"Халзан бүрэгтэй" - асуудал", "Ултай судалж, ухаантай төлөвлөх нь чухал"

By: Admin
2024-12-22
0
1980

                                                                                                                                                     (Цуврал 7)

2012-2014 онд Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь Халзан бүрэгтэйн газрын ховор елементийн орд газарт явагдаж байсан үйл ажиллагаатай холбоотой үүсээд байсан нөхцөл байдал, уг шалтгаааны талаар 5 цуврал нийтлэлийг бэлтгэн уншигчдад хүргэсэн. Тэгвэл уг асуудалтай холбоотой сүүлийн үед 2021-2022 онд ямар нөхцөл байдал бий болоод байгааг дахин судлаж, нийтлэлийг үргэлжлүүлэн, 6, 7 дахь цувралыг бэлтгэнийг уншигч та бүхэнд толилуулж байна.

XZ5

Тэгтэл 2020 онд хэвлэлүүд “үнэ цэн нь 10 тэрбум ам.доллараар хэмжигдэх газрын ховор элементийн нөөц монголын хөрсөн доор нуугдаж байна. Итгэл дагуулсан ийм тооцоог дэлхийн банк танилцууллаа. Дэлхийн хөрөнгө оруулагчдыг соронз мэт татаж буй энэ төрлийн түүхий эдийн Монгол дахь нөөцийн таамаг тооцоог салбарынхан өмнө нь нэг бус удаа мэдээлж, үнэ цэнийг нь тэрбум ам.доллараар үнэлж байсан. Тэгвэл энэ урьдчилсан үнэлгээг 10 дахин өсгөж, Монгол Улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний баялаг манай газрын хэвлийд нуугдаж буйг олон улсын байгууллага танилцуулжээ” (Засгийн газрын мэдээ сонинд Г.Байгалийн нийтэлсэн мэдээлэл) гэх мэтээр ихэд “хөөрцөглөсөн” мэдээллүүд цацагдах болов. “Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн ордын ашиглалтын үйл ажиллагааг 2020 оноос эхлүүлэхээр техник эдийн засгийн үндэслэлийг  батлуулсан тухай Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллийг үндэслэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд (тухайн үеийн) Д.Сумъябазар ярьсан гэжээ. Гэвч Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны тухайн асуудлыг хариуцсан газар болох Ашигт малмтал газрын тосны газар энэ талаар мэдэхгүй гэв. Биднээс энэ талаар мэдээлэл хүсэж илгээсэн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны 28 дугаартай албан бичгийн хариуд тус газраас 2021 оны 10 сарын 22-ны 8/4705 дугаартай албан бичгээр хариулт өгөхдөө “Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн ордын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан тухай мэдээлэл одоогоор манайд байхгүй байна” гэсэн юм.

            Харин тус газраас бидэнд Халзан бүрэгтэй болон түүний орчим газарт олгогдсон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэн бөгөөд 2001, 2004 онуудад хууль зөрчиж олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийг тухайн үеийн хуулийн дагуу олгогдсон гэж тайлбарласан нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд гарсан аливаа алдаа, дутагдлыг үнэнээр нь хүлээн зөвшөөрч илчлэхийг ер хүсдэггүй, түүнийгээ ямар нэг байдлаар хамгаалан, хуурмаг гоомой сэдэл, үйлдэлтэйгээ амь бөхтэй зууралдсаар байдаг юм байна гэж бодоход хүргэж байгаа юм.

            Үүний зэрэгцээ Д.Сумъяабазарын Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд байхдаа 2020 онд хэвлэлд өгсөн мэдээллийн тухайд нэн хачирхалтай гэхээр нөхцөл байдал ажиглагдаж байгааг уншигчид анзаарч байгаа байх. Яамны тухайн асуудлыг хариуцсан газар нь, төрийн захиргааны төв байгууллагын мэргэжлийн албан хаагчид нь үгүйсгэж байгаа зүйлийг энэ талаар мэргэжлийн бараг ойлголтгүй сайд асан маань тийнхүү ихэд итгэлтэйгээр хэвлэлийн өмнө ярьсан, тэгтэл түүний ярьсанчилан 2020 онд үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөж, ТЭЗҮ-ийг нь боловсруулсан гэх орд газарт ямар ч үйл ажиллагаа эхлээгүй, ТЭЗҮ боловсрогдсон гэдэг тухай Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт  малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн газар гэсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн байгууллагууд нь мэдэхгүй байгаа, мөн Монголиан нэшнл рийр ийрт корп компаниас Мянгад сумын зарим айл өрхөөр орж нууцаар ухуулга, сурталчилгаа явуулан, мөнгө төгрөг ч /авилга/ өгч байж болзошгүй тухай мэдээлэл нутгийн хүмүүсээс ирж буй, уг компани өөрсдийн бэлтгэн цацаж буй ведио сурталчилгаандаа “олон нийтийн дунд Халзан бүрэгтэйн ордыг цацраг идэвхт ураны орд гэсэн ташаа мэдээлэл байдаг. Хайгуулын үр дүнд нөөцийг баталгаажуулахдаа уг ордод цацраг /радиац/ байхгүй гэж тогтоосон, ямар ч хор нөлөөгүй нь нотлогдсон” гэсэн илт худал мэдээлэл оруулж сурталчилж байна.

            Гэтэл олон нийтийн дунд Халзан бүрэгтэйг ураны орд гэсэн эндүүрэл байдаг гэдэг нь ор үндэсгүй худал зүйл юм. Харин газрын ховор элементийн илэрц буй газарт цацраг идэвхт бодис, уран торий заавал байдгийг эрдэмтэн судлаачид хангалттай нотолсон хийгээд Халзан бүрэгтэйн ордод хэд хэдэн удаа хийсэн хэмжилтээр цацрагийн хэмжээ аюултай түвшинд (хүлцэх хэмжээнээс хавьгүй өндөр) байгаа нь мөн л хангалттай нотлогдсон зүйл юм. Энэхүү цуврал нийтлэлүүдийн өмнөх хэсгүүдэд үүнийг маш тодорхой үгүүлсэн. Тэрчлэн уг компани ведио сурталчилгаандаа “байгалийн нөөц болон ус ашиглах хэрэгцээ нь уул уурхайн бусад үйл ажиллагаанаас  харьцангуй бага” хэмээсэн нь бас л зориудын худлаа сурталчилгаа, үүнтэй холбоотой судалгаанууд хийгдээгүй байхад ингэж мэдээлэх нь буруу бөгөөд урьднаас бидний хийсэн ажиглалт, тандалтаар асар их хэмжээний ус ашиглах, ус ашиглалт нь орчны экологийн тэнцвэртэй байдалд ч сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа. Дашрамд дурьдахад ведио сурталчилгаанд тус компани нь урьдчилсан ТЭЗҮ-ийг олон улсын мэргэжлийн компаниар хийлгэхээр ажиллаж эхэлж байгаа гэсэн нь сайд асан Д.Сумъяабазарын хэвлэлд өгсөн мэдээлэл худлаа болохыг гэрчилж байгаа бөгөөд сайд асны ярьсан нь УУХҮ-ийн яамны байр суурь бус харин лиценз эзэмшигч компаний “арга мэх” байсан гэхээр харагдаж байгаа юм.

            Аа харин АНУ болон Хятад улсын худалдааны сөргөлдөөнтэй холбоотойгоор тус хоёр улс аль аль талдаа газрын ховор элементийн хүдрийн баяжмал зэрэг тухайн төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлоход хориг тавьсан зэргээс улбаалан, газрын ховор элементийн зах зээлд тоглолт хийх, эдийн засгийн хувьд ашигтай бодлого явуулж болох боломжтой гэж  Яам болон Засгийн газрын зүгээс үзсэн тул Монгол орны газрын ховор элементийн судалгаа, хайгуулыг шинэ шатанд гаргахаар төлөвлөж, газрын ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгааны төслийн нэгж байгуулан, Эрдэнэс Монгол группын бүрэлдэхүүнд ажиллуулж эхэлсэн аж.

            Уг төслийн нэгжтэй нь харилцаж мэдээлэл авахын тулд 2021 онд 3 сарын турш 20 гаруй удаа утсаар нь залгаж байж сая нэг холбогдон, асуудлуудыг тодруулахад “судалгаа дөнгөж эхлэх шатандаа яваа, таны мэдэхийг хүсэж буй зүйлүүдэд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм. Төслийн нэгжийн захирал А.Тэмүжиний хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл “уг төслийн нэгжийн хувьд ирэх жилүүдэд тодорхой талбай дээр геологийн эрэл хайгуул, хүдрийн баяжуулалтын технологи, баяжмалын гидрометаллургийн боловсруулалтын технологийн асуудлыг иж бүрнээр нь шийдэж, дэлхийн зах зээлийн шаардлага хангасан газрын ховор элементийн дан исэл гарган авахыг зорьж ажиллаж байгаа. Эхний ээлжинд газрын ховор элементийн үйлдвэрлэлийг цогцоор нь явуулах ажлын хүрээнд геологийн хайгуул хийх талбайн сонголтыг хийсэн. Одоогоор тусгай зөвшөөрөл авах ажил хийгдэж байгаа. Хоёр дахь ажлын хүрээнд, ХБНГУ болон Япон улсын төлөөлөгч нартай уулзсан ба хамтран ажиллах санал боловсруулах ажил явагдаж байгаа” гэжээ. Мэдээллүүдийг харгуулан нягтлаж үзэхэд “10 тэрбум ам долларын газрын ховор элементийн нөөцтэй” гэсэн мэдээллийг илтэд ухуулга сурталчилгааны зорилгоор явуулж буй юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр байгаа юм.

XZ6

            Монгол Улсад энэ талаар эдийн засгийн тооцоолол сайтар хийгдээгүй, тухайн асуудлыг эрхлэж судалгаа явуулан эдийн засгийн үр ашгийг тооцох чиглэл бүхий төслийн нэгж нь дөнгөж байгуулагдан ажиллаж эхлээд байхад дэлхийн банк нь ч байна уу, ямар нь ч байна аль нэг газрын таамаг байдлаар гаргаж ирсэн тоог тэгтэл дөвийлгөн “сэвэх” нь гоомой зүйл мэт. Үнэхээр тийм баталгаатай тооцоолол хийчихсэн юм бол дэлхийн банкны хийсэн бүх судалгааг нөгөө байгуулагдаад байгаа төслийн нэгж маань авч нягтлан шинжилж үзэх хэрэгтэй байх л даа. Тэгтэл төслийн нэгжийн тавьж буй зорилт, явуулж байгаа үйл ажиллагаанд дэлхийн банкны судалгааг ашиглах, нягтлах гэсэн зүйл байхгүй байна. Тэрчлэн газрын ховор элементийн нөөц бусад улс орны нутаг дэвсгэрт ч нэлээд хэмжээгээр байдаг бололтой.

            Шинжлэх ухааны акедемийн хими технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяагийн сэтгүүлч Д.Цогзолмаатай ярилцсан ярилцлагаас үзвэл “АНУ-ын Геологийн судалгааны албаныхан 2019 оны байдлаар дэлхийн хэмжээнд 130 гаруй сая тоннын ГХЭ-ийн нөөц байна гэж тогтоосон байдаг. Үүний 48.5 сая тонн нь БНХАУ-д, үлдсэн нь Бразил, Австрали, Вьетнам, Орос, АНУ гэх мэт дэлхийн бусад 30 орчим улс орнуудад ноогдож байна гэж тодорхойлсон. Тодруулбал Хятадын Баян-Овоогийн Газрын ховор элемент-Ниобий-Төмрийн ордод дэлхийн газрын ховор элементийн нийт нөөцийн 40 гаруй хувь нь орших бөгөөд энэ ордын хүдэрт агуулагдах /ГХЭ/-ийн дундаж агуулга нь 6 хувь орчим гэсэн судалгаа байдаг. Манай улсын хувьд Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан бүрэгтэй гэх мэт /ГХЭ/-ийн нөөц нь тогтоогдсон ордууд болон 80 гаруй илэрцүүд илэрсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын статистик мэдээгээр манай улс 3 сая гаруй тонн газрын ховор элементийн нөөцтэй гэж үздэг. Энэ нь нөөцийн хувьд манайх харьцангуй их, дэлхийд өрсөлдөх боломжтойг илтгэж байгаа юм” гэсэн байна. Тэрчлэн “...Австрали, Америк зэрэг барууны орнууд өмнө нь ашиггүй гээд хаасан ордуудаа эргээд нээж байгаа. Мөн Япон улс далайн түвшнээс 3500-6000 метрийн гүнд, Номхон далайн ёроолд шинэ ордыг хайгуулаар илрүүлсэн ба уг орд нь ойролцоогоор 80-100 тэрбум тонны нөөцтэй гэж мэдээлсэн. Сүүлийн жилүүдэд ОХУ, Вьетнам, Бразил зэрэг улсуудад томоохон хэмжээний нөөц байна гэсэн судалгаа гаргаад байгаа. Эдгээр улсуудын тухайд ч гэсэн шинэ ордуудыг нээн илрүүлэхийн зэрэгцээ өөр бусад тулгамдсан асуудлууд тулгарч байгаа нь техник технологийн мэдлэг чадвар, туршлагын хязгаарлагдмал байдал, газрын ховор элементүүдийг олборлох, ялгаж авах үед дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр цацраг идэвхит бодис ялгарах, цацраг идэвхт хаягдал үүсэхтэй холбогдсон асуудал  мөн /ГХЭ/-ийн шинэ үйлдвэр байгуулахад шаардагдах их хэмжээний хөрөнгө оруулалтын асуудал, зах зээлийн ашигтай үнийг урьдчилан тааварлах боломжгүй байдал” зэрэг юм” гэжээ.

            Энэ эрдэмтний ярьсан зүйл нь 2012 оноос хойш цувралаар нийтлүүлсэн энэхүү нийтлэлийн маань үндсэн санаатай яв цав нийцэж байгаа юм. Тухайлбал газрын ховор элемент  гэдэг нь бүхий л эрсдэлт хүчин зүйлүүдийг тооцож, тэдгээрийг бууруулах хангалттай арга хэмжээг авч чаддаг чадвартай болсныхоо дараа боловсон хүчнээ хөгжүүлж, технологийг илүү өндөр түвшинд эзэмшсэнийхээ дараа сая ашиглах тухай ярьж болохуйц стратегийн ашигт малтмал юм гэдгийг тодорхой үгүүлсэн байна. Халзан бүрэгтэйн ордын тухайд гэвэл хүнд газрын ховор элемент буюу хүдрийн агууламж дахь газрын ховор элементүүд нь илүү нягт, их агууламжтай ордод тооцогддог, тэр хэрээр цацраг идэвхт элемент буюу уран торийн агууламж ихтэй байх эрсдэлтэй. Үүнтэй холбогдуулан доктор Т.Аззаягийн ярьснаас дахин эш татвал “Говийн бүсэд орших Мушгиа худаг, Хотгор, Лугийн голын ордуудад хөнгөн газрын ховор элементүүд давамгайлдаг бол Ховд аймгийн Мянгад  сумын нутаг Халзан бүрэгтэйн ордод хүнд /ГХЭ/ давамгайлдаг. ГХЭ-ийн бие даасан гол эрдсүүдэд карбонатитын төрлийн бастнезит, фосфатын төрлийн монацит, ксенотим ордог. Гэхдээ манай ордуудад ГХЭ-үүд нь бие даасан эдгээр эрдсийн байдалтай байдаггүй. Өөр бусад эрдэст дагалдах байдлаар оршдог. Ордуудын нөөц болоод эрдэс чулуулгийн шинж чанарын талаарх геологийн судалгаанууд нэлээд бий” гэжээ. 

            Sonin.mn цахим сайт “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Бямбажаргалын нийтлэлийг нийтлэхдээ Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн орд 1 сая 203 мянган тонн, Хотгорын орд 1 сая 113.7 мянган тонн, Мушгиа худгийн орд 314,3 мянган тонн, Лугийн голын орд 14.5 мянган тонн ховор элементийн нөөцтэй гэж харуулсан зургийг байршуулжээ. Гэвч энэ мэдээллийн эх сурвалжийг нягтлах хэрэгтэй. Газрын ховор элементийн ордуудын тогтоогдсон нөөцийн  талаар бид Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн албанаас мэдээлэл хүссэн авч аль аль нь энэ тухай  мэдээлэл байхгүй гэж хариу өгсөн бөгөөд Үндэсний Геологийн газраас зөвлөсний дагуу нууцын зэрэглэлд хамаарч буй хэмээх Халзан бүрэгтэйн ордын хүдрийн нөөц болон холбогдох бусад мэдээллийг олж авахын тулд тэнд хайгуул хийсэн Монголиан нэшнль рийр ийрт корп компанид албан бичгээр хандаад байна.

            Төгсгөлд нь үгүүлэхэд судлаачид эрдэмтдийн үзэж байгаачлан энэ салбарыг хөгжүүлэх тал дээр зөв бодлого бариад, өндөр хөгжилтэй улс орнуудтай хамтран ажиллахад болохгүй гэх газаргүй, гагцхүү тусгайлан баримтлах бодлогоо нарийн тодорхойлж эрх зүйн орчинг буй болгох, ингэхдээ тухайн асуудалд хамаатай бүх талын оролцоог хангаж ил тод, нээлттэй хийгээд нухацтай хэлэлцэн, “долоо хэмжиж, нэг огтлох ” арга барилаар ажиллах “өнөөдрийн уушигнаас  маргаашийн өөх” гэдгийг бодолцон, ирээдүйн өндөр ашгийн үнэрээр эрх мэдэлтнүүд, улс төр бизнесийн бүлэглэлүүдтэй холбоотой байж болох компаниуд ордын тусгай зөвшөөрлийг гартаа оруулж авсан, зарим нь хууль бусаар авсан ч цуцлагдахгүй байсаар байгааг анхаарч, эл асуудлыг цэгцлэх, мөнхүү дээр үгүүлсэнчилэн хүдрээс нийлмэл болон дан ислийг гаргаж авах боловсронгуй технологийг бий болгосныхоо дараа, боловсон хүчнийг сургаж бэлтгэж, боловсон хүчний нөөцтэй болсныхоо дараа, цацраг идэвхт бодис, уран торий зэрэг аюул, эрсдэлт зүйлсээс хамгаалах найдвартай технологтой болсныхоо дараа сая олборлох ашиглах тухай ярих, харийн өнөөгийн нөхцөлд бол зөвхөн шинжлэх ухаан судалгааны асуудалд л анхаарлаа хандуулах нь зүй гэдгийг энд онцлохыг хүсэв.

            Тэрчлэн дээр үгүүлэгдсэн хууль бус, “цадиггүй” зүйлсийг хазаарлаж, хууль шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага ч байгаа гэдгийг уншигч та бүрхэн анзаарсан байх. Тиймээс “уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлалгүй”-гээр ултай судлаж, ухаантай төлөвлөх нь хойчид тустай

                                                                                                                                Хиргис Г.ТӨРМӨНХ  

                                                                                                                      2022 оны 4 дугаар сар. Ховд хот  

XZ7

XZ8

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 9 =

Create Account



Log In Your Account