Олон нийтийн байгууллага (ТББ) сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хөндлөнгийн хяналт хийх журам

By: Admin
2024-12-23
0
210

Сонгогчдын боловсролд

Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаар тогтоолын хавсралт

Нэг. Нийтлэг үндэслэл

  • Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах зорилт бүхий дүрэмтэй, улс
    төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаггүй, нийгэмд үйлчилдэг төрийн бус
    байгууллага /цаашид “төрийн бус байгууллага” гэх/-ыг бүртгэх, ажиглалт,
    хөндлөнгийн хяналт хийхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмын
    зорилго оршино.
  • Төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, хөндлөнгийн
    хяналт хийхдээ сонгуулийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг
    дагаж мөрдөнө.
  • Төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт
    хөндлөнгийн хяналт хийхдээ нам, эвсэл, нэр дэвшигч, төрийн байгууллага, албан
    тушаалтан болон аливаа этгээдийн нөлөөллөөс ангид, хараат бусаар үйл
    ажиллагаагаа явуулна.

Хоёр. Төрийн бус байгууллагыг бүртгэх

  • Төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт,
    хөндлөнгийн хяналт хийх тухай хүсэлтээ санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн
    өмнө Сонгуулийн ерөнхий хороонд дараах баримт бичгийн хамт ирүүлнэ:
    • төрийн бус байгууллагын дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний
      хуулбар;
    • байгууллагын бүтэц, бүрэлдэхүүний талаарх мэдээлэл;
    • үйл ажиллагааны төрөл тус бүрээр гаргасан сонгууль ажиглах,
      хөндлөнгийн хяналт хийх ажлын төлөвлөгөө;
    • байгууллагын санхүүгийн эх үүсвэрийн талаарх мэдээлэл;
    • хөндлөнгийн хяналт, ажиглалт хийхээр төлөвлөж буй байршлын
      талаарх мэдээлэл.

/Энэ заалтыг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 16 дугаар тогтоолоор нэмсэн./

/Энэ хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 16 дугаар тогтоолоор хассан./

  • Төрийн бус байгууллагаас ирүүлсэн баримт бичгийг хянан үзэж,
    шаардлагатай тохиолдолд нэмэлт тайлбар, баримт бичгийг гаргуулан авч болно.

/Энэ хэсгийн дугаарыг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 16 дугаар тогтоолоор
өөрчилсөн./

  • Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт,
    хөндлөнгийн хяналт хийх хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор ажиглалт
    хийх байгууллагыг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх ба энэ журмын 2.2-т зааснаар
    нэмэлт тайлбар, баримт бичиг гаргуулан авсан нь хүсэлт шийдвэрлэх хугацааг сунгах
    үндэслэл болохгүй.

/Энэ хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 16 дугаар тогтоолоор өөрчлөн
найруулсан. Мөн хэсгийн дугаарыг өөрчилсөн./

Гурав. Ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх

  • Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн төрийн бус байгууллага нь
    сонгуулийн хууль тогтоомжид заасан эрхээ хэрэгжүүлэх дараах боломжоор
    хангагдана:

/Энэ хэсэгт Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар тогтоолоор өөрчлөлт
оруулсан./

  • сонгуулийн байгууллага, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд
    ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх;
  • сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;
  • санал авах, тоолох төхөөрөмж болон түүний програмыг туршин шалгах
    ажиллагааг ажиглах;
  • саналын хуудсыг хэвлэх, хадгалах, хамгаалах, тээвэрлэх, аюулгүй
    байдлыг хангах ажлыг ажиглах;
  • радио, телевиз, цахим орчин ашиглан явуулж байгаа сонгуулийн
    сурталчилгаанд ажиглалт хийх;
  • санал авах байранд ажиглагч томилон ажиллуулах.
  • Төрийн бус байгууллага, түүний ажилтан нам, эвсэл, нэр дэвшигчдийн
    сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд оролцохыг хориглоно.

/Энэ хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 16 дугаар тогтоолоор өөрчлөн
найруулсан./

  • Төрийн бус байгууллага ажлын тайлан, санал дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий
    хороонд танилцуулж, нийтэд мэдээлнэ.

/Энэ хэсэгт Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 16 дугаар тогтоолоор хасалт оруулсан./

  • Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулсан төрийн
    бус байгууллагын бүртгэлийг Сонгуулийн ерөнхий хороо хүчингүй болгон нийтэд
    мэдээлнэ.

/Энэ хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 16 дугаар тогтоолоор өөрчилсөн./

Дөрөв. Хариуцлага

4.1.Сонгуулийн хууль тогтоомж, энэ журамд заасныг зөрчсөн этгээдэд хуульд
заасан хариуцлага хүлээлгэнэ.

---оОо---


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 1 =

Create Account



Log In Your Account