Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог - I

By: Admin
2024-12-23
0
247

        Эрэн сурвалжлага

- Даатгалын сангаас 17 тэрбумыг завшжээ -

        Монгол Улсад эрүүл  мэндийн салбар дахь эмийн худалдааны сүлжээнд бугшсан ноцтой асуудлууд байгаа нь сонор дэлдэж, төр Засгийн дээд түвшинд ч яригдах болов. Тухайлбал аудитын байгууллага болон эрүүл мэндийн салбарын байгууллагуудын хяналтын зөвлөл болон ажлын хэсгүүдийн сүүлийн жилүүдэд хийсэн хяналт шалгалтын тайлан, дүгнэлтүүдээс улбаалан 2024 оны 4 дүгээр сард УИХ-ын танхимд нээлттэй зохион байгуулагдсан “Эмийн сонсгол” гэх арга хэмжээг дурьдаж болох бөгөөд уг сонсголоор эмийн үнийн зохиомол өсөлт их байгаа, эмийн бүртгэл, хяналтын тогтолцоо сул, эрх зүйн орчин нь шаардлага хангахгүй байгаа гэсэн ерөнхий дүгнэлтэнд хүрсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн. Энэхүү сонсголын албан ёсны дүгнэлт, зөвлөмж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай шийдэл гарсан эсэх нь олон нийтэд төдийлөн ил тод бус байна. Тэрхүү сонсголын төгсгөлд УИХ-ын гишүүн, хянан шалгах түр хорооны гишүүн Ц.Сандаг -Очир хэлэхдээ “Түр хороо энэхүү хяналт шалгалтын ажлаараа эм хангамжийн салбар, түүний тогтолцоо, үнэ, чанарын асуудлыг бүрэн дүүрэн илрүүлэн тавьж чадаагүй байж болох ч гол асуудлуудыг гогодон гаргаж чадсан...” гэснээс (Монгол Улсын  их хурлын цахим хуудсанд 2024 оны 4 сарын 17-ны өдөр нийтлэгдсэн албан мэдээ) харахад тухайн салбарт өнөө хэр илрээгүй бугшсан, таагүй зүйлүүд бас байгааг цухуйлгасан мэт.    

       Бидний ажигласнаар тийнхүү бугшмал хийгээд ээдрээ зангилаа нь төдийлөн тайлагдаагүй зүйлсийн нэг нь эрүүл мэндийн даатгалаар, хөнгөлөлттэй үнээр олгодог эм, урвалж, эмнэлгийн хэрэгслүүдийг тойрсон асуудал. Даатгалаар хөнгөлөлттэй үнээр олгодог эм урвалж гэж юуг хэлж байна гэхээр хүний өвчин эмгэгийг аль болох хурдан хугацаанд үр дүнтэй, найдвартай эмчлэж илааршуулахад нь чухал үйлчилгээ үзүүлдэг, тухайн өвчинд болон эмчлүүлэгчийн онцлогт тохирсон сайн чанартай эм, бүтээгдэхүүний хангамжийг тасалдуулахгүй, тогтвортой байлгах, эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагуудад болон эмчлүүлэгсдэд учрах эдийн засгийн дарамт, бэрхшээлийг хөнгөвчлөхийн тулд тухайн эмчилгээнд нэн шаардлагатай, тэрчлэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн тодорхой хувийг (30-100 хүртэл хувь) эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс хариуцан санхүүжүүлж байгааг хэлдэг бөгөөд хөнгөлөлттэй үнээр олгох эдгээр эм, хэрэгсүүдийн нэр төрөл, худалдаанд буюу эмийн зах зээлд борлуулагдах үнийн дээд хязгаар, түүнээс даатгалын сангаас хариуцан төлөх хувь хэмжээг нь мэргэжлийн зөвлөлөөс тогтоож, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс батлан мөрдүүлдэг байна.

      Ингэснээр иргэн “Б” хүнд өвчтэй эмнэлэгт очлоо гэхэд, тухайлбал эрчимт эмчилгээг цаг алдалгүй хийхэд нэн шаардлагатай эм урвлаж, хэрэгсэл хэрэгтэй болох нь мэдээж бөгөөд дээр өгүүлэгдсэн зохицуулалтын дагуу нэн даруй шаардагдах эм, эмчилгээний хэрэгслээр цаг алдалгүй хангаж, эмчилгээг үр дүнтэй болгоход ач тустай зүйл гэдэг нь ойлгомжтой.         

      Гэвч “сайны хажуугаар садаа мундахгүй” гэдэгчлэн зарим төрлийн эмчилгээ үйлчилгээнд зайлшгүй  шаардлагатай (“зайлшгүй шаардлагатай” болон “хөнгөлөлттэй эм-ийн жагсаалтанд хамрагдан батлагдсан) эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн тодорхой хувийг даатгалын сангаас санхүүжүүлдэг тогтолцоог ашиглан янз бүрийн хуурамч арга чарга хэрэглэж, даатгалын сангийн тухайн зориулалтын төсвөөс завших сэдэл, үйлдэл далдуур явагддаг ноцтой асуудал байна гэдэгт уншигчдын анхаарлыг хандуулахыг хүсэв.

      2022 онд Аудитын ерөнхий газраас “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг, түүний хэрэгжилтэнд  гүйцэтгэлийн аудит хийж, олон зөрчил дутагдал илрүүлжээ. Аудитын уг шалгалтын тайланд дурдагдсан нэгэн ноцтой асуудал бидний анхаарлыг татсан юм. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын сангаас үнэ өртөгийнх нь тодорхой хэсгийг хариуцан санхүүжүүлж, хэрэглэгчдэд хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад (хөнгөлөлттэй эмийн жагсаалт) хамрагдах шаардлага хангаагүй 111 нэр төрлийн эмийг тэрхүү жагсаалт руу шургуулж, нийтдээ 17 тэрбум төгрөгийг хэрэгцээгүй зүйлд зарцуулсныг тайланд онцолсон байдаг. Зүй ёсоор бол эрүүл мэндийн даатгалын сангаас зөвхөн Эрүүл мэндийн сайдын 2014 оны 215 дугаар тушаалаар баталсан зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд хамрагдсан эм урвалжид зориулсан санхүүжилт олгогдох ёстой байтал Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны  тавдугаар сарын 17-ны өдрийн 18 дугаар тогтоолоор уг жагсаалтанд хамрагдаагүй, дээрх нэр төрөл, үнэ өртөг бүхий чухал хэрэгцээтэй бус эмүүдийг нэмж оруулан, тэдгээрийн үнэ өртөгт 2016-2018 оны хооронд нийт 12.5 тэрбум төгрөгийг сангаас олгосон нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 14 дүгээр зүйлийн 14.9.10-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Мөн эмчилгээний зааварт ороогүй, олон улсад үр дүн нь нотлогдоогүй гэж үздэг “хүнсний нэмэлт бүтээгдэхүүн” гэх ангилалын эмэнд 2019-аас 2021 онд 4.5 тэрбум төгрөгийн үнийн хөнгөлөлт олгож, үргүй зардал гаргажээ. Ингэснээр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд байдаг нэн хэрэгцээтэй, төдий хэмжээний (17 тэрбум) үнийн дүн бүхий эм урвалжийг шаардлагатай хэрэглэгчид болон эмчлүүлэгсдэд хүргэх боломжийг нь хясан боогдуулж, тухайн эмчлүүлэгсэд болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагуудад хохирол учруулсан хэрэг юм.

      Энэ асуудлын талаар Аудитын ерөнхий газрын Гүйцэтгэл нийцлийн албаны дарга Б.Батдэлгэрээс тодруулав. Тэр хэлэхдээ “Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг гурван жил тутам шинэчлэн баталдаг. Манай байгууллагыг шалгалт хийж  байх хугацаанд ес дэх жагсаалтыг нь гаргасан байсан. Энэхүү хөнгөлөлттэй үнээр олгодог эмтэй холбоотой “аймшгийн” гэхээр зүйлүүд илэрсэн л дээ. Тухайлахад биологийн идэвх бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирээд даатгалаар хөнгөлөлттэй үнээр олгосон зөрчил илэрсэн. Зөвхөн эмчилгээний зааврын дагуу дан найрлага бүхий дуслын шингэн ч байдаг юм уу, эмчилгээ хийлгэхэд нэн шаардлагатай эмийг нь эрүүл мэндийн даатгалаар үнийн хөнгөлөлт үзүүлдэг юм билээ. Бид энэ зөрчлийг олж гаргаж ирээгүй бол ийм асуудал үргэлжлэх байсан байх. Эмэнд даатгалаас олгодог санхүүжилт жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байна. Биднийг шалгалт хийж байх үед буюу 2022 оны нэгдүгээр  сард 40 орчим тэрбум төгрөгийн эмийг даатгалаар хөнглөлттэй үнээр хэрэглэгчдэд олгодог  байсан. Гэтэл ердөө хоёр жилийн дараа гэхэд 100 гаруй тэрбум болж өссөн талаар би саяхан эмийн сонсгол дээрээс сонслоо. Хөнгөлөлттэй олгох эмийн тоог нэмэх бус чанарт нь анхаармаар санагдаж байгаа. Логикоор нь бодоод үзвэл чанар сул эмийг олон хоног уулгаж аргацаах уу, чанартай, эмчилгээний өндөр үр дүнтэй эмээр цөөн хоног эмчлэх үү гэдгийг бодох хэрэгтэй биз дээ.  Гэтэл эрүүл мэндийн салбарт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд санхүүжилт байхгүй хөсөр орхигдчихсон байдаг. Бид шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу хэд хэдэн газар зөвлөмж хүргүүлсэн ч зөвлөмжийн дагуу арга хэмжээ авагдахгүй байна. Цаашдаа хууль эрх зүйн тогтолцоог нь боловсронгуй болгох шаардлага байна гэж харагддаг.   Хавар  “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлэг боллоо. Энэ хууль батлагдаад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсний дараа байдал өөрчлөгдөх болов уу гэж найдаж байгаа” хэмээв.

       Нэг ёсондоо Эрүүл мэндийн даатгалын сангаас луйврын аргаар, “үнийн хөнгөлөлт нэрээр” санхүүжин, ашиг завшсан “нөхөд”-ийн “18 дугаар тогтоол”-ын хавсралтаар батлуулж, эмийн сангуудад болон эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлсэн тэдгээр 111 төрлийн эмийн нэрсийг харвал голдуу дархлаа дэмжихэд хэрэглэгддэг витаминууд түүний дотор С амин дэм хүртэл орсон нь нүдэнд содон тусаж байв. Түүнчлэн натурвит, дуовит, төмрийн бэлдэл, кальци, магни, цайр гэхчлэн онцгойлон үзэх шаардлагагүй амин дэмүүд зонхилжээ. Эдгээрээс онцловол “Интерферон альфа-2b” нэртэй лаа, виферон гэх эмэнд нийт 4 тэрбум 570.9 төгрөгийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн нь тухайн жилүүдэд эмийн хөнгөлөлтөд олгосон нийт санхүүжилтийн  4-7 хувийг эзлэсэн байна. Гэтэл уг эмийн эмчилгээний үр дүн нь тодорхой биш, олон улсад бүртгэгдсэн эмнэлзүйн судалгааны дүгнэлт байхгүйн дээр, тухайн эмийг үйлдвэрлэгч орон болох ОХУ-д мөрддөг эмчилгээний стандартуудыг хангаагүй эм байжээ. Мөн нотолгоонд суурилсан эмчилгээний зааварт ороогүй (нотолгоонд суурилсан эмчилгээний заавар гэдэг нь өмнө нь дурьдсан зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийг эмчилгээнд хэрэглэхэд тавигддаг шаардлагууд, тухайлбал үйлдвэрлэсэн улс болон бусад олон улсын эмийн чанар, үр дүнгийн шаардлагуудыг туршилтаар хангаж, тэдгээр улсынхаа эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн, чанар үр нөлөө нь үнэлэгдсэн улс, олон улсад мөрддөгддөг эмийн стандартуудад нийцсэн байж, эмчийн эмийн жор бичих наад захын шаардлагыг хангах бөгөөд эмч аливаа өвчнийг эмчлэхэд хэрэглэгдэх эм урвалжид жор бичихдээ тэдгээр шаардлагыг нягтлан үздэг, ийнхүү шаардлага хангасан эмүүд нь эмчийн жороор, хөнгөлөлттэй олгогдох ёстой ажээ) эссенциале форте эмэнд  (элэгний өвчний үед хэрэглэдэг) 2016-2018 онд нийт  3 тэрбум 101.3 сая төгрөгийн үнийн хөнгөлөлт олгожээ. 2016 оны хувьд л гэхэд тухайн төрлийн эм нь бусад төрлийнхөөс хамгийн их хэмжээний санхүүжилтийг даатгалаас авсан эмэнд тооцогдсон байна. Мөн түүнчлэн тархины үйл ажиллагаа сэргээх заавар бүхий цитиколин буюу нийтэд түгсэн нэршлээр цериксон гэдэг эмийг хэрэглэгчдэд олгоход зориулан 2016-2021 онд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 9  тэрбум 360.4 сая төгрөгийн санхүүжилт (үнийн хөнгөлөлтөнд зориулагдсан санхүүжилт) олгосон байна.  Гэтэл уг эм нь тархины үйл ажиллагаа сэргээх эмчилгээний зааварт ороогүй, эмчилгээний үр нөлөөний нотолгоо хангалтгүй байсныг тайланд онцложээ.

       Эдгээр эмүүд нь мөн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад ороогүй, тухайн жагсаалтад орох шаардлагыг хангаагүй байсан. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гэдэг нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.14-т заасанчлан "хүн болон мал, амьтанд үзүүлэх эмнэлгийн тусламжид эн тэргүүнд хэрэглэхээр эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эм, эмнэлгийн хэрэгслийн нэрсийг” хэлдэг байна. Энэ жагсаалтыг ЭМЯ, ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл, эрүүл мэндийн байгууллага болон Хүний эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн төлөөлөл  оролцсон ажлын хэсгийн гишүүд, мэргэжилтнүүдээс болон олон нийтээс санал авсны үндсэн дээр боловсруулан, хүний эмийн зөвлөлд өргөн барьдаг ба Хүний эмийн зөвлөл хянан баталдаг. Тэрчлэн уг жагсаалтыг гаргахдаа эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага (MNS 5524-1:2014), эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага (MNS 5530:2014), биобэлдмэлийн үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага (MNS 5524-2:2014), уламжлалт эмийн үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага (MNS 5524-3:2015), эмийн жорын маягт, жор бичилтийн стандарт (MNS 5376:2016) гэсэн стандарт шаардлагуудыг хангасан эсэхийг нэг чухал шалгуураа болгодог байна. Аудитаар илэрсэн зөрчилтэй асуудлыг нягтлах үүднээс бид хөндлөнгийн эм шинжээчтэй хамтарч ажилласан бөгөөд шинжээчийн тусламжтайгаар жагсаалтад бичигдсэн эмийн нэр, төрлийг нэгбүрчлэн шүүж, анализ хийхэд тэдгээрийн 38 нь нийлмэл найрлагатай буюу хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд хамаарах аминдэм байв. Энэ 38 төрлийн эмийг “зайлшгүй шаардлагатай эм”-ийн жагсаалтад оруулдаггүй шалтгаан нь энгийн л эрдсүүд учраас тэр ажээ. Та, бид өөрсдөдөө, хүүхдэдээ аль нэг эмийн сангаас жоргүй авчихдаг аминдэмүүдэд даатгалаас хөнгөлөлт үзүүлсэн гэсэн үг.

       Түүгээр зогсохгүй одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хөнгөлөлттэй эмийн X жагсаалтыг ч мөн адил “шүүж” үзэхэд эмчилгээний зааварт ороогүй, чанаргүй гэсэн аудитын дүгнэлт бүхий дээрх 111 төрлийн эмээс тархи, зүрх, судас, цусны даралтын зэрэг 18 нэрийн эмийг X жагсаалтад дахин “шургуулсан” байв. Өөрөөр хэлбэл, өмнө нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтаагүй мөртлөө санхүүжилт авсан гэж “гадуурхагдсан” эмүүдийг энэ удаад хууль ёсны жагсаалтад хамруулж, хулгайгаа “албан ёсны хамгаалалттайгаар” хийж эхэлснийг X жагсаалт баталж байна. Тодруулан дурьдвал дээр ноцтой жишээ болж, онцлогдсон “Интерферон альфа-2b” нэртэй лаа, виферон гэх эм, тэрчлэн цитиколин (брэйнакт, цераксон)-ийг хөнгөлөлттэй эмийн Х жагсаалтад оруулан баталгаажуулжээ.Darxlaa bag 1

- Ашиг сонирхол ханхалсан арван наймдугаар тогтоол -

        Эмийн бөөний худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, тэдгээрийн эздэд өөрсдийн бүтээгдэхүүнээ “луйврын арга замаар” эмийн үнийн хөнгөлөлтөнд хамруулж, 29 тэрбум төгрөгний сул ашиг хүртэх боломж олгосон гол хүчин зүйл нь тухайн үед буюу 2016 онд ажиллаж байсан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөс гаргасан 18 дугаар тогтоол гэдгийг дээр дурьдсан. Жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн энэхүү тогтоолыг 2016 оны тавдугаар сарын 17-ны өдөр баталж,  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд (тэр үеийн нэршил), Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга С.Эрдэнэ (тухайн үеийн) гарын үсэг зурсан байх бөгөөд тогтоолын зарим хэрэгтэй заалтыг сийрүүлбэл, “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт”-д нэмэлтээр орох дан найрлагатай эмийн ерөнхий нэршлийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг нэгдүгээр хавсралтаар, нийлмэл найрлагатай эмийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

      Хоёрдугаарт: Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад заасан дан найрлагатай эмийн жорыг ерөнхий нэршлээр, нийлмэл найрлагатай эмийн жорыг худалдааны нэршлээр даатгуулагчид үнийн хөнгөлөлт үзүүлэхийг эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эмийн сангийн эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.

       Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны гуравдугаар сарын 25-ны 08 тоот тогтоолоор баталсан нийлмэл найрлагатай эмийн жагсаалтыг хүчингүй болгосугай” гээд, тогтоолын эхний хэсэгт заасан “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт”-д нэмэлтээр оруулах” эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар хөнгөлөлтийн хэмжээг хавсралтаар баталжээ.

Хачирхалтай нь уг тогтоолыг баталсан хуралдааны тэмдэглэл, тэрчлэн 2016-2021 оны Үндэсний зөвлөлийн зарим хуралдааны тэмдэглэлүүд архивт байхгүй, бүүр огт олдохгүй байгааг хяналт шалгалтынхан мэдээлсэн. Басхүү бидэнтэй хамтран ажилласан эм шинжээчийн ажигласнаар, дээрх 111 нэр, төрлийн чанарын шаардлага хангаагүй эм, аминдэмийг "Монос", "Азифарм", "Монгол эм импекс концерн", ЭНТО зэрэг томоохон аж ахуйн нэгж, "Саба", "Чинбаян", "Омбол" гэх мэт жижиг эм ханган нийлүүлэх байгууллагынхан Словени, Индонез, Нидерланд, Тайланд, Вьетнам, Энэтхэг улсуудаас ихэвчлэн оруулж ирдэг аж.  

       Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад эмийн үнийн хөнгөлөлт олгох үйл явц нь ямар шат дамжлагаар, хэрхэн явагддаг болохыг тоймлон өгүүлье. Юуны өмнө хөнгөлөлт олгох эмийн жагсаалтыг гаргаж батлахад мөрдлөг болгох гол шалгуур үзүүлэлтийн нэг нь тухайн эмнүүд нь нотолгоонд суурилсан эмчилгээний зааварт орсон  (өмнө тайлбарласан) эмүүд байхаас гадна Эрүүл мэндийн яамны дэргэд үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргадаг “Хүний эмийн зөвлөл”-өөс хянан баталсан “зайлшгүй шаардлагатай эм”-ийн жагсаалтад орсон байх нь чухал байдаг байна. Тэрчлэн Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын даргын 102 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлтэй эмийн жагсаалт батлахад баримтладаг шалгуур журамд нийцсэн байх ёстой бөгөөд ЭМЯ-ны дэргэдэх Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Хүний эмийн зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тус тус эдгээр шаардлагыг хангасан эмүүдийг нягтлан судлаж, жагсаалтын төслийг бэлтгэн, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд өргөн барьдаг, тус зөвлөл нь хянан хэлэлцэж, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг баталдаг ажээ. Ийнхүү Үндэсний зөвлөлийн тогтоолоор батлагдсан хөнгөлөлттэй эмийн жагсаалтанд орсон чухал шаардлагатай эмүүдээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээг тасралтгүй хангах үүргийнхээ дагуу, эмийн сангууд, шат шатны эмнэлэгүүд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагууд нь холбогдох журам зааврын хүрээнд эм нийлүүлэгчид буюу эмийн бөөний худалдаа эрхлэгчдэд захиалга өгч гэрээ байгуулан, өөрсдийн байгууллагад хэрэглэгдэх тухайн эмийн нөөцийг бүрдүүлдэг, бүрдүүлсэн нөөцдөө тулгуурлан жагсаалтад заагдсан эмнүүдийг эмчийн жороор эсвэл жоргүй олгох эмийг зааврын дагуу хэрэглэгчид, эмчлүүлэгчдэд болон эмнэлгийн тусламж үйлчилгээний байгууллагуудад олгодог байна. Хөнгөлөлттэй үнээр үйлчлэх эрх авахын тулд эмийн сангууд болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагууд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зарлагддаг сонгон шалгаруулалтанд оролцож, уг эрхээ авч, гэрээ байгуулдаг, байгуулагдсан гэрээний дагуу тавигдсан шаардлагуудыг ханган ажиллаж байж сая хөнгөлөлтэй үнээр олгосон эмийнхээ үнийн хөнгөлөлтийг (санхүүжилт) ЭМДЕГ-аас нэхэмжлэн авдаг. Хөнгөлөлттэй үнээр олгогддог эмээр үйлчлэх, санхүүжилт, төлбөр тооцоог зохицуулах үйл байдал нь ийм ерөнхий зураглалын дагуу явагддаг байна.   

       Тэгтэл мөнөөх хөнгөлөлттэй үнээр олгогдох жагсаалтыг хамгийн эцсийн шатанд хянан баталдаг Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг удирдлагаар хангаж, хяналт тавьж, бодлогоор зохицуулж, хамгийн хариуцлагатай шийдвэр гаргадаг байх ёстой  Үндэсний зөвлөлийнх нь шийдвэрээр тийнхүү эрүүл мэндийн даатгалын санг завших (17 тэрбум-аар), хэрэглэгчдийн аргагүй нөхцөл байдлыг хясан  боогдуулах, хохироох үйл ажиллагаа хэрэгжсэн нь тун тоогүй. Аудитын байгууллага, аудиторууд үүнийг гярхай ажиглаж, зөрчил байгааг олж мэдэж, сануулга зөвлөмж өгсөн ч гэсэн хууль хяналтын байгууллагууд анхааралдаа аваагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, хамгийн гол нь хохирлыг барагдуулах талаар ямар нэг алхам хийгдээгүй байгаа нь нэн хачирхалтай. Хэн нэгний эрх мэдлээ ашигласан ашиг сонирхлын сэдэлд захирагдан “хөнгөлөлттэй эм”-ийн жагсаалтыг дур мэдэн өөрчилж, “витамин голдуухан” олгоод байвал эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө гарын салаагаар урсаж, үүний балгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ доголдолд орж, эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн даатгалын байгууллагын удирдлагууд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагууд, өвчтөн, эмчлүүлэгсэд болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртэгсдийн хооронд бие биенээ хуурсан өрөвдмөөр харилцаа үүсэн, мухардлын тойрогт орж, нийгмийн ялзрал газар авна гэдгийг уншигчид маань төсөөлж ядах юмгүй.     

(Үргэлжлэлийг дараагийн нийтлэлээр)                                                                                           

                                                                                         ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА: “ДАРХЛАА” БАГ

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 5 =

Create Account



Log In Your Account