“Халзан бүрэгтэй”-н цацраг идэвхт изотопын шинжилгээний учир начир олдов

By: Admin
2024-04-25
0
2266

        Онцгой мэдээ

       Мянгад сумын нутаг “Халзан бүрэгтэй”-д үүссэн нөхцөл байдлын  талаар үүний өмнө тусгай дугаар бэлтгэж, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн. 2022 оны 11 сарын дундуур Засгийн газраас томилогдон ирж ажилласан ажлын хэсгийн хяналт шинжилгээний дүгнэлт, нэн ялангуяа тус газар дахь цацраг идэвхт бодисын идэвхжлийн түвшний тухай шинжилгээний дүгнэлт гараагүй байсан тул энэ талаар тодорхой мэдээлэл оруулах боломжгүй байсан билээ. Тэгвэл тус ажлын хэсгийн дүгнэлт гарч, Цөмийн энергийн газар, Улсын Мэргэжлийн хяналтын газрын шинжилгээний дүн батлагдан, нэг мөр болсныг уг дүгнэлтэнд тодорхой мэдээлжээ.   

       Үүнтэй холбогдуулан цаашид сургамж болох нэгэн асуудлыг онцловол “Халзан бүрэгтэй”-н газрын ховор элементийн орд газартай холбоотой бий болсон нөхцөл байдлын улмаас нутгийн ард иргэдийн болон иргэний нийгмийнхний санаачилгаар зарим хууль бус, ард иргэдийн /нийтийн/ эрх ашигт харшилсан асуудлуудыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байх явцад Халзан бүрэгтэйд тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ныхан болон аймгийн төр захиргааны албаны хүмүүс тухайн газарт (Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн орд газар) ямар ч цацраг идэвхт бодисын илэрц, цацрагийн шарлагын тун байхгүй, ард иргэд учир мэдэхгүй байж худлаа зүйлд мунхарч байгаа гэх маягаар ухуулан сурталчилах үйл ажиллагааг идэвхтэй явуулж байв. Тухайлбал аймгийн Засаг дарга Э.Болормаа хэвлэлд мэдээлэлд ярилцлага өгөхдөө, түүнчлэн сумуудад болон аймгийн төвд ард иргэдтэй уулзалт хийхдээ байнга ингэж ярьж явсан бол Мянгад суманд болсон ИТХ-ын өргөтгөсөн хуралдаан дээр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын уул уурхайн хяналтын улсын байцаагч бүсгүй мөн л “тус газарт уран байхгүй, цацраг идэвхт бодис байхгүй, батлагдсан төлөвлөгөөн дээр нь тэгж бичсэн байгаа, шинжилгээний дүгнэлт нь тийм байгаа” хэмээгээд хуралдаанд оролцсон ард иргэдээр боловсролын түвшингээ шалгуулах, амаа асуулгахдаа хүрч, байдалд орж байсан. Улсын мэргэжлийн комисс хяналт хийж ажиллаж байх явцад аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралт хэвлэл мэдээллээр мэдээлэл өгөхдөө “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК хуулийн дагуу ямар ч зөрчилгүй ажиллаж ирсэн гэж илт худал зүйл ярихын сацуу, бас л ямар ч цацраг идэвхт бодисын илэрц байхгүй, хүрээлэн байгаа орчин, хүн, мал, амьтанд аюултай зүйл огт байхгүй гэж тогтоогдсон мэтээр мэргэжлийн комиссын дүгнэлт гарах нь байтугай, хяналт шинжилгээний ажил дундаа ч ороогүй байхад мэдэмхийрч олон нийтэд худал мэдээлэл өгсөн, Халзан бүрэгтэйд ажлын хэсэг ажиллаж, цацрагийн хэмжилт хийсний дараа аймгийн БОАЖГ-ын дарга нь байгууллагын ажилтнуудаа хуралдуулж, “бүх зүйл ердийн түвшинд байгаа, цацраг радиацын аюул гэж ярих огт хэрэггүй” хэмээн дүрэмдсэн асуудлууд давхцан өрнөж байв. Гэхдээ улсын мэргэжлийн комиссын зөвлөмжийн дагуу аймгийн онцгой комисс хуралдаж, шинжилгээний дүгнэлт гарах хүртэл “Халзан бүрэгтэй”-д явагдаж буй өрөмдлөгийн ажлыг зогсоох шийдвэр гаргаж, хаасан байсан билээ.

       Гэтэл өдгөө Улсын мэргэжлийн комиссын дүгнэлт зөвлөмжтэй танилцаж үзвээс тэдгээр албан тушаалтнууд, төрийн албан хаагчдын ярьж, сурталдаж байсан зүйл асар хариуцлагагүй, нэг ёсондоо байж боломгүй зүйлүүд байсан нь тодорхой болж байна. Энэ талаар манай сонин болон хамтран ажиллагч төрийн бус байгууллагууд (“Алтай бидний шүтээн”, “Шинэ эвлэл ОНСХ”, “Мянгадын мянган морьтон” ТББ-ууд, Мөн МУИС-ийн Ховд салбарын эрдэмтэн судлаачид, зарим чөлөөт судлаачид ард иргэд учрыг гадарлаж, анхааруулан болгоомжлуулсаар ирсэн бөгөөд нутгийн ард иргэд, иргэний нийгмийнхэн хөдөлгөөн өрнүүлж удаа дараа шаардлага хүргүүлэн, УИХ, Засгийн газарт асуудал тавьснаар ийнхүү ажлын хэсэг томилогдож бодитой шинжилгээ хийгдэн, дүгнэлт гарч байгаа хэрэг. Гэтэл хууль ёсны дагуу бол энэхүү шинжилгээ, дүгнэлт бүүр анхнаасаа хийгдчихсэн. Бүх зүйл тодорхой болчихсон байх ёстой гэдгийг л энд онцлон дурьдах нь зүй. Одоо уншигч та бүхний анхаарлыг улсын мэргэжлийн комиссын шинжилгээний дүгнэлтэнд хандуулья.   

        Цөмийн энергийн комиссын ажлын албанаас “МНРИК” ХХК-д хүргүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №1/877 дугаар албан бичигт:

        Тус компаний Улаанбаатар хот дахь агуулахад хадгалагдаж байгаа хүдрийн дээжид хийсэн шинжилгээний дүгнэлтийг танилцуулжээ. Үүнд:

       2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Цөмийн энергийн газрын хяналтын лабораторт хийгдсэн шороо №3 - 40Кизотопын хувийн идэвх 1202 Бк/кг, Изотопын хувийн идэвх 628.2 Бк/кг 232Th изотопын хувийн идэвх 410.7 Бк/кг, чөлөөлөгдөх түвшний утгад харьцуулсан нийлбэрийг тооцсон дүн 1-ээс хэтэрч, 1.16.

       2012 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Цөмийн энергийн газрын хяналтын лабораторт хийгдсэн шороо №10 - 40Кизотопын хувийн идэвх 1209.1 Бк/кг, 238Изотопын хувийн идэвх 691.4 Бк/кг,  232Th изотопын хувийн идэвх 376.7 Бк/кг чөлөөлөгдөх түвшний утгад харьцуулсан нийлбэрийг тооцсон дүн 1-ээс хэтэрч, 1.19.

        2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Цөмийн энергийн газрын хяналтын лабораторт чулуулгийн дээжид хийгдсэн шинжилгээ - 40Кизотопын хувийн идэвх 555 Бк/кг, чөлөөлөгдөх түвшний утгад харьцуулсан нийлбэрийг тооцсон дүн 1-ээс хэтэрч, 1.25.

         2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ХАБҮЛ лабораторт хийгдсэн хайгуулын өрөмдлөгийн зургаан дээжийн шинжилгээний дүн-40Кизотопын хувийн идэвх 530-аас 1137 Бк/кг, 238Изотопын хувийн идэвх 562-аас 1635 Бк/кг чөлөөлөгдөх түвшний утгад харьцуулсан нийлбэрийг тооцсон дүн 1-ээс хэтэрч, 1.19.

        2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өрөмдлөгийн нунтаг шороон хоёр дээжид  хийгдсэн шинжилгээний дүн - 40Кизотопын хувийн идэвх 1043-аас 1086 Бк/кг, 238Изотопын хувийн идэвх 416-аас 765 Бк/кг,  232Th изотопын хувийн идэвх 536-аас 558 Бк/кг, чөлөөлөгдөх түвшний утгад харьцуулсан нийлбэрийг тооцсон дүн 1-ээс хэтэрч, 1.06-аас 1.46.

        2013 онд Авсралийн холбооны улсын цөмийн шинжилгээний (Australion Nuclear Scienc and Technology Organisation-Lucas Heights Sciens and Technklkgy center)-д таван дээжийн шинжилгээний дүн 238Изотопын хувийн идэвх 460-аас 1300 Бк/кг,  232Th изотопын хувийн идэвх 536-аас 995 Бк/кг чөлөөлөгдөх түвшний утгад харьцуулсан нийлбэрийг тооцсон дүн 1-ээс хэтэрч, 1.2-аас 1.84. Төслийн талбайд буюу Халзан бүрэгтэй уулан дахь цацрагийн тунгийн чадал 0.21-ээс 1.67 МкЗв/цаг байна гэжээ.

         Шинжилгээний дүн бүхэлдээ тухайн газар дахь цацраг идэвхт бодисын агууламж, илрэц, цацраг туяны шарлагын тун ердийн нөхцлөөс үлэмж хэтэрсэн аюултай түвшинд байгаа учир цөмийн аюулаас хамгаалах өндөр хэмжээний арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай болохыг илэрхийлжээ. Ийм учраас Цөмийн Энергийн комиссын ажлын алба болон улсын мэргэжлийн комиссоос дараах зөвлөмжийг өгсөн байна.

  1. Цөмийн энергийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.1-д зааснаар үндэслэлгүй аливаа шарлага үүсгэхгүй байх, 32.3.2-т заасны дагуу шарлагын тунг хамгийн доод түвшинд байлгах, 32.3.3-т заасны дагуу хүн амын болон тухайн газарт ажиллагсдыг цацраг идэвхт бодисын шарлагын нөлөөнд өртүүлэхгүй байх хамгаалалтын арга хэмжээг авах.
  2. Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын үндсэн дүрэм, аюулгүйн норм, хүдрийн олборлолт, боловсруулалтаас үүсэх цацраг идэвхт хаягдлын менежментийн дүрмийг мөрдөх.
  3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулан хэрэгжүүлэх
  4. Хэмжилтийн мониторингийг байнга хийж, аюулгүйн ажиллагааны тайланг хяналтын байгууллагад тухай бүр ирүүлэх, мониторингийн дүнг захиргааны байгууллага, олон нийтэд тухай бүр танилцуулах.
  5. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд цацрагийн дэлгэрэнгүй судалгааны дүн, цацраг идэвхт хаягдлын менежментийг хэрхэн шийдвэрлэх, нөхөн сэргээлт хийсний дараа явуулах урт хугацааны засвар, арчилгаа, монитрингийн талаар дэлгэрэнгүй тусгах.
  6. Цацрагийн суурь судалгааг нарийвчлан хийлгэж, олборлолт, боловсруулалтын явцад үүсэх эрсдлийг тодорхойлон, эрсдлээс урьдчилан сэргийлэх, цацрагийн аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээ, цацраг идэвхт хаягдлын менежментийн зардал, тооцоог ТЭЗҮ-д тусгаж, тодотгол хийх.
  7. Xz

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан

 цаашид авах арга хэмжээний тухай санал:

        Засгийн газраас баримтлаж буй Монгол орны газрын ховор элементийн нөөцийг ашиглах замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх бодлогыг харгалзан үзэж.

  1. Орон нутгийн ард иргэдэд тогтмол мэдээлэл өгөх, ард иргэдтэй зүй бус харьцахгүй байх, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллахыг компанид даалгах
  2. Хайгуулийн явцад орон нутгийн ард иргэд болон төрийн бус байгуулагуудын төлөөллийг оролцуулан, хяналтын хэмжилтийг тогтмол хийлгэж байх.
  3. Цацраг идэвх элементийн тухай танин мэдүүлэх сургалтыг ард иргэдэд зориулан зохион байгуулах
  4. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийхдээ олборлолт, боловсруулалтын технологийн дарааллыг нарийвчлан тодорхойлж, техникийн сонголтонд үнэлэлт дүгнэлт өгөх
  5. Төслийн үйл ажиллагаанаас хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүний хамрах хэмжээ, учруулах хохирлыг тооцож, экологи, эдийн засгийн үнэлгээ хийлгэх
  6. Гадаргын болон газар доорх усны харилцан хамаарал, уст үеийн хөдөлгөөн, тархалтыг олборлох үйлдвэрлэлийн технологитой уялдуулан нарийвчлан судлах
  7. Газрын ховор элементийн илрэц, олдоц, бүрдэл хэсгээс ялгарах бохирдлын хэмжээ, нөлөөллийн хүрээг тодорхойлж, зураглал гаргах
  8. Уг ордод хийгдэх нарийвчилсан хайгуулын ажлыг үргэлжлүүлэн, нийт нөөцийг тогтоох боломж бий эсэхийг судлах.

  1. Цацраг идэвхт байгалийн фоныг тодорхойлж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, нарийвчилсан үнэлгээ хийх аргачиллын дагуу иргэд, олон түмний саналыг тусгаж багийн ИТХ-ын санал, дүгнэлт, тэмдэглэлийг авах
  2. Хүдрийг баяжуулахад ашиглах 6 төрлийн химийн бодисын эрсдлийн үнэлгээ, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, бүс нутагт үзүүлэх хуримтлагдах нөлөөллийн зураглалыг нарийвчлан тогтоож, сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээг төлөвлөх
  3. Тоосжилт, цацраг идэвхт хаягдлын менежментийн асуудлыг онцгой түвшинд авч үзэж, онгойлон анхаарах хэмээжээ.

         Эдгээрээс ажиглан дүгнэж үзэхэд тухайн газарт үйл ажиллагаа явуулж буй, тусгай зөвшөөрөл бүхий “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь тусгай зөвшөөрөл авч байх үеэсээ шинжлүүлж, дүгнүүлэн, дэс дараатайгаар авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнүүдийг огтхон ч аваагүй, боловсруулж батлуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ /батлуулаагүй байгаа/, төслийн Техник эдийн засгийн үндэслэлийн алинд нь ч энэ тухай огт дурьдаагүй, харин ч цацраг идэвхт бодисын илрэц, нөлөөлөл байхгүй гэж тусгасан байдгийг эдгээр баримт бичгийг судлаж, танилцсаны хувьд бид мэднэ. Тэгэхээр уг компани энэ ноцтой асуудлыг хууль ёсны баримт бичгүүдэд тусгуулахгүйгээр зориудаар нууж ирсэн гэж үзэх үндэслэл харагдаж байна. Энэ бол маш ноцтой зүйл юм!         

Орон нутаг дахь эрдэс баялгийн салбарын хариуцлага,

ил тод байдал стратегийн өмгөөлөл хөтөлбөрийн төслийн баг,

хамтран ажиллагч төрийн бус байгууллагууд, шинжээчид

Xz A

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 4 =

Create Account



Log In Your Account