Ховд аймгийн зохиолч, уран бүтээлчдийн шинэхэн ном бүтээлүүдийн тухай

By: Admin
2024-12-25
0
755

Оюуны соёлын түүчээ

Өнгөрөгч 2022 онд Ховд аймгийн зохиолч, яруу найрагчдын хэд хэдэн шинэ ном бүтээл хэвлэгдэн олны хүртээл болов. Үүнд МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Баасанхүүгийн Баяраагийн “ХАДНЫ УНДАА” шүлгийн шинэ түүвэр, МЗЭ-ийн гишүүн Дашнямын Даваасүрэнгийн “ГУРАВДАГЧ НҮД” шүлгийн түүврүүд хэвлэгдэн гарсан бол, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Гонгоржавын Төрмөнхийн “ХАРАХ ОРОН ЗАЙ I”, “ХАРАХ ОРОН ЗАЙ II” хүүрнэл зохиолын /нийтлэл/ хоёр боть бүтээлийг “Монголын шилдэг нийтлэл” эрдэм шинжилгээ судалгааны төв” өөс ХХ, ХХI зууны Монголын шилдэг туурвилиудын цоморлиг болох “шиллдэг 99 боть”-ийн 86 дахь боть болгон хэвлэжээ. Тэрчлэн Г.Төрмөнхийн гадаадын сэтгүүлчдийн бүтээлүүдийг орчуулсан “МЭТГЭЛЦЭХ ҮГҮҮЛЛҮҮД” орчуулгын ном нь ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооны соёрхлоор ОХУ-ын АБНУ-д хэвлэгдсэн байна.  

Яруу найрагч Б.Баяраагийн “Хадны ундаа” номын өмнөтгөлд МЗЭ-ийн шагналт  яруу найрагч, зохиолч Банзайн Хүрэлтогоо бичихдээ “Хөх уулын хөх шүлэгч хөглөрсөн уулсынхаа хөх хадны хөх дөлийг хүмүүний сэтгэлд амтагдах ундаа болгон нэржээ...” хэмээсэн аж. Тэгвэл Д.Даваасүрэнгийн “Гуравдагч нүд” ном нь аливааг өвөрмөцөөр илэрхийлэхийг хичээсэн, дээд оюунтнуудын болон гуравдагч ертөнцийн талаар дээдэс мэргэдээс толилуулсан ном айлдваруудыг үзэж судлаж, ойлгож ухсанаа шүлэг болгон эвлүүлж бичсэн, мөнхүү нөхөрсөг элэглэл, хайр энэрлийн шүлгүүдээс бүрдсэн онцлогтой бүтээл юм.

Харин Г.Төрмөнхийн “Харах орон зай” хоёр боть бүтээлийн тухайд уг номын ерөнхий редактороор ажилласан МУСГЗ, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн, мөн Ж.Цэвээний нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн, доктор, профессор Т.Баасансүрэн өмнөтгөл оршоохдоо “Шандас зааж бичсэн сайн бүтээлийн тухай хураангуйлан үгүүлэх нь” хэмээн гарчигласан бөгөөд “ХАРАХ ОРОН ЗАЙ” ном үнэхээр хараа юугаа тэнгэрийн хаяанд хүртэл бэлчээж, уламжлал ба шинэчлэлийг уялдаа холбоон дунд нь хослуулан сүлжилдүүлж, ур чадвар, ухаан бодлоо шавхан дайчилж бичсэн сайн бүтээл болжээ. Энэ номноос эрхлэсэн ажил, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж чадсан зохиогчийн мэдлэг, чадвар, авъяас, дадлага туршлага нэвт мэдрэгдэж байна. Тэрбээр зохиолч, яруу найрагчийн, мэргэжлийн нийтлэлчийн, эдийн засагч бас сэтгүүлчийн хосолмол мэргэжил, мэдлэгээ бүтээл туурвилдаа бүрэн шингээж, ашиглаж чаджээ...” хэмээсэн байна. “МЭТГЭЛЦЭХ ҮГҮҮЛЛҮҮД” орчуулгын номын өмнөтгөлд ОХУ-ын гавъяат сэтгүүлч, нийтлэлч Алексей Сергеевич Ивашкин бичихдээ “Энэхүү номын тухайд миний хамгийн гол хэлэх ёстой зүйл гэвэл уг ном нь түүхчид, судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн зүтгэлтнүүдэд хэрэгтэйгээр зогсохгүй, амьдралын замд дөнгөж хөл тавьж буй оюутан, сурагчдад амьдралыг танин мэдэхэд нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцлоё...” гэжээ. Уншигч та бүхэн энэхүү бүтээлүүдийг таалан болгоох ажаамуу.           


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 2 =

Create Account



Log In Your Account