“Ховдын толь сонин” төрийн бус байгууллагын /ТББ/ хэрэгжүүлж буй Ховд аймгийн Жаргалант сумын “Сум хөгжүүлэх сангийн үр дүнг шинжлэх нь” төслийн хүрээнд “Ховд аймгийн Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа-Тулгамдсан асуудлууд-Гарц шийдэл” сэдэвт онлайн хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн албан ёсны урилгыг аймаг сумдын холбогдох газар, төрийн бус байгуулагуудад хүргүүлэхийн зэрэгцээ, зарыг Ховд аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр /телевиз, сонин, цахим сайт, радио/ нээлттэй мэдээлсэн. Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, Дунд үйлдвэрийн газар, Ховд аймгийн ХХААГ, 16 сумын засаг дарга, сум хөгжүүлэх санг хариуцсан мэргэжилтнүүд, Хөгжлийн шийдэл ТББ-ын Ховд дахь салбар “Бест хөтөлбөр”-ийн орон нутгийн зөвлөхүүд, мөн нэр бүхий ТББ-ууд, Ховд аймгийн хэвлэл мэдээллийнхэн ач холбогдол өгч, санал мэдээлэл солилцон идэвхтэй оролцсон юм. Аймгийн ИТХ, ЗДТГ, Жаргалант сумын ИТХ, ЗДТ-ын холбогдох албан тушаалтан, ажил хариуцсан хүмүүсийг хэлэлцүүлэгт урьсан боловч, оролцоогүй нь тоогүй хэрэг болов.
Уг цахим хэлэлцүүлгээр сум хөгжүүлэх сангаас /СХС/ олгодог хөнгөлөлттэй зээлийг тойрсон асуудлуудыг хэлэлцэж, аймаг сумдын удирдлагын зүгээс сангийн эргэлтийг бүрдүүлэх, чанаргүй зээлүүдийг нөхөн төлүүлж, хохирлыг арилгах талаар дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг сануулж, шинжилгээ үнэлгээний үр дүнд үндэслэн асуудлуудыг тодорхой таниулахийн зэрэгцээ “Сум хөгжүүлэх сан”-г “Хоршоог дэмжих сан” болгон өөрчилж байгаатай холбогдуулан одоо мөрдөж буй засгийн газрын 153-р тогтоолоор баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах хяналт тавих журам”-ын оронд шинээр батлах журмын төсөлд санал авсан юм. Улмаар саналуудыг нэгтгэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, Дунд Үйлдвэрийн газарт хүргүүлсэн байна.
“Ховдын толь сонин” ТББ-ын Ховд аймгийн СХС-ийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн мониторинг судалгаанаас авч үзэхэд: Ховд аймгийн хэмжээнд 2011-2020 онд СХС-гаас 1972 иргэн, ААНБ-д нийт 10,464,966,000 төгрөгийн зээл олгожээ. Дээрх олгогдсон зээлийн эргүүлэн төлөлтийн байдлыг харвал 20% нь хэвийн, 31% нь муу, 12% нь эргэлзээтэй, 11% нь шүүхийн шатанд, 9% нь шүүхийн шийдвэр гарсан, 16% нь зориулалт бус, 1% нь эргэн төлөх боломжгүй гэсэн үр дүн гарсан байна. Олгогдсон зээлийг эргүүлэн төлөх графикийн биелэлт нь 2018 онд хийсэн хяналт үнэлгээгээр 59,6 гаруй хувьтай гэж тогтоогдсон бол одоо хийгдэж буй шинжилгээгээр СХС-гийн зээл олгож эхэлснээс хойшхи нийт хугацааны зээлийн эргүүлэн төлөлтийн графикийн биелэлт 57,4 хувьтай гэж дүгнэгдсэн. Иргэдээс авсан санал асуулгаар асуулгад оролцсон иргэдийн 49.6 хувь нь сонгон шалгаруулалтын зарыг танил талаас олж мэддэг, 30 хүрэхгүй хувь нь нийгмийн сүлжээ хэвлэл мэдээллээс мэддэг гэсэн, мөн оролцогчдын 47.1 хувь нь сонгон шалгаруулалт ил тод явагддаггүй, 47.9 хувь нь шудрага явагддаг гэж үзэх боломжгүй гэж хариулсан байна. Харин Жаргалант сумын хувьд аваад үзэхэд 2011-2020 оны хооронд нийт 307 зээлдэгчдэд 2,730,200,000 төгрөгийн зээл олгосон ба жилд олгогдсон зээлийн хэмжээ нь 2015 оноос хойш огцом буюу 510,4 саяаас 230,8 сая хүртэл буурсан байна. Мөн 2011-2015 онд нэг зээлдэгчид жил тутам дунджаар 12.4 сая төгрөг оногдож байсан бол, 2016 оноос хойш нэг зээлдэгчид жилд дунджаар 5.2 сая төгрөг оногдох болжээ. Ийнхүү олгогдох зээлийн хэмжээ жил ирэх тусам буурах болсны шалтгааныг хяналт шинжилгээ хийсэн багийнхан тайлбарлахдаа, “зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүд зээлийн гэрээний дагуу эргүүлэн төлөлтөө хугацаанд нь хийгээгүй, зарим нь огт төлөлгүй орхисон, чанаргүй зээлийн хэмжээ ихэнх хувийг эзлэх болсон гэх мэтээр зээлийн эргэлтийн сангийн хомсдол үүссэнээс болсон” байна гэж байлаа. Мөн хариуцлага, зохион байгуулалт маш сул явж ирсэн, хяналт үнэлгээ, улсын үзлэгийн үр дүнд гарсан дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар эрх бүхий байгууллагууд идэвх санаачлага гаргахгүй байгааг онцолсон.
Хийгдэж буй хяналт шинжилгээний ажлын явцын үр дүнг тоймлон гаргаснаас үзвэл
- Зээлийн үр өгөөж хангалтгүй хэвээр, хариуцсан байгууллагын зүгээс үр дүнг шинжлэн дүгнэх ажлыг зохион байгуулдаггүй
- Хөндлөнгийн санаачилгаар хийгдсэн хяналт, шинжилгээний дүгнэлт, зөвлөмж, мөн улсын үзлэгийн үр дүнд гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг сайжруулах алхам (зохион байгуулалтын түвшинд) бараг хийгдээгүй.
- Мэдээлэл нээлттэй бус, сангийн үйл ажиллагааны талаар иргэдийн ойлголт дутмаг хэвээр.
- Хяналт сул, хяналт үнэлгээний талаар журмын заалт хэрэгжээгүй.
- Эргэн төлөлт хангалтгүйн улмаас сангаас зээл горилогчдын хувьд жил бүр боломж нь хумигдсаар байгаа.
- Төсөл сонгон шалгаруулалт нь журмын дагуу ил тод, нээлттэй явагдаж чадахгүй хэвээр
- Удирдлага зохион байгуулалтын хувьд улс төрийн нөлөө буюу эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын нөлөөнөөс ангид бус
- Мэдээллийг ил тодоор хэвлэн нийтэлдэггүйн улмаас сангийн зээл нь олговол зохих этгээдэд олгогдож чадаж буй эсэхийг мэдэх боломж хомс хэвээр байгаа ажээ.
Бүхэлд нь базаж дүгнэвэл Жаргалант сум төдийгүй аймгийн хэмжээгээр Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны хариуцлага сул, асуудлууд тулгамдсан байдалтай хэвээр байна гэж дүгнэгдсэн байна.
Сум хөгжүүлэх сан нь 2011 онд сум орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих зорилгоор Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор байгуулагдсан. 2011-2014 онд Улсын хэмжээнд нийт 84,0 тэрбум төгрөгийг улсын төсвөөс “Сум хөгжүүлэх сан”-д татан төвлөрүүлж, 330 суманд хүн ам, эдийн засгийн боломжит нөхцөл байдлаас хамааруулан, сумуудад хуваарилалт хийсэн байдаг. Уг зээл нь арилжааны банкаар дамждаггүй, орон нутаг өөрөө бие даан шийдэж сумын засаг дарга гэрээ байгуулан олгодог бөгөөд улсын төсөвт эх үүсвэрийг буцаан татдаггүй учир тухайн зориулалтаараа тасралтгүй эргэлт үүсгэн, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зориулалттай санхүүгийн нөөц буюу сан юм.
Сум хөгжүүлэх сангаас олгож байгаа зээлийг тухайн суманд хөгжүүлбэл зохих тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ мөн тус суманд түлхүү хөгжүүлэхээр бодлогод тусгагдсан болон бусад ач холбогдолтой үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгох шаардлагатай байдаг. Мөн тухайн хөнгөлөлттэй зээл авсан иргэд, ААН байгууллагууд зээлээр авсан мөнгөө зориулалтын дагуу, үр ашигтай ашиглаж, орон нутагтаа ажлын байр хадгалахаас гадна шинээр бий болгож, үйлдвэрлэл үйлчилгээгээ хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, чанартай явуулсанаар зээлийн гэрээнд заагдсанчилан 36 сарын дотор зээлээ эргэн төлөх нөхцөл боломж нь бүрдэх учиртай байдаг. Гэтэл зээлдэгчид эргэн төлөлтөө хийхгүй хугацаанаасаа хэтрүүлсэнээр зээлийн дүнд ногдуулсан алданги тооцогдож, мөн зээлдэгчид мөнгийг төслийнхөө хүрээнд биш зориулалт бусаар ашиглах, зэрэг асуудлууд тулгарч байна.
Уг асуудалтай холбоотойгоор Ховд аймгийн ХХААГ-ын Жижиг дунд үйлдвэр хариуцсан хэлтсийн дарга Эрдэнэдоржоос тодруулахад тухайн орон нутгийн төсөл сонгон шалгаруулалт нь журмын дагуу нээлттэй, шударга явагдахгүй мөн улс төрийн эрх мэдлийн нөлөөлөл байгаагаас үүдэн, зарим зээл горилогчдийн боломж нь хумигдаж, орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулбал зохих иргэн, ААН байгууллагад зээл олгогдож чадахгүй байна. Зээлийн ихэнх хэмжээг чанаргүй зээл эзэлсэнээр эргэн төлөлт хийгдэхгүй байгаа бөгөөд зээлийн эргэлтийн санд дорвитой мөнгө цуглаж чадахгүй байгаа учир эргээд олгох зээлийн хэмжээ нь багасаж, сумын хөгжил цэцэглэлтэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2011 оноос 2020 оны 12 сарын 30-ны өдөр хүртэлх СХС-аас олгосон зээл, зээлдэгчдийн төлбөрийн талаарх мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд илгээсэн. Ийнхүү зээлдэгчдийн зээл, төлбөрийн мэдээллийг нэгтгэж, оруулж өгсөнөөр зээлийн давхардал үүсгэхээс сэргийлж, мөн зээлдэгчид дахин зээл авахын тулд өмнөх өрөө төлж барагдуулах шаардлага үүсэх юм.
Нөгөө талаас удахгүй Сум хөгжүүлэх санг “Хоршоог дэмжих сан” болгон өөрчилж буйтай холбоотойгоор сум орон нутгийн хөгжилд эерэг өөрчлөлт авчирна гэж харж байна. Учир нь Хоршоог дэмжих сан нь тухайн сум орон нутаг, хүн амд хүртээмжтэй, өгөөжтэй үйлдвэрлэл үйлчилгээг хуулийн дагуу явуулж чадах цөөн тооны ААН-д хангалттай хэмжээний зээл олгож дэмжиж ажилласнаар тухайн байгууллага зээлийг зориулалтын дагуу, үр ашигтай зарцуулж, чанартай үйлчилгээ үзүүлж чадах бөгөөд гарах үр дүн нь ч сайн болж чадна. Ингэснээр олон тооны чанаргүй, ажлын үр дүн муутай зээл багасаж, мөн зээлийн давхардал ч арилах юм.
Одоо мөрдөж буй “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-д дутмаг, бүрхэг заалтууд байдаг учир үйл ажиллагаа явуулахад тулгамддаг асуудлууд олон бий. Тухайлбал, хамтран зээлдэгч байдаггүйгээс мөн эрх зүйн зохицуулалтыг нарийн тусгаж өгөөгүйгээс болж нас барсан зээлдэгчийн өрийг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй, шүүхийн байгууллага руу шилжүүлээд хэрэгсэхгүй болгоод орхидог бөгөөд үүнээс үүдэн сангийн үйл ажиллагааны үр дүн болон хөрөнгийн эх үүсвэрт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс Ховдын толь сонин ТББ-ээс санаачилан хэрэгжүүлсэн хэлэлцүүлгийн үр дүнд тус байгууллага болон аймгийн ХХААГ хамтран, шинээр батлагдах журмын төсөлд дээрх асуудлуудыг шийдэхэд чухал ач холбогдол бүхий саналуудыг нэгтгэж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлвэрийн газарт хүргүүлсэн. Шинэ хууль болон журмын төсөл батлагдаж, эрх зүйн тодорхой орчин бүрдсэнээр аль, аль талдаа хариуцлагатай, аймаг сумдын удирдлагууд оногдсон ажилдаа эзэн болж ажиллах байх гэж бодож байна” гэв. Онлайн хэлэлцүүлгийн үр дүн, дүгнэлт сэлтийг үндэслэн, “Ховдын толь сонин” төрийн бус байгууллагаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газраас гадна Ховд аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад санал хүргүүлсэн ба уг албан саналд Сум хөгжүүлэх сангаас 2011-2020 онд олгогдсон зээлүүдийн эргэн төлөлтийг сайжруулж, сангийн эргэлтийг нөөцийг бүрдүүлэх, хариуцлагагүй ажилласан албан тушаалтан, алба хаагчид, зээлээ эргүүлэн төлөөгүй олон жил болсон зээлдэгчдэд хууль, журмын дагуу арга хэмжээ авах асуудлыг шийдэж, Сангийн үйл ажиллагааг сайжруулах талаар шийдвэртэй ажил зохиох, энэ талаар авсан арга хэмжээ, зохиосон ажил, ажлын үр дүнгийн талаар эргэж мэдэгдэж, хамтран ажиллахыг санал болгож, зөвлөмжилсөн байна.
Г.МИЧИДМАА