Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

By: Admin
2024-11-15
0
2475

Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан МУЗГ, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам болон Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас залчуудын хөгжил, оролцоог дэмжих зорилгоор “Залуучуудын хөгжлийн үндэсний чуулганыг цахимаар зохион байгууллаа.

Уг “Үндэсний чуулган”-ыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Н.Ариунзаяа болон УИХ-ын гишүүн, УИХ дахь залуучуудын хөгжлийг дэмжих Лобби бүлгийн ахлагч, Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Н.Учрал нар үг хэллээ. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж тус чуулганд залуучуудын хөгжлийг дэмжих хууль, хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийн талаар илтгэлээ танилцуулав. Үүний дараагаар Эрүүл мэндийн дэд сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн гишүүн М.Баттүвшин “Залуучуудын эрүүл мэнд, зонхилох өвчлөл, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн билээ.

Монголын залуучуудын байгууллага анх жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар 1921 оны 8 дугаар сарын 25-нд “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдаж байсан бол өнөөдөр 21 аймаг, 9 дүүрэгт салбар холбоотой, 1200 гаруй салбар нэгжтэй, үндэсний хэмжээний залуучуудын байгууллага болон өргөжиж, залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой, хүсэл сонирхлыг илэрхийлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна.

Манай улсын нийт хүн амын 31.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 49.2 хувийг залуучууд эзэлж байна. Монгол Улсын Их хурлаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг хэлэлцэн баталж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Уг хууль нь 7 бүлэг, 24 зүйлтэй бөгөөд ерөнхийдөө залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тогтоож, нийгмийн хөгжилд оролцох оролцоо, эрх, үүргийг тодорхойлж, харилцааг зохицуулахад чиглэсэн хууль юм.

21 аймаг, 9 дүүрэгт Залуучуудын хөгжлийн 32 төв төрийг төлөөлөн залуучуудын төлөө ажиллаж, сэтгэл зүйн үйлчилгээ, ажил, хөдөлмөрт холбон зуучлах, залуучуудын үзэл бодол, санал хүсэлтийг цахимаар, утсаар болон биечлэн хүлээн авах, гарааны бизнес, мэргэжил сонголтыг дэмжин туслах, сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах, залуу гэр бүлийг, залуу малчдыг дэмжих, оюутан, залуучуудыг ажилд зуучилсан хөдөлмөрийн биржийг дэмжих, олон улсын залуучуудын хамтын ажиллагааг дэмжих зэрэг үйлчилгээг үзүүлж байгаа бол 436 Залуучуудын хөгжлийн зөвлөлд 6,217 залуучууд өөрийн хүсэлтээр оролцоогоо нэгтгэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Г.Мичидмаа


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 6 =

Create Account



Log In Your Account