уран зохиолын ном, төрөл бүрийн арга зүйн гарын авлага, бас хатаасан талх, Горно-Алтайн жимсний цэцэрлэгт ургасан  амтат жимсээр хийсэн чанамал, бас зөгийн бал авч иржээ. Төвд зочлох үеэрээ зочид маань Мир друзей төвийн хүүхдүүдтэй үндэстний хоол хүнсний тухай оросоор ярилцсан. Хүүхдүүд маш анхааралтай сонсож, цайны ургамал, цай чанах арга, зөгийн балыг хэрхэн гаргаж авдаг, бас лийр болон алимаар яаж амттай сайхан чанамал бэлтгэдэгийн нууцыг мэдэж авцгаав.  Хөвгүүд охид анх удаа жинхэнэ сибирийн зөгийн бал, чанамал, хатаасан талхыг амтлаж үзэж байгаа болохоор маш их сонирхож байсан юм. 

“Суралцагсдад маань ийм сайхан урам хайралсан явдал миний урам зоригийг ч бас бадрааж байна. Би суралцагсаддаа Орос хэлийг илүү гүнзгий түвшинд эзэмшүүлэхийн төлөө хичээх болно. Хичээлийн жилийн эцэст хүүхдүүд маань толь бичиг ашиглахгүйгээр орос хэлээр чөллөтэй санал бодлоо солилцдог, Оросын их дээд сургуульд суралцаж буй үе тэнгийнхэнтэйгээ чөлөөтэй ярилцаж ойлголцох, лекц, семинарыг ч төвөггүй ойлгож, өөрийн болгох хэмжээнд хүрсэн байх болно” хэмээн Жулдиз Хавдалмурат үгүүлсэн. Орос хэлний сургалтын төвд суралцагсад оросын сонгодог бүтээлүүдтэй танилцах, орос үндсэний хувцас, гэр ахуйн зүйл, түүх соёлын зүйлтэй өөрийн нүдээр танилцаж мэдрэх боломжийг бүрдүүлэхээр бас төлөвлөж ажиллаж байгаа аж.

Энэ өдрүүдэд Баян-Өлгий дэх Зайд хувийн дунд сургууль дээр эх орны сэдвээр нээлттэй хичээл өрнүүлсэн ба өнгөрсөн зууны улс төрийн нэрт зүтгэлэтэн Малика Кашкынбайгийн охин Раушан Кашкынбайг үүнд оролцуулж, Орос улсаас илгээсэн дурсгалын медалыг гардуулсан юм. Хэдхэн хоногийн өмнө түүний эцэг Малика Кашкынбайгийн 100 насны ой тохиож хүндэтгэлтэйгээр, өргөн дэлгэр тэмдэглэсэн байна. Агуу их эх орны дайны үед Малика Кашкынбай нь улаан армид туслах танкийн цувааг бүрдүүлэхэд хүчин зүтгэж явсан, уг цуваан дахь “Баян-Өлгий” хэмээх нэртэй Т-34 танкийг худалдан авах ажлыг оройлон биелүүлж явсан нэгэн. Эдгээр танкууд Берлинд хүрсэн түүхтэй ба европын хотод мөнхийн зогсоолдоо зогссоор байна. Тэрээр Баян-Өлгийн аймгийн төв гудамжийг Кашкынбайгийн нэрэмжит болгожээ.

Баян-Өлгийн сургуулийн казак, монгол хүүхдүүд орос үгсийг сонирхон сонсоод зогсохгүй,  хүнд бэрх жилүүдэд өвөг дээдсийнхээ хамтран тэмцэж байсан ард түмний хэл соёлыг судлах нь тэдний сэтгэлийг татаж байгааг ч илэрхийлж байлаа. Биднийг тэнд байх үед Зайд сургуулийнхан Алтайн Бүгд найрамдах улсаас ирсэн зочдоо хүндэтгэж найрсаг хамтын ажиллагаагаа илэрхийлэх үүднээс зөвхөн орос хэлээр ярилцацгааж байсан юм.

 

Дмитрий СОКОЛОВ   

Орчуулсан Г.Төрмөнх   

 

  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 4 =

Create Account



Log In Your Account