“Их Алтай” олон Улсын их наадам Монголд хоёр дахь удаагаа

By: Admin
2024-12-22
0
787

Олон Улс-Үйл явдал

“Их Алтай /Great-Altai-Большой Алтай/” олон улсын  спорт, аялал жуулчиллын их наадам Монгол улсад хоёр дахь удаагаа явагдаж өндөрлөв. Анх энэ наадмыг “Алтай бидний бүгдийн орон гэр” олон улсын санаачлагын хүрээнд ОХУ-ын Алтайн хязгаарын холбогдох байгууллага, хүмүүс санаачилсан. Тодруулбал хэдэн арван мянган км үргэлжлэх Алтайн нуруунд залгалдан оршдог Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан Улсуудын бүс нутаг,  муж, аймаг, бүгд найрамдах улсуудын хамтын санаачилгаар “Алтай-бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийг 2003 онд байгуулсан бөгөөд тус зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулдаг томоохон ажлуудын нэг нь энэхүү спорт аялал жуулчиллын их наадам юм. “Их Алтай” наадам хоёр жил тутамд дээрх улс орнуудын нутаг дэвсгэрт ээлжлэн явагдаж, тэдгээр улсуудаас гадна Белорус, Шинэ зеланд гэх мэт улсын баг тамирчид оролцдог болсон.

Тэрбээр 2013 онд Монгол улсын баруун хязгаар Ховд аймгийн нутаг дахь Шижигтэйн хавцалд, 2015 онд БНХАУ-ын Шинжаан Уйгарын ӨЗО-ны Алтай аймгийн нутаг Хөх тохойд, 2017 онд Дорнод Казакстаны нутаг дэвсгэрт, 2019 онд  ОХУ-ын Алтайн хязгаарын Белокуриха хот болон Элстэйн голын (Песченная река) хөвөөнд амжилттай явагдаж байсан. Ээлж ёсоороор 2021 онд Монгол Улсын баруун бүс нутагт (Ховд, Баян-Өлгий, Увс) зохиогдохоор байсан ч дэлхий нийтээр нүүрлэсэн “Ковид-19” цар тахлын  улмаас хойшлогдсоор ийнхүү 2023 онд Баян-Өлгий, Увс аймгийн нутагт болж байгаа юм. 

Pes 1

pes 2Баян-Өлгий аймгийн төвд (цэнгэлдэх хүрээлэнд болсон) их наадмын нээлтийн ёслолд фестивалийг анх санаачлагч улс орон, бүс нутаг мужуудын болон зохион байгуулагч олон улсын байгууллагын удирдлагууд оролцож (ОХУ-ын Алтайн хязгаар, Монгол Улсын Ховд, Баян-Өлгий, Увс аймаг, БНХАУ-ын Алтай аймаг, Казакстан Улсын Дорнот муж, Беларус улс), “Алтай бидний бүгдийн орон гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Борис Владимирович Ларин, Алтайн хязгаарын орлогч дарга Виктор Петрович Томенко нар нийт оролцогсдод хандан баяр хүргэж үг хэлсэн юм. Энэхүү их наадмын гол зорилго нь Алтайн нурууг дамнасан хөрш улсуудын болон бусад олон улсын түншлэл, тэдгээр улсуудын залуучууд, тамирчид, сонирхогчдын нөхөрлөл, эв нэгдлийг бэхжүүлэх, спорт-аялал жуулчлал, экстрем спортын төрлийн тамирчид, сонирхон хичээллэгчдийн ур чадварыг сайжруулах, хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг сурталчилах, ИХ АЛТАЙН имижийг (дүр  төрхийг) бүрдүүлэх явдал хэмээн томъёолсоор ирсэн билээ.

Энэ удаагийн фестивальд (их наадам) ОХУ, ОХУ-ын Алтайн хязгаараас тамирчид, зохион байгуулагчид, шүүгчдээс бүрдсэн 150 хүн, (10 багийн тамирчид) Казахстан Улсаас хоёр багийн 20 гаруй, Беларусь Улсаас мөн хоёр багийн 20-иод, БНХАУ-аас гурван багийн 30-иад, Монгол Улсаас (Ховд, Баян-Өлгий, Увс аймаг, Улаанбаатар хот) 3 багийн 30 орчим хүний бүрэлдэхүүн бүхий оролцогсод, тамирчид оролцов.  

Тэмцээний зохион байгуулалт, техникийн асуудлууд, удирдан зохицуулах ажлуудыг уламжлал ёсоор ОХУ-ын тал хариуцан гүйцэтгэсэн бөгөөд 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн мотоспорт, агаарын нислэгийн спорт, рафтинг болон усан завийн спортын багийн (зургаа ба дөрвөн хүнтэй), ганцаарчилсан  (нэг хүнтэй), мөн хосын  (хоёр хүний) төрлүүдээр богино, уртын зайн уралдаанууд, далбаат завины уралдаан, хадны авиралтын сонирхогчдын болон мэргэжлийн төрөл, спорт алхалт (северной Скандинавской ходьбе) , скайрайнинг буюу уулын гүйлт, өндөр уулын скайрайнинг буюу хялбарчилсан авиралт, хурд, хүч, авхаалж самбаа, зориг тэвчээр сорьсон экстрем буюу адал явдалт спортын нийлмэл төрөл (комбинирования), мөн адал явдалт спортын хадны авиралтыг багаар гүйцэтгэх төрөл (домбайский связь), дугуйн спорт, загасчлалын спорт, олс таталт, куреш бөх, гар барилдаан, бухаша тартыс буюу хүч сорих тэмцээн, бай онох тэмцээн гэсэн спортын олон төрөл тэмцээн уралдаанууд хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж, тамирчид хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужилаа сорин өрсөлдөсөн юм. 

pes 3

pes 4

Наадмын рафтингийн болон усан дээр завиар уралдах төрлүүдэд гол төлөв ОХУ-ын багийнхан, скайрайнинг, өндөр уулын скайрайнингийн төрлүүдэд Хятад, Монголын тамирчид, аялал жуулчлалын адал явдалт төрлүүдэд ОХУ, Беларус, Казакстаны багууд, спорт алхалтын төрөлд ОХУ, Беларусын тамирчид, мотоспорт, агаарын нислэгийн төрлүүдэд мөн ОХУ-ын баг тамирчид, Загасчлал, хадны авиралтын төрлүүдэд ОХУ, Беларус, Казакстаны баг тамирчид, куреш бөх, гар барилдаан, олс таталтын төрлүүдэд Казакстан, Монгол, Хятад, ОХУ-ын тамирчид тус тус манлайлав. Төгсгөлд нь тэмцээний нийлбэр оноогоор, тэрчлэн төрөл тус бүрд тэргүүлсэн, манлайлсан баг тамирчид, ганцааарчилсан болон хосолмол төрлүүдэд тэргүүлсэн, манлайлсан тамирчдыг тодруулан медаль, батламж, мөнгөн шагналаар шагнаж, хаалтын ёслолыг хамтдаа зохион байгуулав.  Наадмын онцлогийг товойлгон харуулдаг спортын гол төрлүүд нь экстрем буюу адал явдалт төрөл болох самбаачлал, хурд хүч, ур чадвар, тэсвэрийг сорьсон нийлмэл гүйцэтгэлт тэмцээн (комбинирования), мөн хадны авиралтын багийн гүйцэтгэлт төрөл (домбайский связь), хөдөлгүүрт шүхрээр агаарт нисэж, гүйцэтгэлүүд хийх тэмцээн, рафтинг болон усан дээр завиар уралдах төрлүүд, уулын адал явдалт төрлүүд юм.  Ялангуяа комбинирован, домбайский связ, хөдөлгүүрт шүхрийн нислэг, далбаат завь, рафтингийн төрлүүд нь нарийн нийлмэл техник ажиллагаа бүхий гүйцэтгэл, түүнд тохирсон спортын хэрэглэл, аюулгүйн баталгаажуулалт шаарддаг бөгөөд Монгол Улсад төдийлөн танигдаж хөгжөөгүй, хичээллэгсэд цөөхөн, хөгжүүлэх таатай нөхцөл бүрдээгүй, материаллаг бааз байхгүй, бодлогын дэмжлэггүй зэрэг асуудал бий. Иймээс тухайн төрлүүдэд өнөөгийн нөхцөлд манай тамирчид өндөр амжилт гаргах боломж нь хомс. Их наадмыг зохион байгуулах суурь нөхцлийг бүрдүүлэх, дэд бүтэц, техник, хэрэгслээр хангах, зохион байгуулалт, удирдамж, шүүлтийн систем, хөтөлбөрийг нарийвчлан боловсруулах, шүүгчид, зохион байгуулагчдын нэгдсэн болон төрөлжсөн багийг бэлтгэн ажиллуулах, эрсдлийг тооцож, аюулгүй байдлыг хангах гээд бүхий л асуудлуудыг үндсэндээ ОХУ-ын тал ганцаараа хариуцдаг уламжлал энэ удаад ч бас давтагдав. Нэгэнт манай Улс (Монгол Улс) “Алтай бид бүгдийн орон гэр” Олон улсын зөвлөлийн үндсэн гишүүдийн нэг болж, “Их Алтай” их наадам болон бусад чухал арга хэмжээнүүдэд тогтмол оролцох болсны хувьд оролцогч бусад улсуудаас ялгарахааргүй түвшинд зэрэгцэн очихын төлөө хичээх хэрэгтэй гэдгийг урьд нь хэвлэгдсэн нийтлэлүүддээ сануулсаар ирсэн бөгөөд энэ удаагийн наадмаас ч мөн адил гүнзгий санамж авсан гэдгээ энд чухалчилан дурьдахыг хүснэ. 

pes 5

pes 6pes 7 pes 8 

Дурьдсанчлан адал явдалт аялал жуулчиллын спортыг өөрийн улсад нэвтрүүлэх,   хөгжих таатай нөхцлийг нь бүрдүүлэх, хичээллэгсдийг  олшруулах, материаллаг боломжийг нь сайжруулах талаар анхаарах хэрэгтэйг урьд урьдны их наадмын дараа нийтэд хүргэсэн нийтлэлүүдээрээ хөндөж, санал дэвшүүлсээр ирсэн ч, удирдлага, эрх бүхий нөхдүүд маань юм уншдаггүй, боддоггүй, аливаа зүйлийн сургамж, санаа сэдлийн үнэ цэнийг ойшоодоггүйн улмаас бахь байдгаараа байсаар байна. Их наадамд манайхаас оролцдог тамирчид маань тогтсон уламжлалт цөөн төрлөөр л зохих амжилт гаргадаг хэвээр бөгөөд, төдийлөн ахиц дэвшил гарахгүй байна. Харин их наадмын түгэн дэлгэрэлт, өргөжилт тэлэлтийн тухайд цаг ирэх тутам сайжирсаар. Тодруулбал урьдны наадмуудад Хятад улс буюу Шинжаан Уйгарын өөртэй засах орон идэвх султай, цөөн буйр хүний бүрэлдэхүүнтэй оролцдог байсан бол энэ удаад илүү өргөн бүрэлдэхүүнтэй 3 багийн 30-аад тамирчидтай оролцож, санаачилагч, зохион байгуулагч талтай бараг зэрэгцэж очихыг хичээж буй нь ажиглагдаж байна. Беларус Улсын тухайд Алтайн бүс нутагт оршдоггүй ч үндсэн оролцогчдоос ялгалгүй ач холбогдол өгч оролцож байгаа нь үлгэр авмаар. Монгол Улсын хувьд гэвэл урьд нь зөвхөн Ховд, Баян-Өлгий аймгийн хүрээнд оролцоотой байдаг байсан бол энэ удаад Увс аймгаас төлөөлөл (тамирчид) оролцохоос гадна рафтингийн төрөлд Улаанбаатар хотоос Монголын рафтингийн холбооны баг ирж оролцсон нь мөн л оролцоо өргөжиж байгаагийн илрэл гэж болно. Ховд аймгийн хувьд оролцогч баг тамирчдынхаа унаа машин, шатахуун, хоол хүнсийг хангаж, мөнхүү жигд хувцаслалтыг хариуцан, бэлтгэлийн хувцас хийлгэж өгч дэмжсэн нь тун талархууштай. Энэ удаагийн фестивалийн (их наадам) удирдамжанд Монгол талаас хариуцах гол байгууллага нь Монгол Улсын Биеийн тамир спортын Улсын хороо гэж заасан, уг фестивал нь “Алтай бидний бүгдийн орон гэр” олон улсын зохицуулах зөвлөл, ОХУ-ын Спорт аялал жуулчлалын холбоо, Монгол Улсын Биеийн тамир спортын Улсын хорооны ивээл дор явагдана гэсэн байсан ч Монголын БТСУХ нь огт оролцсонгүй. Энэ байгууллага маань 2023 оны 2 дугаар сард хэлэлцээр хийж, санамж бичигт гарын үсэг зурж, удирдамжийг хамтран батлалцсанаа онхи мартаж орхисон бололтой! Түүнээс гадна манайхан (Монгол Улсын оролцогчид) энэ удаад ч бас адил өмнөхөөсөө сургамж авч, дүгнэлт хийж чадсангүй, бүүр өөрийн нутаг дэвсгэр дээр зохиогдож буй уг тэмцээнд оролцохдоо бусад улсуудаас, тухайлбал зохион байгуулагч ОХУ-ын талаас спортын хэрэглэлийг нь гуйж авч оролцож байгаа нь (оролцогч багууд тухайн төрлийн спортын хэрэглэлүүдээ өөрсдөө хариуцахаар дүрэм, удирдамжинд заагдсан байдаг) нэг талаараа өрөвдмөөр, санаа зовмоор зүйл гэдгийг холбогдох нөхөд, шийдвэр гаргагсад анхааралдаа авах буйзаа гэж найдна. Энэ мэт бэрхшээлтэй зүйлстэй тулгарсан ч бид (манай баг тамирчид) бүхий л боломж нөхцлийг ашиглан фестивалийн 20-аад төрлөөс тэн хагасд нь оролцож амжин, чамлалтгүй хичээл зүтгэл гаргасныг энд онцлох нь зүй.

pes 9

pes 10pes 11

“Их Алтай” их наадмын тухай үгүүлж буй завшааныг ашиглан бас нэг асуудлын талаар хөндөж сануулваас уг наадмыг зохион байгуулагч ОХУ-ын талаас оны өмнөөс эхлэн наадмыг Ховд аймгийн нутаг дэвсгэрт хийхээр хэдэнтээ санал дэвшүүлж, хамтран ажиллахыг хичээсэн ч аймгийн удирдах нөхөд үүнээс аль болох зайлсхийхийг хичээсэн нь ажиглагдсан бөгөөд улмаар Баян-Өлгий, Увс аймгийн нутагт зохион байгуулахаар болсон. Их наадмаас хэдхэн хоногийн өмнө “Алтай бидний бүгдийн орон гэр” Олон Улсын Зохицуулах зөвлөлийн хоёр жил тутам болдог ээлжит хуралдааныг Баян-Өлгий аймагт хийхэд Монгол Улсын талаас тус аймгийн (Баян-Өлгий) ИТХ-ын дарга, Засаг дарга нь хариуцан зохион байгуулсан бололтой. Уул нь Ховд аймаг баруун бүсийн төв хийгээд Ховд аймгийн Засаг дарга нь бүсийн зөвлөлийн дарга учир уг хуралдааныг Монгол талаас удирдах албаны хүн нь Бүсийн зөвлөлийн дарга байх учиртай. Гэвч тэгсэнгүй. 2003 онд Олон Улсын Зохицуулах зөвлөл байгуулагдсанаас хойших ээлжит бүх хуралдааныг Монгол талаасаа Монгол Улсын Баруун бүсийн зөвлөлийн дарга удирдаж зохион байгуулж ирсэн. Энэ оны 5 дугаар сард “Цагааннуурын чөлөөт бүсийн нээлт” Олон Улсын арга хэмжээг мөн л бүсийн зөвлөл бус Баян-Өлгий аймаг зохион байгуулсан нь хачирхмаар зүйл болсон.  Эдгээрээс ажиглахад Ховд аймгийн Засаг дарга, баруун бүсийн Зөвлөлийн дарга нь Олон Улсын, Бүс нутгийн  харилцаанд эзлэх өөрийн байр суурийг зэргэлдээ аймгийн удирдлагуудад тавьж өгч байгаа дүр зураг харагдаад байгаа юм. Энэ нь мэдээж тухайн албан тушаалтны асуудлыг ойлгох чадвар, эзлэж буй байр суурийнх нь бодит дүр зураг, чанар чансаа, идэвх санаачлагаас шалтгаалах байх.

Үүнийг орхиод, давтан үгүүлэхэд их наадмын гол зорилго нь Алтайн нурууг дамнасан хөрш улсуудын болон бусад олон улсын түншлэл, тэдгээр улсуудын залуучууд, тамирчид, сонирхогчдын нөхөрлөл, эв нэгдлийг бэхжүүлэх, спорт-аялал жуулчлал, экстрем спортын төрлийн тамирчид, сонирхон хичээллэгчдийн ур чадварыг сайжруулах, хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг сурталчилах, ИХ АЛТАЙН имижийг (дүр  төрхийг) бүрдүүлэх явдал хэмээн томъёолсоор ирсэн билээ. Их Алтайн нуруунд залгалдан орших улс орнуудын ард түмний тэр тусмаа залуу үеийнхний төлөөлөл (тамирчид, сонирхогчид) хоёр жил тутамд ийнхүү уулзаж, харилцан танилцаж, холбоо тогтоон нөхөрлөж, нөхөрсөгөөр өрсөлдөж, ойлголцол, итгэлцэл, харилцан суралцах, хөгжих эрмэлзлэл тэмүүлэл бүхий халуун дотно уур амьсгал дунд Их наадмын өдрүүдийг хамтдаа өнгөрөөж хэвшээд буй нь манай цэнхэр дэлхий дэх  гэгээн сайхан зүйлүүдийн нэг мөнөөс мөн хэмээн тунхаглахыг хүснэ.    

Хиргис Г.ТӨРМӨНХ.   2023 оны 8 дугаар сарын 20  

pes 12

 pes 13

pes 14

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 4 =

Create Account



Log In Your Account