“Цайны зам”-ын үйл явц- Биет бус соёлын өв” олон улсын эрдэм шинжилгээний III бага хурал

By: Admin
2024-12-23
0
928

“Цайны зам-III” аялал жуулчлал-өв соёлын наадмын хөтөлбөрийн дагуу явагдсан үйл ажиллагаануудаас хамгийн ахицтай, үр өгөөжтэй гэж хэлж болох зүйлсийн нэг нь “Цайны зам”-ын үйл явц- Биет бус соёлын өв” олон улсын эрдэм шинжилгээний III бага хурал байв. 2019 оны “Цайны зам-II” наадмаар зохион байгуулагдсан ЭШХ-д гол төлөв орон нутгийн судлаачдаас бүрдсэн 10 гаруйхан хүн илтгэл хэлэлцүүлж байсан бол энэ удаад МУИС-ийн Ховд дахь салбар сургуулийн судлаачдаас гадна Соёлын яам, Шинжлэх ухааны акедеми, МУИС, МҮИС, Халимагийн Улсын их сургууль, “Giz” Олон улсын төслийн байгууллага, Өвөр Монголын зарим судлаачид, Увс, Өмнөговь аймгийн эрдэмтэн судлаачдын 20 гаруй илтгэл хэлэлцэгдэв. Илтгэлүүдийн сэдэв, агуулгыг ажиглаваас “Цайны зам” хэмээн нэршсэн эртнээс улбаат олон улсын худалдааны замын түүхийг тойрсон зарим асуудлаас гадна уг худалдааны зам дагуу оршин нутаглаж ирсэн үндэстэн угсаатнуудын түүх, соёл, гүн ухааны зарим асуудлууд, өнөө үеийн аялал жуулчиллын салбарын хөгжлийн төлөв байдалтай холбоотой асуудлууд зонхилж байв.

Тухайлбал  доктор дэд профессор Г.Пүрэвдоржийн илтгэлд цайны зам дагууд Монголд худалдааны нөлөөгөө тогтоож байсан Хятад, Орос, Герман зэрэг гуравдагч орнууд гэсэн өрсөлдөгч талууд байсныг дурьдаад өнөөгийн нөхцөлд аливаа худалдааны зам боомттой холбоотой хөгжлийн асуудлыг авч үзэхдээ урьдын түүхээс сургамж авч, өнөөгийн нөхцөлд бид ямар чиг баримжаатай “тоглогч” байх вэ? гэдгээ зөв тодорхойлох, зам боомт дагаж геополитик заавал явдаг гэдгийг анхаарах нь чухал хэмээн сануулсан бол Доктор дэд профессор Ч.Мөнхбаяр “Цайны зам дагуух нутгуудад буй хүн чулууг тахиж шүтдэг сэтгэлгээний хэв заншил байгааг судлан болгоосноо танилцуулсан нь сонирхолтой байв. Мөн доктор, профессор М.Ганболд цайны зам дагуу баруун Монголын угсаатнуудын дунд үхрийг ачилга уналганд хэрэглэх байдал нэн түгээмэл байсныг таниулсан илтгэл талбисан бөгөөд уламжлалт ахуйн соёлын /биет соёл/ уламжлал орхигдон мартагдаж буйг сануулж, сэрэмж болгосон байна.  Доктор Э. Наранхүү Сүүлийн жилүүдэд Ховд аймагт ирсэн жуулчдын тоо бүртгэлд анализ хийсэн сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн. Энэ тухайд 2021 оны хагас жил гаруй хугацаанд Ховд аймгийн хэмжээнд аялал жуулчиллын үйлчилгээний 23 байгууллагаар нийт 5674 дотоодын жуулчин, 152 хүүхэд үйлчлүүлсэн гэсэн  судалгаа гарсны 3521 нь Улаанбаатараас, 560 орон нутгаас буюу Ховдоос, 64 нь Дарханаас, 45 нь Булган аймгаас, 48 нь Өвөрхангай аймгаас, 120 нь Хөвсгөл аймгаас, 415 нь Увс аймгаас, 95 нь Сэлэнгэ аймгаас,  121 нь Завхан аймгаас, 258 нь Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас, 4 нь Турк улсаас, 3 нь АНУ-аас ирж зочид буудал, аялал жуулчлалын бааз, гэр буудал зэрэг үйлчилгээний газарт дунджаар тус бүр хоёр хоног үйлчлүүлсэн гэжээ. Ажиглабаас энэ нь бүгдээрээ жуулчны ангилалд багтах зорилтот жуулчид бус, зарим нь энгийн амьдралын шаардлагаар, ажил төрлөөр зорчигсод ч байж болох нь тодорхой байгаа гэдгийг дашрамд дурдая. Судлаач судалгаандаа үндэслэн дүгнэлт хийхдээ

  1. Аялал жуулчиллын үйлчилгээг төрөлжүүлж, жуулчдад зориулсан таниулга, заавар чиглэлүүдтэй болгох
  2. Буянт голын эрэг дээр буусан жуулчдаас байгаль орчны болон, буудаллаж, байршисны төлбөр авдаг болох
  3. Жуулчны улиралд жуулчдад мэдээлэл зөвлөмжөөр үйлчлэх, хяналт тавих үүрэг бүхий ажилтнуудыг ажиллуулдаг болох (аялал жуулчиллын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг үүнд өргөнөөр оролцуулах).
  4. Аяллын маршрут дагуу зуслангийн буюу аялал, үйлчилгээний цэгүүд байгуулах (төлбөртэй).
  5. Аялал жуулчиллын үйлчилгээний байгууллагууд “зочдын бүртгэлийн дэвтэр”-ийг тогтмол хөтөлж, маркетинг, менежментээ сайжруулах шаардлагатай байна гэж үзжээ.  

      

Монгол уламжлалт тоглоом, наадгааны

өдөрлөг, уран зураг гэрэл зургийн үзэсгэлэн

 

Хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Музейгээс Монгол уламжлалт тоглоом наадгааны түүх, учир холбогдол, тоглох аргыг таниулах, хүүхэд өсвөр үед өвлүүлэн уламжлуулах зорилгоор Панжига, Үүчүүр, Нар сүмбэ гэх мэт нэр төрлийн уралдаант наадгааг насанд хүрэгчид болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Насанд хүрэгчдийн Панжига тэмцээнд 20 гаруй баг оролцсоноос тэргүүн байранд П.Сүхээ ахлагчтай баг, дэд байранд З.Бэхбат ахлагчтай баг, гутгаар байранд н.Түвшинжаргал ахлагчтай багууд тэргүүллээ. Мөн насанд хүрэгчдийн дунд зохион байгуулсан уламжлалт Үүшүүр тоглоомын төрөлд 5 баг оролцсоноос тэргүүн байрт М.Отгонбаатар ахлагчтай баг, дэд байранд Б.Хүлэгбоорчи ахлагчтай баг, гуравдугаар байранд О.Жаргалсайхан ахлагчтай баг тус тус эзэллээ.

Ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан Нар сүмбэ оньсон тоглоомын уралдаанд 15 сурагч оролцсоноос I байранд 3 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Г.Азжаргал, II байранд Цаст Алтай Цогцолбор сургуулийн 11в ангийн сурагч н.Аюуш, III байранд 3 дугаар сургуулийн 12б ангийн сурагч О.Уранзаяа нар тус тус эзэллээ.

Харин дунд ангийн сурагчдын “Шагай шүүрэх”, цэцэрлэгийн ахлах болон бэлтгэл бүлгийн хүүхэд багачуудын дунд “Монгол гэрээ барьж сурцгаая” , “12 жилийг зөв дараалалд байршуулах” гэх мэт олон талт тоглоомын уралдааныг зохион байгуулж эхний 1-3 байрыг шалгаруулан шагнаж урамшууллаа. Мөн орон нутгийн зураачид, гэрэл зураг авагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргажээ.

 

        


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 3 =

Create Account



Log In Your Account