1922 ОНД ХОВД НУТГААС АНХНЫ УЛСЫН БААТАР ТӨРСӨН ГЭВЭЛ ТА ҮНЭМШИХ ҮҮ ?

By: Admin
2024-12-25
0
2255

              Мөхөс боол би Ховдын тухай ном, толь бичиг зэрэг эрдэмтдийн туурвилыг өөрт олдохын хирээр үзэхэд улсын баатар Өлзийбүрэнгийн Пунцагийн  тухай тэмдэглэсэн зүйл нэн ховор учир Л.Батцэнгэлийг 2003 онд түүний мэндэлсний 110 жилийн ойд зориулсан мэдээнд үндэслэн үүнийг тэрлэж байна.

            Аж үйлдвэрийн  комбинатын дарга байсан хоёрдугаар морьт корпусын дарга асан Ө.Пунцагийг 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед “Хэнтий, Дорнод, хязгаарын цэргийг Японы талд урвуулахаар санаархасан, аж үйлдвэрийн комбинатын 6000 төгрөгийг үл бүтэх этгээдүүдэд ашиглуулсан” хэмээн ял тулгаж, эрүүдэн шүүж байгаад цаазлан хороожээ. Энэ хэрэг хилс байсан нь илэрсэн тул Ө.Пунцагийг 1962 онд цагаатгаж, МАХН-ын гишүүнлэлийг нь 1925 онд элссэнээр сэргээсэн байдаг.

           Өдрийн сонины нийтлэлд  “Өлзийбүрэнгийн Пунцаг 1893 онд Ховд аймгийн Чандмань сум одоогийн Булган суманд Наранбулаг хэмээх газар төрсөн” гэсэн нь ээдрээтэй бөгөөд судлууштай. Энэ үед Засагт хан аймгийн Эрдэнэбээсийн хошуу гэж байсныг доктор Б.Батмөнх тэмдэглэхдээ тус хошууг янз бүрээр нэрлэж байсан гээд Ө.Пунцагтай цуг морин дэл дээр хамт дарцаглаж явсан ардын хувьсгалын партизан Даваа, Гомбо, Дамба нар нь Эрдэнэбээсийн хошуу Хайрхан сумынх гэсэн байдаг. Ө.Пунцагийн  эцэг нь 10-аадхан насанд нь өөд болж, ээж Норжин нь өнчин ядуугийн зовлонг амсаж амьдарч явжсан хийгээд биерхүү том хүн байсан гэдэг.

            Булган сум гэсний учрыг тайлсангүй. Гэхдээ энэ үед торгуудын хошуу торгууд бээсийн харъяанд 1691-1911 онд байсан, 1925-1931 онд торгуудын хошуудыг  нэгтгэж, Булган Мандал, Бүрэн хан уулсын  хошуу болгожээ. /Баяуд Балдандоржийн Адъяа “Монгол  гарвалтны уг язгуурын ойллого” VII 2019/ Үүнээс үзвэл Булганых гэх үндэслэлгүй бөгөөд дээрх нь ташаарч бичсэн зүйл бололтой.  Ө.Пунцаг Ховдын хязгаарыг чөлөөлөх үед хатан баатар Магсаржавын цэрэгт элсэн, Янгирцагийн хөтөлийн /Хөтөл ус Б.Ш/ тулаанд оролцож, улмаар Ховд, Зэрэгийн хүрээ, Буянт гол, Гурван сэнхэр, Завханы Отгон, Яруу, Тэсийн хүрээ, Увсын Улаангомыг чөлөөлөхөд онц гарамгай гавъяа байгуулсан байна. 1922 онд Ардын Засгийн газрын шийдвэрээр анх удаа 11 хүнд Улсын баатар цол олгосны нэг нь Ө.Пунцаг байжээ.1922 оны 11 дүгээр сарын 6-наар огноолсон тэрхүү тогтоолд “...   мөн аймгийн Эрдэнэ жанжин вангийн хошууны Пунцаг ...  үнэхээр амь биеийг шаламгайлан зүтгэж явсаар ийнхүү шарх олсон нь сайшаалтай тул долдугаар зэрэг, баатар цол олгосугай” гэсэн нь Батлан хамгаалахын төв архивт байдаг ажээ./Ховдын өөр баатар байсныг ч үгүйсгэх аргагүй Б.Шоовдой/ Ө.Пунцаг, Тверь хот дахь морин цэргийн дунд сургууль, цэргийн ерөнхий сургуулийн давтан курсыг дүүргэж, ЗХУ-д хоршооны дээд курс төгсөж, эрдэм боловсрол эзэмшжээ.

            Тэрээр Ховдын цэргийн хороонд салаа, сумангийн дарга, дотоодыг хамгаалах газарт цэргийн ба хязгаарын цэргийн хэлтсийн дарга, 1933-1937 онд хоёрдугаар морьт хорооны цэргийн прокурор, Хоршоодын холбооны ерөнхий  хороон дарга, Аж үйлдвэрийн комбинатын  даргын албыг тус, тус хашиж байжээ.

            Хилсээр хэлмэгдсэн тэр, хуудуутай, хилс хэргийг огтхон ч хүлээгүйгээр барахгүй ял гүйцэтгэх цаг мөч ирэхэд өмсөж байсан цамцаа урж, тасархай дээр нь “Удирдагч Догсом, Амар, Маршал нарт үнэнч явсан ба үнэнээн илчилснийг цусаараа тангараглана. Монгол улс хэзээд мандтугай. Пунцаг 1937 оны 11.26,  1927 оны 11.28” гэж цусаараа бичиж үлдээсэн нь цэргийн тагнуулын архивт үлдсэн байдаг ажээ. Ө.Пунцагийг БНМАУ-ыг тунхагласан өдөр цаазалсан нь тун тоогүй хэрэг. Эх оронч хөвгүүдийн намтар түүхийг судалж, хойч үедээ үлдээх нь эрдэмтэн хүмүүний үүрэг болой. Үүнийг эрхэм дүү нартаа захису. Сайн хүний бичсэнийг олж үзэж, бага зэрэг тайлбар сэлт оруулан ийнхүү нйитлүүлж буйг маань өршөөн тунгаах буйзаа, 1922 онд Ховд нутгаас анхны Улсын баатар төрсөн нь энэ мэдээллээр батлагдаж байна гэж мөхөс би үзэж байна. Гавъяат үйлс мандтугай !

                                                                                                                                                                                                                                               Б.ШООВДОЙ

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 4 =

Create Account



Log In Your Account