Халхын гол - 39 - Бид мартахгүй, түүх гуйвахгүй...

By: Admin
2024-12-25
0
1473

ОХУ-ын АБНУ-ын гавъяат сэтгүүлч Алексей Сергеевич Ивашкин өнгөрсөн 9 дүгээр сарын эхээр Монголын үндэсний их сургуулийн урилгаар Улаанбаатар хотод зочилсон. Түүний Монголын нийслэлд хийсэн энэхүү айлчлалд АБНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн тэнхим, мөн тус улсын Сэтгүүлчдийн холбоо дэмжлэг үзүүлсэн нь талархууштай. Онцлон тэмдэглэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй төлөөлөгчид, 1939 онд Халхын голд Зөвлөлт, Монголын цэрэг, Японы Квантуны армийн түрэмгийллийн эсрэг хамтран байлдаж ялсны 80 жилийн тэмдэглэлт ойн баярын ёслолд оролцох болон бусад ажлаар Монгол улсад айлчлал хийсэн нь энэ өдрүүдэд давхцан тохиосон юм. Улаанбаатар хотын төв дунд байх Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол болоход Оросоос ирсэн сэтгүүлч маань байлцаж, тэрхүү түүхэн агшиныг гэрэл зургийн дурандаа буулган баримтжуулсаныг ч энд дурьдах нь зүйтэй.

Тэрчлэн энэ үеэр Монголын Үндэсний Их Сургуулийн номын санд Халхын голд болсон үйл явдлын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болж, мөнхүү сэтгүүлч Алексей Ивашкины Халхын голын үйл явдлын сэдвээр дагнан бэлтгэсэн “Монголын халуун наран доор” /Под жарким солнцем Монголия/ номын гурав дахь цувралын тухай танилцуулга хийгдсэн бөгөөд, эдгээр нь урьдаас өрнөж ирсэн томоохон үйл явдлын үргэлжлэл биелэл юм. Юу гэвэл энэ оны дөрөвдүгээр сард АБНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимийн орлогч дарга Андрей Архипов тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол улсын Баян-Өлгий аймагт хүрэлцэн очиж, өрнүүлсэн ажлууд нь үүний урьтал хэсэг байв. Дурьдагдаж буй үйл явдлын үеэр Халхын голын байлдааны түүхэн ялалтанд зориулсан судлал шинжлэл, практикийн бага хурлын эхний үе шатыг тавдугаар сард АБНУ-ын Горно-Алтайск хотод зохион байгуулах тухай хэлэлцэн тогтсон. Тэгээд тогтсон ёсоор тавдугаар сард уг бага хурал зохион байгуулагдаж, Орос, Монгол, Хятад, Казакстан улсаас төлөөлөгчид, судлаачид, илтгэгчид хүрэлцэн очиж оролцсон юм. Харин есдүгээр сард болсон бага хуралд Монголын Үндэсний их сургуулийн Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн дэд захирал Г.Шийрав, Монгол улсын гавъяат багш, МҮИС-ийн профессор Х.Цэдэв, тус сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн захирал П.Алимаа,  Мөн сургуулийн сурган хүмүүжүүлэх ухааны факультетийн захирал Ж.Жаргалсайхан, мөн Сурган хүмүүжүүлэх факультетийн суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш Д.Мөнхбат, Л.Олзвойбаатар, С.Баттөр, Д.Октябрь, багш Д.Баасанпагма түүнчлэн ОХУ-аас салбар, салбарын чиглэлээр тус сургуульд суралцаж байгаа оюутнууд тус хуралдаанд оролцсон юм. МҮИС-ийн ОУХС-ын захирал П.Алимаа хурал хэлэлцүүлгийг эхлүүлэв.  

Хуралдаан дээр оросын сэтгүүлч өөрийн хэвлүүлсэн шинэ номынхоо тухай танилцуулахдаа “энэ маань миний бэлтгэн хэвлүүлсэн цуврал номын гурав дахь дэвтэр бөгөөд эрдэмтэд судлаачдын хамтын хөдөлмөр, МҮИС-ийн багш нарын болон Монголын сэтгүүлч, “Ховдын толь” сонины , Гонгоржавын Төрмөнх нарын хүчин зүтгэлийн үр дүнд бий болсон юм” гэж байлаа.

Сэтгүүлч Г.Төрмөнхийн Орос болон Монгол хэл дээр бэлтгэсэн “1939 оны Халхын голын дайн үүссэн шалтгаан” хэмээх томоохон үгүүлэл уг номонд нийтлэгдсэн байх бөгөөд энэ үгүүлэлд юун тухай бичсэн болохыг одоо толилуулья:

“Өдгөөгөөс 80 жилийн тэртээ Халхын голд болсон үйл явдал юунаас үүдэлтэй вэ гэдэг асуудал нь одоог хүртэл судлаачдын санаа бодлыг сорьж, зарим талаар уймруулсаар байна. Судлаачид энэ асуудлаар дөрвөн үндсэн санал дээр хуваагддаг. Тэгэхдээ тэд эдгээр шалтгааны зөвхөн аль нэг нь байх ёстой гэсэн үзэл баримтлалыг голчилцгоодог. 

Үүнд:  

Нэгдүгээрт: Уг байлдаан (мөргөлдөөн) нь тухайн үеийн Монгол улс болон Манжгоо улсын хоорондын хилийн маргаанаас болж гарсан

Хоёрдугаарт: 1929 оны зэвсэгт мөргөлдөөнөөс улбаатайгаар Японы партизанууд төмөр замын салаа байгуулах шаардлагыг ЗХУ хүлээн зөвшөөрөөгүйн улмаас болсон 

Гуравдугаарт: Уг ажиллагаа Японы армийн удирдлагын олон жилийн өмнөөс бэлтгэсэн ЗХУ-ын Алс дорнод- Сибирийн газар нутгийг эзлэн түрэмгийлэх төлөвлөгөөний дагуу хийгдсэн.

Дөрөвдүгээрт: Япончууд 1938 онд Хасан нуурын мөргөлдөөнд ялагдсаныхаа тооцоог хийх хүсэл байсан гэж ч зарим судлаачид үздэг.

Тухайлбал Монголын цэргийн түүхч Равдангийн Болд Халхын голын мөргөлдөөн дайн үүссэн шалтгаан нь Япончууд Монголын хилд ойрхон тавигдаж асан Дорнот Хятадын төмөр замын салааг эзлэн авах, улмаар түүнийг бэхлэн хамгаалах шаардлагаас үүссэн гэж үзсэн бол зарим судлаачид уг үйл явдал нь тухайн үед БНМАУ, ЗХУ, Японы хооронд өрнөсөн БНМАУ болон Манж-Гоогийн хилийн маргаанаас үүдэлтэй гэж үзэх нь бий.

Нэгдүгээр хувилбар саналын тухайд авч үзэхэд:  1939 онд Япончууд Манжийн (Баруун хойт Хятадын) зарим газар нутгийг эзлэж, Манж-Гоо нэртэй улс байгуулсанаар Манж-Гоо болон БНМАУ-ын хил нийлэх болсон. Манж-Гоо, Монголын хоорондох хилийг Монголчууд Халх голоос зүүн чигт 16 км-н цаана орших Номон Хан тосгоноор авч үзэж байсан бол  Япончууд Монголын хилийн шугамын 16 дугаар баганыг уг шугамаас дотогш 16 км-ээр шилжүүлэн, Буйр нуурт цутгах Халхын голын сав газар гэж хүлээн зөвшөөрөхийг шаардаж байлаа. Япончуудын хувь энэ шаардлагаа хүлээн зөвшөөрүүлэх юм бол тэр хэсгээр өргөн фронтоор довтлож, гэнэтийн цохилт өгөхөөр төлөвлөсөн стратеги төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь ашигтай хувилбар болох байв. Тэрбээр эл асуудлаар Манжуур өртөөнд хэлэлцээр явагдаж байсан авч нэг мөр шийдэлд хүрсэнгүй.

1949 онд японы цэргийнхний хэргийг шүүх Хабаровскийн шүүх хурлын бэлтгэлийн явцад бүрдүүлсэн архивын баримт бичигт үлдсэн Квантуны армийн штабын дарга, дэслэгч генерал Хата Хикосабура болон штабын даргын орлогч дэслэгч генерал Мацумура Томокацу нарын өчиг сонирхол татдаг. Генерал Мацумура Томокацу өөрийн гараар өчгөө бичихдээ “Квантуны армийн командлал япончуудын сонирхсон газар нутгийг хилийн жижиг өдөөн хатгалгаар эзлэн авах, дараа нь энэ шинэ хилээ Гадаад Монголд хүлээн зөвшөөрөхөд тулгахаар төлөвлөж байсан. Цэргийнхэн ажиллагааг хурдан дуусгавал амжилт баталгаатай байна гэж төсөөлж байсан юм. Хэрэг дээрээ энэ бүтээгүй юм” гэсэн байдаг.   

Хоёр дахь хувилбар саналыг баримталдаг судлаачдын хувьд, Монголын газар нутгийн дорнод хэсэг нь Япончуудын хувьд түшиц газраа болгох тохиромжтой нутаг байсан бөгөөд уг хэсгийг эзлэн авснаар дээгүүр нь төмөр замаа ДХТЗ (Дорнот хятадын төмөр зам) явуулах, улмаар Хайлаар болон Халуун рашаан хүртэлх төмөр замын районыг хамгаалах бэхлэлт байгуулахыг зорьсон гэсэн таамаглал дэвшүүлдэг. Гол болон Элст өндөрлөгийг эзэлсэн тохиолдолд Квантуны арми голын зүүн эрэгт Хайлаар болон Халуун рашааны бэхлэлтийн районд дөхөж халхлалтыг байгуулж чадах байв. (Халхын голын сав газарт болсон ажиллагааны дүнгийн тухай 1 дүгээр армийн бүлгийн командлалын илтгэл, 1939 оны намрын “халуун мөрөөр” хэмээн нэрлэгдэн бичигдсэн 2 дугаар зэргийн армийн командлагч Г. М. Штерний илтгэл, 1941 оны 2 дугаар сард бичсэн “Халхын голд япон-манжийн цэргийг бут ниргэсэн нь” хэмээх хурандаа Шишкины илтгэл байна.

Бүүр дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа, Москвад ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар Молотов, Зөвлөлтөд сууж байсан Японы Элчин сайдад хэлэхдээ “Танайхны тавьж байсан партизаны (Дорнод Хятадын) төмөр замын хэсэг чинь Манж-Гоогийн хилийн захад хэтэрхий ойрхон учир Халхын голын дайныг эхлүүлсэн биз дээ” гэсэн байдаг. Зөвлөлт Монголын цэргийн хамтарсан хүчинд бут цохигдсоныхаа дараа 1941 онд Японы Засгийн газар ЗХУ болон Монгол улстай харилцан үл довтлох гэрээ байгуулсан. Энэ үед Японы армийн Ерөнхий штаб БНМАУ-ын хилийн шугамыг шинэчлэх зураг шинээр хийсэн бөгөөд төмөр зам тавих ТЭЗҮ-гээ бодоод, хилийн шугамыг Халх голоор зур гээд чиг өгч (Цэргийн түүхч Равдангийн Болдн илтгэл болон сонины ярилцлага).  Тэрбээр Халуун рашаан хүртэл төмөр зам тавихаар техник эдийн засгийн үндэслэлийг бүүр 1934 онд хийж байжээ. Төмөр зам тавихын тулд гэсэн нэрийдлээр ийнхүү түрэмгий төлөвлөгөө гаргаж байсан хийгээд, дээр үгүүлсэн мэдээ баримтуудаас үзэхэд Халхын голын дайн, мөргөлдөөн үүсэхэд төмөр замын асуудал шийдвэрлэх нөлөөтэй байсан нь бас үндэслэлтэй болж байна. Тэрээр энэ нь Японы хаант засгийн бусдын газар нутгийг булаан эзлэх түрэмгий төлөвлөгөөний нэгээхэн хэсэг нь юм. 

Харин гуравдахь хувилбар саналыг баримталдаг судлаачдын хувьд  Япончууд Халхын гол руу өдөөн хатгалга хийсэн нь 1927 онд Японы засгийн газрын тэргүүн болсон ерөнхий сайд Гиити Танакогийн Ази-Номхон далайн талбарыг бүхэлд нь хамарсан өргөн машстабаар цэрэг дайны түрэмгийллэл явуулах зорилгын дор боловсруулсан гэх “Танакогийн меморандум” гэж нэршин алдаршсан түрэмгий төлөвлөгөөний дагуу хийгдсэн зүйл хэмээн үзсээр ирсэн.  

Энэ төлөвлөгөөний дагуу 1920 онд ЗСБНХУ-ын эсрэг Японы “Оцу” хэмээх нэртэй цэрэг-стратегийн нууц төлөвлөгөө,  мөн 10 жилийн дараа 1930 оны үед  Японы Эзэн Хааны Армийн Жанжин Штаб,  Квантуны армийн удирдлагаас боловсруулсан ЗХУ-ын эсрэг “Хатиго” нэртэй нууц төлөвлөгөөнүүд боловсрогдсон. Тэрээр 1938 онд Хасан нууранд болсон түрэмгий үйл явдал нь “Хатиго” төлөвлөгөөний дагуу хийгдсэн ажиллагаа байв. “Оцу” төлөвлөгөөний дагуу 1933 онд японы цэргийнхэн Манжуурыг эзэлмэгцээ нутаг дэвсгэр дээр нь цэргийн төрөл бүрийн байгууламж барихын зэрэгцээ Алс дорнод болон Зөвлөлтийн төв хэсгийг холбох дайны бааз суурийг бий болгох зорилгоор Зөвлөлт, Монголын хил рүү төмөр болон засмал зам тавьж эхэлсэн, мөн энэ үеэс Оросын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.  Японы Жанжин штабын тагнуулын хэлтсийг толгойлж байсан, хожмоо дэслэгч генерал болсон, хошууч Канда Масатанэгийн “Оросын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагааг судлах материал” нэртэй нууц илтгэл зэргээс энэ нь тодорхой харагдах бөгөөд  уг илтгэлд “Оросын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаанд багтаж буй ажил бол нилээд олон хэлбэртэй байх бөгөөд бүх дэлхийг хамрах үйл ажиллагаа болох ёстой....” мөн “хорлон сүйтгэх үйл ажиллагаа нь ирээдүйн дайнд онцгой чухал үүрэг гүйцэтгэх болно”  гэж  онцлон тэмдэглэсэн байдаг.  ”ЗСБНХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байсан японы тагнуул, нууц ажилтнуудад японы жанжин штабаас сайшаагдсан зөвлөмж энэхүү илтгэлийн үндсэн дээр өгөгддөг байсан бөгөөд хожмоо энэ зөвлөмж тэдний үйл ажиллагааных нь удирдамж болсон гэж цэргийн судлаачид үздэг. ЗСБНХУ, Хятад , Солонгосын нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлж байсан энэхүү тагнуулын ажиллагааны удирдах төв нь Оросын иргэний дайны үед байгуулагдсан ЯЦТГ/японы цэргийн төлөөлөгчдийн газар/ байсан байна.

Харин Хатиго хэмээх нууц төлөвлөгөөг Халхын голын хэрэг явдлын өмнөх жил (1938 онд) эцэслэн батлуулсан бөгөөд энэ даруйд, уг төлөвлөгөөний дагуу Японы эзэн хааны хуурай замын цэргийн 1,3 сая цэрэг, офицер Манжуурт буюу  БНМАУ, ЗХУ-ын хилийн зүүн хязгаарт, яг хажууд ирж байрласан байв. Японы “Хатиго” төлөвлөгөөний “Б” хувилбар нь Монголын зүүн хязгаарыг эзлэн авч, түшиц газраа болгоод, улмаар Байгаль нуур орчмоор ЗХУ уруу дайрах зорилготой байв. Япон улс энэ бүхнийг Европ дахь Берлин, болон Римын холбоотнуудтайгаа хамсаж төлөвлөн, туршиж байсан ба тэдний зүгээс удахгүй дэгдээх дэлхийн II дайны эхний цуурай, зүүн талд дэгдээх дайных нь бэлтгэл үе шат байсан гэж үздэг (Зөвлөлт Монголын цэргийн түүхчид)

Эцэст нь дүгнэхэд: 1939 онд Японы эзэн хааны болон Квантуны армийн Халхын голд өдөөсөн дайн, мөргөлдөөн нь Японы империалист  хүчний зүгээс БНМАУ-ын газар нутгийн зүүн хэсгийг   эзлэн авч, түшиц газраа болгон, ЗХУ-ын Сибир, алс дорнодод довтлох, БНМАУ-ын гүн рүү цөмрөх болон Зөвлөлтийн хил рүү дөтлөх төлөвлөгөөндөө төмөр замын байгууламжийг ашиглах, Байгаль нуурын орчим нутгийг эзлэх гэсэн Квантуны армийн санаархалыг дэмжин хэрэгжүүлэхэд чиглэгдсэн, сайтар нарийвчлан, тооцож, боловсруулсан цэрэг дайны төлөвлөгөөний дагуу явагдсан зүйл гэж харж болохоор байна. 

Зарим судлаачдын хувьд “Танакагийн меморандум” гэж байсан эсэх нь нотлогдоогүй гэж үздэг ч Японы эзэн хааны болон Квантуны армиас уг төлөвлөгөөний дагуу боловсруулж хэрэгжүүлэхээр туршсан гэх “ОЦУ”, “ХАТИГО” хэмээх нууц төлөвлөгөөнүүд түүнчлэн халхын голын дайнд Японы армид чухал үүрэгтэй байсан цэргийн дээд удирдлагын офицерүүдийн шүүх хурал дээр өгсөн мэдүүлэг зэрэг үйл олон мэдээ, баримтаар энэ асуудал нотлогдох боломжтой.

Хилийн маргаан, төмөр зам тавихтай холбоотой эрх ашгийн зөрчил зэрэг нь гарцаагүй авч үзэх хүчин зүйл  мөн ч гэсэн, зүгээр л дайвар төдий шалтаг болж харагдаж байна. Харин Япон болон түүний холбоотнуудын энэхүү түрэмгий санаархал төлөвлөгөөг Зөвлөлт, Монголын хүчин өөгшүүлэлгүйгээр бут цохиж чадсан билээ” хэмээн уг илтгэл үгүүлэлд үгүүлжээ.

“Монголын халуун наран дор” номонд Халхын голын үйл явдлыг харуулсан архивийн ховор гэрэл зургууд нийтлэгдсэнээс гадна “Халхын гол 39 – Дайны жилийн бодит дүр зураг”, “Халхын гол дахь бүх цэргийн албан ёсны командлан захирагч Г.М.Штерн”,  “Монголын яруу найраг дахь Халхын голын дайны сэдэвт бүтээлүүд”, “Монголын тал нутаг дахь ар талынхнаас”, “Нөхөрлөлийг бэхжүүлсэн он жилүүд” зэрэг гол чухал үгүүллүүд багтсан байна. Оросын сэтгүүлчийн хэвлүүлсэн энэхүү ном Монголын Үндэсний их сургуулийн эрдэмтэд, судлаачид багш нарын төдийгүй оюутнуудын сонирхолыг маш ихээр татсан юм. Номын тухай танилцуулга хийх явцад ОХУ-ын зочид ч олон асуултууд тавьж байсан.

Бага хурлын үеэр МҮИС-ийн профессор Х.Цэдэвийн хэлэлцүүлсэн илтгэл нь энэ сэдвээрх томоохон судалгааны үр дүнг илтгэж байсан бөгөөд Монголын яруу найраг болон дуу шүлгүүдэд буй Халхын голын байлдааны үйл явдлын талаар үгүүлсэн үг, хэллэгүүдэд хийсэн задлан шинжлэлдээ нэгэн чухал санааг дэвшүүлсэн юм. Эрдэмтэн өөрийн бүтээлээрээ уран зохиол дахь үгийн ид хүч нь Японы түрэмгий хүчний бусдын газар нутаг руу уулгалах хүслийг сааруулж, довтлон эзлэх санаархалаа буцаан авахад нь нөлөөлсөн гэж үзэж буйгаа оролцогчдын анхааралд толилуулсан. Зөвлөлт, Монголын хамтарсан хүчний Халхын гол дахь үйл хэрэг нь БНМАУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн байдлыг хамгаалах баталгаа болсон төдийгүй 1941 онд ЗХУ-ын эсрэг дайны хоёрдугаар фронтыг нээх гэсэн Японы Засгийн газрын санаархлыг таслан зогсоосон, дэлхийн хоёрдугаар дайн нь 1939 оны 9 дүгээр сараас бус харин Японы империалист хүчин БНМАУ-ын нутаг дэвсгэр Халхын гол руу өнгөлзөн, довтолсон тэр цагаас эхлэлтэй гэдгийг эрдэмтэн Х.Цэдэв мөн үгүүлсэн юм.  

Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан энэхүү судлал шинжлэл, практикийн бага хуралд Д.Мөнхбат, Ж.Жаргалсайхан нарын эрдэмтэн судлаачид мөн басхүү тусын илтгэлээ хэлэлцүүлж, чухал үүрэгтэй оролцсон. МҮИС-ийн эрдэм шинжилгээ, сургалт эрхлэсэн дэд захирал Г.Шийрав хуралдааныг өндөрлүүлж хэлсэн үгэндээ: “энэхүү бага хурал маань эртнээс нааш, судлаачид, эрдэмтэн багш нар, сэтгүүлчид гэсэн олон чиглэлийн мэргэжлийн хүмүүсийн олж цуглуулсан мэдээлэл, өгөгдөхүүнүүдийг бүтээлч ончтой, хэв гольдрол руу чиглүүлэх алхамыг бий болгож чадлаа. Ирэх 2020 онд Орос, Монголын ард олон Европд Германы фашистуудыг, мөн Ази, Номхон далайн талбарт Квантуны армийн түрэмгийллийг  бут цохисны 75 жилийн ойг тэмдэглэнэ. Тиймээс энэ удаагийн үйл ажиллагаан  дээрээ дөрөөлж, ирэх онд илүү өргөн хүрээг хамарсан ажлыг зохион байгуулах, Хятад, Казакстаны сэтгүүлчид, судлаачидыг түүнд татан оролцуулах саналыг дэвшүүлж байна гэсэн юм.

Бага хурал өндөрлөсний дараа бүх оролцогсод гэрэл зургаа татуулж, нэрийн хуудсаа солилцон, харилцан талархал илэрхийлж байлаа. Оросын сэтгүүлч Алексей Ивашкин тус сургуулийн оюутнуудад Монголын халуун наран дор цуврал номынхоо шинэхэн хэвлэгдсэн гурав дахь дэвтрийн талаар семинар хичээл орж, сургуулийн номын санд номноосоо бэлэг болгон өгсөн юм.   

“Золотое перо Алтая” цахим сайтын нийтлэл.

Орчуулсан Г.Төрмөнх  

 

 

 

 

  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 8 =

Create Account



Log In Your Account