Ховд аймаг дахь эрдэс баялгийн салбарын хариуцлага ил тод байдлын төлөв байдал

By: Admin
2024-12-27
0
613

            Эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааны хариуцлага, ил тод байдлын асуудлаар ажиглалт судалгаа, мониторинг хийх хөтөлбөрийн төлөвлөгдсөн ажлын хүрээнд бид орон нутгийн гэрээ буюу Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан ёсоор тусгай зөвшөөрөл эзэмшигч компани болон тухайн орон нутгийн Засаг дарга, Захиргааны байгууллагын хооронд байгуулж ажилладаг хамтран ажиллах гэрээг тойрсон асуудлууд, уул уурхайн салбар дахь зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, тэрчлэн нийтийн эрх ашиг зөрчигдөж буй эсэхэд ажиглалт судалгаа хийж, шаардлагатай тохиолдолд стратегийн өмгөөлөл явуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж буй. Эдгээрийн хүрээнд анхаарлын төвд байлгавал зохих гол чухал зүйлүүд хийгээд сүүлийн үеийн нөхцөл байдал ямар байгаа талаар судалгаагаар тогтоогдсон мэдээллүүдийг уншигч та бүхэнд тоймлон хүргэж байна.

                                          Нэг: “Орон нутгийн гэрээ”-тэй холбоотой асуудлууд

           Бидний судалгаа ажиглалтаар Ховд аймгийн нутаг дэвсгэрт өдгөө хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгж компаниуд цөөнгүй байгаа боловч МонЭнКо компаниас бусад нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заагдсан орон нутагтай хамтран ажиллах гэрээг байгуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигч үндсэндээ байхгүй байгаа. Хууль ёсны үүрэг хариуцлагынхаа дагуу аймаг, сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар нь энэхүү ажлыг зохион байгуулж, холбогдох ажил хариуцсан хэлтэс, газруудаар судалгаа хийлгэн, хамтран ажиллах гэрээ байгуулвал зохих уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хэлэлцээр үүсгэх ёстой. Төслийн баг түүнчлэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын  санаачилгын аймгийн дэд зөвлөлөөс энэ асуудлыг Ховд аймгийн Засаг дарга холбогдох ажил хариуцсан хүмүүст нэг бус удаа санал болгосон ч хэрэгжихгүй байсаар байна.   

          Түүний зэрэгцээ Ховд аймгийн Засаг дарга болон МоЭнКо компаний хооронд 2021 онд шинэчлэгдэн байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу батлагдсан гэрээг уг гэрээ батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд байршуулах ёстой ч одоо болтол цахим сайтад тавигдаагүй байна. Мөн гэрээний 25.2-т заасны дагуу гэрээний хэрэгжилтийг жил бүрийн 1 дүгээр сард багтаан дүгнэхээр заасан байдаг ч гэрээний хэрэгжилтийг одоо болтол дүгнээгүй байна.

          Тиймээс уг гэрээг дүгнэх ажлыг яаралтай зохион байгуулах, гэрээг дүгнэхэд талуудын болон олон нийтийн оролцоог хангах, гэрээний дагуу МоЭнКо компаниас аймгийн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж буй орлогын бүрдэлт, зарцуулалт хяналтын асуудлыг хэрхэн журамлаж, зохицуулж байгааг ил тод болгох, тэдгээрт олон нийтийн хяналтыг бий болгож хэрэгжүүлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа тухай тодорхой мэдээлэл ирүүлэхийг хүсэж Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаад албан бичгээр хандав. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийг 42.2-т заасны дагуу гэрээ байгуулах тухай хэлэлцээр үүсгэж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Орон нутгийн Захиргааны байгууллагатай хамтран тухайн асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг явуулах үүрэгтэй учир уг асуудлаар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах алхмууд хийгдэнэ гэж найдаж байна. Тэрчлэн Ховд аймгийн Засаг дарга хийгээд МоЭнКо компаний хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг дүгнэх ажлыг талуудын болон олон нийтийн оролцоог хангаж ил тод нээлттэйгээр зохион байгуулан, дүгнэлтийг мэдээлэх талаар ажиллаж эхлэнэ гэж найдаж байна.

                                    Хоёр: Цагаан эрэг-т учирсан экологи, эдийн засгийн хохирлын асуудал  

            Хууль бус олборлолтын улмаас унаган хэв төрх нь алдагдаж, эвдрэлд орсон Ховд аймгийн Цэцэг сумын нутаг Цагаан эргийн гянт болдын илэрц бүхий газарт учирсан экологи, эдийн засгийн хохирлын асуудлаар энэхүү хөтөлбөрийн хүрээнд стратегийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Цагаан эргийн асуудлын тухайд төслийн хүрээнд болон сэтгүүлчдийн санаачилгаар тодорхой дэлгэрэнгүй мэдээллүүдийг бэлтгэн уншигчдад хүргэсээр ирсэн тул уншигч олон маань энэ талаар сайтар гадарлаж байгаа. Уг асуудлаар үүсгэгдсэн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс прокурорт буцаж, Авилгатай тэмцэх газарт дахин мөрдөн байцаалт явагдан, прокурорт хянагдаж шүүх рүү шилжсэн.

            Уг хэргийг хууль шүүхийн байгууллагаар хянан шийдвэрлэх ажиллагаа хэт сунжирч өдгөө зургаа дахь жилийнхээ нүүрийг үзээд байгаа юм. Байгаль орчныг хамгаалах болон холбогдох хуулиудад заасны дагуу хэргийг хууль шүүхэд хянан шийдвэрлэхээс үл хамааран орон нутгийн засаг захиргаа болон байгаль орчны асуудсал хариуцсан төрийн захиргааны төв, салбар байгууллагууд эрх хэмжээнийхээ хүрээнд арга хэмжээ авч, байгаль орчинд учирсан хохирлыг арилгах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлэхийг сануулан “Орон нутаг дахь эрдэс баялгийн салбарын хариуцлага, ил тод байдал, стратегийн өмгөөлөл” төслийн баг 2021 оноос хойш БОАЖЯ болон аймгийн Засаг даргад удаа дараа албан бичгээр хандаж зуучлан ажилласаар ирсэн боловч төрийн байгууллагууд маань хууль шүүхийн байгууллагаар халхавчилж энэ талаар тодорхой арга хэмжээ авахаас зайлсхийсээр ирсэн билээ.

          Хамгийн сүүлд бидний санал болгосноор Аймгийн Засаг даргын орлогчоос 2022 оны 12 дугаар сарын 7-ны 1/2043 дугаартай албан бичгийг БОАЖЯ-нд хүргүүлсэн нь дээр дурьдагдсанчлан тодорхой арга хэмжээ авч ажиллахад БОАЖЯ-наас хуулийн дагуу дэмжлэг туслалцаа үзүүлэх, мөн орон нутагт тухайн газар орныг харъяалж, хариуцан ажилладаг төрийн болон нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөллийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулах бололцоог хангахад нь туслахыг хүссэн байсан боловч БОАЖЯ-наас хэд дахин утсаар яриулж, гуйлгаж байж ёс төдий үйлдэн ирүүлсэн бичигтээ мөн л “энэ талаар бид мэдэхгүй Авилгатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газарт хандаарай” гэжээ.

         Бидний явуулж буй ажиглалт, судалгааны явцад илэрсэн нөхцөл байдал, түүнчлэн нийтийн эрх ашгийг өмгөөлөн хамгаалах шаардлагын улмаас авч үзэхэд:

  1. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг хэргийг прокурорт буцаах хүртэл өмнө нь явагдсан мөрдөн байцаах, хянах, шүүн таслах ажиллагааны явцад тухайн хэргийн зүй ёсны хохирогч болох Ховд аймгийн Цэцэг сум, Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны төлөөллийг хохирогчоор оролцуулаагүй, тэдгээрт мөрдөн байцаалт болон шүүх ажиллагааны тухай огт мэдээлэл өгөөгүй, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг мөн хүргүүлээгүй (Баянгол дүүргийн ЭХАШ-ны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тогтоол)
  2. Анхан шатны шүүх хуралдааныг хаалттай явуулах хууль зүйн үндэслэлгүй атал Баянгол дүүргийн ЭХАШШ нь шүүх хуралдааныг хаалттай явуулсан гэж тайлбарлан, шүүхийн тогтоолыг хуулийн дагуу цахим сайтад /shuuhiinshiidver.mn/ байршуулаагүй.
  3. Мөрдөн байцаах болон шүүхийн шатанд (2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнөх үйл явц) Цагаан эргийн гянт болдын илэрц бүхий газарт явагдсан нөхөн сэргээлт нэртэй хууль бус олборлолтын улмаас учирсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг хийлгэсэн эсэх нь тодорхойгүй, энэ тухай мэдээлэл өгөхөөс илт зайлсхийсээр байсан
  4. Уг хэргийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс прокурорт, улмаар мөрдөн байцаалтанд буцааснаас хойших мөрдөн байцаах, хянан шалгах үйл ажиллагааны явцад мөн орон нутаг дахь тухайн газрын бүх асуудлыг чиг үүргийнхээ дагуу эрхлэж ажилладаг хуулийн этгээд, удирдлага, захиргааны байгууллага, эсвэл нийтийн эрх ашгийг өмгөөлөн хамгаалах байгууллагын төлөөллийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулаагүй, зөвхөн БОАЖЯ-ны төлөөллийг оролцуулж байгаа зэрэг учир дутагдалтай  асуудлуудыг хуульд заагдсан чиг үүргийнхээ хүрээнд тал  талаасаа  анхааран үзэж нутаг орон, ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах хэрэгтэй байгааг сануулан, төслийн багаас Ховд аймгийн Засаг дарга, Цэцэг сумын Засаг даргад хандан хууль хяналтын байгууллагад нутаг орны бүрэн бүтэн хамгаалах үүднээс нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлт гаргахын сануулсан албан бичиг, мөн нийслэлийн прокурорын газарт эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн найм дугаар зүйлийн 8.5-д заасныг үндэслэн Мянган Угалзатын Байгалийн Цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа, мөн Цэцэг сумын Засаг даргыг  уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцуулах асуудлыг шийдвэрлэхийг сануулсан хүсэлтийг 2023 оны 3 дугаар сарын 16-нд тус тус хүргүүлэв. Тэрчлэн төслийн багаас санал болгосноор Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Цагаан эрэг болон түүний орчим газрыг харъяалан хариуцаж ажилладаг хууль ёсны байгууллагын хувьд хэргийн хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгчээр оролцох хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт 4 дүгээр сарын эхээр хүргүүлэв.

  NP 1ZD 1Zd2

                    TsTse1                           

Tstse2

Гурав: “Халзан бүрэгтэй”-н тухайд үүссэн нөхцөл байдал 

          Мянгад сумын нутаг Халзанбүрэгтэйн газрын ховор элементийн илрэц бүхий газарт үүссэн нөхцөл байдлыг судлан, зөрчилтэй асуудлуудын талаар талуудад тодорхой гаргалгааг санал болгох, хууль зөрчихгүй байх, хууль бус элдэв алхамаас татгалзах, нэн ялангуяа тусгай зөвшөөрөл эзэмшигч болон эрх бүхий төрийн захиргааны байгууллагын тухайд ард иргэдийн болон хүрээлэн байгаа орчинд эрсдэл аюул учруулах, нийтийн эрх ашигт харшилсан алхам хийхгүй байхыг сануулсан анхааруулга, зөвлөмжийг тухай бүр өгч, зарим хууль бус зөрчилтэй зүйлсийг шийдвэрлэхэд чиглэгдсэн нийтийн эрхийн стратегийн өмгөөллийн үйл ажиллагааг явуулж байна.  Энэ тухайд тодруулбал Халзан бүрэгтэй дэх цацраг идэвхт бодисын илрэцээс үүдэлтэй эрсдэл, аюулын талаар 2022 оны 11 дүгээр сард Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс томилогдон ажилласан ажлын хэсэг тодорхой дүгнэлт гаргаж, аймгийн Онцгой комисс үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан тухайн газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Гэвч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь ямар ч хамаагүй аргаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг төлөө улайрах байдлыг гаргаж буй нь харагдаж байгаа бөгөөд нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор гаргасан төрийн захиргааны байгууллагуудын шийдвэрийг цуцлуулахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх байгууллага асуудлыг сайтар судлалгүйгээр түргэн түүхий шийдвэр гаргасны улмаас маргаан мэтгэлцээн сунжирах, тэрчлэн “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК цацраг идэвхт бодис, цөмийн болзошгүй эрсдэл, аюулын талаар мэргэжлийн байгууллагын гаргасан шинжилгээний дүгнэлтийг нуун дарагдуулах, зориудаар гүтгэж мэдээлэх, тухайн дүгнэлтийг үгүйсгэсэн худал мэдээллийг зориудаар тараах үйл ажиллагаануудыг явуулж байгаа нь харагдаж байгаа тул төслийн багийн зүгээс юуны урьд нийтийн эрх ашгийг хамгаалах асуудлыг чухалчилан үзэж, эрх зүйн зөрчлүүдийг арилгах, зарим хууль бус асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө холбогдох газруудад санал, мэдэгдлийг хүргүүлээд байна. Тухайн газрууд асуудлыг шийдэхээс зайлсхийх эсвэл хуульд нийцэхгүй шийдвэр гаргах аваас асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх зарчмыг барьж ажиллаж байгаа юм.

             Цөмийн энергийн комиссын ажлын албаны дүгнэлтэнд “Халзан бүрэгтэй дэх ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбай болон түүний орчим газарт цацраг идэвхт бодисын илэрц, тунгийн чадал өндөр буюу мэргэжлийн нэр томъёогоор “чөлөөлөгдөх хэмжээ”-нээс үлэмж хэтэрч байгаа учир цөмийн аюулаас хамгаалах арга хэмжээг өндөр түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Гэтэл “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК энэ талаар ямар ч ойлголтгүй байгаа нь уг төслийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэхээр байна” гэсэн байдаг. (дүгнэлт зөвлөмжийн гол утгыг базаж тоймлов-Цөмийн энергийн комиссын ажлын албаны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/877 дугаар дүгнэлт, Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн 2023 оны 1 дүгээр сарын 11-ны 1/24 дугаар албан тоот, дүгнэлт). Энэхүү дүгнэлт зөвлөмжийг Ховдын толь сонины 2022 оны дугаар 15/339-д болон /www.mongolgarag.mn/. /www.newsmedia.mn/ цахим сайтуудад  бүрэн эхээр нь нийтэлсэн билээ.  Тэрчлэн Халзан бүрэгтэйд үүссэн нөхцөл байдал, түүнийг тойрсон асуудлуудын талаар Ховдын толь сонин, болон мэдээллийн цахим сайтууд, орон нутгийн бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр төслийн багийн зүгээс тодорхой мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгүүдийг олон нийтэд хүргэсэн тул энэ удаад тухайн асуудлыг үүгээр хязгаарлав. Тэрчлэн Мянгад сумын Засаг дарын Монголиан нэшнл рийр  ийрт корп ХХК-ны 2023 онд хэрэгжүүлэх өрөмдлөгийн ажлын байгаль орчинг хамгаалах нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг баталсан шийдвэр нь өдий төдий зөрчилтэй, хууль бус асуудлуудтай байх тул нийтийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус мөн зарим төрийн болон мэргэжлийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Хүрээлэн байгаа орчинд эрсдэл үүсэх, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөхөөс хамгаалахын тулд нэр бүхий байгууллагууд хамтран тухайн асуудлыг судлаж, шаардлагатай нөхцөлд хууль шүүхийн байгууллагад хандахаар ажиллаж байна.

   

 

    


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 4 =

Create Account



Log In Your Account