Зүрхний шигдээс өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

By: Admin
2024-12-23
0
1179

Зүрхний цочмог шигдээс  гэж юу вэ?

Зүрхний булчингийн агшиж сулрах үйл ажиллагаанд  хүчилтөрөгчийн хангамж маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Зүрхэнд тэжээл өгдөг титэм судас нь гол судаснаас эх авдаг. Зүрхний булчинд энэ судсаар дамжин хүчилтөрөгч очдог. Дараах шалтгаануудын улмаас титэм судас бөглөрч, нарийсч шигдээс үүсгэх шалтгаан болдог.

Үүнд:

1.Тамхидалт

2.Архидалт

3.Стресс

4.Буруу хооллолт /амьтны гаралтай өөх тос их хэрэглэснээс цусны холесрол ихсэх/  

5.Хөдөлгөөний хомсдол

6.Биеийн илүүдэл жин

7.Артерийн даралт ихсэлт

8.Чихрийн шижин

Үүнээс үүдэн судасны хөндий хэт нарийсч, зүрхний үйл ажиллагаанд шаардлагатай хүчилтөрөгч дутагдана. Зүрхэнд хангалттай цус очихгүй байвал зүрх өвддөг. Дээрх шалтгаануудын улмаас зүрхний булчингийн хэсэг газар цусгүйдэж, тэжээл дутагдсаны улмаас үхжил үүсэхийг бид зүрхний шигдээс буюу инфаркт, зүрх хаагдах гэж хэлдэг.

Зүрхний шигдээс өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?    

Зүрхний шигдээсийн үндсэн шинж нь цээжээр хүчтэй өвдөж, амьсгал давчдах, заримдаа цээж хорсох, хоолой руу шахах мэдрэмж төрнө. Өвчүүний ар талд өвдөнө. Өвдөлт зүүн гар, хүзүү, доод эрүү рүү дамжиж 10-20 минут, түүнээс дээш хугацаанд үргэлжлэх ба нитроглицеринд намдахгүй, өвчин намдаах тарианд ч үр дүнгүй байна.

Багтраат хэлбэр: Амьсгаадах, бачуурах, амьсгал давчдах

Хэвлийн хэлбэр: Аюулхай орчмоор өвдөх, бөөлжис цутгах, бөөлжих, өтгөн шингэрэх

Цусны даралт буурах хэлбэр: Артерийн даралт буурах, муужирч унах

Зүрхний дутагдлын хэлбэр: Хоолонд дургүй болох, ялангуяа махан хоолонд дургүй болно, оройн цагаар амьсгаадалт нэмэгдэнэ, доод мөчөөр хавагнана.

Зүрхний хэм алдагдах хэлбэр: Зүрх савлах, зүрх тасалдах мэт санагдах

Тархины хэлбэр: Толгой эргэх, ухаан балартах, тархинд цус харвах

Хувь хүний онцлогоос шалтгаалан зөвхөн ядарч сульдах шинж тэмдгээр илрэх тохиолдол ч байна. 

Урьдчилан сэргийлэх 

Хүмүүс зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэхийн тулд зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах боломжтой.

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Архи уухгүй байх

Тамхи татахгүй байх

Артерийн даралт ихдэх өвчтэй бол даралтаа тогтмол хэвийн хэмжээнд барих

Илүүдэл жингээ хасах

Сэтгэл санаагаар тайван, уур бухимдалгүй байх

Амьтны гаралтай өөх тосны хэрэглээг хязгаарлах, эслэг ихтэй жимс, хүнсний ногоо, шош, үрт ургамал, бор гурил, арвайн гурил, хөц будаа түлхүү хэрэглэж, цусан дахь холестролоо бууруулж хянах

Чихрийн шижинтэй бол хүндрэлээс сэргийлэх, хянах

Та ингэж чадвал зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх боломжтой.

 Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Тү.Энхцэцэг

2022 оны 02 сарын 14


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 4 =

Create Account



Log In Your Account