‘Ковид 19’ эдгэрсний дараах эрхтэн системд үүсч болох эмгэгүүд ба түүнд авах арга хэмжээ зөвлөмж

By: Admin
2024-12-23
0
888

Дэлхий даяар тархаж буй цар тахал болох Коронавирусийн халдвар авч эдгэсний дараа тархи, зүрх, элэг, бөөр, гэдэс, уушгинд ямар өөрчлөлт гарах, үүнийгээ хэрхэн мэдэж сэргийлэх, хүндэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаарх мэдээллийг хүргэхийг зорилоо.

            -Коронавирус амьсгалын дээд зам болох хамар залгиурын салстаар дамжин цагаан мөгөөрсөн хоолой, бронх, бронхиал, улмаар хийн солилцоо явуулдаг цулцангийн хялгасан судсаар дамжин цусаар тархан уушгийг төдийгүй бусад эрхтэн тогтолцоог гэмтээдэг. Хатгаа уушгины нэг болон хоёр талыг хамрахад амьсгалд оролцож буй эд эс хамгаалах тогтолцоог гэмтээсэнээр тухайн хэсэг газар амьсгалах үйл ажиллагаагүй болж, хүчилтөрөгчийн хэмжээ багасаж, амьсгалын дутагдал үүснэ. Энэ нь насан туршид ч сэргэхгүй үлдэх хүндрэл гарч болно. Хүндэвтэр, хүнд хэлбэрийн хатгааны дараа хатгааны үрэвсэл сорвижиж үлдэж байна. Энэ байдал сэргэх эсэх нь тухайн хүний бие махбодын онцлог болон архаг суурь өвчнөөс хамаарч 1-2 сар түүнээс дээш хугацаа шаардахыг үгүйсгэхгүй. “Ковид 19” батлагдсан өдрөөс  хойш 14-21 хоногийн хугацаанд уушгины нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч ковидын дараах хяналтад хамрагдах зайлшгүй шаардлагатай

         - Энэ үед ихэвчлэн удаан хугацаагаар хий ханиалгах, багахан ачаалалд амьсгаадах, цээж давчдах, амьсгал авахад болон гаргахад саадтай буюу өөрт амьсгал дутуу аваад байгаа мэт санагдах зовууриуд нэг сар болон түүнээс дээш хугацаагаар илэрч болно. Гэрээр эмчилгээ хийсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан хүмүүс өвдсөнөөс хойш 14-21 дараа уушгины эмчийн зөвлөгөө зайлшгүй авах шаардлагатай. Ингэж хяналтын үзлэгт хамрагдах нь хожим гарах хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой юм. Учир нь хөнгөн туссан хүмүүст үе үе илрэх шинж тэмдэг удаан хугацаагаар үргэлжлэх, улмаар энэ байдал ажлын бүтээмжид нөлөөлөх, хүндэвтэр болон хүндээр өвдөөд эдгэсэн хүмүүст хатгаа бүрэн шимэгдэлгүй үлдэх, фиброз хэлбэрт шилжих зэргээс сэргийлж чадна.

Ковидоор өвдсөний дараах хяналтад хэзээ хамрагдахыг эмч товлож өгөх бөгөөд тухайн хүний үрэвслийн идэвх, хатгааны шимэгдэлтийн байдлыг үнэлэн эмийн болон эмийн бус эмчилгээг зөвлөнө. ЮУушгины хатгааны хэр их талбайг хамарсан хэмжээнээс хамаарч эмчилгээний үргэлжлэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг тул  эмчилгээг дунд нь таслах эсвэл бусдын сайн гэснийг дур мэдэн хэрэглэхгүйгээр эмчийн зөвлөсөн эмчилгээг бүрэн хийснээр уушгинд үрэвслийн үлдэц, сорвижилтгүй хурдан эдгэх боломжтой. Харин эмнэлгээс гарсны дараа шинж тэмдэг нэмэгдэх, архаг суурь өвчин сэдрэх, бага зэргийн ачаалал авахад амьсгал олширч амьсгаадалтыг хөнгөвчлөх байрлал үр дүнгүй байх, анхаарал хандуулах, ойн санамж сэтгэн бодох чадварууд сайжрахгүй байвал шууд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь зүйтэй.

        - Халдвар аваад эдгэсэн хүмүүс гэрийн нөхцөлд доорх арга хэмжээ, дэглэмийг баримтлах нь чухал юм.   Амьсгалын дээд болон доод замын шинэ халдвараас хамгаалах хамгийн энгийн аргууд бол улиралдаа зохицуулан хувцаслах, хүйтэн зүйл нэг дор их хэмжээгээр хэрэглэхгүй байх, тогтсон цагт хооллох, томуугийн эсрэг вакцин хийлгэх, архаг суурь өвчнөө сэдрээхгүй байх, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад тогтмол байх зэрэг дахин халдвар авахаас урьдчилан сэргийлэх аргуудыг баримтлах нь зүйтэй.

        “Ковид 19” нь зүрхний булчингийн үрэвсэл үүсгэж, зүрхний хэм алдагдлыг үүсгэж байна. Халдварын дараах зургаан сарын хугацаанд зүрхний булчингийн үрэвсэл, зүрхний шигдээс, үнхэлцэгэнд шингэн хурах хам шинж илэрч байгаа. Ялангуяа зүрхний булчингийн үрэвсэл үүсэх эрсдэлийг 2-3 дахин нэмэгдүүлж байна. Короновирусын халдвар аваад эдгэрсний дараа цээжний орчмоор өвдөх, өмнө нь байгаагүйгээр толгой эргэх, ухаан алдах, хэвтэж байгаад босоход зүрх дэлсэх, их ядарч сульдах, хөлөөр хавагнах, жин нэмэх шинж тэмдэг гарч болдог. Хэрэв энэ шинж тэмдгүүдийн аль нэг нь байвал заавал эмчид хандаарай.

        "Ковид-19" вирус нь цусаар эсвэл хамрын салстаар тархи руу очин мэдрэлийн тогтолцоог гэмтээж болдог. Ковид-19 нь амьсгалын замын өвчин гэхээсээ илүү судасны дотор хананы өвчин гэж үздэг тул мэдрэлийн гэмтлийн шинжүүд  амьсгалын замын гэмтлийн шинжтэй хамт эсвэл түрүүлэн эхлэх нь түгээмэл байдаг.  Өвчин эхлэх үед толгой өвдлөө, юм үнэрлэхээ эсвэл амт мэдрэхгүй эсвэл маш ядарч байна гэх зовиурлах нь түгээмэл байдаг шүү дээ. Түүнчлэн олон эрхтэн тогтолцооны эмгэг тул мэдрэлийн гэмтэл нь урт хугацаагаанд шинж тэмдэгт болон шинж тэмдэггүй байдаг. Тухайлбал Ковид-19 халдвар аваад эмчлүүлэх үеийн тухайн өвчнийг даван туулах үеийн сэтгэл зовнил, айдас, дахин халдвар авах вий гэсэн түгшүүрт байдал, нойгүйдэл, үүнээс үүдэн нэмж илрэх толгойн өвдөлт, толгойн эргэлт зэрэг нь мэдрэлийн тогтолцооны өөрчлөлтүүдийн наад захын илрэлүүд юм.  

            Мэдрэлийн шинжүүдэд толгойн өвдөлт, ядаргаа сульдал, үнэрлэх ба амтлахын алдагдал, нойгүйдэл, нойрны бусад хямрал, толгойн эргэлт, танин мэдэхүйн алдагдал болон уур уцаартай, айдас түгшүүрт байдал болон бусад зан төрхийн өөрчлөлтүүд багтдаг. Үүнээс толгойн өвдөлт, ядаргаа, сульдал, булчингийн сулрал, үе мөчний өвдөлт, сэтгэл түгшилт, нойрны хямралт зэрэг шинжүүд урт хугацаагаар илэрнэ. Иймд  “Ковид-19 халдварын дараах хам шинж” оношлогдсон тохиолдолд эмчид үзүүлж зохих  тусламж авах хэрэгтэй. Нойргүйдэл, сэтгэл түгшлийн үед сэтгэл зүйчид хандаарай. “Ковид-19 халдварын дараах хам шинж” нь  удаан хугацаагаар үргэлжлэн эдгэрэлт төдий хэмжээгээр удаааширдаг тул аль болох дасгал хөдөлгөөн тогтмол хийж, агаар салхинд сайн гарч, сэтгэл санаагаар өөдрөг байлгаж, сайн унтаж амарч, шим тэжээлтэй хоол идэх хэрэгтэй ба цаг тухайд нь эмчилгээ хийлгэхгүй бол урт хугацаандаа ужиграх, мөн хүндрэх магадлалтай. Хамгийн энгийн жишээ бол сэтгэл гутралд орох явдал юм. Ингэснээр ажил амьдралдаа идэвхгүй болж, хөдөлмөр эрхлэлт зэрэгт нөлөөлж болзошгүй.

        Түүнчлэн суурь эмгэгтэй тухайлбал цусны даралт ихсэх эмгэг, чихрийн шижин зэрэг эмгэгтэй өвчтөнд “Ковид-19 халдварын дараах хам шинж” илүүтэй тохиолддог болох нь судалгаануудааар батлагдсан тул онцгой хянамтгай байж тохирох эмийн эмчилгээ, сэтгэл зүйчийн зөвлөгөө аваарай гэж зөвлөж байна.

       “Ковид-19 халдварын дараах хам шинж”-ээс хэрхэн урьдчилан сэргийлэхийн тулд халдвар огт аваагүй хүмүүст вакцинаа заавал хийлгэхийг сануулж байна. Вакцин нь энэ бүх хүндрэлээс сэргийлдэг. Вакцинд хамрагдах нь “Ковид-19 халдварын дараах хам шинж” илрэхээс сэргийлдэг болох нь судалгаануудаар батлагдсан. Вакцин хийлгэсэн ч халдвар хамгааллын үндсэн дэглэмүүд болох олон хүн цугласан газар очихгүй байх, гараа савандаж угаах, маскаа зүүх, гараа ариутгах, дархлаагаа дэмжих   зэрэг арга хэмжээг тогтмол авах нь зүйтэй.

Т.ЭНХЦЭЦЭГ

/Ховд аймаг БОЭТ-ийн Мэдээгүйжүүлэг Эрчимт эмчилгээ Гемодиализын их эмч, АУ-ы магистр/ 2022 оны 02 сарын 14


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 7 =

Create Account



Log In Your Account